Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2014/0415

 

2014 оны 10 сарын 29 өдөр               Дугаар 425 Улаанбаатар хот

 

Т.Б-ийн НЭХЭМЖЛЭЛТЭЙ захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, П.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 363 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А-д БММ-ын 10 айлын орчны газар дээр давхардуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж газар эзэмшүүлж, өмчлүүлсэн байна.

Иймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 263 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжуудын иргэн Б.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...дүүргийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 263 дугаар захирамжаар тус дүүргийн 6 дугаар хороо, Олзвойн гудамж 63-Б тоотод байрлалтай 500 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжаар иргэн Б.А-д өмчлүүлсэн байна.

Ч.Т, Т.Б нар нь маргаан бүхий Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Олзвойн 65-Б тоот газрыг ямар нэг байдлаар эзэмших, ашиглах эрх үүсээгүй болох, мөн уг маргаан бүхий газар нь газрын кадастрын нэгдсэн мэдээллийн сангийн зургаас харахад тус тусдаа газрууд байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 263 дугаар захирамжаар иргэн Б.А-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Олзвойн гудамжны 63-Б тоот хашааны 500 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 370 дугаар захирамжаар уг газрыг үнэгүй өмчлүүлсэн

Гэтэл иргэн Ч.Т 2007 онд бусдад өмчлүүлсэн дээрх маргаан бүхий газрыг түүний хүсэлтээр орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, Техникийн зөвлөлийн хурлаар барилга барих зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн, мөн 65-Б гэх хуурамч хаяг өгсөн гэх боловч Нийслэлийн өмчийн харилцааны газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сангийн зургаас харахад 65-Б болон 63-Б хаягт байрлах газрууд нь тус тус өөр байршилд байгаагаас гадна хаягжуулах асуудал нь манай байгууллагад хамааралгүй болно гэжээ.

Гуравдагч этгээд Б.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...маргаан үүсгээд буй Ч.Т, Т.Б нарт миний эзэмшиж, өмчилж байсан газар огт хамааралгүй болно. Учир нь манай газрын болон БММ-ийн 10 айлын гэх байшингийн хооронд авто машин, явган хүний зам байрладаг байсан. Өөрөөр хэлбэл хил залгаа байгаагүй, ямар нэгэн хүүхдийн тоглоомын талбай, 00 байрладаггүй байсан буюу БММ-ийн байшингаас хамаагүй хол байрладаг. Тухайн үед хүсэлтэд газар өмчлөх өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, газар эзэмших гэрчилгээний хуулбар, хаягийн тодорхойлолт зэргийг хавсарган өгч байсан Иргэн надад газар өмчлүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан хууль, тогтоомжид заасан эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн гаргасан гэж үзэж байгаа" гэжээ.

Гуравдагч этгээд Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа . 2013 оны 08 дугаар сараас эхлэн иргэн Ё.Г нь Д.А миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Олзвойн гудамжны 65Б тоот 595 м.кв газар дээр барилга барихаар газрыг ухаж эхэлсэн. Ё.Г-тэй уулзаж энэ асуудлаар удаа дараа шаардлага тавьсан боловч хүлээн авахгүй байсан тул шүүхэд хандахаас аргагүйд хүрсэн. Хууль бус барилга угсралтын ажлыг зогсоолгох, газрыг чөлөөлүүлэх талаар нэхэмжлэл Иргэний хэргийн 1-р шүүхэд хянагдаж байгаад шүүх хуралдаан товлогдсон боловч манай өмчлөлийн газар дээр барилга бариулж байгаа гэх Т.Б, Ч.Т нар нь цаг хугацаа авах, чирэгдүүлэх зорилгоор танай шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 363 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр дараах байдлаар үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна Үүнд:

Шүүхийн шийдвэрт Т.Б нь өмчлөх эрхийг шилжүүлэн авснаар Ч.Т-гийн шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзнэ гэжээ.

Харин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зөвхөн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухай асуудлаар иргэн, хуулийн этгээд нь шүүхэд нэхэмжлэл гаргах зарчмыг тогтоосон. Нэхэмжлэгч нь захиргааны байгууллага, албан тушаалтанд өргөдөл, хүсэлт гаргасан буюу захиргааны актын үйлчлэл чиглэгдсэн этгээд байх ёстой.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байхад ямар ч газар эзэмших эрх үүсээгүй этгээд бусдын өмчлөлд байгаа газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Б.А-д газар эзэмших, өмчлөх эрх олгосон 2007 оны шийдвэрийн улмаас 2012 оны 6 дугаар сарын 14, 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд айлуудын зөвхөн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан Т.Б-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд Баянзүрх дүүргийн 6-р хороо, 65-Б тоот газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан, энэ талаар хийсэн хэлцэл огт байхгүй болохыг шүүх анхааран үзнэ.

Түүнчлэн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байхад бусдын өмчлөлд байгаа газарт давхцуулан нэхэмжлэгч Т.Б нь барилга барьж байгаа гэж дүгнэсэн нь Т.Б нэхэмжлэл гаргах эрхгүй буюу захиргааны байгууллагын шийдвэр нь хуульд заасан журам процедурыг зөрчсөн, хууль бус гэдгийг тодорхой үндэслэлүүдээр заан дурдсан ч, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдалгүй. түүнд ямар нэг шууд хамааралгүй бол нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг шүүх өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.

Анх Ч.Т нь нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээ дэмжиж шүүх дээр ирээгүйн улмаас удаа дараа хурал хойшилж байсан төдийгүй нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 129 дүгээр талд авагдсан.

Шүүгчээс энэ талаар шүүх хуралдаанд танилцуулсан хэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасан ажиллагааг хийгээгүй, шийдвэрт энэ талаар тусгаагүй байгаа нь хууль зөрчсөн шийдвэр болохыг нотолж байна.

Шийдвэрийн 11 дэх талд ...кадастрын мэдээллийн сангаас зургийг устгасан талаар эрх бүхий этгээд нийслэлийн Газрын албанаас 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2/783 тоот албан бичгээр мэдэгдсэн гэжээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-т газар эзэмших эрхийг олгох, хүчингүй болгох эрх хэмжээг зөвхөн Засаг дарга эдлэхээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд тусгаж өгсөн байхад 2009 онд газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон мэтээр шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон, өөрчилсөн талаар албан ёсны шийдвэр гараагүй, уг мэдэгдлээ газар өмчлөгч Д.Ат болон газрын өмчлөх эрхийг баталгаажуулсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт мэдэгдээгүй байгаа нь тухайн үеийн газрын албаны тодорхой албан тушаалтны хууль бус үйлдэл болохыг харуулж байна.

Нэгэнт 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2/783 тоот албан бичгээр Д.А-ийн газар өмчлөх эрхийг дуусгавар болгосон гэх мэдэгдэл хүлээн авсан БММ-ын 10 айл тухайн үед буюу 2009 онд газар эзэмших, өмчлөх эрх авахаар хүсэлт гаргах ёстой байсан. Энэ эрхээ тухайн цаг үед хэрэгжүүлээгүй нь Засаг дарга болон газрыг шударгаар өмчлөгч Д.А-т хамааралгүй юм.

Түүнээс гадна кадастрын мэдээллийн сангийн зургийг хууль бусаар устгасан тул 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нөхөж оруулсан талаар Нийслэлийн өмчийн харилцааны газар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/5427 тоот албан бичгээр мэдэгдсэн байгаа. Энэ албан бичгээр эрх бүхий этгээд нь 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2/783 тоот албан бичгийг хууль бус үйлдэл гэж үзсэн байгаад шүүх дүгнэлт хийж чадаагүй, ямар үндэслэлээр 3/5427 тоот албан бичгийг үгүйсгэж байгаагаа шийдвэрт тусгаагүй байна.

Газар өмчлөгч Д.А-ийн хувьд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд үндэслэн газар өмчлөх эрхийг 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Г-220400**** дугаарт бүртгүүлэн, гэрчилгээ авсан.

Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ зөвхөн Ч.Т, Б.А нарын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зохицуулалтад нийцээгүйгээс гадна гуравдагч этгээд Д.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв байдлаар дэнслэх, нотлох баримтад тулгуурлах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна Учир нь маргаан бүхий газрыг 2007 онд Б.А өмчлөх эрхтэй болсон бөгөөд түүний кадастрын зургийг Геодези зураг зүйн мэдээллийн сангийн агаарын зурагтай харьцуулахад түлээний байр, бие засах газар нь давхцалгүй байгаа

Өөрөөр хэлбэл 2005 онд байсан зүйл нь 2010-2013 оны зургаар Д.Аийн өмчлөлийн газрын зүүн талд байрлаж байгаа болох нь харагдаж байгаа тул нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байгаа гэдэг нь үндэслэлгүй.

Д.А нь 65-Б тоот газрын зэргэлдээх 63, 63-Б, 64, 65 тоот газрыг эзэмшиж, өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш тухайн газраа бүхэлд нь мануулж байсан бөгөөд энэ хугацаандаа барилга угсралтын ажил эхлүүлэх бүхий л зөвшөөрлийг хөөцөлдөж авсан.

Харин нэхэмжлэгч Т.Б нь хууль бусаар барилгын ажил эхэлснээс хойш 2013 оны 7 дугаар сарын 8-нд Архитектур төлөвлөлтийн даалгавар. 2013 оны 8 дугаар сарын 05-нд Барилгын эскиз зураг, 2014 оны 6 дугаар сарын 16-нд Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл , 2014 оны 6 дугаар сарын 25-нд Магадлалын ерөнхий дүгнэлт зэрэг нь батлагдсан байдаг.

Иймээс шүүхийн 2014 оны 8 сарын 20-ны өдрийн 363 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, үнэлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 29- ний өдрийн 263 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.А-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо. Олзвойн гудамжны 65-Б тоот хаягтай 595 м.кв газрыг эзэмшүүлж өмчлүүлсэн байна. 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Бэлэглэлийн гэрээгээр Г-220400**** улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Олзвойн 65-Б тоот хаягтай 595 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд Б.А-аас Д.А-т шилжүүлсэн байх бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 000026253 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Д.А-т олгосноор уг газрын хууль ёсны өмчлөгч болжээ.

БММ-ын байрны 9 айлын иргэд тус байранд оршин суугч Ч.Т-гийн нэр дээр орон сууцны газрыг эзэмшүүлэхээр тохиролцож зөвшөөрсөн байх бөгөөд 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ч.Т тус БММ-ын байрны газрыг эзэмших хүсэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандан гаргасны дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар иргэн Ч.Т-д 1958 м.кв талбай бүхий эдэлбэр газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх саналыг шинээр баталгаажуулахаар хэлэлцэж, зөвшөөрсөн байх боловч уг зөвшөөрөл нь газар эзэмшүүлэх эрх бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Б Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо БММ-ын 10 айлын орон сууцыг 2012 онд Ч.Т зэрэг нэр бүхий 10 иргэдээс худалдан авснаар уг БММ-ын 10 айлын орон сууцны өмчлөгч болжээ. Түүнчлэн өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Олзвойн гудамжны 67-Б, 67, 53-Б, 53-А, 70 тоот хаягтай газар болон БММ-ын 10 айлын орон сууцны барилгын суурийн хэмжээгээр нийт 2800 м эдэлбэр газрын эзэмших эрхтэй болох нь 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 658 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 225/2014 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон БММ-ын байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Т.Б нь Ч.Т-гийн хамт өөрсдийн эзэмшлийн газар дээр барилга барихаар зохих шатны байгууллагуудаас зөвшөөрлийг авч барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байтал уг баригдах барилгын газар дээр давхцуулан иргэн Б.А-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Олзвойн 65-Б тоот хаягтай 595 м.кв газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн гэдэг үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 263 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 370 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргажээ.

Анхан шатны шүүхээс дээрх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тодруулахаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх ёстой байжээ.

Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын маргаж буй орчны газар дээр нэхэмжлэгчийн эзэмшсэн болон гуравдагч этгээдийн өмчилсөн газар хоорондоо давхцаж байгаа эсэхийг тодруулж нягтлан үзэлгүй. тухайн нөхцөл байдлыг тодруулах ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж үнэлэлгүйгээр гуравдагч этгээдийн газар эзэмших, өмчлөх эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, маргааныг хянан шийдвэрлэхэд БММ-ын 10 айлын байрны гаднах орчны газар өмнө нь ямар хэмжээтэй байсан, уг газар нь гуравдагч этгээд Д.А-ийн эзэмшлийн газартай ямар хэмжээгээр хэрхэн давхцаж байгааг, түүнчлэн, нэхэмжлэгч Т.Б-ийн барилга барихаар эзэмшсэн газрын хаана нь гуравдагч этгээд Д.А-ийн эзэмшлийн Олзвойн 65-Б тоот газар байрлаж байгаа болон уг эзэмшил газрууд хоорондоо давхацсан эсэх, давхцаж байгаа бол ямар хэмжээгээр хэрхэн давхцаж байгааг тус тус тодруулах шаардлагатай байна.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт1-д иргэн Ч Г-ийн барьж байгаа барилгын талбайн хашаагаар тодорхойлсон 3483 м.кв газрын хэмжээгээр хэмжилт хийж, уг газар дээр гуравдагч этгээд Д.А-ийн өмчлөлийн газар ямар хэмжээгээр давхцаж байгааг тогтоосон байгаагаас бус маргаан бүхий БММ-ын 10 айлын байрны орчны газрын хэмжээг тодруулж, тус газар дээр давхцал үүссэн болохыг дүгнэсэн дүгнэлт биш байна Тиймээс уг дүгнэлтийг шүүх үнэлэх боломжгүй.

Иймд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, үнэлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 -т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар 1 Хэргийн 1 дүгээр хавтас 79-81 дүгээр хуудас сарын 20-ны өдрийн 363 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасны дагуу гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                            ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: 

 

                            ШҮҮГЧИД                          Н.ХОНИНХҮҮ

                                                                       Ц.ЦОГТ

                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН