Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/441

 

 

 

 

 

 

    2022         06            02                                          2022/ШЦТ/441

                                                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

шүүгдэгч С.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Лид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, С.Л /РД: ***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч С.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод хардалтын улмаас эхнэр О.Нгийн нүүр, бие хэсэгт цохиж, улмаар биед нь дух, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхи, гадна булан, хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чих, баруун, зүүн бугалга, шуу, сарвуу, бүсэлхийн нуруу, баруун, зүүн өгзөг, баруун гуя, шилбэ зүүн өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Л мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч С.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 3 дугаар сарын 18-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод хардалтын улмаас эхнэр О.Нгийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь дух, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхи, гадна булан, хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чих, баруун, зүүн бугалга, шуу, сарвуу, бүсэлхийн нуруу, баруун, зүүн өгзөг, баруун гуя, шилбэ зүүн өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө би 23 цагийн орчим харилцагч нартай уулзаад гэртээ орж ирсэн. Намайг ирсний дараа Л нь шөнийн 23 цаг 30 минутын орчим гэртээ ирсэн. Би Лийг гэртээ ирэх үед хаалга нээж өгсөн ба архи согтууруулах ундаа хэрэглэсэн талаар мэдээгүй. “Миний хайр чинь архи уухгүй гээд байсан архи уусан юм уу” гэж асуутал “чи хэнтэй гадуур хаагуур явж ирж байгаа юм” гээд хардаад янхан, гичий, банзал гэж хэлээд миний дух орчим цохисон. Тэр үед би ухаан алдаж унасан бөгөөд яг хэдэн минут болоод сэрсэн талаар мэдэхгүй байна. Намайг ухаан алдаад сэрээд хартал миний нүүр хэсэг рүү цохиж байсан. Сэрэнгүүтээ би доошоо хараад нүүрээ хамгаалаад хэвтсэн намайг зодсоор л байсан. Намайг зодож дууссан юм уу, ус уухаар цаашаа явахаар нь би гараад зугтсан. ...Л миний араас гарч хөөсөн. Би амьдардаг байрныхаа 6 билүү 7 дугаар давхарт Лоос нуугдсан. Миний нуугдсан давхраас Л хэтрээд шатаар буухаар нь буцаж гэртээ ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Лид нэг удаа цохиулаад гэрийнхээ шалан дээр ухаан алдаж унасан ба намайг ухаан алдаж унаад сэрсний дараа Л нь баруун, зүүн  гараараа ээлжлэн цохиж байсан мөн хөлөөрөө дэвссэн. Яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна ойролцоогоор 30-аас 40 удаа цохисон гэж бодож байна. Намайг Л зодож цохиж байхад хэн нэгэн хажууд байгаагүй. Манай хүүхэд /10 настай/ Мөнхсүлд хүүхдийн өрөөнд унтаж байсан ба хүүхдээ сэрээчихгүй гээд орилж чарлаагүй. ...Цаашид эмэгтэйчүүдийн эмнэлэг болон бариа заслын эмнэлэг, зүүн талын чихээ үзүүлмээр байна. Хэрэг гарах үед охин Л.М нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах СУИС-ийн 72-116 тоотод буюу нөхөр С.Лийн аав, ээжийн гэрт байсан. 2018 оны 10 дугаар сарын орчим С.Л орцон дотор намайг зодож, цохиж байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Эмнэлэгт үзүүлээд эмчилгээ авсан төлбөр мөнгийг гаргуулан авна, өөр гомдол санал байхгүй болно...” гэх мэдүүлэг /хэргийн 30-33, 36-37 дугаар хуудас/,

Хохирогч О.Нгээс гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 41-42 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 4498 дугаар дүгнэлтэд:

1. О.Нгийн биед дух, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхи, гадна булан, хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чих, баруун, зүүн бугалга, шуу, сарвуу, бүсэлхийн нуруу, баруун, зүүн өгзөг, баруун гуя, шилбэ зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хэргийн 53 дугаар хуудас/,

            Шүүгдэгч С.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд эхнэрийнхээ биед гар хүрсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /хэргийн 66-68 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 71 дүгээр хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 72-73 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хэргийн 75 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 77 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 79 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 80 дугаар хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 39-40 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч С.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 3 дугаар сарын 18-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, *** тоотод хардалтын улмаас эхнэр О.Нгийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь дух, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхи, гадна булан, хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чих, баруун, зүүн бугалга, шуу, сарвуу, бүсэлхийн нуруу, баруун, зүүн өгзөг, баруун гуя, шилбэ зүүн өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Харин энэ гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Гэр бүлийн хүчирхийлэл” гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, “Тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус тус ойлгоно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Л, хохирогч О.Н нар нь эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдгээрийн мэдүүлгүүд болон шүүгдэгч, хохирогч нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Л нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

          Шүүгдэгч С.Л нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Тиймээс шүүгдэгч С.Лийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

           Харин хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч С.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

  Шүүгдэгч С.Лийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

  Шүүхээс шүүгдэгч С.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч С.Лид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО