Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2021/0055

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг олгохгүй байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн төлбөр олгохыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Х /Шүүхэд төлөөлөх эрхийн дугаар: /, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Цнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний ах Д.ДХөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөний дараа Хөдөө аж ахуйн яамны тушаалаар Төв аймгийн Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр ажилласан.

Тухайн үед Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын томилсон, оноосон газарт ажиллах үүрэгтэй байсан. Улмаар миний ах томилогдсон газраа ажиллаж байх үедээ үйлдвэрлэлийн осолд өртөж хөдөлмөрийн чадвараа алдсан. Энэ явдлаас хойш миний ах 32 жилийн турш хэвтэрт байсан бөгөөд 2019 оны сүүлээр нас барсан.

Би Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүүгийн хэлтсийн дарга н.Цтай уулзаж түүнээс ...36 сарын 1 удаагийн тэтгэмж олгох боломж байгаа эсэх... талаар асуухад ...тэтгэвэрт гарах 2 хүнд 36 сарын 1 удаагийн тэтгэмж олгох төсөв байгаа... гэж хэлсэн.

Түүнчлэн тус яамны Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн н.А******* над руу залгаж ...таны тэтгэмж авах асуудал шийдэгдсэн, маргааш өглөө хүрээд ир... гэж хэлсэн. Маргааш нь өдөр нь Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаман дээр очиход А******* надад тэтгэмж олгох тухай албан бичиг үзүүлж байсан.

Иймд өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна... гэжээ.

Нэхэмжлэгч Д.Бын өмгөөлөгч Б.Х******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.Бын төрсөн ах Д.Днь үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан.

Д.Дамьд байх хугацаандаа буюу хөдөлмөрийн чадвараа алдсан үедээ Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас нөхөн төлбөр авах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Үүний дагуу 2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар 10 сая төгрөгийн 1 удаагийн буцалтгүй тусламж авсан.

Нэхэмжлэгч Д.Бын ах Д.Днь 1984 оноос эхэлж Төв аймгийн ******* сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, их эмчээр ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байх үедээ авто машины осолд орж нуруу нугасандаа гэмтэл авч, улмаар хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан.

Дээрх гэмтлээс шалтгаалж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нас барсан.

Түүнчлэн Д.Д*******ыг нас барсны дараа түүний дүү нэхэмжлэгч Д.Б Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хандаж ...түүний ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нөхөн төлбөр олгох... талаарх хүсэлтийг гаргаж байсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ...Сангийн яамнаас Д.Д*******ын ар гэрт нөхөн төлбөр олгох зөвшөөрөл олгосон тохиолдолд яам тэтгэмж олгоход татгалзах зүйлгүй... гэх агуулга бүхий хариу өгсөн.

Энэ асуудлаар Д.Б Сангийн сайдад холбогдуулж хүсэлт гаргахад ...Тухайн яам нь батлагдсан төсөвтэй учраас нөхөн төлбөр гаргаж өгөх боломжтой. Харин уг асуудлын хүрээнд Сангийн яам тушаал, шийдвэр гаргах боломжгүй... гэх агуулгатай хариуг өгсөн.

Дараа нь Д.Б дахин Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд нөхөн төлбөр, тэтгэмж гаргуулахаар хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.

Иймд Нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэхээс татгалзсаныг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг олгохгүй байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нөхөн төлбөр олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Д. нь 1984 онд Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд н.Г*******ийн албан томилолтоор Төв аймгийн мал эмнэлгийн эрхлэгчээр ажиллах болсон.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулахгүй байгаа. Хариуцагчийн зүгээс хууль бус идэвхгүй байдал гаргасан.

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хандахад хуульд заасны дагуу ажил олгогч нь Хүнс, хөдөө аж ахуйн яам учраас яаманд хандаж тэтгэмж гаргуулах боломжтой гэх хариу өгч нэхэмжлэгчийн гаргасан албан бичгийг буцаадаг байсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ажил олгогч буюу хариуцагч гэдгээ хүлээн зөвшөөрч Д.Д*******т эмчилгээний зардалд 10 сая төгрөгийн тэтгэмж олгосон тушаал өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа.

Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолд ... хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасан нөхөн төлбөрийг ажилтанд олгосон явдал нь 97.1.2-т заасан үндэслэлээр нас барсан ажилтны ар гэрт нөхөн төлбөр олгоход саад болохгүй... гэж заасан байгаа.

Мөн хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй. Учир нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам татан буугдаж, төлбөрийн чадваргүй болсон гэх ойлголт байхгүй. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжилж байгаа. Яам батлагдсан төсөвтөө багтааж нөхөн төлбөр олгох боломжтой гэж үзэж байна.

Иймд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Д. нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ авто тээврийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсан. 2017 онд Д. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өргөдөл гаргаж нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлж байсан байна.

Д.ыг нас барсны дараа түүний дүү буюу нэхэмжлэгч Д. ******* нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ...Д.Д*******ын ар гэрт буцалтгүй тусламж олгож өгнө үү... гэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан.

Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс ...буцалтгүй тусламжид зарцуулагдах төсөв мөнгө байхгүй учраас өргөдлийг шийдвэрлэх боломжгүй... гэх агуулга бүхий хариуг өгсөн.

Мал эмнэлгийн байгууллага үүсгэн байгуулагдсан цагаас хойш 1998-1999 оны хооронд татан буугдаж хувийн хэвшил руу шилжсэн. Үүнтэй холбоотой баримтыг Мал эмнэлгийн ерөнхий газраас гаргуулах гэсэн боловч олдохгүй байна.

Мал эмнэлгийн байгууллага 1998-199 оны хооронд татан буугдсан учраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэхүү асуудалд хариуцагчаар татагдах эрх зүйн үндэслэлгүй байх тул Д.Ды ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу буцалтгүй тусламж олгох боломжгүй байна.

Нэхэмжлэгчид яамнаас ямар шалтгааны улмаас 10 сая төгрөгийн тэтгэмж олгосон эсэх, ямар шалтгааны улмаас тушаал гарсан гэдгийг мэдэхгүй байна. Учир нь би тухайн үед Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж байгаагүй болно. Тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг хууль бус, ямар үндэслэлээр 10 сая төгрөгийг Д.Ды ар гэрт олгосон гэдэг нь тодорхой бус байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэхүү асуудалд өмнө хариуцагч Захиргааны байгууллага гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргаж, улмаар Д.Ды эмчилгээний зардалд 10 сая төгрөг олгосон гэж үзэж байна.

Иймд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам энэ хэрэгт хариуцагчаар татагдсан нь зөв болно.

Д.******* нь 1987 онд үйлдвэрлэлийн осолд орсноос хойш Улсын мал эмнэлэг үржлийн газар, Төв аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газар зэрэг холбогдох бүхий л төрийн захиргааны байгууллагуудад тэтгэмжийн асуудлаар хүсэлт гаргаж байсан боловч дээрх захиргааны байгууллагууд түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж байсан.

Учир нь яамны төсвийн ерөнхийлөн захирагчид нөхөн төлбөр олгох санхүүжилтийн хуваарь байхгүй учраас нэхэмжлэгчид нөхөн төлбөр олгох боломжгүй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг олгохгүй байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн төлбөр олгохыг даалгуулах гэж тус тус заасны дагуу дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг Д.Б гаргажээ.

Захиргааны акт гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгохыг хэлнэ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхэд гаргасан талуудын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Д.Бын төрсөн ах Д.Днь Хөдөө аж ахуй яамны сайдын тушаалаар Төв аймгийн ******* сумын мал эмнэлэгт малын их эмч, мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явах үедээ автомашины осолд орж нуруу нугасандаа хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан байна.

Улмаар түүний төрсөн дүү Д.Бын асаргаанд 32 жилийн хугацаанд хэвтрийн байдалтай байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нас барсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд хандаж ...өөрийн ах Д*******ыг байнга эмчлэх шаардлагатай байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар эмчилгээний зардлыг олгож өгөхийг хүсэж өргөдөл гаргасан байна. Уг өргөдлийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалаар /хэвтрийн байдалтай байснаас эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон/ гэх үндэслэлээр 10.000.000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүнд олгож байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Улмаар Д.Д2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нас барж түүний төрсөн дүү Д.Б 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Х*******т Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-д заасны дагуу буцалтгүй тусламж авахаар хувийн өргөдөл гаргасан байх бөгөөд Сангийн сайдаас 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 4-3/8342 дугаар албан бичгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Д.Бын өргөдөлтэй танилцлаа...уг иргэний ар гэрт нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд өөрийн батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх боломжтой тул уг хүсэлтийг үүгээр мэдэгдэж байна гэх хариуг хүргүүлсээр байхад 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1671 тоот албан бичгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь нөхөн төлбөр олгох эрх зүйн үндэслэл байхгүй хуульд заасан холбогдох байгууллагад ханд гэж Д.Бын гаргасан өргөдлийг буцаасан нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар ...нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа хохирлыг нөхөж олгоно гэх заалтыг хариуцагч биелүүлэх үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 97.1.2-т заасан нөхөн төлбөр-ийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн, мөн уг хугацаанаас өмнө эдгээр тохиолдолд өртөж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гаргаагүй байгаа болон комиссын шийдвэр гарсан боловч нөхөн төлбөр аваагүй байгаа хүмүүст хамааруулан олгохоор байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...буцалтгүй тусламжид зарцуулагдах төсөв мөнгө байхгүй учраас өргөдлийг шийдвэрлэх боломжгүй. Энэ асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно мөн Д.Д*******ын тухайн үед ажиллаж байсан Төв аймгийн мал эмнэлгийн газар нь татан буугдсан энэ талаарх баримтыг бид хайгаад олохгүй байгаа тул манай яам нөхөн төлбөр олгох боломжгүй манайх хариуцагч биш гэх тайлбар үндэслэлгүй байна.

Тодруулбал нэхэмжлэгчийн ...би анх яаманд энэ хүсэлтээ өгөхөд яамнаас намайг дуудаад таны хүсэлтийг хүлээн авсан одоо сайд гарын үсэг зурчихвал бид танд хуулийн дагуу нөхөн олговор олгох боломжтой гэж хэлж яриад тамга тэмдэгтээ албан бичгийг надад үзүүлж байсан гэх тайлбар болон өмнө нь эмчилгээний зардал гээд 10.000.000 /арван сая/ төгрөг нэхэмжлэгчид олгож байсан баримт зэргээс үзвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг хариуцагч биш гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Бын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг олгохгүй байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн төлбөр олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Баас гаргасан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг олгохгүй байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн төлбөр олгохыг даалгуулах бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ