Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 000/0000/0000/З |
Дугаар | 221/МА2014/0416 |
Огноо | 2014-10-29 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2014/0416
2014 оны 10 сарын 29 өдөр Дугаар 416 Улаанбаатар хот
Б.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Ш, хариуцагч А.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийдвэртэй, Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/06 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б нь үүрэгт ажил эрхлэх хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчил.ан сэргийлэх тухай хуулиудыг үл баримтлан иргэн, албан хаагчидтай зүй бусаар харьцах, ажлын цагаар албаны байранд албан хаагчдыг уруу татан архидан согтуурах, ажил таслан иргэдийг чирэгдүүлэх, төрийн албаны нэр хүндийг унагаж, албан тушаалаар олж авсан мэдээллийг хувийн ашиг сонирхолдоо ашиглах, хууль бусаар ажилтан албан хаагчдыг томилох, чөлөөлөх, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон зөвлөмжийг удаа дараа үл биелүүлсэн тул ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хуулийн дагуу үнэн зөв байна гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сард Засаг дарга О.П намайг дуудаад Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа хангалтгүй, иргэдийн санал гомдол их ирж байна. Б.Б уг албан тушаалыг эрхлэх мэдлэг чадвар, хангалтгүй ажлын цагаар албан хаагчдыг уруу татан архидах, ажил таслах зэрэг алдаа дутагдал гаргах нь хэрээс хэтэрч байгаа тул ажлаас чөлөөлж, тамгын даргын ерөнхий болон тусгай шаардлага, урьд өмнө эрхэлж байсныг чинь дүгнэн уг албан тушаалд эгүүлэн томилж байна гэсэн гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргад холбогдох "Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/06 тоот захирамж хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгах, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай" шаардлага бүхий Б.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэг нь “Ажлаас чөлөөлөх тухай” Ханх сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/06 дугаар захирамжийн агуулгаас хальж дүгнэлт хийсэн.
Ханх сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/06 дугаар "Ажлаас чөлөөлөх тухай" захирамжийн үндэслэл нь ...төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг үл баримтлан архидан согтуурч хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн... гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн байхад, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Б.У, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Хэдийгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Б.Б нь сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох үндэслэл бий болсон нь тогтоогдож байна. Түүнчлэн албан ажлын хэрэгцээнд хэрэглэхээр хүлээлгэж өгсөн 1.730.000 төгрөгийн үнэтэй notebook-ийг эвдэлж улмаар засуулах гэж засварын хүнд өгч явуулсан гэх боловч одоо болтол засварчин гэх хүн нь олдохгүй болсон нь нэхэмжлэгчийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна... гэх дүгнэлт нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлтийг хийсэн. Түүнчлэн 782200 төгрөгийн архи авч хэрэглэж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх асуудлыг ажил олгогч болон гуравдагч этгээдийн өргөдөл мэдээллээр шүүхээс цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулан хэрэгсэхгүй болгосон. Энэ намайг гэмт хэрэгтэн гэж үзэх буюу Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж үзэж шүүхийн шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь намайг ажлаас халахдаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр ажлаас халаагүй бөгөөд нэхэмжлэгч би энэхүү агуулгаар захиргааны хэрэгт маргаан үүсгээгүй ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна.
Сумын Засаг даргын Б/08 дугаар захирамжаар 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж, тусламж олгохоор шийдвэрлэж, уг тусламж тэтгэмжийг Б.Б өөрөө зөвшөөрч, хүлээж авсан болох нь нотлогдсоныг дурдах нь зүйтэй ... гэх дүгнэлтийн тухайд миний бие Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ биш үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах ёстой байхад Засаг дарга үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй. Намайг ажлаас чөлөөлсөн захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг барьсан ба уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг олгоход 40.1.4 дэх заалт хамаарахгүй юм. Нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн тусламжийг би ойлгохдоо миний бие Мөрөн сумаас Ханх суманд очиж ажиллаж байсан, гэр орноосоо хол алслагдсан сум газарт ажиллаж байсан унааны зардал гэж ойлгосон. Засаг дарга ч тухайн үед надад тийм байдлаар ойлгуулж өгч байсан мөнгөн тусламж байсан юм. Үүнийг би ажлаас халагдсаны тэтгэмж байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ханх сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай" захирамжийн удирдлага болгосон заалтууд нь ажилтныг ажлаас халах шалтгаантай тохироогүй бөгөөд захиргааны актыг илт хууль бусаар гаргасан тухайлбал байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.1, 7.6, 7.7 дахь заалтуудыг удирдлага болгох заалт байхаар тус журамд тодорхой заасан мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах, чөлөөлөхөд удирдлага болгох буюу үндэслэх заалт биш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг удирдлага болгон ажлаас халах, чөлөөлөх нөхцөл үүсээгүй байхад ажилтныг ажлаас халсан нь илт хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл мөн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах харилцааг зохицуулсан байхад ажил олгогчийн ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байгаа нь хууль бус үйлдэл юм. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй талаар миний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа тодорхой дурдсаныг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг болон шүүх хуралдааны тэмдэглэлд дээрх тайлбар тусгагдаагүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний эрх ашгийг хохироож байсан. Үүнд: 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, санхүүгийн баримт бүрдүүлэх, эмчийг асуух, холбогдох баримтуудыг цуглуулах, төрийн санч, хэсгийн төлөөлөгчийг гэрчээр асуух гэх мэт шалтгаануудыг дурдаж 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11.00 цагт хэлэлцэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан ба уг товлосон өдөр цагт шүүх хуралдаанд очиход өмнөх шүүх хуралдааныг хойшлуулсан захирамжаа өөрчилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж болгосон байсан.
Энэ хуралд гэрчээр ирсэн иргэдээс мэдүүлэг аваагүй, шууд явуулчихсан, дээр нь хариуцагч А.Д ирээгүй гэдэг шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргад холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 6/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчаас “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, архидан согтуурсан” гэж, нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх хангалттай, бүрэн дүүрэн нотлоогүй, хэрэгт өөр өөр нотлох баримт байхад шүүх үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.
Тухайлбал хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг “олон удаа архидан согтуурсан” гэх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй, чухам хэдний өдөр, хэдэн удаа архи уусан тухай баримт байхгүй, 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн цагийн бүртгэлд Б.Б-г ажилд ирснээр бүртгэсэн байх боловч мөн өдрөөр огноолсон ажлаас чөлөөлөгдсөн тухай эмнэлгийн магадалгааг[1] хавсаргасан, нэхэмжлэгчтэй хамт “архи уусан” гэх гэрч Б.Г-ыг энэхүү хэрэгт хууль сануулж, гэрчээр асуугаагүй зэргээр эргэлзээтэй, зөрүүтэй баримтууд хэрэгт авагджээ.
Өөрөөр хэлбэл шүүх маргаан бүхий тушаалын үндэслэл болсон “архи уусан” гэх зөрчилтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулаагүй, бодитойгоор үнэлээгүй байна.
Мөн хариуцагчаас “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэж нэхэмжлэгчийг буруутгаж, үүнтэй холбоотойгоор “А" компаниас мөнгө авсан, 20.000.000 төгрөг төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс гаргуулан авсан, албаны мөнгөөр их хэмжээний архи худалдан авсан, байгууллагын компьютер үрэгдүүлсэн, бусдын биед халдсан, нярав, нягтланг үндэслэлгүйгээр ажилд томилсон" гэх зөрчлийг гаргасан хэмээн маргасан байхад шүүх энэхүү үйл баримттай холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтад нийцэхгүй байна.
Иймээс анхан шатны шүүх зөрчил тус бүрд хамаарах нотлох баримтыг цуглуулж, зөрчил хэзээ гарсан, хөөн хэлэлцэх хугацаа, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн эсэх, ажлаас чөлөөлөх хангалттай үндэслэл тогтоогдсон эсэхийг бүрэн дүүрэн, эргэлзээгүй тогтоох шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Харин нэхэмжлэгчийн “анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон “төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн” хэмээх үндэслэлээ нэмж тодруулж, шүүхэд тайлбар гаргасан тул шүүх энэхүү хариуцагчийн тайлбарын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зөв юм.
Хариуцагчийн “нэхэмжлэгч олон удаа зөрчил гаргаж байсан, тухай бүр нь иргэдийн Хурлаас шалгаж байсан, нэхэмжлэгч нь ёс зүйн хувьд төрийн албанд тэнцэхгүй болох нь Ханх сумын иргэдийн Хурлын хуралдааны тэмдэглэл, иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн албан бичгээр тогтоогдож байгаа” гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид хариуцлага тооцох, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх эрх түүнийг албан тушаалд томилсон эрх бүхий этгээд болох сумын Засаг даргад олгогдсон болохоос иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгогдоогүй болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.3захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧИД Э.ЗОРИГТБААТАР
Б.ТУНГАЛАГСАЙХАН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ