Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 334

 

Ц.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

бага насны хохирогч Х.Хгийн хууль ёсны төлөөлөгч Н.Х,   

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч У.С,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201625011567 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц.М, 1979 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./,

Ц.М нь 2013 оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18/3 дугаар гудамжны 12 тоотод амьдарч байхдаа буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дагавар охин 10 нас 5 сартай Х.Хгийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхээр завдсан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

Мөн 2016 оны 1 дүгээр сарын 26-наас 28-ны өдрийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 30-660 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дагавар охин болох 13 нас 1 сартай Х.Хгийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Мыг “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэж, жирэмсэн болгосон” буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мд 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Мын цагдан хоригдсон 73 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэм хорын хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэх дараах үндэслэлүүд байна. Үүнд:

Би эрүүгийн гэмт хэрэгт анх удаа холбогдож байна. Үйлдсэн хэрэгтээ их гэмшиж, харамсаж байна. Би бүтэн өнчин, “Итгэл” төвд 5 настайгаасаа хүмүүжсэн. Улмаар сайхан ханьтай учирч, 3 хүүхэдтэй болсон. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн болон Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, харъяа дүүргийн сэтгэцийн эмч, ар гэрийнхний хараа хяналтанд байлгах шаардлагатай байна гэсэн эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Одоо би хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн хяналтанд байнга эм ууж байна. Иймд ялыг минь хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч У.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ц.М нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Анхан шатны шүүх хуралдааны өмнө сэтгэл зүйн хямралд орж, шүүх хуралдаанд энэ тухайгаа илэрхийлж чадаагүйн улмаас хүнд ял шийтгэл авсан. Ц.М хөгжлийн бэрхшээлтэй, байнга уналт, таталтын эм уудаг. Өөрийн төрсөн 2 хүүхэдтэй. Ц.Мын хувийн байдлыг харгалзан, хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 12 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Мөн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаанд гомдолтой гэж хэлж байсан. Бид 2 салаад 2 жил 6 сар болж байна. Ц.Мын эрүүл мэндийн байдал нь муу байгаа бөгөөд энэ ялыг эдэлж чадахгүй байх. Охин маань эх нялхсын Эрүүл мэндийн төвд үр хөндүүлсэн бөгөөд биеийн байдал гайгүй байгаа. Одоо 10 дугаар ангид сурдаг бөгөөд хичээлдээ явж байгаа. Хохиролд 7.000.000 төгрөг авсан. Гомдол саналгүй тул Ц.Мд оногдуулсан ялыг нь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ц.Мд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг нотолсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч нь оюуны хөнгөн хомсдолтой боловч хэрэг хариуцах чадвартай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Хувийн байдал болон бусад оролцогчийн хүсэлтийг харгалзан, ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзал байхгүй. Гэхдээ ялын доод хэмжээгээр ял оногдуулах талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналын эсрэг байр суурьтай байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэг нь 15 жилээс 25 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах эсхүл цаазаар авах ял оногдуулах ялын санкцитай байсан. Дээрх байдлыг харгалзан үзэж, Ц.Мд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Мд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.М нь 2016 оны 1 дүгээр сарын 26-наас 28-ны өдрийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 30-660 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дагавар охин болох 13 нас 1 сартай Х.Хгийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:

 

бага насны хохирогч Х.Хгийн “...Ц.М гэх хүн бол миний хойд аав бөгөөд намайг 5 настай байхад манай ээжтэй суусан. 2016 оны 1 дүгээр сарын 25-ны шөнө гэртээ ээж, дүү бид гурав унтаж байсан. Аав Ц.М нь зурагт үзээд унтаагүй байсан. Тэгтэл 00 цагийн үед аав миний хөнжил рүү ороод ирсэн. Намайг орилох гэтэл миний амыг дарсан. Тэгээд нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Энэ талаар ээждээ хэлж болохгүй шүү гэсэн. ...” гэх /1 хх 36/,

гэрч Н.Хгийн “...Миний охин орондоо шээдэг өвчтэй юм. Охиныхоо энэ байдлыг үзүүлэхээр 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эх нялхасын эмнэлэгт үзүүлж, эход харуулахад жирэмсэн болсон байна гэсэн. Би охиноосоо асуухад “аав намайг ийм болгосон” гэж хэлсэн. ...” гэх /1 хх 39/ мэдүүлгүүд,

Х.Хгийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх 25/, нас тоолсон тухай тэмдэглэл /2 хх 39/, төрөлтийн түүхийн хуулбар /2 хх 11-31/, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “...Х.Х 13 долоо хоногтой жирэмсэн, комиссын шийдвэрийн дагуу хожуу хугацаанд зулбуулсан...” гэх эмнэлгийн магадлагаа /1 хх 84/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 5862 дугаартай “...Халиунаагийн охин хальс хуучин урагдалтай, 12 долоо хоногтой жирэмсэн байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин Х.Хгийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүч хэрэглэж хүчиндэж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Түүнчлэн прокуророос Ц.Мын гэр бүлийн харьцаатай, дагавар охин болох Х.Хгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхээр завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1  дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 Харин Ц.Мын үйлдэл нь 2016 оны 1 дүгээр сард үйлдэгдсэн байхад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлалгүйгээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулсан нь буруу байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.Мын “...Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, сэтгэцийн эрүүл мэндийн байдал болон ар гэрийн байдал, эмчийн дүгнэлтийг харгалзан үзэж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ц.Мын сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар нийт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх ба Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 264 дугаартай “...Ц.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. ... Ц.М нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 194-198/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 982 дугаартай “... Урьд гаргасан 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 264 дүгаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Ц.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн нь үндэслэлтэй байна...” гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1 хх 218-220/ зэргээс үзэхэд тэрээр хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Ц.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны хүүхдийг хүчиндэж, жирэмсэн болгож, үр хөндүүлсэн хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэхэд түүнд оногдуулсан хорих ял хүнд биш байна.  

Иймд шүүгдэгч Ц.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                             Н.БАТСАЙХАН           

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН