Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр                           Дугаар 2021/ШЦТ/136                                        Ханбогд сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Э ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Э ,

Хохирогч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлж хууль ёсны төлөөлөгч: Т.М , 

Иргэний хариуцагч: Б.Ц ,

Иргэний хариуцагч Б.Ц  өмгөөлөгч: Э.Н ,

Иргэний хариуцагч: С.Э ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.О , 

Шүүгдэгч: Ж.Г  нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г  холбогдох эрүүгийн 2129000000106 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Г нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар 2019-2021 оны хооронд ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

Тус цэцэрлэгт ажилладаггүй иргэн Ц.А 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн тус цэцэрлэгийн эрхлэгчийн Б/03 дугаартай тушаалаар мужаанаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, нийт 8 сарын цалин буюу 3,794,913 төгрөгийн хохирол учруулсан,

Тус цэцэрлэгт ажилладаггүй иргэн Б.Т 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тус цэцэрлэгийн эрхлэгчийн Б/08 дугаартай тушаалаар туслах багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, нийт 3 сарын цалин буюу 1,919,956 төгрөгийн хохирол учруулсан,

Тус цэцэрлэгт ажилладаггүй иргэн Ч.А  2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тус цэцэрлэгийн эрхлэгчийн Б/04 дугаартай тушаалаар цэцэрлэгийн туслах багшийн үүрэгт ажилд түр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, оронд нь Б.Ц ажиллуулж, 2020 оны 09 дүгээр сарын 02 өдрийн Б/23 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, нийт 6 сарын цалин буюу 4.189.240 төгрөгийн хохирол учруулсан,

Тус цэцэрлэгт ажилладаггүй иргэн С.Э  2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тус цэцэрлэгийн эрхлэгч Б/30 дугаартай тушаалаар үйлчлэгчээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, нийт 18 сарын цалин буюу 10,606,469 төгрөгийн хохирол учруулсан,

Тус цэцэрлэгт мужаанаар ажиллаж байсан Х.А  нь 2019 оны 10 дугаар сард ажлаас гарсан байтал 2019 оны 11, 12, дугаар сарын цалинг олгож, тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, нийт 2 сарын цалин буюу 1,313,506 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 21.824.084 төгрөгийн хохирлыг учруулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г  холбогдох эрүүгийн 2129000000106 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г  мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж хэлэх зүйлгүй. Б.Ц  нь Ц.А  нэрээр ажиллаж, цалингаа авсан учир 3.735.309 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цэцэрлэгт 8.347.000 төгрөгөөр тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээний хэрэгсэл, аж ахуйн эд зүйл авсан, үүнийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн “Өмч хамгаалах зөвлөл”-ийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар өмчдөө бүртгэж авсан, хохиролд бэлэн мөнгөөр 6.206.000 төгрөг тус тус төлсөн учир төрд төлөх хохиролгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлж хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөнтуул гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өмнөговь аймаг бусад аймгийг бодвол онцлогтой. Ж.Г  эрхлэгч аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ба тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг авснаас хойш аймгийн Засаг даргын тамгын газартай харьцаж ажиллахдаа цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулахад ийм зүйл шаардлагатай байна, цэцэрлэгийн хүүхдүүдийг хөгжүүлэхэд ийм зүйл шаардлагатай байна, энэ хөрөнгө мөнгийг шийдэж өгөөч гэж хандаж байсан нь бол цөөхөн. Харин жил болгон би өөрийнхөө цалингийн шатлалыг ахиулъя гэж хувь хүнийхээ талаас ийм зүйлийг хүсэж байсан болохоос биш, яг энэ цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой зүйлд дэмжлэг хүсэж байсан зүйл ховор. Хэрвээ үнэхээр цэцэрлэг хөрөнгө мөнгөгүй, энэ цэцэрлэгийн үйл ажиллагааг хангахад ийм хөрөнгө мөнгө хэрэгтэй байна гээд хүссэн бол аймгийн Засаг даргын тамгын газар аймаг, орон нутгийн төсвөөсөө шийдэж өгөх боломжтой. Ер нь бол тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, аль шаардлагатай цэцэрлэг болгоныг хөгжүүлэх мөнгийг хангалттай шийдэж өгч байгаа. Сая ярьж байгаа зүйлүүдийг сонслоо. Ер нь бол бүгд хууль зөрчсөн болохгүй асуудлууд байна. Шүүгдэгч нь 8.347.000 төгрөгөөр тус цэцэрлэгтээ тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээний хэрэгсэл, аж ахуйн зүйл авсан, түүнийг хөрөнгөндөө бүртгэсэн гэж байгаа боловч төрийн мөнгийг авчихаад буцаагаад үүнийгээ хандив тусламж гээд хөрөнгөндөө бүртгэж байна гэдэг бол болохгүй асуудал, зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө учир түүнийг төсөвд нь буцаан оруулах нь зүйтэй. Миний хувьд үнэхээр энэ хүн хууль дүрэм зөрчөөд төрд хохирол учруулсан учраас хохирол 21.824.084 төгрөгийг 100 хувь төлүүлэх, улсын төсвийг хохиролгүй болгуулах хүсэлттэй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Ц  гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрөөд өөрөө сүүгүй болоод хүүхдээ тэжээвэрт оруулсан. Хүүхдээ 2 сартай байхад нь ажилд орох өргөдлөө эрхлэгчид өгөхөд эрхлэгч Ж.Г  нь “оронд чинь ажиллаж байгаа хүн чинь жирэмсэн байгаа. Чи өөр хүний нэр дээр ажиллавал ажил, эсвэл 2021 оны 08 дугаар сард ажилдаа ор” гэсэн. Тэгээд би 2020 оны 03 дугаар сард ажилдаа орж Ц.А  нэр дээр цалинжаад архив бичиг хэргийн ажлыг хийж байгаад 2020 оны намар өөрийн нэрээр бүлгийн багшийн ажилдаа буцаж орсон. Би Ц.Алтанчимэгээс сар бүр цалингаа авч байсан ба нийт 3.735.309 төгрөгийг авсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч С.Э гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Би 2019 оны 11 сараас 2020 оны 08 сар хүртэл 6 дугаар цэцэрлэгээс цалин аваад авсан цалингаа буцааж өгдөг байсан. Тэгээд 11 сараас дахин цалин орохоор болсон шүү гэсэн. Тэгээд хамгийн сүүлийн цалин 2021 оны 06 сард цалин авсан байх. Авсан цалингаа буцаагаад бэлнээр юм уу дансаар өгдөг байсан. Нийгмийн даатгалын шимтгэл 1,000,000 гаруй төлбөр над дээр гарсан байгаа. Үүнийг би төлөхгүй гэсэн байр суурьтай байна. Би ч гэсэн ер нь бол хохирогч. Анхнаасаа буруу юм хийсэн. Гэхдээ л би өөрийгөө хохирогч гэж үзэж байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 1 дэх тал/

 

-Шүүгдэгч Ж.Гэрэлмаагийн танилцуулга /1 дэх хавтас хэргийн 4-5 дахь тал/,

 

-Дансны хуулга /1 дэх хавтас хэргийн 6-19 дэх тал/,

 

-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн ажилчдын 2019, 2020, 2021 оны 01-05 дугаар сарын ажилчдын цагийн бүртгэл /1 дэх хавтас хэргийн 20-34 дахь тал/,

 

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн ажилчдын 2020 оны 1 дүгээр улирлын нийгмийн даатгалын төлөлт /1 дэх хавтас хэргийн 35-38 дахь тал/,

-Эд зүйл баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 39 дэх тал/,

 

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн ажилчдын 2019, 2020, 2021 оны 01-07 дугаар сарын цалингийн хүснэгт /1 дэх хавтас хэргийн 40-70 дахь тал/,

 

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/08 дугаартай “Б.Туул-Эрдэнэтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” болон 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай “Б.Т  ажлаас чөлөөлөх тухай” тушаал /1 дэх хавтас хэргийн 72-73 дахь тал/,

 

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаартай “Х.А  хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал болон 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/14 дугаартай “Х.А үүрэгт ажлаас чөлөөлж, өөр ажилд томилох тухай” тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай “Х.А  хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал /1 дэх хавтас хэргийн 74-75 дахь тал/,

 

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаартай “Ц.А  хөдөлмөрийн гэрээг байгуулах тухай” тушаал болон 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/25 дугаартай “Ц.А  байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал /1 дэх хавтас хэргийн 79, 82 дахь тал/,

 

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дугаартай “Ц.А  хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал болон 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/23 дугаартай “Ц.А хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал /1 дэх хавтас хэргийн 83, 85 дахь тал/,

 

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаартай “С.Э  хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал болон 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/24 дугаартай “С.Э  хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал  /1 дэх хавтас хэргийн 86 дахь тал/,

 

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн няравын тооллогын бүртгэл /1 дэх хавтас хэргийн 89-116 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М  өгсөн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 123 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Ц.Аюуш, Б.Туул-Эрдэнэ, Ц.Алтанчимэг, С.Эрдэнэтуяа, Х.Алтанхуяг нарын өгсөн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 126-142 дахь тал/,

 

-Иргэний хариуцагч Ц.А , Б.Т , Х.А  нарын хохирол төлсөн баримт /1 дэх хавтас хэргийн 127, 131, 143 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.А , Х.А , С.Э , Ц.А  Ц.А  Ц.Н ь, Б.Т , Ц.О , Б.Ц , Д.Н  нарын өгсөн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 145, 147-148, 150-152, 155, 156-157, 162-163, 165, 167, 169-170, 171-173 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ж.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 199, 202 дахь тал/,

 

-Шүүгдэгчийн эд зүйл авсан гэх худалдан авалтын баримтууд /1 дэх хавтас хэргийн 204-218 дахь тал/,

 

- Эд зүйл баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 219-221 дэх тал/,

 

-Иргэний хариуцагч Ц.А , Ц.А  Б.Т , Х.А  С.Э  Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтас хэргийн 222-250, 2 дахь хавтас хэргийн 1-173 дахь тал/,

 

-Шүүгдэгч Ж.Г  иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлттэй эсэх лавлагаа, ажилд авсан тушаал, оршин суугаа газрын тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 176-187, 229-240 дахь тал/,

 

-Шүүгдэгч Ж.Г депозит дансны хуулга /2 дахь хавтас хэргийн 189-210 дахь тал/,

 

-Шүүгдэгч Ж.Г хохирол төлсөн баримт /2 дахь хавтас хэргийн хх-226, 3 дахь хавтас хэргийн 215 дахь тал/,

 

-Шүүгдэгч Ж.Г  гаргаж өгсөн мөнгөн зарцуулалтын тайлан ба холбогдох материалууд /3 дахь хавтас хэргийн 16-168 дахь тал/,

 

-Иргэний хариуцагч Б.Ц  гаргаж өгсөн баримтууд /3 дахь хавтас хэргийн 184-198, 204-206 дахь тал/,

 

-Иргэний хариуцагч Х.А  нас барсны гэрчилгээний хуулбар /3 дахь хавтас хэргийн.........тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Ж.Г  нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Зургаадугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай “Ж.Г  ажиллуулах тухай” тушаал, ажил байдлын тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр тус тус тогтоогдож байна. /2 дахь хавтас хэргийн хх-178, 180-182, 186-188 дахь тал/

 

Шүүгдэгч Ж.Г хашиж байсан албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч”-д хамаарагдах ба тэрээр нийтийн албан тушаалтан байна.

 

Шүүгдэгч Ж.Г нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар 2019-2021 оны хооронд ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

Тус цэцэрлэгт ажилладаггүй иргэн Ц.А  2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн тус цэцэрлэгийн эрхлэгчийн Б/03 дугаартай тушаалаар мужаанаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, нийт 8 сарын цалин буюу 3,794,913 төгрөгийн хохирол учруулсан,

Тус цэцэрлэгт ажилладаггүй иргэн Б.Т  2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тус цэцэрлэгийн эрхлэгчийн Б/08 дугаартай тушаалаар туслах багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, нийт 3 сарын цалин буюу 1,919,956 төгрөгийн хохирол учруулсан,

Тус цэцэрлэгт ажилладаггүй иргэн Ч.А 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тус цэцэрлэгийн эрхлэгчийн Б/04 дугаартай тушаалаар цэцэрлэгийн туслах багшийн үүрэгт ажилд түр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, оронд нь Б.Ц  ажиллуулж, 2020 оны 09 дүгээр сарын 02 өдрийн Б/23 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, нийт 6 сарын цалин буюу 4.189.240 төгрөгийн хохирол учруулсан,

Тус цэцэрлэгт ажилладаггүй иргэн С.Э 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тус цэцэрлэгийн эрхлэгч Б/30 дугаартай тушаалаар үйлчлэгчээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, нийт 18 сарын цалин буюу 10,606,469 төгрөгийн хохирол учруулсан,

Тус цэцэрлэгт мужаанаар ажиллаж байсан Х.А  нь 2019 оны 10 дугаар сард ажлаас гарсан байтал 2019 оны 11, 12, дугаар сарын цалинг олгож, тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, нийт 2 сарын цалин буюу 1,313,506 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 21.824.084 төгрөгийн хохирлыг учруулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөнтуулын өгсөн “...Ж.Г  нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/01 дугаартай захирамжаар Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож байсан. Цалингийн хүснэгтийн бодогдсон цалин болон нэмэгдлүүдийн бүгд дүнгээр нийт хохирлыг бодсон учраас хохиролтой санал нийлж байна. Хууль бус шийдвэр гаргаж улсын төсөвт хохирол учруулсан байх тул буруутай этгээдээс төрд буцаан олгуулах нь зүйтэй байна" гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 123 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Ц.А  өгсөн "...цалин болгон дээрээс 50.000 төгрөг авч бай гэж хэлсэн байсан би 50.000 төгрөгийг нь аваад үлдсэн мөнгийг нь АТМ-ээс бэлнээр аваад эхнэр Намуунбайгальд өгчихдөг байсан. Би нийт 8 удаа цалин авсан ба нийт 400.000 төгрөг л авсан байна. Би боломжоороо 380.160 төгрөгийг төлнө" гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 126 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Б.Т  өгсөн "...би нийт 3 удаа цалин авсан ба нийт 150.000 төгрөг л авсан байна. Би 220.794 төгрөгийг одоо төрийн сангийн дансанд төлнө" гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 130 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Ц.А өгсөн “ миний дансаар 6 сарын нийт 5 удаагийн цалин орсон байдаг. Би 453931 төгрөгийг төлж чадахгүй, учир нь Б.Ц  нь ажилдаа орох гэхэд жирэмсний амралттай байгаа болохоор би ажлаа хийе, таньд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөнө. Цалин ормогц над руу явуулж байгаарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 134 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч С.Э  өгсөн "...нийгмийн даатгалын шимтгэл гэж 1.154.570 төгрөгийг төлсөн байна. Би тодорхой хугацаа хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ойрын хугацаандаа учирсан хохирлыг нөхөн төлөх болно" гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 137-138 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Х.А  өгсөн “...цэцэрлэгт ажиллаагүй байхад 151.053 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байна" гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 141-142 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.А  /Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багш ажилтай/-ын өгсөн “...6-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.Гэрэлмаа нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Ж.Г нь миний мэдэхээр Х.А , Ц.Аюуш, С.Э , Б.Т , Ц , Ц.  гэх хүмүүсийн нэр дээрээс цалин авдаг болсон юм, дээрх хүмүүс нь огт цэцэрлэгт ажилладаггүй. Цалин бодох үед дээрх хүмүүс бүгд цалин авдаг Ц.А  нь миний төрсөн дүү бөгөөд эрхлэгч Ж.Г нь “Байгууллагын төсвийн мөнгө илүү, дутуу зүйлд хүрэхгүй байна, тэгэхлээр нийгмийн даатгалыг нь төлөөд, орсон цалинг нь эргүүлж авах хүн хэрэгтэй байна" гэх байдлаар надаас гуйж байсан, ингээд би дүү Ц.А нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг болохоор нэрийг нь оруулж байсан юм Ц.А дансанд мөнгө орсон тохиолдолд мөнгийг бэлнээр нь аваад Ж.Г  өгдөг байсан. Ц.А нь 2019 онд бүтэн жил цалин авч байсан. X.А , Ц.А  С.Э , Ц , Б. Эрдэнэ нар нь цэцэрлэгт огт ажилладаггүй. X.А  нь 2019 онд бичиг хэргээр ажиллаж байгаад ажлаасаа гарсан, дараа нь Х.А  нь “Э ” ХХК-д багажны нярав ажилтай хүн байдаг, гэтэл мөн цэцэрлэгт ажиллаж байгаа мэт цалин нь ордог талаар мэдсэн. Мөн С.Э  нь манай хамаатан бөгөөд Ж.Г  эрхлэгч мөн л хүн олоод өг гэхээр нь олж өгч, ажилд оруулж байсан. Төсвийн мөнгө хүрэлцэхгүй гэх нэрийдлээр хүмүүсийг ажилд оруулаад цалинг нь эргүүлж авдаг, тэгээд тус мөнгөө хэрхэн зарцуулсан байдлаар тайлангаа огт тавьдаггүй" гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 145 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.А /“Энержи ресурс” ХХК-ний нүүрс баяжуулах үйлдвэрт нярав ажилтай/-ийн өгсөн “...2019 оны 04 дүгээр сард Цогтцэций сумын 6-р цэцэрлэгт хөдөлгөөн, эрүүл мэндийн багшийн албан тушаал дээр ажилд орж байсан, гэхдээ багшийн ажлаа хийхгүй, архив, нарийн бичгийн ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тухайн үед архивын ажил буюу бичиг цаасны ажлыг нь эмхэлж цэгцэлсэн бөгөөд тэр үед улсаас шалгалт ирээд миний ажлын үзэж шалгаад, сайн дүгнэлт авч сумын Засаг даргаар О.Бадарч нь ажлыг минь урамшуулж 5 ханатай монгол гэрээр шагнуулж байсан. Ингээд шалгалт шүүлэг дууссаны дараа миний ажлын албан тушаалыг мужаан болгосон ба миний авдаг цалин буурч 400.000 орчим төгрөг болчихоор нь би “Энержи ресурс" ХХК руу ажилд орохоор анкетаа өгсөн. 2019 оны 10 дугаар сард “Энержи ресурс” ХХК-д ажилд томилогдсон, 6-р цэцэрлэгээс халагдах өргөдлөө өгөөд гарсан, халагдлаа гэсэн тушаал тухайн үедээ бичигдээгүй. Ингээд 12 дугаар сард нь миний халагдах тушаал гарсан шиг санаж байна, 11,12 дугаар сард надад 6-р цэцэрлэгийн мужааны албан тушаалын цалин орсон бөгөөд тэр үед эрхлэгч Ж.Г нь над руу утсаар яриад "дансанд чинь цалин орсон байгаа, над руу шилжүүлээрэй" гэж хэлж байсан, би тухайн үед нь шилжүүлсэн, нэг удаа бэлнээр мөнгийг нь авч өгч байсан" гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 147-148 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Э  /Хувиараа хөдөлмөр эрхлэгч, гэрээрээ хүргэлтийн хоол хийдэг ажилтай/-ийн өгсөн “...Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р цэцэрлэгт би албан ёсоор ажиллаж байгаагүй, манай нөхөр С  нь Цогтцэций сумын уугуул хүн байдаг юм нөхөртэйгөө 2011 онд гэр бүл болсноос одоог хүртэл амьдарч байна. Нөхөр Соронзонболдын нагац эгч Н.А  нь надад хандан “манай байгууллага дээр нийгмийн даатгалаа төлүүлэх үү? Тэгээд цалин авах бөгөөд чи цалингаа гаргаж өгнө" гэж хэлсэн. Тус цэцэрлэгт намайг үйлчлэгчийн орон тоон дээр цалинжуулж эхэлсэн, сарын 20-д гаргаад цалин буухлаар нь би нагац эгч Н.А  данс руу шилжүүлдэг байсан. Цэцэрлэгт 2019 оны 11 дүгээр сараас эхлэн нийгмийн даатгалаа төлүүлж байгаад 2020 оны 08 дугаар сард больсон, дараа нь 2020 оны 11 сараас хойш 6-р цэцэрлэгийн туслах багшийн орон тоон дээр орж цалинжуулсан ба 2021 оны 06 дугаар сар хүртэл цалин надад олгогдсон. Тэгэхдээ би нагац эгч Н.А  руу мөнгийг нь буцааж хийхээ болиод цэцэрлэгчийн эрхлэгч Гэрлээд бэлнээр мөнгийг гаргаж өгдөг болсон. Цалин орох болгонд надад урамшуулал гэж 100,000-150,000 төгрөгийг олгодог байсан. Миний хувьд хууль бус зүйл хийж байгаа гэдгээ мэдэж байсан, надад тодорхой эрхэлсэн ажил байхгүй, нийгмийн даатгал төлөөд явах нь ашигтай байсан болохоор тус саналыг зөвшөөрөөд хийж байсан. Тэрнээс бол надад 6-р цэцэрлэгт үйлчлэгч, туслах багшаар ажилласан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 150-152 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.А  /“Мөнгөн сор” барааны дэлгүүр ажиллуулдаг гэх/-ийн өгсөн "...Миний бие Цогтцэций сумын 6-р цэцэрлэгт ажиллаж байгаагүй. Харин тус цэцэрлэгийн багш Н.А  /төрсөн эгч/ нь “Ц  нь цалингаа авч чадахгүй байгаа учир чиний нэр дээр цалинг нь оруулья, чамд харин эрүүл мэндийн, нийгмийн даатгалыг чинь төлж өгнө цалин буунгуут Цэцэгбаяр руу мөнгийг нь шилжүүлж байгаарай" гэж хэлсэн. Ингэж хэлснээс хойш 2020 оны өвөл байна уу? Намар цалин орж эхэлж байсан. Тэрнээс бол надад мөнгө төгрөг өгдөг зүйл байгаагүй. Цэ  нь жирэмсний амралтын хугацаа дуусаагүй байхдаа ажилдаа орчихсон болохоор цалингаа авч чадахгүй байна гэж надад ойлгуулж хэлж байсан. Цэ  Хаан банкны данс өгч байсан. тус данс руу цалинг ормогц мөнгийг нь хийдэг байсан." гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 155 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.А  /эрхэлсэн тодорхой ажилгүй/-ийн өгсөн “...Би 6-р цэцэрлэгт огт ажиллаж байгаагүй. Эхнэр Н тогоочоор ажиллаж байсан. 2020 оны 02 дугаар сараас 07 дугаар сар хүртэл 6-р цэцэрлэгийн манаачийн цалингаар цалинжсан. Тухайн үед эхнэр На  нийгмийн даатгалын дэвтрээ өг гээд аваад явсан. Намайг ажилд оруулсан эсэхийг огт мэдээгүй байсан. Тэгтэл гэнэтхэн 6-р цэцэрлэгээс цалин орж ирэхлээр нь эхнэр На  асууж тодруулахад “чамайг манаачаар ажилд авсан нийгмийн даатгал чинь төлөгдөж явна, харин цалин ормогц бэлэн мөнгөөр нь аваад надад өгөөрэй" гэж хэлсэн. Би цалин ормогц л бэлэн мөнгөөр нь гаргаад эхнэртээ өгдөг байсан. Эхнэр мөнгө аваад хэнд өгдөг талаар би мэдэхгүй байна. Цалин оронгуут намайг 50.000 төгрөгийг нь авч байгаарай гэж байсан, тэрнээс өөр мөнгө бол авч байгаагүй. 6-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.Г  нь над руу утсаар залгаад "Таниас цагдаагаас асуувал ажилд ороод ажиллаж байгаад ажлаас гарсан гэж хэлээрэй” гэж гуйгаад байсан" гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 157 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Н /Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн ахлах тогооч ажилтай/-ийн “...Манай нөхөр Ц.А нь 2020 оны 01 дүгээр сард тус цэцэрлэгт манаачаар ажилд орж байсан, Тэгээд 08 дугаар сарын 31-ний өдрөөс тус ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Гэхдээ тус манаачаар бол огт ажиллаагүй. 2020 оны 01 дүгээр сарын эхээр нярав О , эрхлэгч Ж.Гэ  нар нь намайг өрөөндөө дуудаад уулзсан юм, тэгэхдээ “танай нөхөр ажилтай байгаа юу? гэхэд нь ажилгүй байгаа” гэдгийг хэлсэн. Эрхлэгч Ж.Гэ  нь "Ажилгүй байгаа бол цэцэрлэгийн манаачийн орон тоон дээр аваад нийгмийн даатгалыг нь төлүүлээд, цалинг нь гаргуулаад авч байя” гэдэг саналыг тавьсан, би ч мэдэхгүй болохоор нь "болох юм уу" гэж асуухад болно, болно гэхээр нь нөхрийгөө ажилд оруулчихсан юм. Цалин орох үед картнаас мөнгийг нь бэлнээр аваад эрхлэгч Ж.Г , эсхүл нярав Ц.О нарт өгчихдөг байсан, Ц.А д 50.000 төгрөг үлдээдэг. Сүүлд О , Цэ хоёр руу мөнгө дансаар нь шилжүүлж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 162-163 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Т /Цогтцэций сумын Махны захад худалдагч ажилтай/-ийн өгсөн “...Би тус цэцэрлэгийн үйлчлэгчээр ажиллаж байсан. Дараа нь цэцэрлэгчийн эрхлэгч Ж.Г  нь 2019 оны 04 дүгээр сард над руу залгаад "цэцэрлэгт санхүүгийн төсөв хэрэгтэй байгаа юмаа, чамайг ажилд оруулаад, нийгмийн даатгалыг чинь төлж өгье, орсон цалинг нь аваад над руу өгч байгаачээ, орсон цалингаас 50,000 төгрөгийг нь авч байгаарай" гэдэг саналыг тавихаар нь би зөвшөөрсөн. Цалин оронгуут нь би 2 удаа дансаар шилжүүлсэн, 2 удаа бэлнээр мөнгийг нь аваачиж эрхлэгч Ж.Г , нярав Ц.О  нарт өгч байсан. Дансны хуулган дээрээс хэний данс болон хэдэн төгрөг аваад өгсөн талаар дэлгэрэнгүй харагдана" гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 165 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.О  /Цогтцэций сум 6-р цэцэрлэгт нярав ажилтай/-ийн өгсөн “...А  би дансаар 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 250,000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 06-ны өдөр 350.000 төгрөг буюу 2 удаа мөнгө авч бэлнээр эрхлэгч Ж.Г  өгч байсан. Би өөр хүнээс бол аваад эрхлэгчид өгч байгаагүй", ...Цэцэрлэгт ажилладаггүй хүмүүсийг ажилтнаар авч, төсвийн хөрөнгөөр цалинжуулдаг, тус цалин гэх мөнгөө хураан авч фонд үүсгэдэг. Тухайн хүмүүст нийгмийн даатгалыг нь төлж өгдөг. Тус фонд үүсгэсэн мөнгөөрөө цэцэрлэгт хэрэгтэй зүйлүүдийг аваад шууд тараагаад өгчихдөг, нярав миний зүгээс орлогодож, бүртгэж авсан зүйл огт байхгүй." гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 167 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ц  /Цогтцэций сум 6-р цэцэрлэгт багш ажилтай/-ын өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрж хүүтэй болсон, тус оны 09 дүгээр сарын 10-дын үеэр жирэмсний амралтаа авсан. 2020 оны 02 дугаар сард ажилдаа орох хүсэлт өгсөн боловч боломжгүй гэж байсан. Би ажилдаа орох талаар өргөдөл өгсөн боловч эрхлэгч Ж.Г нь дөнгөж төрчихөөд ажилдаа орох боломжгүй гэдэг байдлаар хэлсэн. Эрхлэгч Ж.Г  нь хэлэхдээ “орондоо өөр хүн авчраад ажилд орж болно, гэхдээ бүлгийн багш биш, туслах багшаар орох боломжтой" гэдэг талаар хэлэхэд нь би зөвшөөрөөд дуу, хөгжмийн багш Н.А дүү гээд Ц.А  гэх эмэгтэйг туслах багшаар ажилд оруулж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн би Ц.А  өмнөөс нь бичиг хэрэг, бүлгийн багшийн ажлыг хийж гүйцэтгэж байсан. Ц.А гэх эмэгтэйгээс цалингаа тогтмол өөрийнхөө данс руу шилжүүлж авч байсан. 09 дүгээр сараас нь эхлээд жинхлээд би өөрийнхөө нэрээр ажлаасаа цалингаа авч эхэлсэн. ...Би ажилдаа хүний нөөцийг хариуцаж ажилладаг, тэгэхэд бол Ц.А, X А, Б.Т С.Э нар ажилладаггүй хэрнээ байгууллагаас байнга цалин авч байдаг байсан. Тогооч эгч На  нөхөр нь Ц.А гэж хүн байдаг, Байгаль эгч хэлэхдээ бол “Ц А  нийгмийн даатгалыг төлөөд, орсон цалингаас нь 50,000 төгрөгийг өгөөд үлдсэн цалинг нь эрхлэгч Ж.Г авчирч өгдөг" гэж хэлж ажилчдад ярьж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 169-170 тал/, 

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Н  /Цогтцэцийн сумын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогч ажилтай/-ийн өгсөн “...2019 оны 03 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарын хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчоор ажилласан. 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус сумын 6 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлыг давхар гүйцэтгэдэг байсан. ...Миний бие нарыг 06 дугаар цэцэрлэгт ямар ажил албан тушаалд ажилладаг байсныг санахгүй байна. Дээрх хүмүүс нь цэцэрлэгийн эрхлэгч Ж.Гэрэлмаагийн тушаалаар ажилд томилогдон, цалин авдаг байсан нь үнэн. Миний бие Ц.Алтанчимэг, Ц.Аюуш, С.Эрдэнэтуяа, Б.Туул-Эрдэнэ нартай биечлэн уулзаж байгаагүй. Би ажилд томилогдсон тушаал цагийн тооцоог үндэслэн дээрх нэр бүхий хүмүүсийн цалинг бодож олгодог байсан. Ц.Алтанчимэг, Ц.Аюуш, С.Эрдэнэтуяа, Б.Туул-Эрдэнэ нарыг хэдэн төгрөгийн цалин авч байсныг нарийвчлан санахгүй байна. Ойролцоогоор 400.000-500,000 төгрөгийн хооронд цалин авдаг байсан Цалингийн хүснэгтээс тодорхой харагдах байх. ...Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалын дагуу цагийн тооцоог үндэслэн миний бие дээрх хүмүүсийн цалинг олгодог байсан. Би тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг байсан болохоор цэцэрлэгийн ажилчидтай биечлэн уулзах, цагийн тооцоонд хяналт тавих боломжгүй байдаг байсан." гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 171-173 тал/,

 

5. Иргэний хариуцагч Х.А тухайд.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Х.Алтанхуягийг иргэний хариуцагчаар тогтоосон байна. /1 дэх хавтас хэргийн 139 дэх тал/

 

Тэрээр гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд байна.

 

Шүүгдэгч Ж.Гнь Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа иргэний хариуцагч Х.А 2019 оны 10 дугаар сард ажлаас гарсан байхад 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б/02 дугаартай тушаал гаргаж, түүнд 2019 оны 11, 12 дугаарт сард нийт 1.313.506 төгрөгийн цалин олгож, 151.053 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна. /1 дэх хавтас хэргийн 39-70, 77 дахь тал/

 

Иргэний хариуцагч Х.А нь Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 6 дугаар цэцэрлэгээс шилжиж орж ирсэн 2 удаагийн цалингаас 100.000 төгрөгийг хувьдаа авсан, 151.053 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд түүний өгсөн “...2019 оны 10 дугаар сард “Энержи ресурс” ХХК-д ажилд томилогдсон, 6-р цэцэрлэгээс халагдах өргөдлөө өгөөд гарсан, халагдсан гэсэн тушаал тухайн үедээ бичигдээгүй. Ингээд 12 дугаар сард нь миний халагдах тушаал гарсан шиг санаж байна. 11, 12 дугаар сард надад 6-р цэцэрлэгийн мужааны албан тушаалын цалин орсон бөгөөд тэр үед эрхлэгч Ж.Гэрэлмаа нь над руу утсаар яриад “дансанд чинь цалин орсон байгаа, над руу шилжүүлээрэй” гэж хэлж байсан, би тухайн үед нь шилжүүлсэн, нэг удаа бэлнээр мөнгийг нь авч өгч байсан. Гэхдээ би цалин дээрээс нь нэг удаа 100.000 төгрөгийг авч үлдэж байсан...нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн 151.053 төгрөгийг боломжоороо төлнө...” гэх   мэдүүлгээр тогтоогдож байна. /1 дэх хавтас хэргийн 141-142 дахь тал/

 

Тэрээр хохиролд нийгмийн даатгалын шимтгэл болох 151.053 төгрөгийг хохирлын нөхөн төлбөрийн Төрийн сангийн дансанд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1 дэх хавтас хэргийн 143 дахь тал/-аар нотлогдож байна.

 

Иргэний хариуцагч Х.А нь Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 6 дугаар цэцэрлэгээс шилжиж орж ирсэн 2 удаагийн цалингаас 100.000 төгрөгийг хувьдаа авсан, төлөгдөөгүй байх боловч иргэн Х.А  нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан болох нь хавтас хэрэгт авагдсан нас барсаны гэрчилгээний хуулбараар тогтоогдсон тул түүний учруулсан гэм хорын хохирол болох 100.000 төгрөгийн хохирлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Иргэний хариуцагч Б.Цэцэгбаярын тухайд.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн прокурорын тогтоолоор иргэн Б.Ц иргэний хариуцагчаар тогтоосон байна. /1 дэх хавтас хэргийн 223-224 дахь тал/

 

Тэрээр гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Ц  “...Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрөөд хүүхдээ 2 сартай байхад нь ажилд орох өргөдлөө өгөхөд эрхлэгч Ж.Гэрэлмаа нь “оронд чинь ажиллаж байгаа хүн чинь жирэмсэн байгаа. Чи өөр хүний нэр дээр ажиллавал ажил, эсвэл 2021 оны 08 дугаар сард ажилдаа ор” гэсэн. Тэгээд би 2020 оны 03 дугаар сард ажилдаа орж Ц.А нэр дээр цалинжаад архив бичиг хэргийн ажлыг хийж байгаад 2020 оны намар өөрийн нэрээр ажилдаа буцаж орсон....би Ц.Алтанчимэгээс сар бүр цалингаа авч байсан ба нийт 3.735.309 төгрөгийг авсан...” гэж мэдүүлсэн ба тэрээр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 6 дугаар цэцэрлэгт архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан болох нь тус цэцэрлэгийн арга зүйч Н.Уламбаярын гаргасан тайлбар, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 6 дугаар цэцэрлэгийн хариуцлагатай жижүүрийн дэвтэр зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймээс Ц.А эр дээр цалинжаад архив бичиг хэргийн ажлыг гүйцэтгэж байхдаа авч байсан цалин болох 3.735.309 төгрөгийг иргэний хариуцагч Ц.А  болон Б.Ц тус тус гаргуулах үндэслэлгүй тул хохирлын шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хариуцагч Б.Цэцэгбаярын өмгөөлөгч Э.Наранцацралтын гаргасан “...Б.Ц  Ц.А с ирсэн 3,735,309 төгрөгийн цалинг иргэний хариуцагч Б.Ц болон шүүгдэгч Ж.Гэрэлмаагаас гаргуулах үндэслэлгүй. Учир нь Б.Цэцэгбаяр нь Ц.Алтанчимэгийн нэр доор архив бичиг хэргийн ажлыг гүйцэтгэж байсан болох нь ажилтан арга зүйч Н.Уламбаяраас гаргасан тодорхойлолт, ажилчдын групп чат-д бичигдсэн зүйлс, хариуцлагатай жижүүрийн дэвтэрт бичигдсэн бичилтээр нотлогдон тогтоогдоно...” гэх тайлбар, дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзэж, хүлээн авч дээрх байдлаар шийдвэрлэсэн болно.

 

7. Хохирогч болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Т.Мөнгөнтуулыг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байсныг шүүх зөвтгөж, шүүгчийн захирамжаар хохирогчоор Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрыг тогтоож, хууль ёсны төлөөлөгчөөр Т.Мөнгөнтуулыг тус тус тогтоосон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөнтуул нь “...Шүүгдэгч нь 8.347.000 төгрөгөөр тус цэцэрлэгтээ тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээний хэрэгсэл, аж ахуйн зүйл авсан, түүнийг хөрөнгөндөө бүртгэсэн гэж байгаа боловч Төрийн мөнгийг авчихаад буцаагаад үүнийгээ хандив тусламж гээд хөрөнгөдөө бүртгэж байна гэдэг бол болохгүй асуудал, зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө учир түүнийг төсөвд нь буцаан оруулах нь зүйтэй. Миний хувьд үнэхээр энэ хүн хууль дүрэм зөрчөөд төрд хохирол учруулсан учраас хохирол 21.824.084 төгрөгийг 100 хувь төлүүлэх, улсын төсвийг хохиролгүй болгуулах хүсэлттэй байна.” гэж мэдүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Ж.Гэрэлмаа нь “...Б.Цэцэгбаяр нь Ц.Алтанчимэгийн нэрээр ажиллаж, цалингаа авсан учир 3.735.309 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цэцэрлэгт 8.347.000 төгрөгөөр тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээний хэрэгсэл, аж ахуйн эд зүйл авсан, үүнийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн “Өмч хамгаалах зөвлөл”-ийн 2021 оны 08 дугаар сарын 26-н өдрийн хурлаар өмчдөө бүртгэж авсан, хохиролд бэлэн мөнгөөр 6.206.000 төгрөг тус тус төлсөн учир төрд төлөх хохиролгүй” гэж мэдүүлсэн.

 

Шүүх шүүгдэгч Ж.Гэрэлмаагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас төрд 21.824.084 төгрөгийн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарын цалингийн хүснэгт, иргэний хариуцагч Ц.Алтанчимэг, Х.Алтанхуяг, Ц.Аюуш, С.Эрдэнэтуяа, Б.Туул-Эрдэнэ, Б.Цэцэгбаяр нарын гэрч болон иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг, тэдний банкны дансны хуулга, ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн баримтууд зэргээр тус тус нотлогдон тогтоогдсоноос гадна тэрээр төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд, төрийн албан хаагчид итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн үйлчилгээний байгууллага болох цэцэрлэг, алба хаагчийн нэр төр, алдар хүндийг унагасан, үнэлэмжийг сулруулсан хор уршгийг учруулсан гэж дүгнэж байна.

 

Шүүгдэгч Ж.Гэрэлмаагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан 21.824.084 төгрөгийн хохирлоос иргэний хариуцагч Б.Цэцэгбаярын Ц.Алтанчимэгийн нэрийн доор ажиллаж байхдаа авсан цалин болох 3.735.309 төгрөг болон Х.Алтанхуягийн шилжиж орж ирсэн цалингаас хувьдаа авсан 100.000 төгрөг /Х.Алтанхуягийг нас барсан гэх үндэслэлээр/-ийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирлоос нийгмийн даатгалын шимтгэлд иргэний хариуцагч Ц.Аюуш 380.160 төгрөг, Б.Туул-Эрдэнэ 220.794 төгрөг, Х.Алтанхуяг 151.053 төгрөгийг хохирлын нөхөн төлбөрийн Төрийн сангийн дансанд тус тус төлсөн учир хасаж тооцохоор, хохирол /шилжиж орж ирсэн цалингаас хувьдаа авсан мөнгө/-д иргэний хариуцагч Ц.Аюушаас 400.000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Туул-Эрдэнээс 150.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвд оруулахаар шийдвэрлэсэн учир хасаж тооцохоор, хохирол /нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн төлбөр/-д иргэний хариуцагч Ц.Алтанчимэгээс 453.931 төгрөгийг, иргэний хариуцагч С.Эрдэнэтуяагаас 1.154.570 төгрөгийг гаргуулж, улсын төсөвд оруулахаар шийдвэрлэсэн учир хасаж тооцохоор тус тус шийдвэрлэж, шүүгдэгч Ж.Гэрэлмаагийн “8.347.000 төгрөгөөр тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээний хэрэгсэл, аж ахуйн эд зүйл авч, өмчдөө бүртгэсэн учир хохирлоос хасуулж тооцуулах” гэсэн хүсэлтийг цэцэрлэгт тухайн эд зүйл хэрэгцээтэй эсэх нь тодорхойгүй, хууль бус шийдвэр гаргаж, төсвийг зориулалтын бусаар зарцуулалт хийсэн гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг үндэслэлгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гэрэлмаагаас эд хөрөнгийн эрхэд учруулсан хохиролд нийт 15.078.267 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, үүнээс хохиролд бэлэн мөнгөөр хохирлын нөхөн төлбөрийн Төрийн сангийн дансанд төлсөн 6.206.365 төгрөг /2.500.000 төгрөг+3.706.365 төгрөг/-ийг хасаж, үлдэх 8.871.902 төгрөгийг гаргуулж, улсын төсөвд оруулахаар тус тус шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны өмнө шүүгдэгчээс завсарлага авч, шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 8.871.902 төгрөгийг хохирлын нөхөн төлбөрийн Төрийн сангийн дансанд тушааж, улсын төсөвд төлөх төлбөргүй болсон болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Ж.Гэрэлмаа нь үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна. 

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Гэрэлмаад нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” саналыг гаргасан.

 

 Шүүгдэгч Ж.Гэрэлмаа нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтас хэргийн 183 дахь тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ж.Гэрэлмаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Гэрэлмаа нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, түүнд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

 

Шүүгдэгч Ж.Гэрэлмаа нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж  Г үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ж.Г  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ж.Гэрэлмаад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Ж.Г  хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хохирогчийн нэхэмжилсэн 21.824.084 төгрөгийн шаардлагаас иргэний хариуцагч Б.Цэцэгбаярын Ц.А нэрийн доор ажиллаж байхдаа авсан цалин болох 3.735.309 төгрөг болон Х.Алтанхуягийн шилжиж орж ирсэн цалингаас хувьдаа авсан 100.000 төгрөг /Х.Алтанхуягийг нас барсан гэх үндэслэлээр/-ийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирлоос нийгмийн даатгалын шимтгэлд иргэний хариуцагч Ц.Аюуш 380.160 төгрөг, Б.Туул-Эрдэнэ 220.794 төгрөг, Х.Алтанхуяг 151.053 төгрөгийг хохирлын нөхөн төлбөрийн Төрийн сангийн дансанд тус тус төлсөн учир хасаж тооцохоор, хохирол /шилжиж орж ирсэн цалингаас хувьдаа авсан мөнгө/-д иргэний хариуцагч Ц.Аюушаас 400.000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Туул-Эрдэнээс 150.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвд оруулахаар шийдвэрлэсэн учир хасаж тооцохоор, хохирол /нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн төлбөр/-д иргэний хариуцагч Ц.Алтанчимэгээс 453.931 төгрөгийг, иргэний хариуцагч С.Эрдэнэтуяагаас 1.154.570 төгрөгийг гаргуулж, улсын төсөвд оруулахаар шийдвэрлэсэн учир хасаж тооцохоор тус тус шийдвэрлэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн эрхэд учирсан хохиролд шүүгдэгч Ж.Гэрэлмаагаас хохиролд нийт 15.078.267 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч шүүх хуралдаанаас өмнө 6.206.365 төгрөгийг, шүүх хуралдааны үед 8.871.902 төгрөгийг тус тус хохирлын нөхөн төлбөрийн Төрийн сангийн дансанд төлж, улсын төсөвт төлөх төлбөргүй болсон болохыг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд шилжиж орж ирсэн цалингаас хувьдаа авсан мөнгөнд иргэний хариуцагч Ц.Аюушаас 400.000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Туул-Эрдэнээс 150.000 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн төлбөрт иргэний хариуцагч Ц.Алтанчимэгээс 453.931 төгрөгийг, иргэний хариуцагч С.Эрдэнэтуяагаас 1.154.570 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

9. Шүүгдэгч Ж.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гэрэлмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААНАРАН