Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 188/2022/0269/Э |
Дугаар | 2022/ШЦТ/298 |
Огноо | 2022-03-10 |
Зүйл хэсэг | 17.3.3.1., |
Улсын яллагч | Ж.Судванчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: М.Солонго,
улсын яллагч: Ж.Сувданчимэг,
шүүгдэгч: Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Г-т холбогдох эрүүгийн 200000000000 тоот хэргийг 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б-гийн Г /РД:00000000/,
Монгол Улсын иргэн,****оны ** дүгээр сарын **-ны өдөр ****хотод төрсөн. *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт 0000 дүүргийн 2 дугаар хороо, 000-000 тоотод оршин суух, урьд:
1. Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 64-6, 63-а 109-б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
2. Улаанбаатар хотын Гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 253 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 276 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 246 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 6 хоногийг тэнсэж суллагдсан,
3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,
4. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 221/ШЗ/769 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 02 сар 18 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр, “Швед улс руу гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч
Н.М-ийг Сонгинохайрхан дүүргийн 000 дугаар хороо Зүүнбаян-Уулын 00 тоот гэртээ байх үед нь түүний эзэмшлийн, Хаан банк дахь 0000000 дугаарын данснаас 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3,800,000 төгрөгөөр нэг удаа 1,387,000 төгрөгөөр нэг удаа, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,743,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 000000000 дугаартай данс руу шилжүүлэн авч 6,930,000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Н-ийг Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 28-35 тоот гэртээ байх үед нь түүний эзэмшлийн, Хаан банк дахь 0000000000 дугаартай данснаас өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 0000000000 дугаартай данс руу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 5,180,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 12,110,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр, “Швед улс руу гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч Н.М-ийг Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүнбаян-Уулын 00-00 тоот гэртээ байх үед нь түүний эзэмшлийн, Хаан банк дахь 0000000000 дугаарын данснаас 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3,800,000 төгрөгөөр нэг удаа 1,387,000 төгрөгөөр нэг удаа, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,743,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 00000000000дугаартай данс руу шилжүүлэн авч 6,930,000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Н-ийг Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Зүүнбаян-Уулын 0000 тоот гэртээ байх үед нь түүний эзэмшлийн, Хаан банк дахь 000000 дугаартай данснаас өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 0000000000 дугаартай данс руу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 5,180,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 12,110,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-Хохирогч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б гэх Швед улсад байгаа найзтайгаа холбогдсон бөгөөд би Б-өөс найз нь дүү охин Х-нг Швед явуулах гэсэн юм чамд зуучлаад өгөх хүн байна уу гэж асуусан бөгөөд Б надад надтай хамт ажилладаг 2 хүүхэд Б.Г гэх хүнээр дамжуулаад холбогдож ирсэн гэсэн. Миний найз тэр хүнтэй холбогд гэж надад холбогдох утасны дугаарыг нь өгсөн бөгөөд би тухайн хүнтэй 99510751 гэсэн дугаараас холбогдож байсан юм. Тэр үед холбогдож ярьж байхдаа Унгараар дамжуулж виз гаргана эхний ээлжинд 1500 евро буюу монгол мөнгөөр 5,187,000 төгрөгийг өөрийн 0000000000дугаарын данснаас Г-гийн 0000000000 дугаартай данс руу шилжүүлсэн. Үүний дараа 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Х-гийн виз гарлаа гэж хэлсэн бөгөөд нэвтрэх виз гаргахад бичиг баримт хэрэг болно гэж хэлээд итгэл төрүүлж дахиад 1.743.000 төгрөгийг тэр оройдоо авсан. Би тухайн хүнд нийт 6,930,000 төгрөг өгч залилуулсан. Манай найз Н мөн надтай ижилхэн залилуулсан. Би залилуулсан мөнгөө буцааж авмаар байна. Би шилжүүлсэн мөнгөнүүдээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 28-27 тоот хаягт байхдаа өөрийн гар утсаараа шилжүүлсэн. Би дансаар бүх хохирлоо авчихсан. Надад одоо санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 25-р хуудас/
-Хохирогч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б гэх Швед улсад байгаа найзтайгаа М бид хоёр холбогдсон бөгөөд би найз Б-өс найз нь өөрөө Швед явах гэсэн юм. Зуучлаад өгөх хүн байна уу гэж асуусан бөгөөд Б надад надтай хамт ажилладаг хоёр хүүхэд Б.Г гэх хүнээр дамжуулаад холбогдож ирсэн гэсэн. Миний найз тэр хүнтэй холбогдож хэлээд надад утасны дугаарыг нь өгсөн бөгөөд... тэр үед ярьж байхад Унгараар дамжуулж виз гаргана гэж эхний ээлжинд 1500 евро буюу монгол мөнгөөр 5,180,000 төгрөгийг өөрийн 0000000000 дугаарын данснаас Г-ийн 0000000000 дугаартай данс руу шилжүүлсэн. Тэгээд тухай хүн нь ор сураггүй алга болчихсон... Би тухайн хүнд 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 5,180,000 төгрөг өгч залилуулсан... Би залилуулсан мөнгөө буцааж авмаар байна ... Би Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 28-35 тоот хаягт байхдаа өөрийн гар утсаараа шилжүүлсэн. Би хохирлын мөнгөө дансаар авчихсан. Надад одоо санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 32-р хуудас/,
-Н.М-ийн эзэмшлийн 0000000000 дугаартай данснаас 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3,800,000 төгрөг, 1,387,000 төгрөгийг, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,743,000 төгрөгийг 0000000000 дугаартай данс руу шилжүүлсэн баримтын хуулбар болон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 11-13, 17-18-р хуудас/,
-Б.Г-ийн эзэмшлийн, Хаан банк дахь 0000000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 14-16, 71-80-р хуудас/,
-Б.Н ийн эзэмшлийн Хаан банк дахь 0000000000 дугаартай данснаас 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 5,180,000 төгрөгийг 0000000000 дугаартай данс руу шилжүүлсэн баримтын хуулбар /хавтаст хэргийн 9-р хуудас/,
-Б.Г-ийн эзэмшлийн Хаан банк дахь 0000000000 дугаартай депозит данс нь дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 14-16, 71-80-р хуудас/,
-Шүүгдэгч Б.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Намайг гэрт байхад Швед улсаас Б гэдэг залуу над руу холбогдоод Н , Х нарт визийг нь зуучлаад гаргаад өгөөч гэхээр нь би Н , Х-гийн ээж болох М нартай утсаар ярьж тохиролцон өөрийн Хаан банкны данс руу урьдчилгаа мөнгө гээд М ээс 6,930,000 төгрөгийг, Н ээс 5,180,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан. Энэ үйл явдал нь 2021 оны 05 дугаар сарын сүүлээр болсон ба би 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ороод 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял аваад хорих 441 дүгээр анги руу ял эдлэх гээд явчихсан. Тэгээд би энэ хүмүүстэй 6-7 сар холбоо барьж чадаагүй ба 2021 оны 08 сард Өршөөлийн тухай хуулиар гарч ирсэн чинь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байсан... Би тэр хүмүүст визний үйлчилгээ үзүүлэх гэж авсан юм. Би бүх хохирлоо барагдуулсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож байна...” гэж /хавтаст хэргийн 94-96-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “визний үйлчилгээ үзүүлэх” гэж нийт 12,110,000 төгрөгийг Н.М , Б.Н нараас залилан мэхэлж авсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогч нарын эд хөрөнгө буюу мөнгийг нь хариу төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авах зорилгоор, зохиомол байдал болох визний үйлчилгээ үзүүлнэ гэж итгэл төрүүлсэн аргаар үйлдсэн байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Г нь 2021 оны 5 сарын 14, 28, 31-ний өдрүүдэд 3 удаагийн үйлдлээр Н.М ээс 6,930,000 төгрөг, Б.Н ээс 5,180,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан байгаа нь үргэлжилсэн гэмт хэрэгт тооцогдоно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Г нь хууль зүйн хувьд шууд санаатайгаар дээрх арга үйлдлийн шинжээр хохирогч нарт нийт 12,110,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Г-т “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Н.М , Б.Н нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.г-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд Улаанбаатар хотоос гаргах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.Г нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг нь харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-гийн Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-ийн Г-т 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА