Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0116

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0116

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Дүгнэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Ц.

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д.

Дүгнэлт: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д-ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0310529 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Ц, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ц-аас тус шүүхэд ирүүлсэн дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сүхбаатар дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Ц би, тус дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах Э билдингийн П зоогийн газрын эзэн Б.Б иргэн Б-д төлбөрийн и баримт гаргаж өгөөгүй" гэх ТХ-25/3114 дугаартай зөрчлийн талаарх гомдлыг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн 0310529 дугаартай шийтгэлийн хуудсаар торгож шийдвэрлэсэн зөрчлийн материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Эрх бүхий албан тушаалтан Д.Д нь "Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах Э билдингийн П зоогийн газрын эзэн Б.Б иргэн Б-д төлбөрийн И баримт гаргаж өгөөгүй" гэх ТХ-25/3114 дугаартай зөрчлийн талаарх гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6-д Татвар төлөгч, хуулийн этгээд Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх/ зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Гэвч дээрх зөрчил үйлдсэн этгээд тухай компанийн тогооч бөгөөд дээрх хуулийн этгээдийг төлөөлөх үүрэггүй, мөн Э билдингийн П зоогийн газар нь архи согтууруулах ундаа зарж борлуулах зөвшөөрөлтэй хуулийн этгээд, мөн гомдол гаргагч Батчулуунаас дээрх гомдлыг татварын хэлтэст гаргах болсон, дээрх зөрчлийн улмаас өөрт нь хэдэн төгрөгийн хохирол учирсан, үүнийг нөхөн төлсөн эсэх талаар тодруулан хохирогчоос мэдүүлэг аваагүй, мөн хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар зөрчил үйлдэгч нь хуулийн этгээд, иргэн болохыг бүрэн гүйцэд тодруулалгүй Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар иргэн Б.Б-д 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл Зөрчлийн тухай хуулийн 1.3 буюу Шударга ёсны зарчим, 3.1 дүгээр зүйлийн 2 буюу Зөрчил үйлдсэн хүн , хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл оногдуулна гэх заалтуудыг зөрчин хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд эрх бүхий албан тушаалтны 0310529 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дах хэсэгт заасныг үндэслэн хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д би 2020 оны 11 дүгээр сарын 10-нд иргэн Д.Б төлбөрийн баримт олгоогүй гомдолыг хүлээн авч Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороонд байрлах Э билдингийн П зоогийн газарт очсон. Тус зоогийн газрыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот түрээсийн гэрээгээр П ХХК-ны захирал Ц.П нь иргэн Б.Б, М.Э нарт тусгай зөвшөөрлийн хамт түрээслүүлэн үйл ажиллагаа явуулж байсан. Тус П зоогийн газрын үйл ажиллагааг УЧ910 регистртэй иргэн Б овогтой Б нь эрхэлж байсныг тодруулахад 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн түрээсийн гэрээ, татварын удирдлагын нэгдсэн системд 2016 оны 3 дугаар сарын 10-нд Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороонд хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн, мөн 2020 оны 11 дүгээр сард төлбөрийн ебаримтын системд 3 удаагийн үйлдлээр 5,882,000 төгрөгийн орлогод төлбөрийн баримт бичигдсэн байна. Иймд иргэн Б.Б-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсаныг шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ц-аас тус шүүхэд хандан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д-ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0310529 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Б.Б-д 150,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсныг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг гаргажээ

Шүүх прокурорын дүгнэлтийн хүрээнд, дүгнэлт гаргагч, хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Иргэн Д.Б-аас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст хандан П зоогийн газар төлбөрийн баримт олгоогүй гэх гомдлыг гаргасан дагуу тус татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна заасан журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажлыг явуулж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр холбогдогч, П зоогийн газрын түрээслэгч Б.Б-ээс мэдүүлэг авчээ.

Шалгалтын явцад холбогдогч П зоогийн газрын түрээслэгч Б.Б ...зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. ...Цаашид QR код авч төлбөрийн баримтыг тухай бүр олгож байна хэмээн мэдүүлсэнтэй холбоотойгоор эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол-д заасан үндэслэлээр тус зөрчлийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 0310529 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Б.Б-д нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 2. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч ...зөрчил үйлдэгч нь хуулийн этгээд, иргэн болохыг бүрэн гүйцэт тодруулаагүй. Архи согтууруулах ундааны зөвшөөрлийг хуульд зааснаар зөвхөн хуулийн этгээдэд олгодог байхад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар иргэн Б.Б-д 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 буюу шударга ёсны зарчим, 3.1 дүгээр зүйлийн 2 буюу Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл оногдуулна гэх заалтуудыг тус тус зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон тул хүчингүй болгох ёстой гэх үндэслэлээр дүгнэлт бичиж маргаж байна.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар, холбогдогч Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн огноо бүхий Түрээсийн гэрээ-ний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжны 209 дүгээр байранд байрлах П ХХК-ийн П зоогийн газрыг түрээслэн ажиллуулж байгаа болох нь,

П ХХК-ийн П зоогийн газар нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/269 дүгээр тушаалын дагуу олгогдсон 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн огноо бүхий Спиртын өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх 04/0721 дугаар тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай эзэмшиж байгаа болох нь,

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 25/03114 дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материалд авагдсан Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл болон Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл-ээр холбогдогч Б.Б нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6-д заасан зөрчил үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн болох нь тус тус тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан, кассын машин хэрэглэх, төлбөрийн баримт олгох үүргээ биелүүлээгүй холбогдогчийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6 Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тодорхой тогтоогдож байхад энэхүү нөхцөл байдлыг шалган тогтоож, зөрчил гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6-д заасан шийтгэл оногдуулсан татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг шүүх хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Хэдийгээр прокурорын зүгээс шүүх хуралдааны явцад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.3, 6.4-т зааснаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид олгодог тул зөрчил гаргагчид аж ахуйн нэгжийн хувиар шийтгэл оногдуулах ёстой байсан хэмээн тайлбарлан маргаж байх боловч хариуцагч улсын байцаагч хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу явуулсан хяналт шалгалтын ажлын дүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар татварын улсын байцаагч шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдлийг Поларис зоогийн газар гаргасан. Тухайн тохиолдолд П зоогийн газрыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн огноо бүхий Түрээсийн гэрээ-ний үндсэн дээр холбогдогч Б.Б, иргэн М.Э нар түрээслэн ажиллуулж байсан. Б.Б нь татварын удирдлагын нэгдсэн системд Чингэлтэй дүүргийн 3-р хороо, хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байх тул шүүх Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ц-аас гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6-д заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д-ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0310529 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдөхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА