Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Хохирогч *******,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2233000000029 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсныг  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ******* жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 2 хүүхэд, аав, ахын хамт, Орхон аймаг Баян-Өндөр сум, Баянбулаг 000-р баг, Баян өндөр гудамж 0000 тоотод оршин суух хаягтай, *******,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 04-нээс 5-нд шилжих шөнө өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо 3 дугаар багийн нутагт 109 дүгээр точек гэх газраас иргэн *******ын 1 тооны адууг шунахай сэдэлтээр хулгайлж, *******од 2,500,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 04-нээс 5-нд шилжих шөнө өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо 3 дугаар багийн нутагт 109 дүгээр точек гэх газраас иргэн *******ын 1 тооны адууг  хулгайлж, иргэн *******од 2,500,000 төгрөгийг хохирол  учруулсан үйл баримт нь:

1.Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..******* аавынх нь адуу манай адуу нэг бэлчээрт байдаг. Би Хангал өртөөнд ажилладаг. Манайхны мал Хонгор овоо 3 дугаар багийн 109-ийн точка дээр нэг бэлчээрт адуунууд байдаг. Энэ хүн манай адууг ямар зүстэй, ямар удамтайг хүртэл мэддэг айл саахалт хүн. 03 дугаар сарын 07-ноос 03 дугаар сарын 08-д шилжих шөнө байх 109 дүгээр точка дээр тор засагч хийдэг ******* адуутай манайхны адуу хамт байдаг. өглөө шувуу бужигнаад байхаар нь очоод үзсэн адуу махлаад аваад явчихсан байна. Адуугаа бүртгэсэн манай адуу бүрэн байна. Танай адуу шувуу бужигнаж байгаа тэр хавьд байна. Ирж адуугаа бүртгэ гэсэн. Тэгээд очоод бүртгэсэн манай хонгор халзан гүү байхгүй. Шувуу газар алаад аваад явчихсан хээлийг нь гаргаад тавьчихсан. Тэгж байтал хэсгийн төлөөлөгч мэдэгдчихсэн хэсгийн төлөөлөгч ирчихсэн байсан. Манай гүү мөн байна гэдгийг тэгж мэдсэн. Энэ хүн 2,500,000 төгрөгийн хохирол барагдуулна гэж ярьж байна. Би хурдан удмын адуу гэж байгаа. Манай аав Орхон аймгийн алдарт уяач хүн. Хурдан удмын адуу гэдгийг морь байсан бол медаль, өргөмжлөлөөр нь үнэлэгдэнэ. Хурдан удамтай азарганы төл гээд Орхон аймагт ажиллаж байсан хүн ноднин 4,000,000 төгрөгөөр авъя гэхэд би өгөхгүй. Аавын минь удмын адуу 5,000,000 төгрөгөөр өгнө гээд зараагүй юм. Мэдүүлэг өгөхдөө 4,000,000 төгрөгөөр  үнэлэгдэж байсан гэдгийг мэдүүлж байсан. Мөрдөгч би үнэлдэггүй юм үнэлгээний байгууллага шийднэ гэж хэлж байсан. Дараа нь үнэлгээний байгууллага нь 2,500,000 төгрөгөөр үнэлсэн гэсэн. Хуулийн байгууллага гаргасан юм чинь тэр үнэлгээ дээр тохирч байгаа...” гэсэн мэдүүлэг,

2.Гэрч Л.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр миний утас руу манай хойд талд амьдардаг Надмид ахын эхнэр Нараа эгч над руу залгаад манай урд талын жалганд адуу шулаад аваад явсан байна гэхээр нь би очоод үзтэл хэргийн газарт адууны шийр, адууны чирэгдсэн мөр, малын цус их гарсан байсан. Тухайн адууны шийрийг хартал хонгор зүсмийн адууны шийр байсан. Ингээд би Батболд руу залгаад адуугаа бүртгээрэй манай ард талд 1 тооны адуу нядалсан байна гэж хэлсэн ба Батболд ирж үзээд өөрийнх нь хонгор халзан зүсмийн адуу мөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р  хуудас/,

3.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр малдаа гараад явж байтал манай гэрийн урд талын Алагын аманд уулын энгэр дор газарт шувуу эргэлдээд байхаар нь очоод хартал малын сэвс, цус, 3 ширхэг хонгор адууны шийр /хөл/ байсан. Ингээд би гэртээ ирээд эхнэр Нарантуяад урд талд мал нядалсан байна, ойролцоо амьдардаг хөрш хүмүүстэй утсаар ярьж мэдэгдээрэй гэж хэлсэн. Тэгээд байж байтал сумын төвөөс цагдаа нар ирэн хэрэг болсон газрыг надаар заалгаад байж байхад Батболд ирээд цагдаатай хамт явсан. Газарт цус болсон, сэвс, нойтон.хонгор зүсмийн адууны 3 ширхэг шийр байсан. Мөн цасан дээр жижиг машины мөр гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р  хуудас/,

4.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөөний 10 цагийн орчимд манай "" нэртэй дэлгүүр дээр нь орж ирээд надтай уулзаад 1 тооны адууны мах өгөх гэсэн юм гэжхэлсэн. Би тухайн үед аас гарал үүслийн бичиг баримт байгаа эсэх талаар асуухад гарал үүслийн бичиг баримт байхгүй би Булган аймгийн Бугат сумаас авч ирлээ. Миний өөрийн адуу байгаа юм. Миний өөрийн адуу хүн дээр байдаг юм, жаахан туранхай болохоор нь авч ирж байгаа юм гэж хэлэхээр нь би авсан юм. Тухайн адуу арьс, толгой, шийр байхгүй байсан ба өөрөө надад хэлэхдээ арьс толгой шийрийг нь машин дотор багтахгүй болохоор нь үлдээсэн, буцаж очоод аваад ирье гэж хэлсэн. Би тухайн хүнээс адууны махыг 1 килограммыг нь 5.000 төгрөгөөр бодож 116 килограмм махыг 580.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би тухайн хүнтэй тооцоо хийхдээ бэлэн мөнгөөр хийсэн. Тухайн өдөр гэх хүн надтай ирж уулзахдаа жижиг оврын цагаан өнгийн машинтай ирсэн. Одоо нэрийг нь сайн санахгүй байна. Энэ машиныг хөлслөөд авч ирж байгаа юм гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

5.Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ...2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөөний 07 цагийн орчимд намайг гэртээ байхад ******* манай гэрийн гадна ирээд хаалга тогшихоор нь би гараад уулзсан чинь адууны мах авчирлаа, миний өөрийн адуу байгаа юм, гарал үүслийн бичиг байхгүй, та надад борлуулаад өгөөч асуудалгүй, миний өөрийн адуу байгаа юм гээд гуйгаад байхаар нь би 08 цагийн үед "" нэртэй дэлгүүрт очиж эзэн болох Хүрлээ /Хүрэлчулуун/ гэх хүнд миний өөрийн адуу байгаа юм, Булган аймгийн Бугат сумаас авч ирсэн юм аа гээд тухайн хүнд 580.000 төгрөгөөр худалдсан. ******* нь надад 50.000 төгрөг өгсөн. Би тухайн адуугхулгайн адуу гэдгийг мэдээгүй. *******ийг өөрийнхөө адуунаас мал хийгээд аваад ирж байгаа юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

   6. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4-р хуудас/,

7. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын бичлэгээс 8 сек хуулбарласан тухай тэмдэглэл /хх-ийн 29-31-р хуудас/,

8. , 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “...үнэлгээнд хамрагдсан адууны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2,500,000 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн37-39-р хуудас/,

9.Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний таван толгойн ажил корона гээд зогсчихсон байсан. Апликейшнээс мөнгө авчихсан төлөх болоод аавынхаа адуунаас авах гээд явж байсан. Согтуу байсан. Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч ******* нь "109 дүгээр точек " гэх газраас иргэн *******ын 1 тооны адууг бэлчээрээс нь нууц далд аргаар шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч  *******ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.  

Прокуророос *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна  гэсэн болно.

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Хохирогч хулгайд алдсан хээлтэй гүүний үнэ 2500,000 төгрөгөөс 500,000 төгрөгийн хэмжээнд хэмжээнд татгалзаж 2000,000 төгрөг,  үнэлгээний зардалд 50,000 төгрөг, замын зардалд 144,000 төгрөг  нийт 2,194,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлсөн тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж,

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ” Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3  дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж тус тус  заажээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

            Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа  хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******т шийтгэл оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг болон Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн  болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг *******т мэдэгдэж,  тэнссэн ялтанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.  Шүүгдэгч *******ийн хулгайн адууны махыг иргэн зарж олсон 580,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 580,000 төгрөгийг шүүгдэгч *******оос албадан гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  4,   36.6, 36.7, 36.8  дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа  хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг *******т мэдэгдсүгэй.

4.Тэнссэн ялтанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 580,000 төгрөгийг шүүгдэгч *******оос албадан гаргуулж улсын орлого болгосугай.

6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэ хэрэгт хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.  САРАНТУЯА