Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/83

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Шүүгдэгч Л.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогтой Лхагвадоржийн Баярт холбогдох 2026000000072 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Буурал овогт  Лхагвадоржийн Баяр, регистрийн дугаар:ЙК95100116,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Буурал овогтой Лхагвадоржийн Баяр нь Б.Жавзмаагийн эзэмшлийн 83-38 ӨВО улсын дугаартай Suzuki SX4 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хангамж” худалдааны төвийн Хүнс барааны захын зүүн талын хаалган дээр зорчих хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 19 дүгээр бүлгийн 19.4 дэх заалт “жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж тавьж өгнө”-ийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж С.Оюуны зүүн хөлийн шаант ясны хавчаар ясны далд хугарал, шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Баяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу ...” гэв.

Хохирогч С.Оюуны мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Хүнс бараан захын зүүн талд дүү Пүрэвийн хамт шимийн сүү авчихаад таксинд суух гээд зогсож байтал нэг машин хойноосоо урагш чиглэлтэй ирээд миний зүүн хөлөн дээгүүр дайраад гарчихсан. Тэгээд намайг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Миний зүүн хөлний шагайн дунд залгаа яс хөндлөн хугарсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Т.Пүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өглөө ...зах дээр ирээд цагаан идээний дэлгүүр орж 10 литр сүү аваад ээж Доржмаагийнх руу явахаар ертөнцийн зүгээр захын зүүн талын хаалгаар гарч такси зогсоол дээрээс бор ногоон өнгийн жижиг тэргэнд би зүүн хойд талын хаалгаар, эгч С.Оюун баруун хойд хаалгаар суухаар явсан. Тэгтэл эгч С.Оюун “зогсоочээ, зогсоочээ” гээд орилохоор юу болсон бол гээд таксины урдуур тойроод эгч дээр иртэл газар уначихсан цагаан өнгийн жижиг тэрэг эгчийн хөлийг дайрчихсан байсан. Цагаан өнгийн машин дотороос 30 орчим насны эрэгтэй гарч ирсэн. Машин дотор сууж байсан эмэгтэй эгчийг эмнэлэг явъя гээд өөрсдийнхөө машинаас Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэж өгч үзүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Б.Жавзмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед нөхрийн хамт өөрийн эзэмшлийн 83-38 ӨВО улсын дугаартай цагаан өнгийн “Сузуки СХ4” маркийн авто машинтай ажлынхаа хашаанаас гарч ирээд захын зүүн талын хаалганы хажуугаар засмал зам руу орох гээд явж байсан. Хашааны хаалгаар гарч ирэхэд захын зүүн талын хаалганаас 2 настай эгч гарч ирж байхыг би харсан. Манай нөхөр ч гэсэн хараад хурдаа сааруулаад  нэг эгчийг урдуураа өнгөрүүлээд гаргах шиг болсон. Хүмүүс машинаа ухраагаарай хүн дайрчихлаа гээд байсан. Тэгээд машинаа жаахан ухраагаад  Баяр бид 2 машинаас бууж ирээд харсан чинь нэг настай эгч зүүн талынхаа хөлийг барьчихсан замаа харж явахад яадаг юм гээд уурлаад байсан. Настай эгчийг шууд эмнэлэг авч явж үзүүлсэн. Маргааш өдөр нь буюу 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд рентгенд харуулахад зүүн талын хөлний шилбэний дээд хажуу талын яс хугарсан байна гэж хэлсэн....” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 22-26 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны 146 дугаартай “... 1. Үзүүлэгч С.Оюуны биед зүүн хөлийн шаант ясны хавчаар ясны далд хугарал, шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Батцэрэнгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай "... 1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн байна. / ЗХАБТХуулийн 3.1.6-д Зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно. 83-38 ӨВО улсын дугаартай цагаан өнгийн Suzuki SX4 маркийн автомашин жолоодож явсан Л.Баяр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 19 дүгээр бүлгийн 19.4 дэх заалт “жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж тавьж өгнө.”-ийг зөрчиснөөс явган зорчигч С.Оюуныг мөргөж зам тээврийн осол гаргасан гэх үндэслэлтэй. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18 дахь заалт замын зэргэлдээх нутаг дэвсгэр гэж “Замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэр.” Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө. Мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослын гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах. Явган зорчигч С.Оюун нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй гэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь жолоочийн хайхрамжгүй, болгоомжгүй, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмагаас болж гарсан гэх үндэслэлтэй.” гэх шинжээчийн дүгнэлт,...” гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 04-07 дугаар хуудас/,

Эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 08-11 дүгээр хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Баярын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49, 51-59, 62-63, 66-68, 71, 76-79 дүгээр хуудас/,

Хохирогч С.Оюуны иргэний үнэмлэхний хуулбар, амбулатори поликлиникээр үйлчлүүлэгчийн картын хуулбар /хх-ийн 73-75 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Баярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Баярын яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Л.Баяр нь Б.Жавзмаагийн эзэмшлийн 83-38 ӨВО улсын дугаартай “Suzuki SX4” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хангамж” худалдааны төвийн Хүнс барааны захын зүүн талын хаалган дээр зорчих хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 19 дүгээр бүлгийн 19.4 дэх заалт “жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж С.Оюуны зүүн хөлийн шаант ясны хавчаар ясны далд хугарал, шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

            Хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Оюуны “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Хүнс бараан захын зүүн талд дүү Пүрэвийн хамт шимийн сүү авчихаад таксинд суух гээд зогсож байтал нэг машин хойноосоо урагш чиглэлтэй ирээд миний зүүн хөлөн дээгүүр дайраад гарчихсан. ...Миний зүүн хөлний шагайн дунд залгаа яс хөндлөн хугарсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Т.Пүрэвийн: “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өглөө гэрээсээ өөрийн төрсөн эгч С.Оюунтай ...11 цагийн үед зах дээр ирээд цагаан идээний дэлгүүр орж 10 литр сүү аваад ээж Доржмаагийнх руу явахаар ертөнцийн зүгээр захын зүүн талын хаалгаар гарч такси зогсоол дээрээс бор ногоон өнгийн жижиг тэргэнд би зүүн хойд талын хаалгаар, эгч С.Оюун баруун хойд хаалгаар суухаар явсан. Тэгтэл эгч С.Оюун “зогсоочээ, зогсоочээ” гээд орилохоор юу болсон бол гээд таксины урдуур тойроод эгч дээр иртэл газар уначихсан цагаан өнгийн жижиг тэрэг эгчийн хөлийг дайрчихсан байсан. Цагаан өнгийн машин дотороос 30 орчим насны эрэгтэй гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21/, гэрч Б.Жавзмаагийн “... 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед нөхрийн хамт өөрийн эзэмшлийн 83-38 ӨВО улсын дугаартай цагаан өнгийн “Suzuki SХ4” маркийн авто машинтай ажлынхаа хашаанаас гарч ирээд захын зүүн талын хаалганы хажуугаар засмал зам руу орох гээд явж байсан. ...нэг эгчийн урдуураа өнгөрүүлээд гаргах шиг болсон. Хүмүүс машинаа ухраагаарай хүн дайрчихлаа гээд байсан. Тэгээд машинаа жаахан ухраагаад манай нөхөр Баяр бид 2 машинаас бууж ирээд харсан чинь нэг настай эгч зүүн талынхаа хөлийг барьчихсан замаа харж явахад яадаг юм гээд уурлаад байсан...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 22-26/, хохирогч С.Оюуны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны 146 дугаартай  дүгнэлт /хх-ийн 32/,  Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Батцэрэнгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт,...” гэх дүгнэлт /хх-ийн 48/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 04-07/, эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 08-11/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 12-14/,  шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно. 

 

Шүүгдэгч Буурал овогт Лхагвадоржийн Баярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Л.Баярыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Баяр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт   “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг 90 хоногийн дотор… биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т “...энэ хуулийн 160.1-т заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураараа биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж заасан байх тул  шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацаа заалгүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй болно. Харин шүүгдэгч нь торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлэх нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

 

Шүүгдэгч Л.Баяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Оюунд 2.000.000 төгрөг төлсөн, баримтаар төлөх төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, энэ хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэвэл эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч С.Оюунд мэдэгдэж,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Л.Баярын В ангиллын №944193 дугаартай жолоочийн үнэмлэх, “Suzuki SХ4” маркийн 83-38 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрчилгээ зэргийг  шүүгдэгч Л.Баярт буцаан олгож, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Төв бараан захын зүүн хаалган дээр зам тээврийн осол болж байх үеийн нөхцөл байдал бичигдсэн 38 секундын бичлэгтэй DVD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурьдаж,

 

Шүүгдэгч Л.Баярт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Баярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буурал овогт Лхагвасүрэнгийн Баярыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Буурал овогт Лхагвасүрэнгийн Баярыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч Л.Баяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Оюунд 2.000.000 төгрөг төлсөн, баримтаар төлөх төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, энэ хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэвэл эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч С.Оюунд мэдэгдэж,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Л.Баярын В ангиллын №944193 дугаартай жолоочийн үнэмлэх, “Suzuki SХ4” маркийн 83-38 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрчилгээ зэргийг  шүүгдэгч Л.Баярт буцаан олгож, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Төв бараан захын зүүн хаалган дээр зам тээврийн осол болж байх үеийн нөхцөл байдал бичигдсэн 38 секундын бичлэгтэй DVD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй .  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Баярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдьдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Баярт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.