| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2021/0112/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/134 |
| Огноо | 2021-12-08 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/134
2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дугаар 2021/ШЦТ/134 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ц ,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т ,
Шүүгдэгч: Х.Т ,
Шүүгдэгч: Э.Б ,
Шүүгдэгч: Ц.Б ,
Шүүгдэгч: П.Э нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Х.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3, Ц. Б, П.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2129000000110 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Х.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3, Ц.Б , П.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2129000000110 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т мэдүүлэхдээ:
Яг хэзээ ярьсныг нь санахгүй байна. Юм тодруулъя гэдэг байдлаар ярьсан. Цагаан хад суурьшлын бүс рүү иргэдийг яаж нэвтрүүлж байгаа юм бэ, энэ суман дээр тусгаарлаж байгаа юм уу, үгүй юу, гэдэг байдлаар асуусан. Тухайн үед Ханбогд сумын Засаг даргын захирамж гарсан байсан, захирамжийг хэлсэн. Өмнөговь аймгийн үндсэн харьяат буюу Цагаан хад суурьшлын бүс дээр ногоон буюу түр үнэмлэх авсан иргэдийг 14 хоног зориулалтын буюу мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрсөн тусгаарлах байр буюу буудлуудад тусгаарлана. 14 хоногийн хугацаатай тодорхой хэмжээний эрүүл мэндийн сайдын тушаалаар зохих өдрүүдэд нь ПСР буюу түргэвчилсэн шинжилгээнүүдийг аваад Ханбогд сумын онцгой комиссын даргын тусгаарлалтаас гарсан бичигтэй, Цагаан хад суурьшлын бүс рүү нэвтрүүлж оруулна гэдэг байдлаар тайлбарлаж хэлсэн.
Э.Б манай эгч, намайг бараг өсгөсөн эгч маань байгаа юмаа. Эгч маань яриад байна. Туслах боломж бололцоо байна уу? гэдэг байдлаар ярьсан. 10 бил үү 11 дэх хоног дээр нь яриад ажил дээр хүртэл 2-3 удаа ирээд тусгаарлалтын хугацаа явж байсан хүн гээд гуйгаад байхаар нь 10 бил үү, 11 дэх хоног дээр нь бид хоёр Засаг даргын тамгын газар руу нэрийг нь явуулаад шинжилгээнд нь хамруулаад шинжилгээнийх нь сөрөг гэсэн хариуг үндэслээд Цагаан хад суурьшлын бүс рүү нэвтрүүлсэн.
Яг тусгаарлалт дээр сумын онцгой комиссоос тусдаа ажлын хэсэг байсан. Тэр ажлын хэсэг дээр тусгагдсан Майжаргал Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж байсан. Манай талаас Хайрхан баг буюу Цагаан хадны шуурхай штаб руу хүсэлтээ өгөөд зөвшөөрлөө аваад тусгаарлагдах газар нь Ханбогд суманд цохогдсон иргэдийг Ханбогд сумын 1-р пост дээр орж ирэхэд нь хүлээж аваад дагуулж явж байгаад ямар нэгэн сум орон нутагт контакт үүсгэхгүйгээр авч явж тэр өдрийн ямар буудалд ор, зай байна. Тэр буудлынх нь эзэдтэй ярьж байгаад оруулаад тэгээд албан ёсны бүртгэлийг манай энгийн байрлал дээр бүртгэж аваад тэгээд тодорхой хэмжээний 6, 13 дахь хоногийн шинжилгээнүүдийг нь сум дундын эмнэлэг буюу шинжилгээний баг руу нэрийг явуулж шинжилгээг нь авахуулаад сөрөг гэсэн хариу ирсэн тохиолдолд суурьшлын бүс рүү нэвтрүүлдэг байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ:
Үүрэг гүйцэтгэж байгаа хүний хувьд бүгдийг нь бүртгэж аваад Сумын онцгой комиссын зөвшөөрлийн бичиг бүхий юмыг нь шалгаад тэгээд онцгой байдал юм уу? эсхүл цагдаагийн байгууллагаас гуперлэж хуяглан хүргэлтээр явах ёстой. Тэр бүгдийг нь шалгах ёстой гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Б мэдүүлэхдээ:
Ер нь бол эхлээд Өмнөговиос гарахдаа Өмнөговь аймгийн онцгой байдлаас асуусан чинь ер нь 7 хоног тусгаарлаж байгаа. Тэгээд 7 хоногийг нь Цагаан хадандаа тусгаарлаж байгаа гэсэн. Тэгээд наашаа гарч ирээд орсон чинь 14 хоног болсон гэж хэлсэн. Тэгээд ямар ч байсан 7 хоночихоод байж байсан чинь Цагаан хад руу ярихад хүмүүс ороод оччихсон байсан. Тэгэхээр нь 7 хоногийг Цагаан хадандаа тусгаарлагдаад байгаа юм байна. Тийшээ тусгаарлагдаж болох юм болов уу? яах юм бол гээд ярьж үзсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт П.Э мэдүүлэхдээ:
Буруу зүйл хийсэн байна. Маш их харамсаж байна. Өөрийнхөө 2 дүү шиг хүүхдүүдийг ажил төрөлгүй болгож байна. Үнэхээр харамсаж байна гэв.
-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/240 дугаартай “Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд орон нутгийн иргэдийг нэвтрүүлэх түр журам батлах тухай” захирамж, хавсралт /1-р хавтаст хэргийн 5-7-р тал/,
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Ө/241 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж /1-р хавтаст хэргийн 8-9-р тал/,
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 01/560, 01/564, 01/565, 03/573, 01/582, 03/596 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 10-15-р тал/,
-Ханбогд суманд ирж тусгаарлагдсан иргэдийн жагсаалт /1-р хавтаст хэргийн 17-23-р тал/,
-Саруул төв зочид буудлын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 43-47-р тал/,
-Шүүгдэгч Ц.Б 5 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 54-105-р тал/,
-Шүүгдэгч Э.Б Хаан банкны харилцагчийн дансны хуулга /1-р хавтаст хэргийн 107-125-р тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 131 тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.Т гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 135-136 тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Н өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 143 тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Б өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 145-146/,
-Э.Б Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 148-150-р тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 156-157 тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч П.Э гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 159 тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Н өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 163-164-р тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.Т , Э.Б Ц.Б , П.Э нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 197-198, 208-209, 219-220, 231, 2-р хавтаст хэргийн 47 тал/
-Шүүгдэгч Х.Т иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн б/368 дугаартай “Төмөрхуягийг томилох тухай” тушаал, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймаг Онцгой байдлын даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаартай “Ажил түр орлон гүйцэтгүүлэх тухай” тушаал, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймаг Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Х.Төмөрхуягийн тодорхойлолт, Албан тушаалтны 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 234-235, 236, 238, 239, 240-241, 245-250 тал, 2-р хавтаст хэргийн 1-3/
-Шүүгдэгч Э.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/98 дугаартай “Олон нийтийн цагдаагаар томилох тухай” тушаал, Олон нийтийн цагдаатай байгуулах хөдөлмөрийн гэрээ /2-р хавтаст хэргийн 4-6, 7, 10-12, 13-14, 15-18 тал/
-Шүүгдэгч Ц.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, түр оршин суугчийн үнэмлэх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 20-23 тал/
-Шүүгдэгч П. иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түр оршин суугчийн үнэмлэх /2-р хавтаст хэргийн 24-27 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Х.Т нь үйл явдал болох үед Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангид гал түймрийн улсын хяналтын байцаагчаар болон Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан болох нь Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн б/368 дугаартай “Х.Т томилох тухай” тушаал, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймаг Онцгой байдлын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай “Ажил түр орлон гүйцэтгүүлэх тухай” тушаал, ажил байдлын тодорхойлолт, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 238-241, 245-250, 2-р хавтас хэргийн 1-3 тал/
Шүүгдэгч Х.Т хашиж байсан албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-д хамаарагдах ба тэрээр нийтийн албан тушаалтан байна.
Шүүгдэгч Э.Б нь үйл явдал болох үед Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/98 дугаартай “Олон нийтийн цагдаагаар томилох тухай” тушаал, Олон нийтийн цагдаатай байгуулах хөдөлмөрийн гэрээ зэргээр тус тус тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 13-18 тал/,
Шүүгдэгч Х.Т нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус сумын Хайрхан баг “Цагаан хад суурьшилын бүс” рүү нэвтрэхээр тусгаарлагдаж байсан хахууль өгөгч Ц.Б , П.Э нараас тусгаарлалтанд 14 хоног хонолгүй тусгаарлалтаас гарах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй буюу тусгаарлалтын 14 хоногийн хугацаа дуусаагүй байхад “Цагаан хад суурьшлын бүс”-д нэвтрэх албан бичиг хийж өгснийхөө төлөө 200,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг Э.Б бүлэглэн үйлдсэн,
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Т бүлэглэн хахууль өгөгч П.Э , Ц.Б нарын тусгаарлалтанд 14 хоног хонолгүй тусгаарлалтаас гарах ашиг сонирхлын үүднээс түүнтэй байгуулсан “Олон нийтийн цагдаатай байгуулах хөдөлмөрийн гэрээ”-ээр хүлээсэн нийтийн хэв журам хамгаалах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын төлөө 300,000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд “Цагаан хад суурьшлын бүс” рүү нэвтрэхээр тусгаарлалтын байранд тусгаарлагдаж байхдаа хамт тусгаарлагдаж байсан П.Э бүлэглэн Э.Батхишигтийн Хаан банкан дахь 5466014202 дугаартай дансаар дамжуулан тус сумын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах дэслэгч Х.Т “Цагаан хад суурьшлын бүс”-д нэвтрэх албан бичиг үйлдүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор 250,000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч П.Э нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд “Цагаан хад суурьшлын бүс” рүү нэвтрэхээр тусгаарлалтын байранд тусгаарлагдаж байхдаа хамт тусгаарлагдаж байсан Ц.Б бүлэглэн Э.Б Хаан банкан дахь дугаартай дансаар дамжуулан тус сумын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ахлах дэслэгч Х.Т “Цагаан хад суурьшлын бүс”-д нэвтрэх албан бичиг үйлдүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор 250,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/240 дугаартай захирамжаар “Хайрхан багийн Цагаан хад суурьшлийн бүсэд орон нутгийн иргэдийг нэвтрүүлэх түр журам”-ыг баталсан ба журмын 3.3-т “Ханбогд сумын төвд зөвшөөрөгдсөн тусгаарлах байранд 14 хоног тусгаарлагдах”, 3.11-т “Тусгаарлалтын 1 болон 13 дахь хоногт түргэвчилсэн, 6 дахь хоногт ПГУ/PCR шинжилгээг харьяа лабораторид өгч, сөрөг гарсан шинжилгээний хариу, бусад бичиг баримтыг үндэслэн Хайрхан багийн шуурхай штабаас зөвшөөрөл авч, цагаан хад суурьшлын бүсэд нэвтэрнэ” гэсэн журмыг зөрчсөн /1-р хавтас хэргийн 5-7 тал/,
-2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр PCR шинжилгээ өгсөн хүмүүсийн бүртгэлийн 25-т П.Э 26-т Ц. Б PCR шинжилгээ өгсөн бүртгэл /1-р хавтас хэргийн 20 тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Н өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орсон. Намайг ажилдаа ороход сумын Засаг даргын захирамжаар Цагаан хад суурьшлын бүс рүү үйлчилгээний ажилтнуудыг нэвтрүүлэхдээ Ханбогд сумын төв дээр тусгаарлахаар түр журам батлагдсан байсан. Энэ журмын дагуу сумын төв дээр хүсэлт гаргасан иргэд ирж буудлуудад байрлаж тусгаарлагдаж байсан юм байна лээ. Тусгаарлалтаас гарч байгаа иргэдийн жагсаалтыг Ханбогд сумын гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангиас буюу даргын ажлыг нь орлон гүйцэтгэж байгаа Х.Т ирсний дагуу сумын онцгой комиссоос зөвшөөрөл авч албан бичиг гаргуулан Цагаан хадны постоор нэвтрүүлж байсан. ...Тусгаарлалтыг онцгой байдлын газар хариуцаж байгаа. Тийм болохоор Онцгой байдлаас ирсэн нэрсийн дагуу бичиг гаргаж баталгаажуулж байгаа. Тамгын газрын зүгээс тусгаарлалтын иргэдэд хяналт тавьж хоногийг нь бүртгэж шалгадаггүй. Онцгой байдлын газар тусгаарлалтад орохооор ирсэн иргэдийг постон дээр хүлээж аваад шинжилгээ аваад аль буудалд буухыг нь зааж өгөөд хэднээс тусгаарлаж байгааг тэмдэглээд авдаг.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 143-р тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Н өгсөн “...Цагаан хад суурьшлын бүсийг Коронавирусээс урьдчилан сэргийлж, ногоон бүс болгохтой холбогдуулан Засгийн газраас олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний нэг нь Боомтуудын бүрэн эрхт захиргаа шинээр байгуулагдаж, дэд даргаар УИХ-ын гишүүн асан Амарзаяа ажиллаж байсан, тухайн бүс рүү Хайрхан багт амьдардаг орон нутгийн иргэд болон үйл ажиллагаа явуулдаг түр оршин суугчдыг оруулахгүй болсон, зөвхөн жолооч нарыг Цогтцэций суман дээр 14 хоногийн тусгаарлалтад байлгах журмыг баталсан байсан. Иймд иргэдийн санал хүсэлт болон эрх ашгийг бодож Цагаан хад суурьшлын бүс рүү оруулахын тулд сумын Засаг даргын санаачилгаар 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/240 дугаартай “Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд орон нутгийн иргэдийг нэвтрүүлэх түр журам батлах тухай” захирамжийг гаргасан, хавсралтад түр журмыг баталсан байгаа. Нутгийн иргэдийг Ханбогд сумын төвд зөвшөөрөгдсөн тусгаарлах байранд 14 хоног тусгаарлагдах, Хайрхан багт оршин суугч Өмнөговь аймгийн иргэдийг 2021 оны 08 дугаар сарын 05-наас татан авах ажлыг зохион байгуулсан. Тусгаарлалтад байгаа иргэдээс 1 болон 13 дахь хоног түргэвчилсэн, 6 дахь хоногт ПГУ/РCR шинжилгээг харьяа лабораторид өгч хариуг авч байсан. Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн албан хаагч нар иргэдийг Ханбогд суманд ирэхэд нь бүртгэж зөвшөөрөгдсөн тусгаарлах /зочид буудал/ байранд хувиарлаж оруулан, ирсэн өдрийг тэмдэглэж, иргэн тус бүрээс журамд заагдсаны дагуу шинжилгээг авч байсан. 14 хоносон иргэдийг мөн Онцгой байдлын газраас гаргаж, гарах иргэдийн нэрсийг сумын Засаг даргын тамгын газар руу хүргүүлж, давхар миний нэрээр Хайрхан багийн Шуурхай штаб руу албан тоот гаргаж, иргэдийг Хайрхан баг буюу Цагаан хад руу нэвтрүүлж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 163-р тал/,
-Шүүгдэгч Ц. ХААН банкны тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг шүүгдэгч Э.Батхишигтийн ХААН банкны 5466014202 тоот данс руу шилжсэн дансны хуулга /1-р хавтас хэргийн 55-р тал/,
-Шүүгдэгч Э.Б ХААН банкны тоот дансанд 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг шүүгдэгч Ц.Б ХААН банкны тоот данснаас шилжин орж ирсэн дансны хуулга /1-р хавтас хэргийн 117-р тал/,
-Шүүгдэгч Э.Б ХААН банкны тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 200.000 төгрөг шүүгдэгч Х.Т н эхнэр Э.Б ХААН банкны 5 тоот дансанд шилжсэн дансны хуулга /1-р хавтас хэргийн 118-р тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э. өгсөн “...тэр үед манай нөхөр Х.Т нь нэг цагдаатай уулзчихаад ирье гээд гарсан, удалгүй эргээд орж ирэхдээ миний дансанд 200.000 төгрөгийг хийсэн байсан. Тэгээд орж ирэхэд ямар учиртай мөнгө талаар асууж тодруулахад “баярласан шүү хөгшөөн” гээд мөнгө өгсөн юмаа гэдэг талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 145-146-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Х.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3, Ц. , П.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Х.Т Э.Б бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 200.000 төгрөгийн хахууль авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, Э.Б -йг Х.Т бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 300.000 төгрөгийн хахууль авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, Ц.Б-г П.Э-эй бүлэглэн өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 250.000 төгрөгийн хахууль өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, П.Э-г Ц.Б-тай бүлэглэн өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 250.000 төгрөгийн хахууль өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Х.Т, Э.Б, Ц.Б, П.Э нар нь бусдад төлөх төлбөргүй хэдий ч шүүгдэгч Х.Т Э.Бнар нь төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд, төрийн албан хаагчид итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллага болох цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газрын алба хаагчийн нэр төр, алдар хүндийг унагасан, үнэлэмжийг сулруулсан хор уршгийг учруулсан гэж шүүхээс дүгнэж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Х.Т Э.Б бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 200.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх,
Шүүгдэгч Э.Б-т нь Х.Т- бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 300.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх,
Шүүгдэгч Ц.Б нь П.Э-тэй бүлэглэн өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 250.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх,
Шүүгдэгч П.Э- нь Ц.Баярмаатай бүлэглэн өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 250.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б , П.Э нарт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах”-аар санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Х.Т , Ц.Б П.Э нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хэргийн 236, 2-р хавтас хэргийн 22, 26-р тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар, шүүгдэгч Э.Б нь 55 настай эцэг Д.Э 52 настай эх Б.О нарын хамт амьдардаг, ахуйн нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Т нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Э нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Т Э.Ба , Ц.Б , П.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Төмөрхуяг, Э.Батхишигт, Ц.Баярмаа, П.Эрдэнэчимэг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б н овогт Х Тө Э.Б бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 200.000 төгрөгийн хахууль авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт Э Б Х.Т бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 300.000 төгрөгийн хахууль авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т овогт Ц Б-г, П.Эр бүлэглэн өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 250.000 төгрөгийн хахууль өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б тайж овогт Пу Эр-йг Ц.Б-тай бүлэглэн өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 250.000 төгрөгийн хахууль өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Эрдэнэчимэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг, Э.Б оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг, Ц.Б оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг, П.Э оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жил, 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т Э.Б Ц.Б , П.Э нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, шүүгдэгч Х.Төмөрхуягаас 200.000 төгрөг, Э.Батхишигтээс 300.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. ШүүгдэгчХ.Т Э.Б Ц.Б , П.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ХХ.Т Э.Б Ц.Б , П.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН