Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2019/ДШМ/312

 

Ж.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Нямцэцэг,

хохирогч В.Б,

яллагдагч Ж.Дгийн өмгөөлөгч С.Ч,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Нямцэцэгийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаартай эсэргүүцлээр Ж.Дд холбогдох эрүүгийн 201625031852 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Ж.Д, 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 576 дугаартай магадлалаар Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баривчлах ялаас чөлөөлсөн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн баривчлах ялаас чөлөөлсөн;

 

1. Ж.Д нь 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар байрны 15 тоотод оршин суух В.Бын гэрээс “Acer” загварын зөөврийн компьютер, “Samsung trend” загварын гар утас хулгайлж, 342.000 төгрөгийн хохирол,

2. 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжны 618 Б тоотод оршин суух иргэн П.О-ийн эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж, “Dell” загварын суурин компьютер, “Samsung S3”, “I phone 4” загварын гар утас, хүүхдийн хувцас, дэвтэр зэрэг эд зүйлийг хулгайлж, 562.400 төгрөгийн хохирол,

3. 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 33 дугаар гудамжны 555 тоотод оршин суух Г.Н-ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж монетан бөгж, гинж кулон, “Samsung Galaxy S6” загварын гар утас, эмэгтэй хүний булган шуба, зөөврийн компьютер, хард диск зэрэг эд зүйлийг хулгайлж, 2.347.500 төгрөгийн хохирол,

4. 2017 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 9-18 тоотод оршин суух иргэн П.М-ын өвлийн байшинд нэвтрэн орж, “Dell” загварын зөөврийн компьютер, 1.000.000 төгрөг, монетан ээмэг 2 хос, монетан бөгж 5 ширхэгийг хулгайлан авч, 2.457.300 төгрөгийн хохирол,

5. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4 дүгээр гудамжны 136 тоотод оршин суух иргэн Т.Ц-ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бүрмэл аяга 1 ширхэг, алтны хольцтой мөнгөн бүсний даруулга 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 2.640.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 6 дугаар гудамжны 177 тоотод оршин суух иргэн Б.С-ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж Э.У-ын эзэмшлийн “Samsung” загварын зөөврийн компьютер хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 168 тоотод оршин суух Э.А-ын эзэмшлийн байшинд нэвтрэн орж НР загварын зөөврийн компьютерыг хулгайлж, 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16 дугаар гудамжны 324 тоотод оршин суух Д.Г-ийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга, “Dell” загварын зөөврийн компьютер хулгайлж, нийт 1.491.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Ж.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллагдагч Ж.Дг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, орон байранд хууль бусаар нэвтэрч нийт 8 удаагийн хулгайн хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, түүний үйлдсэн гэх гэмт хэргүүд нь тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байхаас гадна байнга үйлдэж, хулгайлсан эд зүйлүүдийг захиран зарцуулж, өөрийн хэрэгцээг хангах зэргээр амьдралын эх үүсвэр болгож байсан гэж үзэхээр байна.

Иймд дээрх асуудлыг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Ж.Дд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг шалгуулахаар хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, Ж.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Нямцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ж.Д нь 2016 онд 3 удаа, 2017 онд 3 удаа, 2018 онд 2 удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинжийг тусгасан ба яллагдагч Ж.Дгийн үйлдсэн 8 гэмт хэргийн 3 нь 2016 онд буюу дээрх хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг зөрчиж, эрх зүйн байдлыг нь дордуулж байна.

Яллагдагч Ж.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр 2.457.300 төгрөгийн эд зүйл, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2.640.000 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 270.000 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 290.000 төгрөгийн, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.491.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь түүний уг гэмт хэргийг үйлдэж, олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Хулгайд алдагдсан эд зүйлүүдийг эд зүйл үнэлэх эрх бүхий байгууллагаас 270.000-2.640.000 төгрөгөөр үнэлсэн ба яллагдагч Ж.Д хулгайлсан эд зүйлээ явуулын хүнд хямдхан зарж зочид буудалд байрлан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх зэргээр үрж дуусгадаг болох нь яллагдагчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Уранчимэг, гэрч П.Хосбаяр, Л.Отгонтуул нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч Ж.Дгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул хэргийг яллах дүгнэлтийн хэмжээнд шийдэх боломжтой байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Хохирогч В.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх зүйл байхгүй ...” гэв.

 

Яллагдагч Ж.Дгийн өмгөөлөгч С.Чулуунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Ж.Д нь 2016 оноос 2018 оны хооронд нийт 8 удаагийн хулгайн үйлдэлтэй боловч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ж.Дд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байна.

Анхан шатны шүүхээс Ж.Дгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар хэргийг прокурорт буцаажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Ж.Д нь 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 8 удаагийн үйлдэлтэй хулгайлах гэмт хэрэгт холбогдсон, түүний хулгайлсан эд зүйлсээ захиран зарцуулж байгаа хэлбэр, хохирол, хор уршиг зэрэг нь гэмт хэрэг үйлдэх замаар амьжиргааны эх үүсвэрээ бүрдүүлсэн, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын хэвшил болгосон гэж үзэх үндэслэлтэй тул энэ талаар шалгах нь зүйтэй.

Иймд прокурор П.Нямцэцэгийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Нямцэцэгийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН