Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/95

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Гэрч Ж.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү,

Шүүгдэгч А.Баатарболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан овогт Алтанзаяагийн Баатарболдод холбогдох 1926004990015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Дархан овогт Алтанзаяагийн Баатарболд, /РД: ЙД01302211/,

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч А.Баатарболд нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчим Д.Амгаланзаяагийн өмчлөлийн немц үүлдэрийн овчарка нохой 1 ширхэг, цэвэр цусны 6 ширхэг гөлөгийн хамт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш буюу 1.600.000 / нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч А.Баатарболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр малаа эргүүлчихээд явж байхдаа тэр нохойг авсан. Үнэтэй нохой гэж мэдээгүй. Хүзүүвчгүй туранхай нохой байхаар нь хайхрамжгүй тэжээсэн байхаар нь би аваад тэжээсэн  ” гэв.

 

            Гэрч Ж.Мөнхжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Он сарыг нь сайн санахгүй байна. 2018 оны өвөл Д.Амгаланзаяа нохой олоод өг зардаг хүн байна уу? гэж надаас асуусан. Надтай нохой сургалтын төвд хамт сурч байсан. Золоо гэж “Хөх чоно” гэдэг нохой үржлийн газар ажиллуулдаг дүүгээс нохой авч Мөнхбаатар гэдэг хүнээр зөөвөрлүүлж авчруулж байсан. Охин нохой байсан. 2014-2015 онд тэмцээн уралдаанд оролцож байсан немц үүлдэрийн бичиг баримттай овчарка нохой байсан ...” гэв.

 

Хохирогч Д.Амгаланзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сард Улаанбаатар хотоос Золбоо гэх хүнээс нохойн төлөөлөгч Ж.Мөнхжаргалаар дамжуулж немц овчарка үүлдэрийн цэвэр цусны нохойг худалдаж аваад хүргэн Сэдэдэд  тэжээж бай гээд  үлдээсэн чинь 2018 оны 10 дугаар сард хулгайд алдагдсан.  Алдагдсан немц үүлдэрийн  овчарка, 6 гөлөг  миний эзэмшлийн нохой байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110-111 дүгээр хуудас/,  

 

Гэрч Ж.Мөнхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2013 оноос 2019 оныг хүртэл цагдаагийн байгууллагад нохойн төлөөлөгчөөр ажилласан. Сэдэд, Амгаланзаяа 2 удам сайтай овчарка үүлдэрийн нохой олоод өгөөч гэхээр нь Золбоо гэх хүнтэй холбож олж өгсөн. Золбоогийн явуулсан нохой немц овчарка, цэвэр цусны охин нохой байсан. Биеийн ерөнхий төрх, байддал нь үүлдэрийг нь тодорхойлдог ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109, 116 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Алтанзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Овчарка үүлдэрийн нохой Белги улсаас гаралтай. Надад харуулсан зураг дээрх нохой немц үүлдэрийн овчарка нохой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113 дугаар хуудас/, 

 

Гэрч Н.Золбоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны хавар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын нохой сургагч ажилтай Мөнхжаргал ахад немц үүлдэрийн охин нохой зарсан. Манай зарсан нохой 2014 онд улсын аварга, 2015 онд дэд аварга болж байсан сургуультай немц үүлдэрийн цэвэр цусны овчарка нохой байсан. Удамын бичиг байгаа. Бусад баримт бичгийг би олохгүй байгаа. Одоо энэ нохойтой холбоотой төлбөр тооцооны асуудал байхгүй  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114 дүгээр хуудас/, 

 

Гэрч П.Дагвадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тарагт сумын цагдаа Амгаланзаяа нь овчарка үүлдэрийн нохойтой байсан. Цагдаагийн кабон байрны гадаа харагддаг байсан. Надад бүртгүүлж байгаагүй. Надад нохой болон гэрийн тэжээвэр амьтаны данс байхгүй ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Цэдэнсодномын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би нөхөр Сэдэдийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар баг Дайргын гол гэх газарт ямааны ферм дээр байдаг байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн  орчим бостол манай нөхөр гэрээсээ гарснаа миний нохой алга болчихсон байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, 

 

Гэрч Ж.Давгадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай хүргэн Сэдэд 2018 оны 10 дугаар сард манайхантай айл байхдаа немц овчарк үүлдэрийн нохой тэжээдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 онд манай найз Ж.Мөнхжаргал хотоос хүнээс овчарка нохой аваад ир гээд авахуулж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 116 дугаар хуудас/, 

 

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №12/30 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 27-30 дугаар хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Баатарболдыын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-45, 47-50, 55, 57-61, 65-70,  дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Баатарболдын ял шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Баатарболдын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

Хохирогч Д.Амгаланзаяагийн шүүхэд гаргасан: “...А.Баатарболдтой эвлэрч ярилцсан ба намайг хохиролгүй болгосон учир гомдолгүй байна. Хохирол болох 700.000 төгрөгийг авсан. Би онц байдал зарлаад хөдөө постонд байгаа тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн утсаар ярьсан тэмдэглэл зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Баатарболд нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Алтантал” 6 дугаар багийн “Дайргын гол” гэх газраас Д.Амгаланзаяагийн өмчлөлийн немц үүлдэрийн овчарка нохой 1 ширхэг, цэвэр цусны 6 ширхэг гөлөгийн хамт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш буюу 1.600.000 / нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Амгаланзаяагийн  “...2018     оны 02 дугаар сард Улаанбаатар хотоос Золбоо гэх хүнээс нохойн төлөөлөгч Ж.Мөнхжаргалаар дамжуулж немц овчарка үүлдэрийн цэвэр цусны нохойг худалдаж аваад хүргэн Сэдэдэд  тэжээж бай гээд  үлдээсэн чинь 2018 оны 10 дугаар сард хулгайд алдагдсан.  Алдагдсан немц үүлдвэрийн  овчарка, 6 гөлөг  миний эзэмшлийн нохой байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110-111/,  гэрч Ж.Мөнхжаргалын “...Сэдэд, Амгаланзаяа 2 удам сайтай овчарка үүлдэрийн нохой олоод өгөөч гэхээр нь Золбоо гэх хүнтэй холбож олж өгсөн. Золбоогийн явуулсан нохой немц овчарка, цэвэр цусны охин нохой байсан. Биеийн ерөнхий төрх, байддал нь үүлдэрийг нь тодорхойлдог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109, 116/, гэрч Б.Алтанзулын “...Овчарка үүлдэрийн нохой Белги улсаас гаралтай. Надад харуулсан зураг дээрх нохой немц үүлдэрийн овчарка нохой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113/,  гэрч Н.Золбоогийн “... 2018 оны хавар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын нохой сургагч ажилтай Мөнхжаргал ахад немц үүлдэрийн охин нохой зарсан. Манай зарсан нохой 2014 онд улсын аварга, 2015 онд дэд аварга болж байсан сургуультай немц үүлдэрийн цэвэр цусны овчарка нохой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114/,  гэрч П.Дагвадоржийн “... Тарагт сумын цагдаа Амгаланзаяа нь овчарка үүлдэрийн нохойтой байсан. Цагдаагийн кабон байрны гадаа харагддаг байсан. Надад бүртгүүлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115/, гэрч Д.Цэдэнсодномын “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн  орчим бостол манай нөхөр гэрээсээ гарснаа миний нохой алга болчихсон байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,  гэрч Ж.Давгадоржийн “... Манай хүргэн Сэдэд 2018 оны 10 дугаар сард манайхантай айл байхдаа немц овчарк үүлдэрийн нохой тэжээдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч Б.Мөнхбаатарын “... 2018 онд манай найз Ж.Мөнхжаргал хотоос хүнээс овчарка нохой аваад ир гээд авахуулж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 116/,   Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №12/30 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 27-30/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6/, шүүгдэгч А.Баатарболдын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-45, 47-50, 55, 57-61, 65-70/, шүүгдэгч А.Баатарболдын ял шалгах хуудас /хх-ийн 44/, шүүгдэгч А.Баатарболдын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40/, хохирогч Д.Амгаланзаяагийн шүүхэд гаргасан “...А.Баатарболдтой эвлэрч ярилцсан ба намайг хохиролгүй болгосон учир гомдолгүй байна. Хохирол болох 700.000 төгрөгийг авсан. Би онц байдал зарлаад хөдөө постонд байгаа тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн утсаар ярьсан тэмдэглэл шүүгдэгч А.Баатарболдын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Дархан овогт Алтанзаяагийн Баатарболдод холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Дархан овогт Алтанзаяагийн Баатарболдыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

              Шүүгдэгч А.Баатарболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч А.Баатарболдод оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

             

              Шүүгдэгч А. Баатарболдод Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч А.Баатарболдыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А. Баатарболд нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдаж,

 

Шүүгдэгч А.Баатарболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй  болохыг тус тус дурьдаж,

 

Шүүгдэгч А.Баатарболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Баатарболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,   36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дархан овогт Алтанзаяагийн Баатарболдыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дархан овогт Алтанзаяагийн Баатарболдод хорих ял оногдуулахгүйгээр нэг  жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Баатарболдод оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч А.Баатарболдыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баатарболд нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

 

6. Шүүгдэгч А.Баатарболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.         

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Баатарболдод авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Баатарболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.