Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/­­­­124

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 09 өдөр              Дугаар 2021/ШЦТ/­­­­124                                     Ханбогд сум

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, Ерөнхий шүүгч Д.Баттулга, шүүгч Г.Даваанаран нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Хохирогч нарын өмгөөлөгч: С.Ц /цахимаар/,

Шүүгдэгч: Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э  

Иргэдийн төлөөлөгч: Х.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Сл овогт Б-ын Б-д холбогдох ------- дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “М” ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ---р хороо, Дунд дарь эх ---р гудамж, --- тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Б-ын Б /РД:О/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ний ажилчид амрах гэрт 2021 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Э, Э.Б нарыг хутга буюу хүйтэн зэвсэг ашиглан хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Урьд өдөр бид нар мотор боогоод дуусчхаад орой нь бид нар гурилтай шөлтэй хоол хийж идчихээд бид нар унтаж байхад А.А, Г.М, Э.Б нар гаднаас 1 шил архи, 1 том пивотой ороод ирсэн. Тэгээд тэр архийг нь бид нар юм ярьж байгаад хувааж уусан. Тэгээд А.А, Г.М, Э.Б нар гараад яваад өгсөн. Н.Э ах бид хоёр орон дээрээ гараад унтаж байхад орой Э.Б орж ирээд голын орон дээр хэвтсэн. Голын орон дээр унтаж байсан Э.Б хөнжил гудас байхгүй байсан болохоор би өөрийнхөө хөнжлийг Э.Б өгчхөөд унтаад өгсөн. Н.Э ах Б чи хүн аллаа гэж хэлэхэд би гартаа хутга барьчихсан байсан. Хутга цус болсон байсан. Тэгээд би хутгаа газар хаячхаад сууж байсан чинь гаднаас Дуук орж ирээд та одоо хоёрын хоёр хүн хутгалчихлаа гэж хэлэхэд нь л би хоёр хүн хутгалснаа мэдсэн. Бид нар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Хутгалъя гэж хутгалаагүй маш их харамсаж байна.” гэв.

Иргэдийн төлөөлөгч Х.Х шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн шинжилгээний дүгнэлт, шүүх сэтгэцийн үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үндэслэн гэм буруутай гэж үзэж байна.” гэв.

Хохирогч Н.Э-ын: “... 03 сарын 08-ны орой мотороо боож дуусгаад тээвэр хариуцсан ажилтан болох О.Н-д мотороо хүлээлгэж өгөөд би кемп дээрээ хувцас хунараа угааж цэвэрлээд байж байгаад орой ойролцоогоор 21:00 цагийн үед Г.М, Б.Б, А.А, Э.Б бид нар гурилтай шөл хийж идээд байж байтал Э.Б, А.А хоёр гэрээс гарч яваад удаагүй орж ирэхдээ нэг шил архи нэг том пиво аваад орж ирсэн. Тэгээд Г.М, Б, Э.Б А.А бид нар хувааж ууж байгаад түрүүлээд А.А, Г.М хоёр гэрээс гараад амарлаа гэж хэлээд гараад явсан. Тэгээд удаагүй би цагаа сайн санахгүй байна нэлээн орой болчихсон байсан. Б.Б гэрийн баруун орон дээр, Б гэрийн хойморын орон дээр, би гэрийн зүүн талын орон дээр хувцас хунараа тайлаад унтаж байхад гэрт юм түжигнэх чимээ гараад явчихаар нь би нойрмогдуу сэртэл Б.Б гэрийн гаднаас орж ирэхэд Б.Б-ын гарт юм гялалзах шиг болсон. Тэгтэл Б.Б миний аюулхай хэсэгт нэг удаа хутгалах шиг болсон. Тэгээд дахиад хутгалах гэхээр нь би гараараа хаах гэтэл хааж амжихгүй миний хүзүүний зүүн хэсэгт хутгалах шиг болсон. Тэгэхээр нь би Б би Э, Энхээ ах чинь байна гээд хэлтэл Б.Б гэрийн баруун орон дээр гараад суучихсан. ... хэрэлдэж муудалцсан зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хх-н 34-36-р хуудаст/

Хохирогч Э.Б-ийн: “... Мөнх төгөл од ХХК-ийн кемп дээрээ хүрч ирээд амарч байгаад Г.М, А.А, Б.Б, Н.Э нарын хамтаар ойролцоогоор 21:00 цаг өнгөрч байхад гурилтай шөл хийж идээд байж байгаад би урьд нь архи захиалж авчруулж байсан хүний гар утас руу нь залгаад нэг шил архи нэг том пиво аваад хүрээл ирээч гэж хэлсэн. ...Б.Б, Г.М, А.А, Н.Э бид нар юм ярьж суунгаа хувааж уугаад. ...архиа хувааж дуусгаад Б.Б гэрийн баруун орон дээр ганцаараа унтаад өгсөн. Би гэрийн хойморын орон дээр унтаад гэрийн зүүн талын орон дээр Н.Э тус тусдаа ойролцоогоор 02:00 цаг өнгөрч байхад ор орон дээрээ гараад унтаж байхад гэрийн гэрэл асаалттай бүдэг гэрэлтэй байхад миний орны толгойн дээр хүн ирээд миний толгой нүүр хэсэг рүү нулимах шиг болохоор нь сэрээд хартал Б ирчихсэн миний нүүр лүү нулимж байсан. Тэгэхээр нь би өндийгөөд гутлаа өмсөөд чи ямар мэдрэл муутай юм бэ чи яагаад намайг нулимаад байгаа юм бэ гээд хэлтэл гэрийн зүүн орон дээр унтаж байсан Н.Э унтаж байхад нь толгой руу нь адилхан нулимаад хоолойг чинь хэрчинэ гээд байж байхаар нь би “та яагаад хүний толгой руу нулимаад байгаа юм бэ” гээд хэлтэл “би чамайг алнаа” гэж хэлээд над руу чиглэж ирээд “би чамайг түрүүлээд ална гэж хэлээд миний зүүн талын аюулхай хэсэг рүү хутгалах шиг болохоор нь би “чи ямар тэнэг юм бэ” гээд шалан дээр атиралдаад газарт хэвтэхэд миний зүүн гарын булчин хэсэгт хоёр удаа хутгалсан. Тэгээд би гэрээс гараад зугтаахад миний араас Б хөөж байгаад намайг орхиод гэр лүү буцаад орчихсон. Тэгээд би кемпийн хажууд гүйж явснаа санаж байна. нэг мэдэхэд би эмнэлгийн өрөөнд орон дээр хэвтэж байсан. ...Б унтаж байхад миний толгой нүүр лүү нулимаад тэгэхээр нь би та яагаад нулимаад байгаа юм бэ гээд хэлэхэд намайг хутгалсан.” гэх мэдүүлэг /хх-н 41-43-р хуудаст/

Гэрч О.Нн: “өрөөндөө унтаж байтал эрүүл ахуйн ажилтан Р.Р гэдэг эмэгтэй хаалга онгорхой байхад гүйж орж ирээд Н ахаа та босоорой Б гэдэг залууг хүн хутгалчихсан байна гээд надад хэлээд өрөөнөөс гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гараад ирэхэд Б гэдэг залуу миний амрах өрөөнөөс тав дахь байрны хажууд хана налаад ёолоод сууж байхаар нь Б, Б, Э нар амарч байсан гэрт яваад ороход гэрийн баруун орон дээр сууж байсан. Энхбадрах зүүн орны урд талд сандал дээр нил цус болчихсон энэ муу чинь намайг алах гээд байна гээд сууж байхаар нь буцаж гэрээс гараад эмчээ сэрээгээд би машинаа асаагаад шалган  гуравдугаар постон дээр явж очоод. ...цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-н 50-52-р хуудаст/

Гэрч А.А: “...унтаж байхад тээвэр хариуцсан ажилтан О.Н ах “та нартай хамт архи уусан хүмүүс чинь нэг нэгнийгээ хутгалсан байна” гээд надад хэлэхээр нь би босоод эмнэлгийн өрөөнд яваад ороход Б, Э нарт эмч нар эмчилгээ хийгээд дусал залгаад байж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 53-56-р хуудаст/

Гэрч Г.М-ийн: “... нэг шил архиа аваад орж ирээд бид тавуулаа хувааж ууж дуусгаад байж байтал А.А би амарлаа гэж хэлээд гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд би жаахан байж байгаад би амарлаа гэж хэлээд удаагүй гарч явахад гэрт Э, Б, Б гурав орон дээр гарчихсан орон дээрээ хэвтээд хоцорсон... тэгтэл тээвэр хариуцсан ажилтан Нэргүй миний амарч байсан нүүрс тээврийн машины хаалга тогшихоор нь би босоод юу болсон талаар асуухад “хамт архи уусан хүмүүсийн чинь хоёр хүн нь хутгалуулчихсан байна” гээд надад хэлэхээр нь би босоод яваад очиход цагдаа нар ирчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-н 62-65-р хуудаст/

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 360 дугаартай “1. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Б.Б нь тухайн хэрэг болох үед хэв шинжит бус согтолтын бусдад халдах хэлбэрийн согтолттой байсан байна. Б.Б нь тухайн хэрэг гарах үед өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна. 3. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Б.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. 6. Б.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 69-70-р хуудаст/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 412 дугаартай “1. Э.Б-ийн хэвлийн өмнөд хананд хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн бугалга, зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд үүссэн нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг гарсан гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүдээс хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн хатгагдсан шарх нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн бугалга, шуун дахь хатгагдсан, зүсэгдсэн шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 74-76-р хуудаст/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 500 дугаартай “1. Н.Э-ын биед тухайн үед хэвлийн хөндий нэвтэрч элэгний 3-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж цус хуралтыг авч, элэгний шархыг оёсон мэс ажилбар /2021.03.16/, хүзүү, зүүн бугуйнд зүсэгдсэн шарх гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо. 2. Дэрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаа болох 2021.03.09-ний өдөр үүсэн байх боломжтой. 4. Н.Э-ын биед учирсан хэвлийн хөндий нэвтэрч элэгний 3-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүзүү, зүүн бугуйн зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 78-82-р хуудаст/

Яллагдагч Б.Б-ын: “...бид 5 тэр архийг юм ярингаа хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусгаад Б, Мө, А.А нар нь гараад явсан. Би гэрийн баруун талын орон дээр харин Э ах зүүн талын орон дээр унтсан. Тэгээд шөнө Батзориг орж ирээд хойд талын орон дээр унтсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би гартаа хутга барьчихсан Энхбадрах ахын өмнө зогсож байсан. Тэгсэн Э ах надад Б би Э чи хүн алах нь уу гэхээр харсан чинь гартаа хутга барьсан байхаар нь хутгаа газарт хаячхаад тэгээд өөрийнхөө унтаж байсан ор луу очоод суусан чинь цагдаа ирээд намайг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-н 177-181-р хуудаст/

Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 223-224, 235-237-р хуудаст/,

Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 225-р хуудас/,

Б.Б-ын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 227-234-р хуудаст/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б-ыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэв.  

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн ажилчид амрах гэрт 2021 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Э, Э.Б нарыг хутга буюу хүйтэн зэвсэг ашиглан хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хохирогч Э.Б, Н.Э нарын мэдүүлэг, гэрч О.Н, А.А, шүүгдэгч Б.Батнямын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ. 

Шүүгдэгч Б.Б-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.Б-ийн биед хэвлийн өмнөд хананд хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн бугалга, зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд үүссэн байна. Шүүгдэгч Б.Б-ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Б нь хэрэг хариуцах чадвартай болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 360 дугаартай “1. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Б.Б нь тухайн хэрэг болох үед хэв шинжит бус согтолтын бусдад халдах хэлбэрийн согтолттой байсан байна. Б.Б нь тухайн хэрэг гарах үед өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна. 3. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Б.Батням нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.Батням нь хэрэг хариуцах чадвартай байна. 6. Б.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-н 69-70-р хуудас/

Шүүгдэгч Б.Б-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Н.Э-ын биед тухайн үед хэвлийн хөндий нэвтэрч элэгний 3-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж цус хуралтыг авч, элэгний шархыг оёсон мэс ажилбар /2021.03.16/, хүзүү, зүүн бугуйнд зүсэгдсэн шарх гэмтлүүд үүссэн байна. Шүүгдэгч Б.Б-ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Х.Х нь “Шүүхийн шинжилгээний дүгнэлт, шүүх сэтгэцийн үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үндэслэн гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг гаргасан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э-ийн “Б.Б-ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй, гэм буруугүйгээр хохирол учруулсан хэргийн зүйлчлэл тохироогүй, хүсэж үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт гаргасан байна.

Хохирогч Э.Б-ийн “... Н.Э унтаж байхад нь толгой руу адилхан нулимаад хоолойг чинь хэрчинэ гээд байж байхаар нь тэхээр нь би та яагаад хүний толгой руу байгаа юм бэ гээд хэлтэл би чамайг алнаа гэж хэлээд над руу чиглэж ирээд би чамайг түрүүлээд ална гэж хэлээд миний зүүн талын аюулхай хэсэг рүү хутгалах шиг болохоор нь би чи ямар тэнэг юм бэ гээд гэрийн шалан дээр атрилдаад газарт хэвтэхэд миний зүүн гарын булчин хэсэгт хоёр удаа хутгалсан. Бид хоёрыг хутгалсны дараа Б.Б гэрт байж байхад нь манай ажлын жолооч Баярмагнай гэдэг хүн гэрт орж очоод Б.Б-д чи яагаад хүн хутгалж байгаа юм бэ гэхэд өөдөөс нь нэг мөсөн гүйцээчихдэг байж гэж хэлсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 412 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Э.Б-ийн ... 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг гарсан гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” /хх-ийн 76 дугаар хуудас/,

Хохирогч Н.Э-ын “... тэгтэл Б.Б миний аюулхай хэсэгт нэг удаа хутгалах шиг болсон. Тэгээд дахиад хутгалах гэхээр нь би гараараа хаах гэтэл хааж амжихгүй миний хүзүүний зүүн хэсэгт хутгалах шиг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 500 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Н.Э-ын ... 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э-ийн гаргасан санал, дүгнэлт няцаагдаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Б, Н.Э нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг зэвсэг хэрэглэн хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн шүүх дүгнэв.

 Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б, Н.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ.

Хохирогч Э.Б-ийн биед хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 412 дугаартай “1. Э.Б-ийн хэвлийн өмнөд хананд хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн бугалга, зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд үүссэн нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг гарсан гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүдээс хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн хатгагдсан шарх нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн бугалга, шуун дахь хатгагдсан, зүсэгдсэн шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 74-76-р хуудаст/,

Хохирогч Н.Э-ын биед хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 500 дугаартай “1. Н.Э-ын биед тухайн үед хэвлийн хөндий нэвтэрч элэгний 3-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж цус хуралтыг авч, элэгний шархыг оёсон мэс ажилбар /2021.03.16/, хүзүү, зүүн бугуйнд зүсэгдсэн шарх гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо. 2. Дэрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаа болох 2021.03.09-ний өдөр үүсэн байх боломжтой. 4. Н.Э-ын биед учирсан хэвлийн хөндий нэвтэрч элэгний 3-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-п зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүзүү, зүүн бугуйн зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. /хх-н 78-82 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Б, Н.Э нарын эмчилгээний зардалд тус бүр 900,000 /есөн зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 45, 47 дугаар хуудас/

Хохирогч нараас гаргасан зарим хохирлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлогдоогүй тул хохирогч Э.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас 451.502 төгрөг, хохирогч Н.Э-ын нэхэмжлэлийн шаардлагаас 760.300 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нарын нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан, баримтаар нотлогдсон байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-с 2.568.766 /хоёр сая таван зуун жаран найман мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-т, 1.542.123 /нэг сая таван зуун дөчин хоёр мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э нарт тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч нарт 900.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Э.Б, Н.Э нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Б.Б-с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гурав.Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх байдлыг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 225 дугаар хуудас/

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б-д 8 /найм/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулах хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Б.Ба-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг зохицуулжээ.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг 2021 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заажээ.

 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн бор өнгийн бариултай төмөр эвхэгддэг хутга, нийт урт 22 см, бариулын урт нь 12.5 см, ажлын хэсгийн урт нь 9.5 см, ажлын хэсэгтээ Stainless гэсэн бичиглэлтэй хутганы ирний дээд хэсэгт хэсэгт 2.2 см ховил мэт зүйлтэй, хутганы бариулын хэсэг нь хоёр талдаа цагаан өнгийн металл өнгийн төмөртэй, голдоо бор өнгийн модон иштэй, хоёр талдаа гурван ширхэг хадаастай хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б-с гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн эд  хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсантай холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Б.Б-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хохирогч Э.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 451.502 төгрөг, хохирогч Н.Э-ын нэхэмжлэлийн шаардлагаас 760.300 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь хохирогч нарт 900.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-с 2.568.766 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б, шүүгдэгч Б.Б-с 1.542.123 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э-д тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Э.Б, Н.Э нар нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Б.Б-с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Б.Б-с гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн эд  хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн бор өнгийн бариултай төмөр эвхэгддэг хутга, нийт урт 22 см, бариулын урт нь 12.5 см, ажлын хэсгийн урт нь 9.5 см, ажлын хэсэгтээ Stainless гэсэн бичиглэлтэй хутганы ирний дээд хэсэгт хэсэгт 2.2 см ховил мэт зүйлтэй, хутганы бариулын хэсэг нь хоёр талдаа цагаан өнгийн металл өнгийн төмөртэй, голдоо бор өнгийн модон иштэй, хоёр талдаа гурван ширхэг хадаастай хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БАТМӨНХ

                                       ШҮҮГЧИД                                       Д.БАТТУЛГА

                                                                                           Г.ДАВААНАРАН