Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 125

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгчид А.Жархынгүл, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2 дугаар багт оршин суух, С. Х-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-, төрийг төлөөлж хяналтын прокурор Х.Ө-, иргэдийн төлөөлөгч Х.К, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас өөрт учирсан сэтгэл санааны хохирол 10000000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч  С.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг Ногооннуур сумын иргэн Т.К- гэгчийн 24 адуу хулгайд алдагдсан гэх хэрэгт сэжиглэн аймгийн Цагдаагийн хэлтсээс 2011 оны эхэн үеэс эхэлж шалгасан бөгөөд надад холбогдох хэргийг 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон боловч уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах үе буюу 2016 оны 12 дугаар сар дуустал шалгасан юм. Намайг шалгах явцад сэжигтнээр тооцож баривчилсан бөгөөд сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар шүүхэд хандсан боловч зөвшөөрөөгүйн улмаас аргагүйн эрхэнд таслан сэргийлэх өөр арга хэмжээ авсан. Мөрдөн байцаагч нар миний биед болон гэрт үзлэг хийж миний унаж явсан автомашиныг битүүмжлэн, цагдаагийн журмын хашаанд жил гаран байлгаснаас моралын элэгдэлд орж их хэмжээний засвар шаардсан. Би 5 жил цагдаагийн байгууллагад шалгагдаж хулгайч хэмээх нэр зүүж, зорчих эрх хязгаарлагдан сэтгэл санаагаар хохирсон. Би сэтгэл санааны хохирлоо 10 сая төгрөгөөр үнэлэн нэхэмжлэл гаргах бөгөөд уг мөнгийг төр хариуцан арилгах зохицуулалттай тул Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: С.Х- гэж хүнийг 2012 онд Ногооннуур сумын иргэн К- гэгчийн 24 адуу хулгайд алдагдсан гэх хэрэгт сэжиглээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Бараг 5 жилийн хугацаанд гэмт хэрэгт сэрдэн түүнийг ард түмний дунд хулгайч нэртэй болгож өрийн хамаатан садангуудын дунд нэр хүндийг нь доромжлох асуудалд хүргэсэн гэж үздэг. Тийм учраас өөрийнхөө алдар нэр сэтгэл санаанд учирсан хохирлоо 10000000 төгрөгөөр үнэлж Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас түүнийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. 2012 оны эхээр Ногооннуур сумын иргэн К- гэгчийн 24 адуу алдагдсан түүн дээр Х-, Хайрым хоёрыг сэжиглээд хэргийн материалаар шалгаж байгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан юм байна. Тэгээд К-ын гомдлоор 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг Прокурорын хяналтын журмаар хүчингүй болгоод мөн өдрөөс эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаар тогтоосон. 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Х-ийг сэжигтнээр тооцоод, баривчилж хорьсон байна. Тэгээд 3 хоногийн хугацаа дуусаад 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналаа шүүхэд хүргүүлсэн. Шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хянаж үзээд 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр цагдан хорихоос татгалзсан шүүгчийн захирамж гаргасан. Х-ийг батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ аваад 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгийг нь битүүмжилсэн байна. Үүнд 35 сая төгрөгийн үнэтэй жийп машиныг битүүмжлээд үүнийг цагдаагийн хэлтсийн журмын хашаа гэгчид ямар ч сүүдрэвчгүй, хамгаалалтгүй газар хадгалаад битүүмжлээд тавьсан. 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тодорхой нотлох баримт байхгүй учраас Х-, Хайрым нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тогтоол үйлдээд жилийн өмнө битүүмжилсэн машиныг буцаан өгөхөд тус машин нь элэгдэлд орсон байсан учраас маш их хэмжээний засвар үйлчилгээ шаардсан гэж ярьдаг. Гэхдээ Х- ямар нэгэн нотлох баримт бүрдүүлээгүй машинд учирсан хохирлыг энэ удаа нэхэмжлээгүй болно. Прокурорт хүсэлт гаргаж хавтаст хэргээс дээрх миний хэлсэн тогтол, шүүгчийн захирамжаас авахуулаад бүх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Энэ хүн алдар хүнд нэр хүндээрээ маш их хохирсон. Сэтгэл санаагаар хохирсон. Өөрөөр хэлбэл хэдийд ирж баривчлах бол гэсэн байнгын түгшүүртэй байсан. Ийм учраас сэтгэл санаа болон алдар хүндэд учирсан хохирлыг 10 сая төгрөгөөр үнэлээд түүнийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай нэхэмжлэлийг дэмжиж байна гэв. 
Төрийг төлөөлж хяналтын прокурор Х.Ө- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ногооннуур сумын иргэн Т.К-ын 24 адуу хулгайд алдсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад буюу 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр С.Х-ийг сэжигтнээр тооцон шалгаж үйлдэл холбогдлын 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар С.Х-ийг сэжигтнээр тооцож шалгаж байсан ба яллагдагчаар татаж ял сонсгон байцаалт явуулаагүй болох нь тогтоогдож байна. Түүнд сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй байна. Түүний биед болон гэрт нь үзлэг хийсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй ба түүний эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийг нь битүүмжилснээр моралын элэгдэлд орж их хэмжээний засвар үйлчилгээ хийсэн талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна. С.Х-ийг сэжигтнээр тооцох хангалттай үндэслэл байсан бөгөөд хэрэгт холбогдуулан шалгах зайлшгүй тохиолдолд мөрдөн байцаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн нь хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл болохгүй юм. С.Х-ийг хэрэгт холбогдуулан шалгасан хугацаа хэрэгт авагдсан нотлох баримтаар 5 жил бус 11 сар 5 хоног байгаа. Түүнчлэн К-ын 24 адуу алдагдсан гэх хэргийн хувьд хэргийн эзэн холбогдогч тогтоогдоогүй бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байгаа явдалд үнэлэлт дүгнэлт хийх шаардлагатай байна. Нэхэмжлэгч С.Х-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
-Нэхэмжлэгч С.Х-ийг бусадтай бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцож Т.К-ын 24 тооны адууг Ногооннуур сумын 7-р багийн нутаг “Хара жамат” гэх газраас 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө хулгайлж, ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцож, мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байсан нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчийн 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Сэжигтнээр тооцох тогтоол”-оор нотлогдож байна.
Улмаар нэхэмжлэгч С.Х-ийг 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ногооннуур сумын Хар ямаат хэмээх газраас иргэн Т.К-ын 24 адууг хулгайлан ОХУ-д хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт сэжигтнээр татсан боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь хангалттай нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг болон С.Х-ийн эзэмшлийн HDJ81-0035143 бүхээгийн дугаартай Ланд-крузер 80 маркийн 66-68УБЦ улсын дугаартай машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгосон нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Прокурорын 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 5/36 дугаартай “Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор нотлогдож байна. 
Хүсэлт гаргагч С.Х-ийг 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Сэжигтнийг баривчлах тогтоол”-оор 72 цаг баривчилсан боловч сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 49 дугаартай “Сэжигтнийг цагдан хорихоос татгалзах тухай” захирамжаар С.Х-ийг сэжигтнээр цагдан хорихоос татгалзсан байна. 
Хохирогч Т.К-ын олон тооны мал хулгайд алдагдаж үлэмж хэмжээний буюу 16090000 төгрөгийн хохирол учирсан, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт хамаардаг. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан байх тул  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан Т.К-ын 24  адуу хулгайлсан гэх эрүүгийн 201204000121 дугаартай хэргийг  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5/219 дугаартай “Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Х- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн ... нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан... сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах…эрхтэй гэж зааснаар хохирол нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна. 
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар өөрт учирсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан боловч учирсан гэм хорыг арилгах зохицуулалтад сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож, арилгах талаар тодорхой заагаагүй байна.
Иймд нэхэмжлэгч С.Х- нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах явцдаа 72 /далан хоёр цаг/ хоног цагдан хоригдсон болох нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Сэжигтнийг баривчлах тогтоол”-оор, мөн нэхэмжлэгч С.Х-ийн эзэмшлийн HDJ81-0035143 бүхээгийн дугаартай Ланд-крузер 80 маркийн 66-68УБЦ улсын дугаартай машиныг битүүмжилсэн нь мөрдөн байцаагчийн 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор  тус тус нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон байдал зэргийг тус тус харгалзан үзээд сэтгэл санааны хохиролд 5000000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгож, илүү нэхэмжилсэн 5000000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 
Энэхүү нэхэмжлэл нь Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 2 дахь хэсэг, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохиролд 5000000 (таван сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Х-т олгож, илүү нэхэмжилсэн 5000000 (таван сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 


 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК
     ШҮҮГЧИД                                           А.ЖАРХЫНГҮЛ
                                                                                                 Б.МАНГИЛИК