Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0036

 

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0036

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С овогтой Б У 

Хаяг: *********************

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хаяг: *********************

Гуравдагч этгээд: Б овогтой Цийн Т /РД:*****************/

Хаяг: *********************

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05-р сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч СД, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, А.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Б.У би Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/102 дугаартай захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасны дагуу төрийн удирдах албан тушаалтны нөөцөөс Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.

Ийнхүү албан үүргээ гүйцэтгэн ажиллаж байхад Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаартай захирамжаар Б.У намайг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас хууль зүйн үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Уг ажлаас чөлөөлсөн Нийслэлийн засаг даргын 2020 оны Б/65 дугаартай захирамжийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гардан авч, уг захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг хүлээн авч, Нийслэлийн засаг даргын тамгын газар руу 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 01/146 дугаартай албан тоотоор Баримт, тайлбар ирүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн бөгөөд Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 03/4828 дугаартай албан тоотоор хариу тайлбар, баримтыг Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн байна.

Энэхүү Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2020 оны 03/4828 дугаартай албан тоотод Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Уыг ажлаас чөлөөлөхдөө албаны чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг удаа дараа гаргаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн, мөн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлага хангаагүй иргэнийг томилсон нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэл, журмыг зөрчсөн шийдвэр байсан тул Төрийн албаны тухай хууль, журамд нийцүүлэн томилсон болно гэсэн хариуг ирүүлсэн байна. Энэхүү хариу тайлбараас үзэхэд Б.У намайг ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон 3 үндэслэл дээр нэмэгдээд 4 дэх үндэслэлээр Хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг удаа дараа гаргаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэсэн үндэслэлийг нэмсэн байна.

Төрийн албаны зөвлөлөөс дээрх Нийслэлийн засаг даргын тамгын газрын хариуг хүлээн авснаас хойш 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1626 дугаартай албан тоотоор хариуг Б.У миний хаягаар хүргүүлсэн гэж мэргэжилтэн А /94****00/ утсаар миний өмгөөлөгч Т.А-д мэдэгдсэн ба Төрийн албаны зөвлөлийн хариу албан бичиг нь нэхэмжлэгч миний гэрийн хаягаар 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ирснийг хүлээн авч, эс зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа билээ.

Төрийн албаны зөвлөл нь гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.3-т заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх боломжгүй байна, гомдол хуваарилагдсан гишүүн Б.И ээлжийн амралттай байгаа, мөн Нийслэлийн засаг даргын тамгын газраас хариу тайлбар ирээгүй байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4-т зааснаар хугацааг 30 хоногоор сунган шийдвэрлэхийг миний өмгөөлөгч Т.А-ыг биеэр очиж уулзахад мэргэжилтэн А мэдэгдсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1626 дугаартай нэхэмжлэгчид ирүүлсэн албан бичигт Б.Уыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/102 дугаартай захирамжаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилохдоо Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байх тул гомдлыг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байна. Б.Уыг ажлаас чөлөөлсөн Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаартай захирамж болон Нийслэлийн засаг даргын тамгын газраас Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 01/146 дугаартай Баримт, тайлбар ирүүлэх тухай албан бичигт дурдсан 4 үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байгаад тайлбар гаргах нь:

1 Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй гэсэн үндэслэлээр ажлаас халах үндэслэл болгосон нь ойлгомжгүй юм Учир нь Б.У би албан үүргээ хэвийн гүйцэтгэж байсан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан ямар чиг үүргээ гүйцэтгээгүй, байгууллагын зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хэрхэн хангаагүй улмаас байгууллагад ямар хохирол, хэвийн ажиллагаа нь алдагдсан нь тодорхойгүй байхад энэ үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-т зааснаар байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаагүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй. Мэргэжлийн ямар алдааг нэхэмжлэгч би гаргасан. Мэргэжлийн ямар удирдлагаар хангаж ажиллах ёстой байснаас байгууллагад эсхүл иргэд, аж ахуй нэгжид хохирол, салбарын ямар ажил доголдож үүнд Б.У би байгууллагын даргын хувьд ямар хууль, журамд хяналт тавьж ажиллах ёстой байснаас мэргэжлийн алдааг манай байгууллагын хэн гэдэг ажилтан гаргасан зэрэг нь тодорхойгүй юм. Иймд энэхүү хуулийн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Төрийн албаны тухай хуулийн 46 дүгээр зүйлийн 46.2.5-т зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийг ... бусад үндэслэлээр ажлаас чөлөөлнө гэж заасан нь бас ойлгомжгүй бусад ямар үндэслэл, ажлын алдаа зөрчил гаргасан нь тодорхойгүй байна. Нийслэлийн засаг даргын тамгын газраас Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 01/146 дугаартай Баримт, тайлбар ирүүлэх тухай" албан бичигт намайг ажлаас чөлөөлсөн захирамжид заасан үндэслэл дээр нэмээд нэг үндэслэл нэмэгдсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг удаа дараа гаргаж, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй гэсэн үндэслэл юм. Нэхэмжлэгч би ямар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас хууль зүйн үндэслэлгүй ямар шийдвэрийг удаа дараа гаргасныг мэдэхгүй байна. Энэхүү хууль зүйн үндэслэлгүй шийдвэр хэзээ ямар утга бүхий захиргааны акт гаргасан гэдгийг тодорхой гаргаж үзүүлэх шаардлагатай юм. Тэр гаргасан захиргааны актын огноо, дугаарыг ч болов хариу тайлбартаа тодотгоогүй үндэслэл болгон бичсэн нь мөн л ойлгомжгүй байна. Дээрх энэ 3 үндэслэлээр ажлаас чөлөөлсөн захирамж, хариу тайлбар дахь үндэслэлийн дагуу намайг ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 27-р зүйлд зааснаар нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах сонсох ажиллагаа явуулах зэргээр хуульд заасны дагуу Захиргааны актыг гаргаагүй, ажлаас чөлөөлсөн дээрх 3 үндэслэлд заасан зөрчил дутагдлыг Б/У намайг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан гэдгийг тогтоогоогүй, дээрх зөрчил, дутагдал гаргаагүй байхад гаргасан мэтээр нотлох баримтгүйгээр захиргааны үзэмжээр хууль бус ажиллагаа явуулж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

4. Б.У намайг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүрэгт тэнцэхгүй, хуулийн шаардлага хангаагүй хүнийг томилсон нь хууль зөрчсөн мэтээр ажлаас чөлөөлсөн захирамжид болон Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн гомдлын хариуд ч бас дурьдсан байна. Намайг Нийслэлийн засаг дарга өөрөө сонгож хуульд заасан шаардлага хангасан төрийн албаны удирдах ажилтны нөөцөд байгаа гэсэн үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 605, Авлигатай тэмцэх газрын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05/4457 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1 1-т зааснаар төрийн удирдах албан тушаалтны нөөцөөс уг албан тушаалд томилсон. Нийслэлийн засаг даргын тамгын газраас ирүүлсэн хариу тайлбар болон ажлаас чөлөөлсөн тушаалын утга агуулга нь ойлгомжгүй буюу нэхэмжлэгч би өөрийгөө хууль зөрчөөд томилчихсон юм шиг Төрийн албаны тухай хууль, холбогдох журам зөрчигдөөд албан тушаалд томилогдсон мэтээр дурьдагдсан нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.

Нийслэлийн засаг даргад нэхэмжлэгч би Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тусгай шалгалтыг зарлуулж, уг албан тушаалд жинхэлж ажиллах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан ба Ковид-19 шалтгаалан энэхүү Төрийн албаны тусгай шалгалт явуулах боломжгүй гэсэн тайлбарыг өгч байсан. Төрийн албан тухай хууль, холбогдох журамд заасан төрийн удирдах албан тушаалтны тусгай шалгалт нь Ковид- 19 улс орон даяар онцгой нөхцөл байдлын улмаас зохион байгуулагдаагүй, түр хойшилсон нь нэхэмжлэгч миний ямар нэгэн буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул тусгай шалгалт явуулаагүй Нийслэлийн төрийн албаны зөвлөлийн үүрэгт ажлаа цаг тухайд нь явуулаагүйтэй холбоотой юм.

Нэхэмжлэгч би улсад 14 жил, төрийн албанд тасралтгүй 12 жил ажилласан ба мэргэжлээрээ болон ажилласан туршлагаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэх шаардлагыг хангасан билээ Б.У би 1999-2003 ХААИС-н Газар зохион байгуулагч инженер бакалавр, 2008- 2010 онд Удирдлагын академи Удирдахуйн ухааны магистр хамгаалсан, 2013-2016 онд Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр, 2019 онд Удирдлагын академийн Төрийн албаны сургуульд Төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Үндэсний их сургуульд Архитектор мэргэжлээр бакалаврыг тус тус төгсөж тухайн ажил, албан тушаалын мэргэжлийн шаардлагыг хангасан билээ. Б.У би 2006-2014 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газрын харилцаа, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, 2014-2015 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн газрын харилцаа, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч, 2015-2016 онд Барилга хот байгуулалтын яамд Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга, 2016-2019 онд Б******* ХХК-ийн захирал, хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Би төрийн албанд таралтгүй 12 жил ажилласан бөгөөд 2004 онд төрийн албаны шалгалтад тэнцэж, 2006 онд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж байсан, төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэлтэй байхдаа Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон билээ. Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 03/4828 дугаартай хариу тайлбар ирүүлсэн албан тоот, Төрийн албаны зөвлөлийн 2020.09.09-ний өдрийн 01/1626 дугаартай албан бичигт тус тус Төрийн албаны тухай хуулийн 43-р зүйлийн 43.3.1, 43.3.3-т заасан ..албан үүргийг түр орлон гүйцэтгэх...хуулийн зохицуулалтыг дурьдсан байсан бөгөөд Б.У намайг ажил, албан тушаалд томилсон захирамжид Төрийн албаны тухай хуулийн 27.1.1-т зааснаар төрийн албаны удирдах ажилтны нөөцөөс томилох зохицуулалтаар ажилд томилсон нь албан үүргийг түр орлон гүйцэтгэх ойлголтоос өөр байхад санаатайгаар мушгин уг хуулийн зохицуулалтаар томилох ёстой байтал томилоогүй мэтээр тайлбарласан байна. Нийслэлийн дарга Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх шаардлагатай байсан бол дээрх Төрийн албан тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1, 43.3.3-т заасныг захирамжийг гаргах боломжтой байсан харин тэгээгүй тухайн албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.1-т зааснаар гаднаас төрийн албаны удирдах ажилтны нөөцөд байгаа иргэнийг сонгон томилсон.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан маргаантай байхад Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаартай захирамжаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалд Ц-ийн Тыг томилсон байна.

Иймд Нийслэлийн засаг даргын 2020 оны 05-р сарын 15-ны өдрийн Б/65 дугаартай захирамж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Б.У намайг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, А.У нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б.Уыг үүрэг гүйцэтгэгчээр томилох Б/102 дугаар захирамжаар Б.Уыг томилсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б.Уын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай Б/65 дугаар захирамжаар Б.Уыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн.

Иргэн Б.У албаны чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, байгууллагын | уйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг удаа дараа гаргаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн.

Төрийн албаны зөвлөлийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 76 дугаар тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын комисс нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг 2020 оны 10 дугаар сарны 08-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тус газрын даргын албан тушаалд Ц.Тыг томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 343 дугаар Нэр дэвшүүлж, санал болгох тухай тогтоолыг Нийслэлийн Засаг даргад ирүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ц.Тыг ажилд томилох тухай Б/163 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар Ц.Тыг томилсон.

Цийн Т нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс олон нийтэд нээлттэй зарласан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр оролцсон бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын дагуу- Хууль, эрх зүйн мэдлэгийн, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадварын, Монгол хэлний ярианы болон бичгийн чадварыг сорил болон эссэ, албан бичиг, шийдвэрийн төсөл боловсруулах даалгаврын, Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварыг ярилцлагын шалгалтыг тус тус өгч, ажиллаж байх хугацаан дахь үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг сүүлийн гурван удаагийн үнэлгээгээр үнэлүүлсэн байдлыг үнэлж, нийт 107,2 оноо авсан болно.

Улмаар Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Нэр дэвшүүлж, санал болгох тухай 343 тогтоол гарч, тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 14-ий өдрийн Тогтоол хүргүүлэх тухай 02/1833 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хүргүүлсний Нийслэлийн Засаг дарга 2020 оны Б/163 дугаар захирамжийг батлан гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Т шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие Цийн Т нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс олон нийтэд нээлттэй зарласан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр оролцсон бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын дагуу- Хууль, эрх зүйн мэдлэгийн, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадварын, Монгол хэлний ярианы болон бичгийн чадварыг сорил болон эссэ, албан бичиг, шийдвэрийн төсөл боловсруулах даалгаврын, Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварыг ярилцлагын шалгалтыг тус тус өгч, ажиллаж байх хугацаан дахь үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг сүүлийн гурван удаагийн үнэлгээгээр үнэлүүлсэн байдлыг үнэлж, нийт 107,2 оноо авсан болно.

Улмаар Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Нэр дэвшүүлж, санал болгох тухай 343 тогтоол гарч, тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 14-ий өдрийн Тогтоол хүргүүлэх тухай 02/1833 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хүргүүлсэн болно.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тогтоолыг хүлээн аваад Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 343 тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ц.Тыг ажилд томилох тухай Б/163 дугаар захирамж гарсан.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэр тул захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Уаас Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05-р сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамж[1], 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг[2] тус тус хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага эцсийн байдлаар тодорхойлсон.

Нэг: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамжаараа нэхэмжлэгч Б.Уыг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, байгууллагын үйл ажиллагааг мэргэшлийн удирдлагаар хангаж ажиллаагүй, албан тушаалд тавигдах Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангахгүй байгаа гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 46 дугаар зүйлийн 46.2.5 дэх заалтын тус тус үндэслэн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Б.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс маргаан бүхий актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ямар чиг үүргээ биелүүлж зорилгоо хэрэгжүүлээгүй гэдгийг тодорхой болгоогүй... би байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байсан. Үр дүнгийн гэрээг байгуулж, үр дүнгийн гэрээ нь баталгаажуулж, тайлан мэдээг хүргүүлж байсан. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасан ямар үндэслэл гэдэг нь ойлгомжгүй. Тэгэхээр уг захирамж нь хууль зүйн үндэслэлгүй... гэж маргасан.

Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно. 49.2.Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэжээ.

Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг Захиргааны шүүх хэрэгжүүлдэг болохын хувьд

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий актын үндэслэлд дурдсан асуудалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардсан боловч албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, байгууллагын үйл ажиллагааг мэргэшлийн удирдлагаар хангаж ажиллаагүй, албан тушаалд тавигдах Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангахгүй байгаа тухай ямар нэг баримтыг ирүүлээгүй.

1.1.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл Б.У нь 2004 онд Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, 2004 оны 22 дугаар тогтоолоор жинхэнэ албан тушаалд анх орох нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн ба 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөжээ[3].

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 605[4], Авлигатай тэмцэх газрын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 05/4457 дугаар албан бичгээр[5] түүнийг хуульд заасан албан тушаалын болзлыг хангасан гэж үзэн

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Аы 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/102 дугаартай захирамжаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь анх Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/102 дугаар захирамжаар[6] Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс зааснаар Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон, төрийн албан тушаалыг эрхэлж эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа төрийн албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах-ыг хориглох, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн ...нэхэмжлэгчийг анх томилохдоо тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг томилсон ... гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд хууль зөрчиж томилогдсон гэх үндэслэл нь нэхэмжлэгчийг буруутгах, цаашлаад түүнийг төрийн ажил, албан тушаалаас чөлөөлөх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм.

1.2. Маргаан бүхий актын үндэслэлд нэхэмжлэгчийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг удаа дараа гаргаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр буруутгаж байх боловч яг ямар хууль бус шийдвэр гаргасан, түүний улмаас ноцтой үр дагавар үүссэн талаар баримт хэрэгт байхгүй.

Энэхүү үйл баримттай холбоотой ямарваа нэг тайлбарыг өгөөгүй болно.

1.3. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13.албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах; 37.1.15 харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд Туурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах; чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж буруутгажээ

Гэвч нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил, үүргийг хэрхэн биелүүлээгүй, байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаагүй, мэргэжлийн удирдлагаар хангаагүйгээс тухайн байгууллагад ноцтой үр дагавар үүссэн нөхцөл байдал бий болсон, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн талаар хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий актын үндэслэлийн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүргээ хэрэгжүүлэх боломжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт олгосон.

Хэдийгээр гуравдагч этгээдийн хувьд зөвхөн өөрийн зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй боловч шүүхээс хэргийг хууль ёсны үндэслэл бүхий шийдвэрлэхийн тул боломж олгосон.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №20/046 дугаар Б ХХК-ийн гомдол, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Засаг дарга С.Аы мэдэгдэл, аудио бичлэг зэрэг баримт болон Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хавдар судлалын үндэсний төвийн орц, гарцыг чөлөөлөх ажилтай холбоотой тайлбарыг гаргасан ба үүнийг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дэмжиж байгаа болохоо илэрхийлсэн болно.

Гэвч шүүх хуралдаанаар хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар, нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхэд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №20/046 дугаар Б ХХК-ийн гомдол нь цаг хугацааны хувьд маргаан бүхий актаас даруй 2 сарын дараа гаргасан байх бөгөөд энэ талаар ямарваа нэг эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтын ажиллагаа явуулсан зүйлгүй, энэ талаар тогтоосон эрх бүхий акт, баримт байхгүй.

Мөн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Засаг дарга С.А-ын мэдэгдэл болон аудио бичлэг дээр Хавдар судлалын үндэсний төвийн орц, гарцыг чөлөөлөх ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудал яригдсан боловч хариуцагчаас уг үйл баримттай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах шаардлагыг огт биелүүлэлгүйгээр асуудалд субьектив байдлаар хандаж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасан ...шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах... үүргээ хэрэгжүүлээгүй.

Энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахад хүргэсэн байх тул шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Хоёр: Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд:

2.1.Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 46 дугаар зүйлийн 46.2.5 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т заасныг зөрчсөн гэж үзэн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05-р сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Нэгэнт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн, хууль бус тушаалыг хүчингүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч Б.Уыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2.2. Нэхэмжлэгч Б.У нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамж гарсан өдрөөс эхлэн одоог хүртэл

Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалыг эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны баримтлан, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг ашигласнаас гадна Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-д зааснаар тооцож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг түүний эрхэлж байсан албан тушаалын ТЗ-10-2 ангиллаар, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 188 хоногийн олговор 8.277.387.11 /найман сая хоёр зуун далан долоо мянга, гурван зуун наян найман төгрөг 11 мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олгогдох цалингаас тооцож, Б.Ут нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Гурав: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч Б.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс ... 2019 онд Төрийн албаны зөвлөл улс даяар тусгай шалгалтыг зарлаагүй. Нэхэмжлэгчийн хувьд тусгай шалгалт зарлагдахыг хүлээгээд ажлаа хийгээд явж байсан. 2020 оны 01 сараас хойш Ц.Тын ажлыг шалгахад хугацаа алдсан 30 албан бичиг дарсан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолоор баталсан Нисэх яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж, автозамын төлөвлөлтийн трасс дээр Интерлаб ХХК-д аялал жуулчлалын зориулалтай барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан тул түүнийг албан тушаал бууруулсан[7]. Үүнийг Ц.Т эс хүлээн зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаад явсан. Хожим 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоныхоо дараа өөрт холбогдох хэргийн нэхэмжлэлээсээ татгалзсан[8]... гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримт болон маргааны үйл баримтад дүгнэлт хийж үзвэл дээрх хууль бус захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Уыг албан тушаалаас нь чөлөөлснөөр түүний орлогч Ц.Тыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ[9].

Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 343 дугаар тушаалыг[10] үндэслэн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар томилох саналыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжаар Ц.Тыг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар томилжээ.

Гэтэл энэхүү албан тушаалтай холбоотой хэрэг маргаан Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан.

Энэ талаар тус хэрэг маргааны талууд болох хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдэж байсан.

 

Хариуцагчаас Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зарлахдаа үүссэн нөхцөл байдалд үнэлэлт өгөөгүй, нэхэмжлэгч Б.Ут боломж олгож, эрхийг нь эдлүүлээгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий акт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ажлын байрны сул орон тоо гарсан гэж үзэх боломжгүй, албаны томилгоо хийх зайлшгүй шаардлага гарсан гэх нөхцөл байдал үүсээгүй байхад дараагийн томилгоог хийжээ.

Энэхүү үйлдэл нь шинээр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтал болсон Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал-ын 3.3.2.3-т төрийн бодлогын залгамж чанарыг хангах эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлнэ гэж; 3.3.2.6-д төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, цалин, хангамжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэж; 3.3.2.7-д төрийн албан хаагчид ...шударгаар өрсөлдөх боломж, нөхцөлийг бүрдүүлж, сонирхлын зөрчлийг хуулиар хязгаарлана болон төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэх, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халах, чөлөөлөхийг хориглох зэрэг төрийн албанд шударга ёсыг хэрэгжүүлэх, хууль бус томилгоо, хөдөлгөөнийг таслан зогсоож, улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид болгох, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүд хийгдсэн... нийцэхгүй байна.

Иймд хариуцагчаас Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс; 27.1.2.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас; төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох хуулийн зохицуулалтыг зөв хэрэгжүүлээгүй байх тул уг захиргааны актыг хууль бус гэж үзэн хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т заасныг баримтын Б.Уын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, түүнийг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид 8.277.387.11 /найман сая хоёр зуун далан долоо мянга, гурван зуун наян найман төгрөг 11 мөнгө/ төгрөгийг олгохыг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг тус тус хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтас хэргийн 54 хуудас

[2] Хавтас хэргийн 79 хуудас

[3] Хавтаст хэргийн 16-18 хуудас

[4] Хавтаст хэргийн 15 хуудас

[5] Хавтаст хэргийн 64 хуудас

[6] Хавтаст хэргийн 77 хуудас

[7] Хавтас хэргийн 133-139 хуудас

[8] 379 индекстэй, 128/2020/0504/З хэргийн 110-114 хуудас

[9] Хавтас хэргийн 77 хуудас

[10] Хавтаст хэргийн 76 хуудас