Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,                                   

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Хохирогч Б.Цэндмаа,Ш.Оюунгэрэл,

Иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш, Г.Мөнхсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагааншүхэртийн Мөнхбаатар, Баасанхүүгийн Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201625020780 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Булган сум 4 дүгэр баг Чулуутад оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 43-914 тоотод ахын хамт түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЖГ92081810 / Загалмай овогт Цагааншүхэртийн Мөнхбаатар,

 2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 7-941 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 550 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 895 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн,  / РД: УИ93072512 / Жагар овогт Баасанхүүгийн Бат-Эрдэнэ  нар нь: 

Шүүгдэгч Ц.Мөнхбаатар нь ганцаараа:

1. 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 11-652 тоот орших суух Б.Алтантүлхүүрийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч 32 инчийн “ Самсунг “ маркийн ЛСД зурагт хулгайлан авч 350.000 төгрөгийн,

2. 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10-630 тоотод оршин суух Т.Мөнхчулууны гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн "Хаейр" маркийн ЛСД зурагт хулгайлан авч 400.000 төгрөгийн,

Шүүгдэгч Ц.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ нар нь бүлэглэн давтан үйлдлээр:

1. 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 4-133 тоотод оршин суух Б.Цэндмаагийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч зурагт, 4 ширхэг хөөрөг, ДВД тоглуулагч, зургийн аппарат, гар утас 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн хослол 3 ширхэг, монетон ээмэг, бөгж, гутал, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлан авч 4.642.000 төгрөгийн,

2. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 4-176 тоотод оршин суух Ш.Оюунгэрэлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч мөнгөн бүс, дээл, 20 литрийн 2 ширхэг сав зэрэг эд зүйлийг хулгайлан авч 224.000 төгрөгийн,

3. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 70-1108 тоотод оршин суух Д.Дэнсмаагийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч зурагт, зөөврийн компьютер, гар утас зэрэг эд зүйлийг хулгайлан авч 880.000 төгрөгийн,

4. 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 35-833 тоотод оршин суух Б.Мөнхбаясгалангийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч зурагт, хувцас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 555.000 төгрөгийн тус тус хохирол учруулан нийт 7.051.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Алтантүлхүүр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Би гэртээ нөхөр М.Мөнхбат, хүү, охин, дүүгийн хамт амьдардаг. 2016 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 06 цаг 40 минутанд би ажилдаа явсан. Манай хүүхдүүд дүү Сүхбатын хамт үлдээд 08 цагт гэрээс гарч явсан байсан. Орой 19 цагийн үед Сүхбат 2 хүүхдийг маань цэцэрлэгээс нь аваад гэртээ ирэхэд амбаарын хаалга, дотор байшингийн хаалганы цоожийг эвдээд хулгайч орсон байсан гэсэн. Тэгээд надад утсаар мэдэгдээд би цагдаа дуудаад гэртээ ирэхэд том өрөөний эд зүйлсийг бүгдийг нь онгичсон доторх зүйлсийг нь гаргаж хаясан эмх цэгцгүй болгосон байсан. Том өрөөний тавилган дээр байсан 32 инчийн " Самсунг " маркийн ЛСД телевизор, удирдлагатайгаа, мөнгөлөг саарал өнгөтэй цэцгэн хээтэй орны бүтээлэг хулгайд алдагдсан байсан. Хар өнгийн хүрээтэй нүүрэн хэсэг нь бага зэрэг зурагдсан, баруун дээд буландаа скоч наасан цавуутай байж магадгүй. Уг телевизорыг 2011 онд “ БСБ ”  худалдааны төвөөс 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 700.000 төгрөгөөр үнэлж байна. Хулгайд алдсан зүйлээ буцааж авсан гэжээ. / хх 29-30, 93 /

Хохирогч Т.Мөнхчулуун мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 08 цаг 30 минутанд гэрээсээ гарч ажилдаа явсан. Орой 23 цагийн үед ажлаасаа тараад эхнэрийн хамт гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой дотогшоо орсон чинь гэрийн хаалганы цоож эвдэн хулгайч орсон байсан. Гэрт ороход хамаг эд зүйлсийг онгичсон, дотроос нь 32 инчийн "Хайер" маркийн ЛСД зурагт хулгайд алдагдсан байсан. Манай гэрт хулгай орохоос өмнө манай эхнэр ахындаа хүүхэд харахаар 3 хоногийн өмнө явсан байсан. Тэр орой надтай хамт ирсэн юм. Хар өнгийн гадартай, доод талын гол хэсэгтээ " Хайер " гэсэн бичигтэй 32 инчийн ЛСД телевизор, 2014 онд хорооллын Номин их дэлгүүрээс 499.000 төгрөгийн лизингээр манай эгч авч өгсөн. Одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна. Хулгайд алдсан " Хайер " гэсэн бичигтэй 32 инчийн ЛСД телевизорыг буцаан авсан тул гомдол санал байхгүй гэжээ. / 63, 65-66, 94 /

Хохирогч Б.Цэндмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр би гэрээсээ 07 цаг 50 минутын орчимд гэрээсэээ гарсан. Манай нөхөр Буяндэлгэр гэртээ унтаад үлдсэн. Тэгээд ажил дээрээ очоод ажлаа хийсэн. Нөхөр 09 цагийн орчимд гэрээ цоожлоод гарсан гэсэн. Би ажил дээрээ байж байхад орой 18 цаг 10 минутын орчимд миний утас руу миний том эгч Мэеэ залгаад Бат-Орхон ах танай гэрт очсон чинь танай гэрт хулгай орчихсон байна гэнээ гэж хэлсэн. Цагдаа дуудчихсан гэж хэлсэн. Би нөхөр рүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан. Би ажлаасаа гараад гэр рүүгээ 19 цаг өнгөрч байхад очсон. Намайг очих үед манай нөхөр гэртээ ирчихсэн мөн цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Манай байшингын үүдний амбаарын хаалганы цүүг нь мулт цохиод онгойлгосон байсан. Дотор байшингын хаалга нь цоожгүй байсан юм. Манай гэрээс том өрөөний тавилга дээр байсан 43 инчийн лед дэлгэцтэй Самсунг маркийн телевизор, удирдлагын хамтаар, телевизорын доод талд байсан саарал өнгийн ДВД тоглуулагч, манай нөхрийн 4 ширхэг хөөрөг нь уг тавилгын залгаа шүүгээнээс алдагдсан. Зургийн аппарат нь мөн уг тавилгын шүүгээнээс нь алдагдсан, гар утас нь мөн зургийн аппаратын хамт байсан. Эмэгтэй хүний гоёл чимэглэлүүд нь бурханы тавиур дээр хайрцагтай байсан. Доторх эд зүйлсийг нь аваад хайрцаг нь үлдсэн байсан. Хромон гутал нь байшингын үүдэнд гутлын тавиур дээр байсан, мөн нөхрийн бор өнгийн гутал нь гутлын тавиур дээр байсан. Манай хүүхдийн улаан өнгийн срочкон цамц зэрэг зүйлс алдагдсан байсан. Зарим эд зүйлсээ буцааж авмаар байна гэжээ. / хх 107-108 /

Хохирогч Ш.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байгаад өглөө 09 цаг 30 минутанд би нөхөр Содномдорж, хүү Эрхэмбаяр нарын хамтаар гэрээ цоожлоод гарсан юм. Тэгээд би 7 буудал ороод Хаан банкинд цахилгааны мөнгө тушаачихаад, хүнсний зүйлс бэлтгээд 1 цагийн дараа гэртээ ганцаараа буцаж ирсэн. Гэртээ ирэхэд манай хашааны хаалга цоожтой хэвээрээ байсан. Би хашааны хаалгаа онгойлгоод гэрийнхээ үүдэнд ирэхэд манай гэрийн хаалганы цоожны цүүг нь мулталчихсан, цоож нь зүүлттэй байж байсан. Би хүүгээ гэрээ дутуу цоожилчхож гэж бодоод цоожоо онгойлгоод гэр рүүгээ орсон. Гэр рүүгээ орсон чинь манай гэрийн доторх эд зүйлсийг бүгдийг нь онгичоод эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирж үзлэг хийгээд явсан. Эд зүйлээ бүртгээд үзэхэд манай гэрийн хойморьт байсан 32 инчийн Монел маркийн Лед телевизор, хоёр орны бүтээлэг, телевизорын Монел гэсэн бичиг баримт, миний загварын дээл, мөнгөн бүс, усны 20 литрийн хоёр ширхэг сав, миний алдарт эхийн одон, ардын боловсролын тэргүүний ажилтан тэмдэг, миний биеийн тамирын даавуун өмд, цамц алга болсон байсан гэжээ. / хх 147-148 /

Хохирогч Д.Дэнсмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой 18 цаг 20 минутын орчимд би нөхөр Ганбат, охин Сэлэнгэ нарын хамтаар 19 цагаас Улаанбаатар паласд тоглолт үзэх гээд явсан юм. Улаанбаатар паласд тоглолтоо үзчихээд орой 22 цаг 30 минутанд гэртээ ирсэн. Манай хашааны хаалга хаалттай байсан. Байшингыхаа гадаа очиход байшингын үүдний амбаарын хаалганы цоожны цүүг нь хөшөөд, цүүг нь салгаад хаалгыг онгойлгосон байсан. Дотор хаалга нь цоожгүй байсан учир онгойлгоод орсон байсан. Байшиндаа ороод харсан чинь байшин доторх эд зүйлсийг нураагаад буулгачихсан эмх замбараагүй болгосон байсан. Цагдаа дуудаад, цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирж үзлэг хийгээд явсан. Цагдаа нарын хамт эд зүйлээ бүртгээд үзэхэд манай байшингын голын өрөөний ширээн дээр байсан 32 инчийн дэлгэцтэй Шарф маркийн телевизор, телевизорын хажууд байсан зөөврийн компьютер, голын өрөөний шүүгээнд байсан гар утас алдагдсан байсан. Тухайн үед мэдэгдэж байгаагаар эдгээр зүйлс алдагдсан байсан. Сүүлд нь цагдаа нар явсны дараа манай нөхрийн биеийн тамирын өмд цамц, миний тэмээний ноосон цамц зэрэг алдагдсан байсан гэжээ. / хх 130-131 /

 Хохирогч Б.Мөнхбаясгалан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 35-833 тоотод оршин суудаг юм. 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагийн үед би гэрээ цоожлоод ажилдаа гарч явсан. Ажил дээрээ байж байхад манай хажуу айлын хөрш эмээ Баясгалан надруу утсаар яриад танай гэрт хулгай орсон байна сая цагдаа нар ирээд явлаа гэж хэлсэн. Би гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэн гэр дотроос 32 инчийн Тошиба маркийн телевизор, микролайц өсгөгч, чемодантай хувцаснууд, том чихэвч, орны бүтээлэг, цагаан хэрэглэл зүйлс алдагдсан байсан. Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн байранд очсон. Тэгтэл цагдаа нар манай гэрээс хулгайлагдсан эд зүйлийг надад хүлээлгэн өгсөн. Манай гэрээс алдагдсан эд зүйл бүгд байсан. Би цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл гомдол мэдүүлэг өгсөн гэжээ. / 2 дугаар хавтас 44 /

 Гэрч Б.Буяндэлгэр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр би гэрээсээ 09 цагийн орчимд гарсан. Гэрээсээ гараад ажил руу явсан. Ажлаа хийгээд гадуур явж байхад 19 цагийн орчимд манай хамт ажилладаг Болдоо гэдэг байцаагч, эхнэр чинь ярьлаа танай гэрт хулгай орчихож гэж хэлсэн. Би гэр рүүгээ 19 цагийн орчимд явж очсон. Намайг очих үед манай гадаа цагдаагийн эргүүлийн машин ирчихсэн, удахгүй шалгалтын бүрэлдэхүүн ирж байгаа гээд оруулаагүй. Удалгүй манай эхнэр болон цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Цагдаагийн хүмүүсийн хамт хашаа руугаа орсон. Тэгээд харахад манай байшингын үүдний амбаарын хаалганы цүүг нь хөшөөд онгойлгосон байсан. Байшиндаа ороход доторх эд зүйлсийг буулгаад эмх замбараагүй, шалаар тараагаад орхисон байсан. Цагдаагийн бүрэлдэхүүн ул мөр үзсэний дараа эд зүйлээ бүртгээд үзэхэд миний 4 ширхэг хөөрөг, телевизор, миний болон манай эхнэрийн монетан болон мөнгөн эдлэлүүд, двд тоглуулагч, миний хромон гутал, ботинк, хүүгийн маань 2 ширхэг цамц зэрэг зүйлсүүд алдагдсан байсан. Миний хөөрөгнүүд том өрөөний хана дагуу тавилганы миний хувцас хийдэг шүүгээн дотор дипломат цүнхэнд хийчихсэн байсан. Телевизор нь хана дагуу байрлуулсан тавилга дэээр байсан. Миний монетан бөгж, мөнгөн 2 бөгж зэрэг нь уг дипломат цүнхэнд байсан юм. Манай эхнэрийн гоёл чимэглэлийн зүйлс нь бурханы хажууд жижигхэн ногоон өнгийн хайрцаганд байсан юм. Миний гуталнууд гутлын тавиур дээр байсан гэжээ. / хх 110 /

Гэрч Б.Содномдорж мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би гэрээсээ 09 цаг 30 минутын орчимд гэрээсээ эхнэр Оюунгэрэл, хүү Эрхэмбаяр нарын хамтаар гарсан. Машинтайгаа Дамба руу охин Урантөгсийн гэр рүү явсан. Охиныхоо гэрт оччихоод гэртээ ирэхэд манай эхнэр гэртээ ирчихсэн гэрт хулгай орчихсон байна. Цагдаа руу сая дуудлага өгчихлөө гэж хэлсэн. Би эхнэрийн хамт цагдаа хүлээж байгаад цагдаа нар ирээд манай гэрт үзлэг хийсэн. Дараа нь гэртээ ороод эд зүйлээ бүртгээд үзэхэд манай гэрийн хойморьт байсан телевизор, гэрийн зүүн хатавчинд байсан хоёр усны сав, орны хоёр ширхэг бүтээлэг, манай эхнэрийн загварын дээл, мөнгөн бүс, мөн манай эхнэрийн алдарт эхийн одон, тэргүүний ажилтны тэмдэг, даавуун өмд, цамц зэрэг нь алдагдсан байсан гэжээ. / хх 151 /

Гэрч М.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би найз Бат-Эрдэнэ рүү утсаар ярьсан. Тэгээд цэргийн баярын мэнд хүргэж ярьсан. Би ажилтай байсан учир уулзаж чадаагүй. 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлаа тараад Бат-Эрдэнэ рүү залгахад 3 дугаар сургууль дээр хүрээд ир гэсэн. 15 цагийн орчимд Бат-Эрдэнэ, Бумпүрэв нартай уулзсан. Мөнхбаатар ирээд бид дөрөв хүнсний 4 дэлгүүрийн ойролцоо хоол идсэн. Тэр үед хоолны тооцоог Бат-Эрдэнэ хийсэн. Тухайн үед надад хар өнгийн бичиг нь арилсан флаш диск өгөөд дуу суулгаад өгөөч гэж хэлсэн. Тэр флаш диск нь надад байгаа. Бат-Эрдэнэ нь ойролцоогоор 180.000 орчим төгрөгтэй явж байсан гэсэн мэдүүлэг / хх 184 /

Гэрч Б.Оюунзул мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би өөрийн нөхөр Бат-Эрдэнийн хамтаар өөрийн аав Баатарын гэрт амьдарч байхад 2016 оны 02 сард цагаан сарын дараа 1 сар гаруй гэрээсээ яваад алга болсон. Нэг өдөр над руу яриад Био гэдэг газар барилгын ажил хийж байна гэж ярьсан. 2016 оны 03 дугаар сард ирсэн. Аав Баатарын гэрт байхдаа ажилласан газар нь цалингаа өгөхгүй байна гэж ярьдаг байсан. Өдрийг нь санахгүй байна. 2016 оны 03 дугаар сард цалингыхаа оронд телевизор авчихлаа гээд хар өнгийн лсд телевизор авчирсан. Телевизорыг манай аав Баатарын гэрт тавиад хэрэглэсэн юм. Тэгээд түүнээс хойш 7 хоногийн дараа 5 буудалд ирж Ц.Мөнхбаатарын гэрт амьдрах болсон. Тэгээд Ц.Мөнхбаатарын гэрт амьдрах хугацаанд Ц.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ хоёр гарчихаад ирье, удахгүй гээд гараад явчихдаг байсан. Би сар, өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан Ц.Мөнхбаатарын гэрт байх хугацаанд хоёр ширхэг телевизор, зөөврийн компьютер, усны сав хоёр ширхэг, эрэгтэй хүний хромон гутал, бор өнгийн ботинк, мөнгөн ээмэг бөгжнүүд 2 хос, гар утас, эрэгтэй хүний улаан өнгийн цамц, цэнхэр өнгийн цамц, бор өнгийн ноолууран цамц, хар өнгийн биеийн тамирын хослол зэрэг эд зүйлсүүдийг тус тусад нь авчирсан. Тэгээд би та хоёр хаанаас ямар эд зүйлүүд авчирсан юм гэж асуухаар Ц.Мөнхбаатарын найзынх байгаа юм. Ц.Мөнхбаатарын найз хөдөө явчихсан. Гэртээ түр тавьж байгаач гэж хэлсэн юм гэдэг байсан гэжээ. / хх 185-186 /

Гэрч М.Ганцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр миний ажилладаг “ Банбан “ нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт Баасанхүүгийн Бат-Эрдэнэ / УИ93072512, утас:86232366, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 7-948 тоот / гэдэг хүн өөрийн иргэний үнэмлэхтэйгээ ирж Дэлл маркийн цел процессертэй, 4 гигабите рамтай, 300 гигабите багтаамжтай хард дисктэй, цүнх болон цэнэглэгчтэй зөөврийн компьютерийг барьцаанд тавьсан. 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны хугацаа дууссаныг сануулсан мессежийг би өөрөө 90157020 гэсэн дугаараас явуулсан. Тэгээд манай компани нягтлан Оюун-Эрдэнэ, захирал Алтантуяа нарын аль нэг нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгийн хоног дууссан тухай 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зарагдах болсон тухай мессежийг явуулсан байсан. Уг зөөврийн компьютер 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 220.000 төргөгөөр зарагдсан байна гэжээ. / хх 187 /

Гэрч С.Халиун мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Би өөрийн нөхөр Ууган-Эрдэнийн хамтаар манай хадам дүү Б.Бат-Эрдэнийн амьдарч байгаа гэрт нь очсон юм. Тухайн өдөр манай нөхөр Ууган-Эрдэнэ ногоон өнгийн цамц өмсөж явж байсан. Тэгсэн чинь Б.Бат-Эрдэнэ хар өнгийн даавуун өмд, цамц гаргаж ирээд энэ надад томдоод байгаа юм та надтай наад цамцаараа сольчихооч гэж манай нөхөрт хэлсэн. Тэр хослол нь манай нөхөрт таарсан учир сольсон юм. Тэгээд цагдаагийн байгууллагаас хулгайн эд зүйл байж болзошгүй байна гээд ярьсан учир тэр хувцасыг нь авчирч өгч байна гэжээ. / хх 192 /

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 10-18, 53-55, 82-85, 121-125, 129-135, 161-162, 26-30 /

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэгдэл / хх 27, 63, 102,103, 144, 172, 174, 175, 42 /

Эд зүйлийн үнэлгээ / хх 24, 48, 62, 104, 105, 106, 145, 146, 176, 177, 178, 40 / 

Шүүгдэгч  Б.Бат-Эрдэнийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 41-43 /, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 245-247, 3-4 /,

Шүүгдэгч Ц.Мөнхбаатарыг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 38-40 /, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 248-250, 1-2 /,

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхбаатар нарыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 6, 8 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлнө. Олон удаа хулгай хийсэндээ харамсаж байна. Эхнэр хүүхэдтэй болчихоод хулгай хийсэндээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мөнхбаатар мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна Хохирлоос Б.Цэндмаад 234.000 төгрөг, Ш.Оюунгэрэлд 101.000 төгрөг, Б.Цэнд-Аюушид 105.000 төгрөг, Г.Мөнхсайханд 70.850 төгрөг тус тус төлсөн. Үлдсэн хохирлоо төлнө гэв.

Хохирогч Ш.Оюунгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Залуу хүмүүс ажил хөдөлмөр хийж амьдрах хэрэгтэй. Надад гаргах гомдол санал алга байна. Миний хохирлоос Ц.Мөнхбаатар 101.000 төгрөг төлсөн. Одоо Б.Бат-Эрдэнээс 101.000 төгрөгөө нэхэмжилнэ. Дахин битгий хулгай хийгээрэй гэж хэлье гэв.

Хохирогч Б.Цэндмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нийт 4.594.000 төгрөгний хохирол учирснаас Ц.Мөнхбаатар 234.000 төгрөг төлсөн. Хулгайд алдсан эд зүйлүүдээс телевизор, 4ш хөөрөг, мөнгөн ээмэг бөгжний 2 хослол, гар утас, хромон гутал, ДВД, зургийн аппарат, эрэгтэй монетан бөгж, ноолууран цамц, даавуун цамц зэргийг буцаан авсан. Ц.Мөнхбаатараас 234.000 төгрөг авсан. Одоо Б.Бат-Эрдэнээс 234.000 төгрөгөө нэхэмжилнэ. Буцаан авсан зүйлүүдээс зурагтын хананд тогтоодог тогтоогч болон зургийн аппарат эвдэрсэн байсан. Гэвч нэхэмжлэхгүй. Б.Бат-Эрдэнэ давтан хэрэг хийчихээд хохирол төлөөгүйд гомдолтой байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ломбарданд Ц.Мөнхбаатар нь өөрийн иргэний үнэлэхээр 2016 оны 03 дугаар сарын 17-ноос 03 сарын 31 хүртэл 14 хоногийн хугацаатай Самсунг маркийн 32 инчийн телевизорыг удирдлагын хамт 100.000 төгрөгний барьцаанд тавьсан. Гэвч 7 хоногийн хугацаа хэтрээд байтал 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр цагдаагаас ирж хураан авсан. Ц.Мөнхбаатараас 105.000 төгрөг авсан. Б.Бат-Эрдэнэ нь өөрийн иргэний үнэмлэхээр 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 04 дүгэр сарын 06-ны өдөр хүртэл Монел брендийн 32 инчийн лед телевизорыг 110.000 төгрөгний барьцаанд тавьсан. 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр цагдаа хураан авсан. Одоо Б.Бат-Эрдэнээс 110.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Мөнхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ломбардын 7 буудал дахь салбар дээр Ц.Мөнхбаатар нэрээр Шарп брендийн 32 инчийн лсд телевизорыг барьцаалан 130.000 төгрөг авсан байсан. Телевизорыг цагдаад хүлээлгэн өгсөн. Ц.Мөнхбаатараас 70.850 төгрөгийг авсан тул үлдэх 70.850 төгрөгийг Б.Бат-Эрдэнээс нэхэмжилж байна. Үлдсэн хохирлоо авчихвал гомдол саналгүй гэв.

Шүүгдэгч Ц.Мөнхбаатар нь:

- 2016 оны 03 дугаар сарын 02, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд ганцаараа давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлан хохирогч Б.Алтантүлхүүрт 350.000 төгрөгийн, Т.Мөнхчулуунд 400.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 750.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ нар нь бүлэглэн 4 удаагийн давтан үйлдлээр:

- 2016 оны 03 дугаар сарын 18-наас 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртлэх хугацаанд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлан хохирогч Б.Цэндмаад 4.642.000 төгрөгийн, Ш.Оюунгэрэлд 224.000 төгрөгийн, Д.Дэнсмаад 880.000 төгрөгийн, Б.Мөнхбаясгаланд 555.000 төгрөгийн хохирол  тус тус учруулан бусдад нийт 7.051.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Гэртээ ирэхэд амбаарын хаалга, дотор байшингийн хаалганы цоожийг эвдээд хулгайч орж 32 инчийн " Самсунг " маркийн лсд телевизор, удирдлагатайгаа, мөнгөлөг саарал өнгөтэй цэцгэн хээтэй орны бүтээлэг хулгайд алдагдсан. Хулгайд алдсан зүйлээ буцааж авсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Алтантүлхүүрийн мэдүүлэг / хх 29-30, 93 /, … Орой 23 цагийн үед ажлаасаа тараад эхнэрийн хамт гэртээ иртэл хашааны хаалга онгорхой, гэрийн хаалганы цоож эвдэн хулгайч ороод хамаг эд зүйлсийг онгичсон, 32 инчийн "Хайер" маркийн лсд телевизорыг хулгайд алдагдсан байсан. Телевизорыг хулгайлсныг буцаан авсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Т.Мөнхчулууны мэдүүлэг / 63, 65-66 /,  …Орой 18 цаг 10 минутын орчимд эгч Мэеэ залгаад “танай гэрт хулгай орчихсон байна. Цагдаа дуудчихсан “ гэж хэлсэн. Манай гэрээс 43 инчийн лед дэлгэцтэй Самсунг маркийн телевизор, удирдлага, саарал өнгийн ДВД тоглуулагч, 4 ширхэг хөөрөг, зургийн аппарат, гар утас, эмэгтэй хүний гоёл чимэглэлүүд, хромон гутал, бор өнгийн гутал, хүүхдийн улаан өнгийн срочкон цамц, мөнгөн аяга зэрэг зүйлс алдагдсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Цэндмаагийн мэдүүлэг / хх 107-108 /,  … Гэртээ ирэхэд хашааны хаалга цоожтой хэвээрээ байсан. Онгойлгоод гэрийнхээ үүдэнд ирэхэд цоожны цүүг нь мулталчихсан, цоож нь зүүлттэй байж байсан. Эд зүйлээ бүртгээд үзэхэд 32 инчийн Монел маркийн лед телевизор, хоёр орны бүтээлэг, телевизорын Монел гэсэн бичиг баримт, загварын дээл, мөнгөн бүс, усны 20 л хоёр ширхэг сав, алдарт эхийн одон, ардын боловсролын тэргүүний ажилтан тэмдэг, биеийн тамирын даавуун өмд, цамц алга болсон байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ш.Оюунгэрэлийн мэдүүлэг / хх 147-148 /, …Орой 22 цаг 30 минутанд гэртээ иртэл байшингийн үүдний амбаарын хаалганы цүүг нь салгаад хаалгыг онгойлгон орж 32 инчийн дэлгэцтэй Шарф маркийн телевизор,  зөөврийн компьютер, гар утас биеийн тамирын өмд цамц, тэмээний ноосон цамц зэрэг алдагдсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Д.Дэнсмаагийн мэдүүлэг / хх 130-131 хуудас /,  …Гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэн гэр дотроос 32 инчийн Тошиба маркийн телевизор, микролайц өсгөгч, чемодантай хувцаснууд, том чихэвч, орны бүтээлэг, цагаан хэрэглэл зэрэг алдагдсан байсан.  Эд зүйлүүдээ буцаан авсан гэж  мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Мөнхбаясгалангийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 44 /,  … Манай байшингийн үүдний амбаарын хаалганы цүүг нь хөшиж онгойлгоод 4 ширхэг хөөрөг, телевизор, миний болон манай эхнэрийн монетан болон мөнгөн эдлэлүүд, двд тоглуулагч, миний хромон гутал, ботинк, 2 ширхэг цамц зэрэг зүйлсүүд алдагдсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Буяндэлгэрийн мэдүүлэг / хх 110 /, …2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд Бат-Эрдэнэ, Бумпүрэв, Мөнхбаатар бид 4 хүнсний 4-р дэлгүүрийн ойролцоо хоол идсэн. Тэр үед хоолны тооцоог Бат-Эрдэнэ хийсэн. Тухайн үед надад хар өнгийн бичиг нь арилсан флаш диск өгөөд дуу суулгаад өгөөч гэж хэлсэн. Бат-Эрдэнэ нь ойролцоогоор 180.000 орчим төгрөгтэй явж байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 184 /,  … нөхөр Бат-Эрдэнэ 2016 оны 03 дугаар сард цалингыхаа оронд телевизор авчихлаа гээд хар өнгийн лсд телевизор авчирсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа 5 буудалд Ц.Мөнхбаатарын гэрт амьдрах хугацаанд Ц.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ хоёр гарчихаад ирье, удахгүй гээд гараад явчихдаг байсан. Энэ хугацаанд хоёр ширхэг телевизор, зөөврийн компьютер, усны сав хоёр ширхэг, эрэгтэй хүний хромон гутал, бор өнгийн ботинк, мөнгөн ээмэг бөгжнүүд 2 хос, гар утас, эрэгтэй хүний улаан өнгийн цамц, цэнхэр өнгийн цамц, бор өнгийн ноолууран цамц, хар өнгийн биеийн тамирын хослол зэрэг эд зүйлсүүдийг тус тусад нь авчирсан. Та хоёр хаанаас ямар эд зүйлүүд авчирсан юм гэж асуухаар Ц.Мөнхбаатарын найзынх гэсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Оюунзулын мэдүүлэг / хх 185-186 /, …2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр миний ажилладаг “ Банбан “ нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт Баасанхүүгийн Бат-Эрдэнэ / УИ93072512, утас:86232366 / гэдэг хүн өөрийн иргэний үнэмлэхтэйгээ ирж Дэлл маркийн цел процессертэй, 4 гигабите рамтай, 300 гигабите багтаамжтай хард дисктэй, цүнх болон цэнэглэгчтэй зөөврийн компьютерийг барьцаанд тавьсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч М.Ганцэцэгийн мэдүүлэг / хх 187 /,  …2016 оны 03 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Манай нөхөр Ууган-Эрдэнэ ногоон өнгийн цамц өмсөж явсныг дүү Б.Бат-Эрдэнэ хар өнгийн даавуун өмд, цамц гаргаж ирээд энэ надад томдоод байгаа юм та надтай наад цамцаараа сольчихооч гээд сольсон юм. Тэгээд цагдаагийн байгууллагаас хулгайн эд зүйл байж болзошгүй байна гээд ярьсан учир тэр хувцсыг нь авчирч өгч байна гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч С.Халиуны мэдүүлэг / хх 192 /, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 10-18, 53-55, 82-85, 121-125, 129-135, 161-162, 26-30 /, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэгдэл / хх 27, 63, 102,103, 144, 172, 174, 175, 42 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхбаатар нар нь бүлэглэн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь урьд ял шийтгүүлсэн боловч түүний ялтай хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар өршөөгдсөн тул Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхбаатар нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, Ц.Мөнхбаатар нь учруулсан хохирлоос зохих хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирлын тухайд:

- Хохирогч Цэндмаад 4.642.000 төгрөгний хохирол учирснаас эрэгтэй хүний бор өнгийн гутал / 40.000 төгрөг /, эмэгтэй хүний монетан ээмэг бөгж / 220.000 төгрөг /, орны бүтээлэг / 8000 төгрөг /, мөнгө аяга / 100.000 төгрөг /, 2 ш эрэгтэй мөнгөн бөгж / үнэлэх боломжгүй / зэргийг аваагүй / 1 дүгээр хавтас 109 / тул эд зүйлүүдийн үнэ 368.000 төгрөгнөөс шүүгдэгч Ц.Мөнхбаатар 234.000 төгрөгийг төлсөн тул үлдэх 134.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бат-Эрдэнээс гаргуулж, нэхэмлэлээс 100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Хохирогч Дэнсмаад 880.000 төгрөгний хохирол учирснаас Дэлл маркийн зөөврийн компьютер / 350.000 төгрөг /, гар утас / 180.000 төгрөг /, тэмээний ноосон цамц / 70.000 төгрөг / зэргийг аваагүй / 1 дүгээр хуудас 181 / тул эд зүйлүүдийн үнэ 600.000 төгрөгнөөс шүүгдэгч Ц.Мөнхбаатар 160.000 төгрөг төлсөн тул үлдэх 440.000 төгрөгнөөс 140.000 төгрөгийг Ц.Мөнхбаатараас,  300.000 төгрөгийг Б.Бат-Эрдэнээс тус тус гаргуулж,

- Иргэний нэхэмжлэгч Г.Мөнхсайханд  141.700 төгрөгний, Б.Цэнд-Аюушид 210.000 төгрөгний хохирол тус тус учирснаас шүүгдэгч Ц.Мөнхбаатар нь Г.Мөнхсайханд 70.850 төгрөг, Б.Цэнд-Аюушид 105.000 төгрөг тус тус төлсөн тул Б.Бат-Эрдэнээс үлдэх 175.850 төгрөгийг гаргуулан Г.Мөнхсайханд 70.850 төгрөг, Б.Цэнд-Аюушид 105.000 төгрөг олгож,

- Хохирогч Ш.Оюунгэрэлд 224.000 төгрөгний хохирол учирснаас мөнгөн бүс / 37.000 төгрөг /, дээл / 45.000 төгрөг /, биеийн тамирын хослол / 15.000 төгрөг /   алдарт эхийн 2-р одон, Ардын боловсролын тэргүүний ажилтан тэмдэг / үнэлэх боломжгүй / зэргийг буцаан аваагүй тул  / 1 дүгээр хавтас 144, 148 /  нийт 97.000 төгрөгний хохирол үлдсэнээс шүүгдэгч Ц.Мөнхбаатар 101.000 төгрөгийг төлсөн тул төлбөр төлөгдсөн гэж үзэж, нэхэмжлэлээс 101.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Алтантүлхүүр, Т.Мөнхчулуун, Б.Мөнхбаясгалан нар нь хохиролгүй болохыг дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаарзүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Цагааншүхэртийн Мөнхбаатар, Баасанхүүгийн Бат-Эрдэнэ нарыг бүлэглэн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр Ц.Мөнхбаатарыг 6 сарын хугацаагаар баривчлах, Б.Бат-Эрдэнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Бат-Эрдэнийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Бат-Эрдэнэ 121 хоног, Ц.Мөнхбаатар 121 хоног тус тус цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Бат-Эрдэнээс 609.850 төгрөг гаргуулан хохирогч Цэндмаад 134.000 төгрөг, Дэнсмаад 300.000 төгрөг, Г.Мөнхсайханд 70.850 төгрөг, Б.Цэнд-Аюушид 105.000 төгрөг, Ц.Мөнхбаатараас 140.000 төгрөг гаргуулан хохирогч Дэнсмаад тус тус олгож, хохирогч Ш.Оюунгэрэлийн нэхэмжлэлээс 101.000 төгрөгийг, Б.Цэндмаагийн нэхэмжлэлээс 100.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхбаатар нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ОЮУНЧИМЭГ