Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/438

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, С.Х /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Х нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “иргэн Г.Л нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын автобусны буудал дээр бусдад зодуулсан” гэх зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад хохирогч А.Саас “танай нөхөр М.Б нь бусдын биед халдах шинжтэй зөрчлийн асуудал гаргасан учраас торгуулийн арга хэмжээ авдаг юм” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах өөрийн ажлын байранд бэлнээр 100.000 төгрөгийг авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х мэдүүлэхдээ: “Тухайн гомдол мэдээлэл ирсэн өдөр иргэнээс 100.000 төгрөг авсан. ... Торгуулийн хуудас бичихдээ алдаж бичсэн...” гэв.

            Шүүгдэгч С.Х нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “иргэн Г.Л нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын автобусны буудал дээр бусдад зодуулсан” гэх зөрчлийн шинжтэй гомдол хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр “зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол үйлдсэний дараа албан тушаалын байдлаа ашиглаж хохирогч А.Саас “танай нөхөр М.Б нь бусадтай маргалдсан учраас зөрчлийн хуулиар торгоно” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах өөрийн ажлын байранд бэлнээр 100.000 төгрөгийг авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 6 дугаар сарын сүүлээр манай нөхөр Б эгч Аын хамт машинтай явж байхад нь араас нь машин ирж мөргөсөн гэсэн. Тэгээд уг машины арын суудал дээр сууж байсан залуу маргаан үүсгэж хоорондоо муудалцсан ба уг залуу цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч Х дээрх асуудлыг шалгасан. Тухайн үед Х байцаагч манай нөхөр Бд гомдол гаргагчийнхаа хохирлыг бүрэн барагдуулчихвал ямар нэгэн асуудалгүй, асуудал чинь шийдэгдэх гээд байна гэж хэлсэн. Одоо хугацааг нь сайн санахгүй байна. Х байцаагч манай эгч Атай утсаар яриад “танай дүүг Зөрчлийн хуулиар торгохоор болсон, 100.000 төгрөг одоо авчирч өг” гэж хэлсэн байсан. Тэгээд би өөрийн найз Номуундарийн хамт Х байцаагчтай очиж уулзсан. Тухайн үед манай нөхөр Б хөдөө явчихсан, очих боломжгүй байсан учраас би очсон. Тэгээд Х байцаагчид 100.000 төгрөгийг ажлын байранд нь бэлнээр өгөхөд надад шийтгэлийн хуудас гээд баримт өгсөн. Уг баримттай танилцахад юу гэж бичсэн нь ойлгомжгүй, харин манай нөхөр Б, байцаагч Хийн нэр тодорхой харагдсан ...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 210-212 дугаар хуудас/,  

         Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А эгчийн хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай “Портер” машинтай явж байтал араас “Тоёота Приүс-30” маркийн машин ирж мөргөсөн. Тэгээд уг машины арын суудал дээр сууж байсан согтуу залуу маргаан үүсгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Намайг Дорноговь аймагт ажилдаа ирсэн байхад Х байцаагч утсаар яриад намайг зөрчлийн материалд холбогдуулан шалгаж байгаа талаар хэлсэн бөгөөд намайг Зөрчлийн хуулиар 100.000 төгрөгөөр торгоно гээд манай эхнэр С Хд 100.000 төгрөгийг ажлын байранд нь аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 215-216 дугаар хуудас/,

        Гэрч М.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Х байцаагч надтай дахин утсаар яриад танай дүүг Зөрчлийн хуулиар торгохоор болсон  100.000 төгрөг одоо авчирч өг гэж хэлсэн. Тэгээд манай дүү Б хөдөө ажлаар явсан байсан учраас Бийн эхнэр С байцаагч Хд 100.000 төгрөгийг ажлын байранд нь аваачиж өгсөн ба манай дүү Сд баримт гээд шийтгэлийн хуудсан дээрх гараар бичсэн тэмдэглэл нь ойлгомжгүй, Б гэх нэр нь тодорхой харагдах баримтыг гаргаж өгсөн байхаар нь би Х байцаагчтай утсаар яриад “бид хохирол болон торгуулийн мөнгөө бүрэн барагдууллаа, гомдол гаргагчаас гомдол, саналгүй гэх баримт авч болох уу” гэхэд өөдөөс уурлаад гомдол гаргагчтай нийлж хувьдаа мөнгийг чинь завшчихна гэж бодоод байна уу гээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 219-220 дугаар хуудас/,

         Гэрч Х.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эрх бүхий албан тушаалтан санхүүд шийтгэлийн хуудас авахаар шаардах бичиж, маягт 1, 2-оос шаардагдах хэмжээгээр авна. Санхүүгээс эрх бүхий албан тушаалтанд шийтгэлийн хуудсыг  хүлээлгэн өгөхдөө шийтгэлийн хуудасны дугаарыг бүртгэн авч хүлээлгэн өгдөг. Дараа нь эрх бүхий албан тушаалтан санхүүд шийтгэлийн хуудасны тооцоог хийхдээ дугаараар нь тулгаж, мөнгө тушаасан баримтын хамт хүлээлгэн өгч тооцоо хийдэг. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас нь 3 хувь байдаг. Цагаан дэвсгэртэй хуудсыг санхүүд, шар дэвсгэртээ хуудсыг материалд, ногоон дэвсгэртэй хуудсыг зөрчил гаргагчид өгдөг. ...Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжгүй үндэслэлээр гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тогтоол гарган шийдвэрлэсэн тохиолдолд “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулахгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 195-198 дугаар хуудас/,

         Гэрч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Архивын баримтаас харахад зөрчлийн байцаагч С.Х нь 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр М.Бийг хог хаясан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.1.1 дэх зүйл заалтаар үндэслэн 10 нэгж буюу 10.000 төгрөгөөр торгож, шийтгэлийн 1653736 дугаартай хуудсыг тасалсан байна. Шийтгэлийн хуудас нь 3 хувь байдаг ба эх хувийг нь няравт, үлдсэн 2 хувийн нэгийг нь иргэнд, нөгөө хувийг нь материалдаа хавсаргадаг. 1 шийтгэлийн хуудсанд 2 өөр утга бичиж болохгүй. Учир нь шийтгэлийн хуудсанд бичигдсэн торгуулийн мөнгө нь Төрийн санд тушаагдаж, шийтгэлийн хуудас, банкны баримт нь няравт ирдэг. Торгуулсан иргэн өөрөө эсвэл тухайн торгууль оногдуулсан эрх бүхий албан тушаалтан торгуулийн мөнгийг Төрийн сангийн холбогдох дансанд тушааж болно...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 223-224 дүгээр хуудас/,

         Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Бийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст ажилласан дүнгийн талаарх “...Цагдаагийн дэслэгч С.Х нь зөрчлийн 6913 дугаартай гомдлыг шалгаад зөрчлийн шинжгүй гэж татгалзсан. ...Холбогдогч М.А гэгчтэй холбогдож зөрчлийн шийдвэрлэлттэй танилцахад 100.000 төгрөгөөр торгоно гээд 100.000 төгрөг авсан боловч надад торгуулийн хуудас өгөөгүй, би торгуулийн хуудсаа авмаар байна гэхэд одоог хүртэл өгөөгүй, чи намайг юу гэж бодоод байгаан гээд уурлаад байсан гэж байв. Материалд торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудас байхгүй, тухайн торгуулийн мөнгийг яасан нь тодорхойгүй байсан...” гэх илтгэх хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 21-24 дүгээр хуудас/,

         Хохирогч А.Саас гаргаж өгсөн №1653736 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 44 дүгээр хуудас/,

         Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Хийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай”, “... Иргэн Г.Л нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын автобусны буудал дээр бусдад зодуулсан гэх зөрчлийн З-6913 дугаартай гомдлыг шалгаад Г.Лтой холбогдоход “би очиж уулзахгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй, цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй” гэх хүсэлт гаргасан тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, зөрчлийн шинжгүй байна” гэх тогтоол, материалын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 178-193 дугаар хуудас/,

         Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Албаны шалгалтын дүнгийн тухай танилцуулга /хэргийн 1 дүгээр хавтас 165-169 дүгээр хуудас/,

         Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангийн “Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл”-д бүртгэгдсэн 6913 дугаартай зөрчлийн бүртгэлийн мэдээлэл /хэргийн 2 дугаар хавтас 27-28, 35-36 дугаар хуудас/,

         Санхүүд хүлээлгэн өгсөн шийтгэлийн 1653736 дугаартай хуудасны хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 55 дугаар хуудас/,

         Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын зөрчлийн бүртгэл мэдээллийн сангийн “...Зөрчил гаргагч М.Бийг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан...” гэх судалгаа /хэргийн 2 дугаар хавтас 56 дугаар хуудас/,

            Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 06-ны №Б/192 дугаартай “С.Хийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэсгийн байцаагчаар томилж, цагдаагийн дэслэгч цол олгосугай” гэх тушаал /хэргийн 2 дугаар хавтас 101 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч С.Хийн ажил байдал, албан тушаалын тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 126, 131-134 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар зэрэг бичгийн нотлох баримтуудаар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

  Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

            Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 59 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 187 дугаар хуудас/,

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч С.Х нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “иргэн Г.Л нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын автобусны буудлын ойролцоо бусдад зодуулсан” гэх зөрчлийн шинжтэй гомдол хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр “зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол үйлдсэний дараа албан тушаалын байдлаа ашиглаж хохирогч А.Саас “танай нөхөр М.Б нь бусадтай маргалдсан учраас зөрчлийн хуулиар торгоно” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах өөрийн ажлын байранд бэлнээр 100.000 төгрөгийг авсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Бийн илтгэх хуудас, шийтгэлийн хуудасны хуулбар, 6913 бүртгэлийн дугаартай зөрчлийн материалын хуулбар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн Албаны шалгалтын дүнгийн тухай танилцуулга, Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангийн “Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл”-д бүртгэгдсэн 6913 дугаартай зөрчлийн бүртгэлийн мэдээлэл, Санхүүд хүлээлгэн өгсөн шийтгэлийн 1653736 дугаартай хуудасны хуулбар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын зөрчлийн бүртгэл мэдээллийн сангийн судалгаа, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 06-ны №Б/192 дугаартай тушаал, шүүгдэгчийн ажил байдал, албан тушаалын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

           Өөрөөр хэлбэл залилагч этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг.

           Харин “Залилах” гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна

            Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг, “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, бодит байдлыг нуух, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгө, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсныг, Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг тус тус ойлгоно.

             Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Х нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х шийтгэлийн хуудсан дээрх бичилтийг андуурч бичсэн, гэмт хэрэг үйлдээгүй гэж байгаа боловч уг үндэслэлээ ямар нотлох баримтад үндэслэж байгаа, гэмт хэргийн ямар үгүйсгэх нөхцөл байдал бий болсон талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт гаргаагүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Х нь энэ гэмт хэргийг үйлдээгүй гэх ямар нэгэн эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй буюу хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

             Тиймээс шүүгдэгч С.Хийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Сд 100.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч С.Х нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид хохирол төлбөр төлөөгүй байна.

             Иймд  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Хэс 100.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Сд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Улсын яллагчаас шүүгдэгч С.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч С.Хийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

    Шүүхээс шүүгдэгч С.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч С.Хд 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

            Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Хийг 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Хэс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Сд олгосугай

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Х баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  С.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЗОЛБОО