Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2014/0414

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Б.А-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Боловсрол, соёлын газраас зарласан сонгон шалгаруулалтад 1 дүгээр байр эзэлж, 2011 оны 07 дугаар сарын 19- ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажилласан. 2012 оны 11 дүгээр сард явагдсан орон нутгийн сонгуулийн үр дүнд орон нутгийн эрх авсан Засаг дарга Д.Ц 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр захирамжаар намайг нийтийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол уг зөрчлийг хэзээ, хаана, ямар байдлаар гаргасныг ямар баримтаар тогтоосон болохыг уг захирамжид дурдаагүй. 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажил хүлээлцүүлэх комисс ирээд ажил хүлээлцүүлсэн. Би тухайн үед аймгийн Засаг даргатай утсаар ярихад ажлаа хүлээлцчих, ажлын байраар хангана гэсэн.

Гэвч намайг томилохгүй байсан тул би аймгийн Засаг даргатай 7 хоног бүр уулзахад “би ойлгож байна, таныг ажилтай болгоно” гэдэг байсан. 2013 оны эхээр аймгийн Засаг даргатай албан өрөөнд уулзахад Боловсрол, соёлын газрын дарга болон орлогчоо дуудаад миний асуудлыг шийд гэхэд орлогч дарга намайг Мөст сумын сургуулийн захирал болгоно гэсэн. Боловсролын тухай хуулийн дагуу сургуулийн захирлыг Боловсролын газрын даргын саналыг үндэслэн аймгийн Засаг дарга томилохоор заасны дагуу Боловсролын газраас намайг Мөст сумын сургуулийн захирлаар томилуулахаар санал гаргасан гэж ойлгосон. Дээрх байдлаар хариуцагчаас надад удаа дараа ажлын байраар хангаж, албан тушаалд томилох тухай амлалт өгч, энэ талаар Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргуулж байсан тул би Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр захирамжид гомдол гаргаж шүүхэд хандаагүй, Харин хариуцагч, түүний орлогч нараас удаа дараа ажлын байраар хангаж, албан тушаалд томилно гэж байсан тул миний шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээнэ үү. Иймд Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс /олговор/ -ийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.А-ийн хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагааг удаа дараа гаргаж байсан учраас хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ хуулийн дагуу хариуцлага тооцсон. Б.А-ийн нөхөр Н.Г тус сургуулийн сантехникч, төрсөн дүү Б.У цэвэрлэгч зэрэг ажил эрхэлдэг байхад... нэг ч удаа сонирхлын зөрчил үүссэн тухай зөрчлийн мэдэгдэх хуудсыг ирүүлээгүй... “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд 5 багшийн ажлын хөлс болох 3 сая төгрөгийг багш нарт өгөхгүйгээр хамааралгүй 8 хүний нэр дээр хуваарилан хуваан авахдаа өөртөө 954.000 төгрөг ашигласан, “МТ-Ч” ХХК-иас хувьдаа 990.700 төгрөгийн шатахууныг хувьдаа завшсан, сургуулийн нэр дээр эмийн сангаас витамин авч өөртөө хэрэглэх зэрэг зөрчил гаргаж, төрийн албан хаагчийн болон удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдлүүд гаргасан учраас сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Тэрээр захирамжийг хүлээн зөвшөөрч, гомдол гаргаж байгаагүй. Нийгмийн даатгалын хэлтсээс 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 15-ны хооронд ажилгүйдлийн тэтгэмж 862.415 төгрөг авсан... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар 30 хоногийн дотор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй учраас захиргааны актад гомдол гаргах эрхээ алдсан тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.А шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А-ийн эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар сургуулийн захирлын албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулж, халсан Засаг даргын шийдвэрийг дэмжиж байна... гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Сахилгын арга хэмжээ тооцох тухай” Б/89 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, түүнийг Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1- д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 10.415.284 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Ц.А, түүний өмгөөлөгч Ц.Д нар давж заалдах гомдолдоо: 1. Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлийн талаар: Нэхэмжлэгч Б.А нь Ховд аймгийн Засаг дарга Д.Ц-гийн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Сахилгын арга хэмжээ тооцох” Б/89 дүгээр захирамжийг өөрийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авсан, мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтны шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан Засгийн газрын ерөнхий сайдад гомдол гаргах “энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх” шаардлага хангаагүй. Нэхэмжлэгч Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхэд 2014 оны 01 дүгээр сарын 15-нд буюу 4 сар 24 хоногийн дараа нэхэмжлэл гаргахдаа гаргасан нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан эрхээ алдсаны дараа нэхэмжлэл гаргасны дээр хугацааг сэргээлгэх хүсэлт, гомдлоо шүүхэд гаргаж сэргээлгээгүй нь хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах шаардлагагүй талаар: Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагадаа сургуулийн захирал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан захирлын албан тушаалд хамаарах хуулийг нэрлэж заасан байна. Аймгийн Засаг дарга Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т зааснаар Б.А-ийг ажлаас чөлөөлөхдөө Ховд аймгийн Боловсролын газрын дарга Б.У-ын саналыг амаар ба бичгээр авсан. Б.А-ийг НАНБХАСЗАСЗУС тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т нийтийн албанаас халах заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэх албагүй.

Ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах журмыг Б.А зөрчсөн талаар: ...Б.А нь 2012 оны 05 дугаар сарын 01-нээс Аймгийн засаг даргын Б/89 дүгээр захирамж гарах 2013 оны 08 дугаар сарын 21-нийг хүртэл 1 жил 3 сар 21 хоног НАНБХАСЗАСЗУС тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй, тэрээр Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн Боловсролын газрын дарга, Ховд аймгийн Засаг дарга нарт бичгээр мэдэгдэх үүргээ гүйцэтгэж, хууль биелүүлсэн нэг ч баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Энэ нь Жаргалант Сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/373 дугаар..., Ховд аймгийн Боловсролын газрын дарга Б.У-ын “Ашиг сонирхлын зөрчил үүссэн үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзсан бичгийг ирүүлж байгаагүй” гэх албан бичиг болон түүний гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогддог.

Ховд Аймгийн Засаг дарга Д.Ц-гийн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр захирамжид НАНБХАСЗАСЗУС тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг баримталсан... б.Төрийн албаны хуулийн 9 дүгээр зүйлд "Төрийн үйлчилгээний албан тушаалтан”, 9.1-д “төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн байгууллагын зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслахаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр авч ажиллуулах дараах албан тушаал хамаарна”, 9.1.2-д “Боловсрол, шинжлэх ухаан эрүүл мэнд соёл урлаг зэрэг Төрийн үйлчилгээний төсөвт байгууллагын удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаалыг заасан.

Ховд аймгийн Засаг даргаас Б.А-ийг НАНБХАСЗАСЗУС тухай хуулийн 3.1, 3.1.4, 3.1.5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзээд түүний төрсөн дүү тус сургуулийн үйлчлэгч Б.У, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нөхөр Н.Г тус сургуулийн цахилгаанчин, бусад нэгдмэл сонирхолтой этгээд нэхэмжлэгчийн төрсөн дүү Б.У-ын нөхөр Х.Л-гийн талаарх баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Дээрх хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр УИХ-аас баталж, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн ба Б.А 2011 оны 07 дугаар сарын 14-ний өдөр захирлаар томилогдон 2013 оны 08 дугаар сарын 21-нийг хүртэл ажиллаж байгаад халагдах хүртлээ 1 жил 3 сар 21 хоногийн хугацаанд уг хуулийн нэг ч заалт биелүүлэх ажил хийгээгүй, өөрөө дагаж мөрдөж байгаагүйг дээрх баримтаар нотолжээ.

  1. Б.А нь НАНБХАСЗАСЗУС тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасныг” зөрчсөн. Мөн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан ...албан тушаалтанд хамаарагдаж байгаа атлаа 23.2, 23.3-т зааснаар 2013 оны 02 дугаар сарын 15- ны дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж, Жаргалант сумын Засаг дарга болон Ховд аймгийн Боловсролын газрын дарга нарт өгөх үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.

Уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш 1 жил 3 сар 21 хоногт мэдүүлгийг нэг ч удаа гаргаж өгөөгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчаас хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг үндэслэн, энэ хуулийг зөрчсөн зөрчлийг удаа дараа гаргасныг тогтоож, нийтийн албанаас халах сахилгын арга хэмжээ тооцсон. Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр захирамж нь НАНБХАСЗАСЗУС тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах заалтад бүрнээ нийцэж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэлтэй... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: 1.Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Аг сахилгын арга хэмжээ тооцож, нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. НАНБХАСЗАСЗУС тухай хууль 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдаж, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар Б.А-ийн хувьд нийтийн албан тушаалтан... Тэрээр нөхөр Н.Г, өөрийн төрсөн дүү Б.У, түүний нөхөр буюу хүргэн Х.Л нарыг 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 9, 10, 19 дүгээр тушаалаар ажилд томилсон үйлдэл нь уг хууль батлагдаж, дагаж мөрдөхөөс урьдах үйлдэл боловч хууль хэрэгжиж ирсэн үеэс эхлэн дээрх хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой А/51, 40 тоот тушаал /хх-ийн 57, 170/ -аар нэмэгдэл болон улирлын урамшуулал олгож байсан нь уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасныг зөрчсөн.

Монгол улсын хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 1996 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 63/104 дүгээр тушаалаар “...төрийн үйлчилгээний түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох...” журмыг баталсан. Уг журмын 7 дугаар зүйлд “...ур чадварын нэмэгдлийг ажилтнуудын цалинг нэмэх, амьдрал ахуйг харгалзах зэргээр хавтгайруулан олгохыг хориглоно...” гэж заасныг зөрчиж, ажилчдад ур чадварын болон улирлын урамшууллыг хавтгайруулан олгосон. Өөрт хамаарал бүхий этгээдүүдэд урамшууллын механизмыг хавтгайруулсан төдийгүй хичээлийн жил дуусаж байх үед буюу 06 дугаар сард мөн адил ур чадварын нэмэгдэл олгосон. /Хх-ийн 170/.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “улирлын урамшуулал, ур чадварын нэмэгдлийг нийт багш, ажилчдад олгож байсан төдийгүй өөрт хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Гэвч нөхөр Н.Г, төрсөн дүү Б.У, хүргэн Х.Л нар нь дээр хэлсэнчлэн хичээлийн шинэ жил дууссаны дараа, дээрх хууль хэрэгжиж эхэлсний дараа улирлын урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгож, дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрсөн захиргааны акт гаргаж байсан нь хэрэгт авагдсан улирлын урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгосон тушаалуудаар нотлогддог. Дээрх манаач, /цэвэрлэгч/ цахилгаанчин, сантехникч нар нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэхдээ байнга ур чадвар, улирлын урамшууллыг авах зайлшгүй шаардлага байгааг судалж үзээгүй...

Монгол Улсын Засгийн газрын 54 дүгээр тогтоолоор ажилчдын үр дүнг тооцох журмаар багш, ажилчдад тухайн журамд заасан нөхцөлүүдийг бүгдийг нь онц сайн гүйцэтгэдэг хэмээн дурдаж, өөрт хамаарал бүхий этгээдийг оролцуулан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх үедээ албан тушаалаа тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг мэдсээр байж ашиг сонирхлын зөрчлийг гаргаж байсан нь харагдаж байгаа төдийгүй, ажил дүгнэх механизм хэр зэрэг хэрэгжсэн, хяналт тавих субъект нь яаж ажлыг нь дүгнэсэн нь ойлгомжгүй байгааг анхаарч үзнэ үү.

  1. Нэхэмжлэгч Б.А нь 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлэг/хх-ийн 68-79/, 2012 оны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг/ХАСХОМ, 2013 оны ХАСХОМ хэрэгт авагдаагүй, гаргаж өгөөгүй /-т өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг /дүү Б.У, хүргэн Х.Л/ дурдаагүй тул шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан ХАСХОМ-ийг хянан шалгах, зөрчил гарч байсан эсэх талаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн болон тус газраас ирүүлсэн ямар нэгэн бичиг баримт байхгүй байна гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Өөрөөр хэлбэл, Б.А хамаарал бүхий этгээдүүдийг 2012 оны ХАСХОМ-д дурдаагүй тул үүнд хяналт шалгалт хийх боломжгүйн дээр тушаалын үндэслэл болсон албан тушаалын үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Б.А 2013 онд 7 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэн амжилттай ажилласан нэр бүхий 5 багшийн ажлын хөлснөөс өөртөө 954.000 төгрөгийг дур мэдэн олгож, эрх мэдлээ хэтрүүлсэн, “МТ-Ч" ХХК-аас өөрийн хувийн автомашиндаа 990.700 төгрөгийн шатахууныг авч хэрэглэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, “Ю” ХХК-аас бэлэглэсэн “М” брэндийн зөөврийн комьютерийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьдаа завшсан үйлдлүүд нь баримтаар тогтоогдсон. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан албан тушаалын гэмт хэргийн бүрэлдэхүүний хохирлын үлэмж хэмжээнд хүрэхгүй байх тул Ховд аймгийн Прокурорын газрын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Мөн Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 323 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.А-аас 899.900 төгрөгийн үнэ бүхий “М” брендийн зөөврийн комьютерийг гаргуулж, ерөнхий боловсролын 7 дугаар сургуульд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Энэ бүхнээс үзэхэд Б.А нь албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хувийн ашиг сонирхол байсан нь илт харагддаг. Түүгээр ч үл барам гэрч П.Б-ийн /хх-ийн 47/ “...Улаанбаатараас лам авчирч ном уншуулсан, Алтан хөхийн тахилгад болон бөөд хамтын сангаас мөнгө зарцуулсан...” гэх мэдүүлгээс үзэхэд ашиг сонирхлын зөрчилтэй байгааг харуулж байна.

  1. Б.А нь НАНБХАСЗАСЗУС тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны зарчим, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан мэдэгдэл гаргах, бичгээр мэдэгдэх үүргээ төрийн байгууллагын удирдлагад мэдэгдээгүй, энэ үүргээ биелүүлээгүй, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хязгаарлалтыг, 23 дугаар зүйлийн 23.2-т заасан хувийн ашигсонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүргээ тус тус зөрчсөн нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан хөдөлмөрлөх эрх болон төрийн албан хаагчийн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах нөхцөл, баталгааг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдэгдээгүй.
  2. НАНБХАСЗАСЗУС тухай хуулийн 29 дүгээр зүйлд энэ хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг хуульчилсан ба 29.2.4-т “... энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй бол нийтийн албанаас халахаар” заасан. Гэрч Ч.Ч-ын /хх-ийн 106/ ...“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд 5 багшийн ажлын хөлс 3 сая төгрөгийг багш нарт өгөхгүйгээр хамааралгүй 8 хүний нэр дээр хуваарилан хуваан авахдаа өөртөө 954.000 төгрөг ашигласан, “МТ-Ч” ХХК-аас хувьдаа 990.700 төгрөгийн шатахуун завшсан, сургуулийн нэр дээр эмийн сангаас өөртөө витамин авч уусан зэрэг асуудал байгаа учраас Мөст сумын сургуулийн захирлаар томилох боломжгүй гэж үзсэн...” гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч нь үргэлжилсэн үйлдлээр дээрх зөрчлүүдийг гаргасан байдаг.

Боловсрол, соёлын газрын дарга нэхэмжлэгчийг 6 сарын хугацаагаар түр Ховд аймгийн Мөст сумын захирлаар томилох саналыг Ховд аймгийн Засаг даргад хүргүүлсэн. боловч өөртэй нь хамаарал бүхий этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, захиргааны акт гаргасан тул дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т зааснаар ажлаас халах саналаа хүргүүлсэн байдаг.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/373 дугаар албан бичигт “...ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг манайд хүргүүлж байгаагүй байна. 2011, 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргүүлэв...” гэжээ. 2011, 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт хамаарал бүхий этгээдэд өөрийн төрсөн дүү Б.У, түүний нөхөр Х.Л нарыг бичээгүй, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлийг гаргасан байна. /хх-ийн 69 хуудас/

Авлигатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг хянасан тухай албан тоотод ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдал одоогоор үүсээгүй байна гэж дүгнэсэн. Гэвч нэхэмжлэгч нь Авлигатай тэмцэх газарт ямар баримт явуулсан эсэх нь хэрэгт авагдаагүй, хамаарал бүхий этгээдээ бичиж явуулаагүй гэж дүгнэх үндэслэл гарч ирж байна. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Сахилгын арга хэмжээ тооцох тухай” Б/89 дүгээр захирамжаар Б.А-ийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн" гэж үзэж, түүнийг Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар дунд сургуулийн захирлын ажлаас халсан байна.

Нэхэмжлэгчээс “Захирамжид намайг хэзээ, хаана, ямар байдлаар ашиг сонирхлын зөрчлийг зохицуулсан хууль тогтоомж зөрчсөн болохыг тодорхой заагаагүй тул хийсвэр таамаг байдлаар намайг хууль зөрчсөн гэж дүгнэсэн” хэмээн маргажээ.

Ховд аймгийн Засаг дарга Б/89 дүгээр захирамжийг гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг баримталсан байна. Уг хуулийн дээрх зүйлд болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаас үзэхэд захирамжид “гаргасан зөрчил нэг бүрийг тоочин бичсэн байх” шаардлага тавигдаагүй байна. Иймд, аймгийн Засаг даргын захирамжид “зөрчил нэг бүрийг заагаагүй” тул хийсвэр байдлаар гарсан захирамж гэж үзэх үндэслэлгүй.

  1. Анхан шатны шүүх “...А-ийг гаргасан зөрчил нь ...аймгийн Засаг даргын захирамж гарсны дараагаар тогтоогдсон, ажлаас халах сахилгын хариуцлага хүлээлгэсэн хууль зүйн үндэслэлтэй шалтгаант холбоогүй, нотолгооны ач холбогдолгүй баримт гэж үзлээ” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь буруу байна.
  2. Учир нь, аймгийн Засаг даргын захирамж нь прокурорын тогтоол, шүүхийн шийдвэрийг үндэслэж, эсхүл дээрх шийдвэр, тогтоолоор тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэж гараагүй бөгөөд харин Б.А-ийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзээд, мөн хуулийн “...хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага” гэсэн 29 дүгээр зүйлийг үндэслэж гарсан байна, Иймд Б.А нь дээрх зөрчлийг бодитойгоор гаргасан эсэх нь энэ хэрэгт ач холбогдолтой байна.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар Б.А нь нөхөр Н.Г, өөрийн төрсөн дүү Б.У, түүний нөхөр Х.Л нарыг /хамаарал бүхий этгээдүүдийг/ сургуульдаа авч ажиллуулснаас гадна Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг дагаж мөрдсөн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойших 1 жил 3 сар 21 хоногийн хугацаанд дээрх хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой нийт 11 тушаал /хамгийн сүүлийн тушаал нь 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр/ гаргасан байна. Энэ бүх хугацаанд тэрээр хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хориглосон заалтыг зөрчиж, дээрх тушаалуудыг гаргаж байснаас гадна мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж нэг ч удаа зөрчил үүссэн талаар мэдүүлж байгаагүй болох нь тогтоогдсон байна.

4. Б.А нь эрх мэдлээ хэтрүүлж 2013 оны 07 дугаар сард “Авьяас” хөтөлбөрийн нэр бүхий 5 багшид олгох байсан 3.005.100 төгрөгийг уг хөтөлбөрт хамааралгүй 8 хүнд олгосон, 7 дугаар дунд сургууль нь автомашингүй байхад “МТ-Ч” ХХК-аас 997.450 төгрөгийн шатахууныг өөрийн машиндаа авч хэрэглэсэн, энэ үйлдлээ “манай сургууль машингүй тул өөрийн машинаар ажил хөөцөлддөг байсан” гэж тайлбарлах боловч сургууль амарсан байсан 7, 8 дугаар сард 460 литр шатахууныг юунд зарцуулсан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хөрөнгийг хууль бусаар зарцуулсан нь нотлогдсон байна. Иймд, түүнийг цаашид дахин боловсролын байгууллагын удирдах албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзэж нийтийн албанаас халсан аймгийн Засаг даргыг буруутгах үндэслэлгүй.

4. Б.А өөрийн буруутай үйлдлээ буюу аймгийн Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрч ажилгүйдлийн тэтгэмж авснаас гадна өөрийг нь нийтийн албанаас халсан тушаалд хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй байна. Нэхэмжлэгч “хэдийгээр намайг ажилд томилно гэж хэлдэг байсан тул би хүлээзнэж байсан” гэсэн агуулгатай тайлбар гаргадаг боловч энэ байдал нь баримтаар тогтоогдохгүй байгаа нь түүнийг “гомдол гаргасан” гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Хэрэгт авагдсан 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Засаг дарга болон Засаг даргын орлогч нарт, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Боловсролын газарт гаргаж байсан өргөдлөөс үзэхэд Б/89 дүгээр захирамжид гомдол гаргасан гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03- ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.А-ийн “Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Сахилгын арга хэмжээ тооцох тухай” Б/89 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                     ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧИД:                                         Д.БАТБААТАР

                                                           Д.БААТАРХҮҮ

                                                           Э.ЗОРИГТБААТАР