| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2018/0041/И |
| Дугаар | 149 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 149
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух, утас 95548973, РД:БВ67061151 Базархул овогт Самалханы А-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт байрлах Т-, / дарга Ө.Ж, утас 99624435, 94410092/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А-н өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор 9855950 төгрөг, 2016, 2017 оны ээлжийн амралтын мөнгөн урамшуулал 2700067 төгрөг, төрөөс олгосон урамшуулал 300000 төгрөг, нийтдээ 12856017 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч С.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т- Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаасаа халагдсан юм. Ажил олгогчийн ажлаас халах тухай шийдвэрийг хууль бус гэж үзэж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2017/0038 тоот шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/00553 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 449 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогдсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 9907155 төгрөгтэй тэнцэх хэмжээний цалингийн олговрыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч С.А-н нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн тухай нэхэмжлэлдээ: Миний бие зөрчигдсөн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Т- аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид шаардсанаар 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж намайг урьд эрхэлж байсан Баяннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд томилсон. Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ямар нэгэн цалин хөлс аваагүй болно. Миний бие сард 1100795 төгрөгийг дундаж цалин хөлс авдаг байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Үүнийг нийт ажилгүй байсан хугацаагаар /15 сар 20 хоног/ тооцоолбол 17560301 төгрөг болж байна. /(15 сар х1100795 төгрөг) +(20 хоног х52419 төгрөг)/. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2017/0038 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговорт 6860770 төгрөгийг надад олгохоор шийдвэрлэсэн. Тэгэхээр миний ажилгүй байсан хугацааны цалингийн олговрын хэмжээ 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 10699531 /17560301-6860770/ төгрөг болж байна. Үүнээс гадна Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу нийт төсөвт байгууллагад ажиллаж байгаа нийт төрийн албан хаагч нарт тус бүр 300000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнийг манай ажлын газрын бүх ажилчид авсан байна. Хэрэв би ажил олгогч намайг ажлаас хууль бусаар халаагүй байсан бол би энэ мөнгийг бас авах байлаа. Тийм учраас энэхүү 300000 төгрөгийг мөн хариуцагчаас нэмж нэхэмжилж байна. Түүнчлэн, хуульд зааснаар ажил олгогч ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралт биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно гэж зохицуулсан. Миний бие улсад 27 дахь жилдээ ажиллаж байгаа ба ажил олгогчоос шалтгаалж 2016, 2017 онд амралтаа биеэр эдэлж чадаагүй. Тийм учраас 2016, 2017 оны амралтын мөнгийг хариуцагчаас нэмж нэхэмжилж байна. 2016, 2017 оны амралтын мөнгийг тооцоолбол 4050095 төгрөг болж байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 10999531 төгрөг, 2016, 2017 оны амралтын мөнгө 4050095 төгрөг нийт 15049626 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн гэжээ.
Хариуцагч Т- хурлын дарга Ө.Ж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар урьд ажиллаж байсан С.А- шүүхийн шийдвэрээр хуучин ажиллаж байсан иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр томилогдсон болно. С.А-н шүүхэд гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн дүнг буруу тооцоолсон байна. Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ажилчдын цалингаас өөр санхүүжилт байхгүй тул төлөх боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгч С.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Нэхэмжлэгч 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхэд 15049626 төгрөг гэж буруу тооцоолсныг зөвтгөж байна. Үүнд: 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 15 сар 20 хоног ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгөн урамшууллыг нэмэхэд нийтдээ 16167254 төгрөг гарч байгаа. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр гаргуулахаар болсон мөнгийг хасаад үлдсэн 9855950 төгрөгийг, мөн нэхэмжлэгч маань төрийн албанд 27 дахь жилдээ ажиллаж байгаа ба 26 хоног амрах ёстой боловч нөхөн амруулаагүй хугацааны цалинг олгохоор хуульд заасан байгаа тул 2016, 2017 оны амралтын мөнгөн урамшуулал 2700067 төгрөг, төрөөс олгосон урамшуулал 300000 төгрөгийг нэмээд нийтдээ 12856017 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөний тооцоог зөвтгөсөн тул илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцааж олгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хариуцагч Т- Хурлын дарга Ө.Жад мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2017/0038 тоот шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0553 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 449 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч С.А-г Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 6860770 төгрөгийг хариуцагч байгууллагын санхүүгээс гаргуулах шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй болох нь талуудын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч (ажил олгогч) Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
1.Иймд нэхэмжлэгч С.А-н 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч (ажил олгогч)-аас гаргуулахыг хүссэн нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно гэж заасан байх тул нэхэмжлэгч С.А-н НДД№А0333081 Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр 2016 оны 8 сард 1100795 төгрөг, 2016 оны 9 сард 1100795 төгрөг, 2016 оны 10 сард 1100795 төгрөгийн цалин олгогдсон ба дээрх гурван сарын дундаж нь 1100795 төгрөг байна. /(1100795+1100795+1100795) : 3 сар = 1100795 төгрөг сарын дундаж цалин; (1100795 төгрөгийг : 21,5 хоног) = 51199 төгрөг нэг өдрийн цалин/
Нэхэмжлэгч С.А-н 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дүгээр сарын 20-ны хүртэлх ажилгүй байсан 08 сар 21 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9881539 төгрөг байна. /(08 сарыг х 1100795 төгрөг нэг сарын үндсэн цалин хөлс) +( 51199 төгрөг х 21 хоног) = 9881539 төгрөг)
2.Нэхэмжлэгч С.А- нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан бол Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолд заасны дагуу 2017 оны төсвийн жилд төрийн албан хаагчид 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох гэсний дагуу авах эртэй гэж үзээд энэ мөнгийг хариуцагч (ажил олгогч)-оос гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгох нь зүйтэй байна.
3.Нэхэмжлэгч С.А- 2016, 2017 онд ногдох амралтын мөнгө 2700067 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно” гэж заажээ. Нэхэмжлэгч С.А- нь 2016 оны, 2017 оны тухайн ажлын жилд ээлжийн амралтаа эдлэх эрхтэй бөгөөд С.А- ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тухай нотлох баримт байхгүй байна. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаартай тушаалаар баталсан ээлжийн амралт олгох зааврын 13-т зааснаар ажил олгогч нь ажилтны ажлаас халагдахаас бусад тохиолдолд болон хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол биеэр эдлээгүй ээлжийн амралтын оронд мөнгөн олговор олгож болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр шүүхээс ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан ээлжийн амралтыг биеэр эдлэх эрхтэй бөгөөд түүнд амралтын мөнгө олгох үндэслэлгүй байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Т- Хурлын санхүүгээс 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны хүртэлх 08 сар 21 хоногийн ажилгүй байсан хугацааны олговор 9881539 төгрөг, урамшуулал 300000 төгрөг бүгд 10181539 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2674478 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233203 төгрөгөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд ноогдох 220646 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 12557 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан өөрт нь буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ буюу 10181539 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 177855 төгрөгийг хариуцагч Т- Хурлын санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-ыг тус тус баримтлан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны хүртэлх 08 сар 21 хоногийн ажилгүй байсан хугацааны олговор 9881539 төгрөг, урамшуулал 300000 төгрөг бүгд 10181539 (арван сая нэг зуун наян нэгэн мянга таван зуун гучин есөн) төгрөгийг хариуцагч Т- Хурлын санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2674478 (хоёр сая зургаан зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун далан найман) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.А- нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233203 төгрөгөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд ноогдох 220646 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 12557 (арван хоёр мянга таван зуун тавин долоон) төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 177855 (нэг зуун далан долоон мянга найман зуун тавин таван) төгрөгийг хариуцагч Т- Хурлын санхүүгээс гаргуулан тус тус нэхэмжлэгч С.А-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК