| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2018/0030/И |
| Дугаар | 150 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 150
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар баг, М.Н-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Анеж-Од 2 төвийн 2-р давхарт үйл ажиллагаа явуулдаг, Г- газар (дарга К.Б-, утас 99422588)-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагч Г- газрын дарга К.Б-, иргэдийн төлөөлөгч Т.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 5604962 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 342981 төгрөг, хохирол 909800 төгрөг нийт 7157743 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч М.Н-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М- шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: М.Н- нь Г- газарт зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа халагдсан юм. Ажил олгогчийн ажлаас халах тухай шийдвэрийг хууль бус гэж үзэж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 110\ШШ2017\0034 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221\МА2017\00470 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 158 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоогдсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болох 7120850 төгрөгийн цалингийн олговрыг гаргуулахыг хүсэж байна. Түүнчлэн миний бие зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд 400000 төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлж авсан, давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөө оролцуулахын тулд 509800 төгрөгийн зардал гаргасан ба эдгээр зардлууд миний хувьд хохирол болж байгаа учраас үүнийг хариуцагчаас нэхэмжилнэ. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 7120850 төгрөгтэй тэнцэх хэмжээний цалингийн олговор болон хохирол 509800 төгрөг нийт 7630650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Н-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М- шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн тухай хүсэлтэд: Нэхэмжлэл гаргах үед ажилгүй байсан хугацааны цалингийн олговрын тооцоо 7120850 төгрөг гэж буруу тооцоолсон байсныг 5700860 төгрөг болгож тодруулж байна. Тооцооллын талаар шүүх хуралдаанд тайлбарлаж өгнө. Хууль журмын дагуу ажилтан бүр ээлжийн амралтаа авч биеэр эдлэх ёстой. Хэрэв ажил олгогч намайг хууль бусаар ажлаас халаагүй байсан бол амралтаа эдэлж, амралтын мөнгөө авах байлаа. Миний бие 2017 онд нийт 15 хоног амрах ёстой бөгөөд амралтын мөнгө 342981 төгрөг болж байна. Үүнийг хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Тооцооллын талаар мөн шүүх хуралдаанд тайлбарлаж өгөх болно. Үүнээс гадна Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу нийт төсөвт байгууллагад ажиллаж байгаа нийт төрийн албан хаагч нарын тус бүрт 300000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнийг манай ажлын газрын бүх ажилчид авсан байна. Хэрэв би ажил олгогч намайг ажлаас хууль бусаар халаагүй байсан бол би энэ мөнгийг бас авах байлаа. Тийм учраас энэхүү 300000 төгрөгийг мөн хариуцагчаас нэмж нэхэмжилж байна. Өмгөөлөгч хөлслөхөд 400000 төгрөг, давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч оролцуулахад 509800 төгрөг нийт 909800 төгрөгийн зардал гарсан ба эдгээр зардлуудыг хохиролд тооцож байгаа. Үүнийг хариуцагчаас нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 6000860 төгрөг, амралтын мөнгө 342981 төгрөг, хохирол 909800 төгрөг нийт 7253641 төгрөг гаргуулахаар ихэсгэж байна гэжээ.
Хариуцагч Г- газрын дарга К.Б- шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: М.Н-ыг Улсын Дээд Шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 158 дугаар тогтоолоор урьд ажиллаж байсан ажилд эргүүлэн томилсон байна. Монгол Улсын Үндсэн Хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д шүүх хараат бус гагцхүү хуульд захирагдана гэж заасан байдаг. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоох гэж заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлж, өөрийн зөвшөөрснөөр 3 сарын тэтгэмж олгосон юм. Гэтэл шүүх хуульд биш даргын тушаалд захирагдан шийдвэр гарсан. Нэгэнт орон тоо, бүтэц, цалингийн сан 15 хүнээр ирсэн, 2017 оны жилийн эцэст урамшууллын 300000 төгрөг мөн 15 хүнээр тооцсон. УИХ-аас баталсан төсөв, цалингаас илүү орон тоо бий болгож цалин олгох боломжгүй болно. Харин уг орон тоо бүтэц цалингийн хамт ГЗБГЗЗ асуудал тавьсан боловч уг орон тоог бүр мөсөн хасаж ирүүлсэн байсан. Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.Н-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М- шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Тангараг өргөж төрийн албаа хааж явж байсан М.Н-ыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас халсан. Дараа нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гарч М.Н-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1980486 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулсан шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа. Иймд 2017 оны 5 дугаар сарын 4-өөс хойш 10 сар 5 хоногийн дундаж цалин 5604962 төгрөг байна. Энэ дээр амралтын мөнгө 342981 төгрөг, өмгөөллийн холбогдолтой зардлууд 909800 төгрөг, мөн Улсын Их Хурлын тогтоолоор төрийн албан хаагч нарт олгосон 300000 төгрөгийг нэмээд нийт 7157743 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч хариуцагч Г- газрын дарга К.Б- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхээс өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Н-ыг бид нар хараагүй. Би ажилдаа оръё гэж ирсэн Н- ч байхгүй байгаа. Нэгэнт өөрөө ирж ажлаа хийх талаар яриагүй учраас энэ нэхэмжилж байгаа цалинг олгох боломж байхгүй. Төрөөс олгосон урамшуулал 300000 төгрөг гэдэг чин үр дүнгийн гэрээтэй холбоотой асуудал. Тиймээс ажиллаагүй хүнд юу гэж урамшуулал олгох вэ. 300000 төгрөг ч гэсэн орон тооны 15 хүний тоогоор орж ирсэн байгаа. Түүнийг 16-д хуваах боломж байхгүй. Ажиллаагүй хүнд юу гэж амралтын мөнгө олгох вэ дээ. Тиймээс энэхүү хууль бус шаардлага тавьж байна гэж үзэж байна. Ажиллаагүй өөрөө ирж ажил олгогчтой уулзаагүй учраас энэ цалинг олгох боломжгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,
1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0034 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/00470 дугаар магадлалаар нэхэмжлэгч М.Н-ыг Г- газрын зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 03 сар 19 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1980486 төгрөгийг хариуцагч байгууллагын санхүүгээс гаргуулах шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр нь өнөөдрийг хүртэл биелэгдээгүй болох нь талуудын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч (ажил олгогч) Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч М.Н-ы 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх 08 сар 19 хоногийн ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч (ажил олгогч)-аас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 158 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоогдсон байна.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно гэж заасан байх тул нэхэмжлэгч М.Н-ы НДД№1028274 Нийгмийн даатгалын дэвтрийн 5 дугаар хуудсанд байгаа бичилтээр 2016 оны 10 сард 480377 төгрөг, 2016 оны 11 сард 630948 төгрөг, 2016 оны 12 сард 531748 төгрөгийн цалин олгогдсон ба дээрх гурван сарын дундаж нь 547691 төгрөг байна. /(480377+630948+531748) : 3 сар = 547691 төгрөг сарын дундаж цалин; (547691:21,5 хоног) х 19 хоног = 484006 төгрөг;/
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх 08 сар 19 хоногийн ажилгүй байсан хугацааны олговор нийт 4865534 төгрөг байна. /(547691 төгрөг сарын дундаж цалин х 8 сар) + 484006 төгрөг 19 хоногийн цалин = 4865534 төгрөг/
Нэхэмжлэгч энэ хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 739428 төгрөгийг илүү нэхэмжилсэн байна.
3.Мөн нэхэмжлэгч М.Н- нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан бол Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолд заасны дагуу 2017 оны төсвийн жилд төрийн албан хаагчид 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох гэсний дагуу авах эртэй гэж үзээд энэ мөнгийг хариуцагч (ажил олгогч)-оос гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгох нь зүйтэй байна.
4.Нэхэмжлэгч М.Н-ы 2016, 2017 онд ногдох амралтын мөнгө 342981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно” гэж заажээ. Нэхэмжлэгч М.Н- нь 2016 оны, 2017 оны тухайн ажлын жилд ээлжийн амралтаа эдлэх эрхтэй бөгөөд М.Н- ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тухай нотлох баримт байхгүй байна. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаартай тушаалаар баталсан ээлжийн амралт олгох зааврын 13-т зааснаар ажил олгогч нь ажилтны ажлаас халагдахаас бусад тохиолдолд болон хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол биеэр эдлээгүй ээлжийн амралтын оронд мөнгөн олговор олгож болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр шүүхээс ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан ээлжийн амралтыг биеэр эдлэх эрхтэй бөгөөд түүнд амралтын мөнгө олгох үндэслэлгүй байна.
5.Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14-д Монгол Улсын хууль,...эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл энэ эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,...хууль зүйн туслалцаа авах, ...шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах,...эрхтэй...гэж заасан байна. Энэ нь хуулиар шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авах эрхийг олгосон болохоос үүрэг болгоогүй байна.
Иймд нэхэмжлэгчийн Улаанбаатар хотод Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөө оролцуулсан онгоцны тийзийн үнэд 409800 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 400000 төгрөг, өмгөөлөгчийн томилолтын зардалд 100000 төгрөг, нийтдээ 909800 төгрөг төлсөн зэрэг нь нэхэмжлэгч хууль заасан эрхээ эдэлсэн ба үүнийг хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Г- газрын санхүүгээс 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 4865534 төгрөг, урамшуулал 300000 төгрөг бүгд 5165534 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1992209 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
Нэхэмжлэгч М.Н-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144000 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 97599 төгрөгийг хариуцагч Г- газрын санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-ийг тус тус баримтлан хариуцагч Г- газрын санхүүгээс 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 4865534 төгрөг, урамшуулал 300000 төгрөг бүгд 5165534 (таван сая нэг зуун жаран таван мянга таван зуун гучин дөрвөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1992209 (нэг сая есөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун есөн) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Н-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144000 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г- газрын санхүүгээс 97599 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК
ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ
Б.МАНГИЛИК