Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/93

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч А.Амарсанаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор,

Шүүгдэгч Б.Сундуй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Баттогтохын Сундуйд холбогдох 2026000000070 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Боржигон овогт Баттогтохын Сундуй, /РД: ЙА99082911/,

 

Шүүгдэгч Б.Сундуй нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 цаг 00 минутын  орчимд иргэн М.Тансагийн хувийн сууцанд буюу хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.020.000 /нэг сая хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Сундуй шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

            Хохирогч М.Тансагийн мөрдөн байцаалтанд өгсөн:2020 оны сар шинийн баярыг сумын төвийн гэртээ өнгөрөөгөөд 02 дугаар сарын 29-ний өдөр хөдөө гэрлүүгээ эхнэр, 3 хүүхдийн хамт явсан. ...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчим сумын төвд байдаг гэртээ буцаж ирсэн. Гэрийн хаалга цоожтой байсан ба түлхүүрээрээ онгойлгоод гэртээ ороод гал түлчихээд байж байтал эхнэр Ч.Батцэнгэл “ Бурхан дээр байсан мөнгөн аяга байхгүй байна” гэж хэлсэн. Тооно руу хартал хамгийн зүүн талын рамны хормой хэсэг нь дээшээ хөндийрчихсөн байхаар нь тооноор хүн орсон байж болзошгүй юм байна гэж бодоод эхнэрийн хамт гэрт байсан эд зүйлүүдээ шалгаад үзтэл авдарт байсан чихэр хийчихсэн байсан мөнгөн аяга, бурханы хажууд байсан миний хөөрөг, авдар дотор байсан 2 ширхэг бугуйвч, даавуунд боолттой байсан мөнгөн аяганууд байхгүй байсан. Тэгээд манай эхнэр хэсгийн төлөөлөгчийг дуудаж шалгуулсан. Би гэрээ хүнд захиж үлдээгээгүй манай хажуу талын хашаанууд хоосон Б.Сундуйгийн гэр л манайхтай ойрхон байдаг. Манай гудамжинд 4 хашааны цаана байдаг...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Батцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2020 оны цагаан сарын баяраар гэртээ гэр бүлийн хамт байж байгаад цагаан сар өнгөрөөгөөд 02 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчимд Аргалант 3 дугаар баг “Харганы Аман-Ус” гэх газар байх хөдөө гэрлүүгээ нөхөр М.Тансаг, охин Т.Тунгалагсайхан, Т.Энхсаруул, хүү Т.Бямбазагар нарын хамт явсан. Явахдаа гэрээ Хятад цоожоор цоожлоод явсан. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд Гучин-Ус сумын төвд байх гэртээ гэр бүлээрээ ирсэн. Гэрийн цоожийг түлхүүрээр нь онгойлгоод гэртээ орсон. Гэртээ байж байгаад тооно руу хартал тоононы чагтагыг унинд ороогоод хийчихсэн байхаар нь бурхан луу хартал бурхантай авдар дээр идээ засаад тавьчихсан байсан мөнгөн аяга, авдар дээр байсан хөөрөг байхгүй байхаар нь авдараа түлхүүрээр цоожийг нь онгойлгоод дотор нь байсан эд зүйлүүдийг үзтэл бүгдийг нь онгичоод эмх замбараагүй болгочихсон байхаар нь дотор нь байсан эд зүйлүүдийг бүртгээд үзтэл 2 ширхэг мөнгөн бугуйвч, мөнгөн аяганууд зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тэгээд би хэсгийн төлөөлөгч рүү залгаж дуудлага өгсөн. Б.Сундуйгийн гэр нь манайхтай 1 гудамжинд манай хашаанаас баруун тал руу 4 хашааны цаана байдаг. Б.Сундуй манайхаар өмнө нь орж ирж байгаагүй. Гэрийн цоож, хаалга ямар нэгэн эвдэрсэн зүйлгүй бүрэн бүтэн байсан. Тоононы хамгийн зүүн талын рамны доод үзүүр нь дээшээ жаахан сөхөгдчихсөн, тоононы чагтагыг гэрийн зүүн талын унинд ороочихсон, авдарын цоож бүрэн бүтэн байсан боловч доторх зүйлс нь алга болоод эмх замбараагүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Сундуйгийн яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн орчимд Гучин-Ус сум 3 дугаар баг Аргуйтын 11-04 тоотод байх гэрээсээ гараад урд талын гудамжинд байдаг Нямбаатар гэх найзындаа явган алхаж очоод буцаад 03 дугаар сарын 02-ны өдөр 01 цагийн орчимд гэрлүүгээ явж байтал манай гудамжинд байдаг Тансагийнх гэх айл эзэнгүй байхаар нь хашааных нь урд талаас хаалганых нь зүүн талаас давж хашаа руу ороод гэр дээр нь гараар тоононы хамгийн зүүн талын рамыг нь дээш аваад гэр дээр нь тавьж байгаад рамыг нь авсан нүхээрээ доошоо гэр рүү нь орсон. Гэрт ороод асаагуурны гэрэл тусгаад хойд талын авдар дээр байсан шүүгээнээс нь 1 ширхэг хөөрөг, 2 ширхэг бугуйвч, авдар дээр байсан чихэр хийчихсэн байсан мөнгөн аягийг авсан. Бурханы хажууд байсан 2 ширхэг жижиг түлхүүрээр авдарыг нь онгойлгоод авдар дотор нь байсан ногоон өнгийн алчууранд ороосон 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлүүдийг аваад куртикнийхээ дотор талд хийж цахилгаандаад буцаад гэрээс нь орсон тоононы нүхээрээ гарсан гарахдаа модон ширээг нь тавьж байгаад тоононоос нь зүүгдээд гарсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-21 дүгээр хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан, эд зүйлд үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, /хх-ийн 22-26 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/20 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 43-47 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Сундуйн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 50-58, 60-62, 65-66,69, 71-76, 78 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Сундуйгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Сундуйг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Тансагийн шүүхэд ирүүлсэн “Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Сундуй нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 цаг 00 минуын орчимд иргэн М.Тансагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.020.000 /нэг сая хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Үүнд: Эд зүйлээ хулгайд алдсан талаар хохирогч М.Тансагийн шүүхийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн ”...Хөдөө гэртээ байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчим сумын төвд байдаг гэртээ буцаж ирсэн. Гэрийн хаалга цоожтой байсан ба түлхүүрээрээ онгойлгоод гэртээ ороод гал түлчихээд байж байтал эхнэр Ч.Батцэнгэл “Бурхан дээр байсан мөнгөн аяга байхгүй байна” гэж хэлсэн. Тооно руу хартал хамгийн зүүн талын рамны хормой хэсэг нь дээшээ хөндийрчихсөн байхаар нь тооноор хүн орсон байж болзошгүй юм байна гэж бодоод эхнэрийн хамт гэрт байсан эд зүйлүүдээ шалгаад үзтэл авдарт байсан чихэр хийчихсэн байсан мөнгөн аяга, бурханы хажууд байсан миний хөөрөг, авдар дотор байсан 2 ширхэг бугуйвч, даавуунд боолттой байсан мөнгөн аяганууд байхгүй байсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч Ч.Батцэнгэлийн “...03 дугаар зүйлийн 03-ны өдрийн 15 цагийн орчимд Гучин-Ус сумын төвд гэртээ гэр бүлээрээ ирсэн. Гэрийн цоожийг түлхүүрээр нь онгойлгоод гэртээ орсон.  Гэртээ байж байгаад тооно руугаа хартал тоононы чагтагыг унинд ороогоод хийчихсэн байхаар нь бурхан луу хартал бурхантай авдар дээр идээ засаад тавьчихсан байсан мөнгөн аяга, авдар дээр байсан хөөрөг байхгүй байхаар нь авдараа түлхүүрээр цоожийг нь онгойлгоод дотор нь байсан эд зүйлүүдийг үзтэл бүгдийг нь онгичоод эмх замбараагүй болгочихсон байхаар нь дотор нь байсан эд зүйлүүдийг бүртгээд үзтэл 2 ширхэг мөнгөн бугуйвч, мөнгөн аяганууд зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-15/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-21/, Эд зүйл түр хураан авсан, эд зүйлд үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, /хх-ийн 22-26/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/20 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 43-47/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Боржигон овогт Баттогтохын Сундуйд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Боржигон овогт Баттогтохын Сундуйд холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Сундуйд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан гэмт хэрэгт нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял оногдуулах улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын тогтоол, санал  “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Сундуйд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Сундуйгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сундуйн цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор,

               

Шүүгдэгч Б.Сундуй нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сундуйд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сундуйд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баттогтохын Сундуйг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогтой Баттогтохын Сундуйг нэг жил хоёр сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сундуйд оногдуулсан нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сундуйн цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

               

 5. Шүүгдэгч Б.Сундуй нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Тансаг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сундуйд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сундуйд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.