| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 106/2022/0409/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/426 |
| Огноо | 2022-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205003911361 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, М.А /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.А нь 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ***тоот гэртээ эхнэр Ч.Бг бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний нүүр, цээж болон биеийн бусад хэсэгт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, баруун хацар, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, умдаг, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, цээж баруун алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч М.А нь 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ***тоот гэртээ эхнэр Ч.Бг бусадтай хардан түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, баруун хацар, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, умдаг, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, цээж баруун алганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:
Хохирогч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сараас хойш намайг хардаж хэрүүл хийх болсон. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хэд хэдэн удаа гар хүрэх болсон. Ингэж явсаар 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр бас л хардалтаас болж хэрэлдэж А нь миний нүүр, цээж, гар, хөл зэрэг газрууд руу гараа атгаж байгаад савж цохих, 2 гараараа хүзүүнээс боох гээд янз бүрээр цохиж зодох болсон. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч А.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай аав Өмнөговь аймагт ажилладаг. 2021 оны 10 дугаар сарын дундуур хотод гэртээ ирээд ээжийг хардаад хэрүүл хийгээд байх шиг байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын дунд үеэс хойш санагдаж байна өдөр болгон шахуу хэрэлдэж аав ээжийн гар хүрдэг болсон. Гар хүрэхдээ ихэвчлэн оройн цагаар хүрдэг байсан ба унтах гэж байхад аав, ээж хоёр хэрэлдээд, түс, тас хийх чимээ сонсогдоод байдаг байсан. Тэгээд ээжийг очоод харахаар уйлчихсан байдаг байсан ба сүүлд харахад энд тэндээ хөхөрчихсөн байдаг байсан. 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр тэр хоёр салаад 2 тийш болцгоосон байсан. Тухайн үед би гэрт байгаагүй учраас юунаас болж муудалцсаныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч А.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын дундуур аав Өмнөговь аймгаас ажлаасаа бууж гэртээ ирсэн. Ирснээсээ хойш аав ээжийг хардаж хэрүүл маргаан гэрээс тасрахаа байсан. Сүүлд 2021 оны 12 дугаар сарын дунд үеэс эхлэн хардалтын асуудлаас болж аав ээжид гар хүрч эхэлсэн. Орой болоод унтах гээд өрөөндөө орсон байхад аав, ээж хоёр хэрэлдээд ээжийг цохиж байгаа чимээ сонсогддог байсан. Би ээжийг өмөөрч аавтай хэд хэдэн удаа хэрэлдэж байсан. Хамгийн сүүлд 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр тэр 2 хэрэлдээд аав дахин ээжийн биед гар хүрээд 2 тийш салцгаасан байсан. Энэ талаар сүүлд мэдээд ээжийн биеийг харахад энд тэндээ хөх няц болсон харагдсан...” гэх мэдүүлэг /хэргийн 45-46 дугаар хуудас/,
Гэрч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бгийн нөхөр А хөдөө ажиллаж байгаад 2021 оны 9 билүү 10 дугаар сард Улаанбаатар хотод гэртээ ирсэн байсан. Тэгээд эхнэрийгээ хардаж өдөр болгон шахуу хэрүүл маргаан үүсгэж байгаад сүүлд 2021 оны 12 дугаар сараас зодож, гар хүрч эхэлсэн гэж байсан. Ингээд 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед Б манай гэрт ганцаараа ирсэн ба “нөхөр намайг хардаад зодчихлоо” гэчихсэн бие нь энд тэндгүй хөх няц болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 50-51 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн №1749 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:
“1.Ч.Бгийн биед зүүн нүдний зовхи, баруун хацар, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, умдаг, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, цээж баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хэргийн 12-13 дугаар хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний “...Аюулын зэргийн үнэлгээ өндөр...” гэх тэмдэглэл /хэргийн 14-16 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд эхнэр Бтай хардалтын улмаас хэрэлдэж, маргалдаж байх үедээ эхнэрийнхээ биед удаа дараа халдаж цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хэргийн 79 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 52 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хэргийн 53 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 54 дүгээр хуудас/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 55 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 82 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 84 дүгээр хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч М.А нь 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ***тоот гэртээ эхнэр Ч.Бг бусадтай хардан түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, баруун хацар, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, умдаг, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, цээж баруун алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин энэ гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, “Тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус тус ойлгоно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.А, хохирогч Ч.Б нар нь эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдгээрийн мэдүүлгүүд болон шүүгдэгч, хохирогч нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч М.А нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.
Тиймээс шүүгдэгч М.Аийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, хохирогчийн “...М.Аээс нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн хүсэлт /хэргийн 91 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.А нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Улсын яллагчаас шүүгдэгч М.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч М.А нь улсын яллагчийн саналтай мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн авч шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО