Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00188

 

Г.Бямбабаярын нэхэмжлэлтэй

              иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01669 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1708 дугаар магадлалтай,

 

Г.Бямбабаярын нэхэмжлэлтэй,

М.Өлзийхишигт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 138.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Должинсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, өмгөөлөгч Н.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гомбо, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Бямбабаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Өлзийхишигт 3 сарын хугацаанд 6 хувийн хүүтэй 100.000 000 төгрөг зээлүүлээч би орлого оронгуут сар бүр хүүг нь төлнө гэсэн тул итгэж богино хугацаанд эргүүлээд төлөх юм байна гээд зээлүүлсэн. 2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд зээлүүлж хүүнд нь сар бүр 5.200.000 төгрөгийг авахаар аман тохиролцоо хийснээр 40.000.000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, Вива сити хотхоны Хүннү Маллоос АТМ-ээс бэлнээр авч өгсөн ба үлдсэн 60.000.000 төгрөгийг Ч.Мөнхтуяагийн Хаан банкны 452576618 данснаас М.Өлзийхишигийн данс руу тус тус шилжүүлсэн. Гэтэл М.Өлзийхишиг нь 100.000.000 төгрөгийн зээлийн хүү 5.200.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл 36 сарын хугацаанд тооцоход 187.000.000 төгрөг төлөх ёстой ба нийт 287.000.000 төгрөгийн зээл, зээлийн хүүг нэхэмжлэгч надад төлөх ёстой байна. Үүнээс тэрээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5.200.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5.250.000 төгрөг, 2016 оны 5 дугаар

 

сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 8.200.000 төгрөг буюу нийт 20.600.000 төгрөгийг 100.000.000 төгрөгийн зээлийн хүүнд төлж 266.400.000 төгрөгийг төлөхөөс 100.000.000 төгрөгийн үндсэн зээл, 33.200.000 төгрөгийн зээлийн хүүг нэхэмжилж байна. Иймд хариуцагч М.Өлзийхишигээс үндсэн зээл 100.000.000 төгрөг, зээлийн хүү 33.200.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг буюу нийт 138.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Өлзийхишиг шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Бямбабаяраас 100.000.000 төгрөг зээлж авсанд маргахгүй бөгөөд уг зээлийг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр авсан. Ингэхдээ бичгээр гэрээ хийгээгүй бөгөөд 66.700.000 орчим төгрөгийг буцааж төлсөн. Зээлийн гэрээ нь хуульд заасны дагуу бичгээр байгуулагдаагүй тул хүү шаардах эрхгүй, төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасах ёстой. Хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 8.200.000 төгрөг тул үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01669 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан М.Өлзийхишигээс 41.500 000 /дөчин нэгэн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бямбабаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96.700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 848.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 365.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1708 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01669 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Должинсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30 ний өдрийн 183/ШШ2019/01669 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18 ний өдрийн 1708 дугаар магадлалын нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 91,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино. Гэж заасны дагуу талууд зээл хүүтэй авах, буцааж хүүг үндсэн зээлийн хамт төлөх тухай харилцан тохиролцсон нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа 2018.09.28 нд гараар бичиж үндсэн зээл төлөгдөөгүй байгаа гэсэн бичгээр илэрхийлсэн байхад шүүх талуудын хооронд үүссэн зээлийн харилцаа бий болсноо баталгаажуулсан гэж тооцон зээлийн хүүг шаардах эрх үүссэн байна гэж үзэх боломжтой байсан.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж зааснаар хүлээн зөвшөөрснөөр гэрээг хүчин төгөлдөрт тооцох хариуцагч М.Өлзийхишиг нэхэмжлэгч Г.Бямбабаяр хоёр нь 2015 оны 07 дугаар сард 100,0 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн тохирсон тохиролцоо нь түүний нэхэмжлэгчид өгч байсан мөнгө нь хүүний мөнгө байсан талаар хариуцагч М.Өлзийхишиг нь өөрөө нотолдог. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг нээгдэн шалгагдаж байх хугацаанд хариуцагч болон нэхэмжлэгч нар нь хэн аль нь зээлийн гэрээний харилцаа үүссэн тал дээр маргаагүй бөгөөд хүү тооцсон тухай асуудлыг аль аль нь мэдүүлдэг энэ талаар гэрч нарын мэдүүлгүүд ч нотолдог.

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,0 сая төгрөг өмгөөллийн хөлсийг нэхэхээс татгалзаж байх тул үндсэн зээл 100,0 сая төгрөг, зээлийн хүү 33,200,000 төгрөг нийт 133,200,000 төгрөгийг хариуцагч М.Өлзийхишигээс гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар ИХШХШ тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт, өөрчлөлт 1оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Нэхэмжлэгч Г.Бямбабаяр нь хариуцагч М.Өлзийхишигээс 138.200.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа зээл 100.000.000 төгрөг, хүү 33.200.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө ...бичгээр тохироогүй тул хүү төлөхгүй, ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 41.500.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ... хүүг тохирсон нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно... гэжээ.

 

1.Хариуцагч М.Өлзийхишиг нь нэхэмжлэгчээс 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 100.000.000 төгрөгийг зээлж авснаа үгүйсгээгүй байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх талууд үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. 

 

Хариуцагч 58.500.000 төгрөг буцаан төлсөн нь тогтоогдсон, шүүх зээлийн төлбөрт 41.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т нийцжээ.

 

       2.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

 

 

Талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, шүүх ...хүү шаардах эрхгүй... гэж дүгнэж энэ талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг төлсөн үндэслэлээ нотолж чадаагүй, шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргаагүй байна.

 

4. Хэргийн 56 дугаар талд авагдсан 2018 оны 9 сарын 28-ны өдрийн Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүсэлт гаргах нь гэх баримтад ...100.000.000 төгрөг зээлсэн, авсан сараас сар бүр хүүг төлсөн, үндсэн зээл болох 100.000.000 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сард төлж барагдуулна, ...2018 оны 10 сард 10.000.000 төгрөгийг төлнө гэсэн байх боловч зээлийн хүүгийн хувь хэмжээг тохирсон гэж үзэх агуулга тусгагдаагүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11.энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно гэж заасан.

 

Зохигч талууд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргаж байгаа ба энэ тохиолдолд гэрчээр нотлох эрхээ алдах тул ...цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг нээгдэн шалгагдаж байхад ...хүү тооцсон асуудлыг ...гэрч нарын мэдүүлгээр нотолсон... гэх гомдол үндэслэлгүй байна.

 

     Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01669 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1708 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Должинсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 616.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Г.ЦАГААНЦООЖ

 

  Х.ЭРДЭНЭСУВД