Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/74

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

            Улсын яллагч Б.Байгалмаа,

            Шүүгдэгч, хохирогч М.А,

Шүүгдэгч, хохирогч Я.М нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Я-ын М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт М-ын А нарт холбогдох 1711010750314 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-нд хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютер үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт амьдардаг, Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр баг, Чандмань 3 дугаар хороо, 17 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Я-ын М  (РД:хх000000),

2.Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 11 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ын А (РД:хх000000),

Холбогдсон хэргийн талаар:

Я.М нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын задгайд оршин суух иргэн А.Алтанжигүүрийн гэрээс хохирогч А.Амгаланбаатарын эзэмшлийн “Самсунг Эс 6 эджи” маркийн гарын утсыг хулгайлж 348.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.А нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын задгайд оршин суух, иргэн А.Алтанжигүүрийн гэрт хохирогч Я.М-ийг согтуугаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.М мэдүүлэхдээ:“…Намайг явуулахгүй болохоор нь сандарсандаа утсыг нь хашаа давуулан шидсэн. Би тэр утсыг аваагүй. Дандаа танихгүй хүмүүс байсан. Тэр үед М.А намайг зодож байсан. Хашаанд хэн орсныг мэдээгүй. Дараа нь автобусанд явж байхдаа М.А чиний дараа хашаанд хэн орсон бэ? гэж асуусан. Тэр хүн утас авсан байх гэж хэлж байсан. Зарим мэдүүлэг зөрүүтэй байна. Хүүхдээс утсыг нь булааж авсан нь үнэн. Гэхдээ тэр газраас явахын тулд авсан. Шөнөжингөө намайг гаргалгүй манаж хоносон. Маргааш өглөө нь гэмтэл дээр машин байгаа очиж ломбардана гэж худлаа хэлж дагуулж явсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэг дээр ахыгаа дуудсан хамт явсан. Намайг худал гүтгэж байна. Хэрвээ би утсыг нь авсан бол ял шийтгэлээ хүлээж чадна.” гэв.

Я.М хохирогчоор мэдүүлэхдээ: “…М.А, Алтанжигүүр 2 чиний аминаас үнэтэй утас гээд намайг үсдэж чирсэн. Зүүн хөлний хавдар одоо хүртэл арилаагүй байгаа. Тэнд дандаа танихгүй хүмүүс байсан. Миний биеийг бүхлээр нь нэгжиж утсыг хайсан. Эмчилгээний зардал мөнгө нэхэмжлээгүй өөрөө эмчлүүлнэ” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр Алтанжигүүрийнд байж байгаад явах гэтэл намайг явуулахгүй миний гутлыг хашаа давуулж шидсэн. Тэгээд явуулахгүй байхаар нь хэвтэж байтал унтчихсан байсан. Тэгтэл гаднаас Ганбаяр Алтанжигүүр 2 орж ирээд чиний утсыг Мөнхцэцэг авчихсан гэж хэлсэн. Би Мөнхцэцэгээс эхэндээ гаргаад өгчих гээд гуйсан боловч өгөөгүй. Утас авсан болохоор нь 1-2 удаа алгадсан. Утсыг минь яасан бэ гэж асуутал хашаа давуулан шидсэн гэсэн. Тэгээд шөнөжин хайсан боловч утас олдоогүй. Алгадсанаас өөр хөл гарнаас нь чирсэн зүйл байхгүй” гэв.

М.А хохирогчоор мэдүүлэхдээ: “…Намайг унтаж байхад 2 дүүгээс нь миний утсыг булаан авсан байсан. Би унтаж байсан учраас тухайн болсон үйл явдлыг сайн мэдэхгүй байна” гэжээ.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            1.А.Алтанжигүүрээс: “…Манай дүү Амина “Мөнхцэцэг эгч, Амгаа ахын утсыг аваад явчихлаа” гэхээр нь би хойноос нь гүйгээд барьж авсан юм. Тэгээд би Мөнхцэцэгийн жилеткний халаасыг үзэхэд Амгаланбаатарын Самсунг Эс 6 маркийн гар утас байсан бөгөөд би Мөнхцэцэгээс яах гэж байгаа юм гэж асуухад ломбарданд тавьчихаад ирье гэсэн юм. Би дагуулаад дээшээ гэр рүү авч явж оруулаад утсыг нь өг гэхэд бид нар руу орилж чарлаад аваагүй гээд байсан. Яасан талаар асуухад хашаа давуулж шидсэн гээд байсан. Хашаанд байсан боловч олдоогүй.” гэжээ.

            2.Ч.Отгонбаяраас: “…Отгоо, Алтанжигүүр бид 3 дэлгүүр орж хоол ундны юм авахаар явахад Амгаланбаатар гэрт нь унтаж байсан. Алтанжигүүрийн 2 бага насны дүү нь Амгаа ахын утсыг Мөнхцэцэг эгч булааж аваад явчихлаа гэж хэлсэн. Тэр үед Алтанжигүүр гарч гүйгээд Мөнхцэцэгийг барьж авсан. Би Отгоогийн хамт араас нь гүйгээд очиход Мөнхцэцэгийн халаасанд гар утас байсныг харсан. Тэгээд гэр рүү дагуулж ороод гар утас гаргаад ир гэхэд тухайн утас байхгүй байсан. Бид нарт хэлэхдээ хашаа давуулаад шидсэн гэж хэлсэн.” гэжээ.  

            3.Насанд хүрээгүй гэрч А.Болор-Эрдэнээс: “…Амгаа ахын утсаар тоглож байхад манай эгчийн найз Мөнхцэцэг эгч намайг дүү бид хоёроос уг утсыг булааж авсан юм. Тэгээд гэрээс зугтаах үед манай дүү Амин-Эрдэнэ гэрээс гараад явсан. Эгч Алтанжигүүртэй тараад энэ талаар хэлэхэд манай эгч араас нь гүйж байгаа харагдсан. Гэрт дагуулж орж ирээд гар утсыг асуухад байхгүй гэж хэлсэн. …Мөнхцэцэг эгч намайг дүүтэй тоглож байхад 30 минутын дараа өгье гэж хэлээд авсан. Энэ үед гар утасны эзэн Амгаа ах унтаж байсан.” гэжээ.

            4.Я.Мөнх-Эрдэнээс: “…2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай дүү Мөнхцэцэг над руу яриад гэмтлийн буудлаас намайг ирээд авчаач гэж утсаар ярьсан. Тэгээд яваад очиход 3 залуу, 1 эмэгтэй байсан. Би очоод дүүгээ машинд суу гэхэд тэнд явсан 2 залуу явуулахгүй утас хулгайлсан гэж хэлсэн. …Манай дүү Мөнхцэцэг агаа наадуул чинь шөнө намайг зодоод явуулаагүй гэхэд дүүгээ харахад нүд нь хөхөрсөн байсан.” гэжээ.

            Хохирогч Я.М-ийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.24-ний өдрийн ¹13246 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Я.М-ийн биед баруун хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи ба гадна, дотор булан, хүзүү, зүүн, баруун гуяны цус хуралт, цээжний цус хуралт, зулгаралт, зүүн шилбэний шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэн үзвэл шүүгдэгч Я.М нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын задгайд оршин суух иргэн А.Алтанжигүүрийн гэрт унтаж байсан А.Амгаланбаатарын “Самсунг Эс 6 эджи” маркийн гарын утсыг хулгайлан авч 348.000 төгрөгийн хохирол учруулсан,

            шүүгдэгч М.А нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын задгайд оршин суух, иргэн А.Алтанжигүүрийн гэрт өөрийнх нь гар утсыг хулгайлан авсан гэх шалтгаанаар Я.М-ийг зодсоноос түүний биед баруун хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи ба гадна, дотор булан, хүзүү, зүүн, баруун гуяны цус хуралт, цээжний цус хуралт, зулгаралт, зүүн шилбэний шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь

Я.М-ийн шүүгдэгчээр мэдүүлсэн “…Хүүхдээс утсыг нь булааж авсан нь үнэн. Гэхдээ тэр газраас явахын тулд авсан. Намайг явуулахгүй болохоор нь сандарсандаа утсыг нь хашаа давуулан шидсэн.” гэх мэдүүлэг, түүний хохирогчоор мэдүүлсэн “…М.А, Алтанжигүүр 2 чиний аминаас үнэтэй утас гээд намайг үсдэж чирсэн. Зүүн хөлний хавдар одоо хүртэл арилаагүй байгаа” гэх мэдүүлэг,

            М.А-ын шүүгдэгчээр мэдүүлсэн “…Тэгтэл гаднаас Ганбаяр Алтанжигүүр 2 орж ирээд чиний утсыг Мөнхцэцэг авчихсан гэж хэлсэн. Би Мөнхцэцэгээс эхэндээ гаргаад өгчих гээд гуйсан боловч өгөөгүй. Утас авсан болохоор нь 1-2 удаа алгадсан. Утсыг минь яасан бэ гэж асуутал хашаа давуулан шидсэн гэсэн.гэх мэдүүлэг, түүний хохирогчоор мэдүүлсэн “…Намайг унтаж байхад 2 дүүгээс нь миний утсыг булаан авсан байсан” гэх мэдүүлэг,

            гэрч А.Алтанжигүүрийн “…Манай дүү Амина Мөнхцэцэг эгч, Амгаа ахын утсыг аваад явчихлаа гэхээр нь би хойноос нь гүйгээд барьж авсан юм. Тэгээд би Мөнхцэцэгийн жилеткний халаасыг үзэхэд Амгаланбаатарын Самсунг Эс 6 маркийн гар утас байсан бөгөөд би Мөнхцэцэгээс яах гэж байгаа юм гэж асуухад ломбарданд тавьчихаад ирье гэсэн юм” гэх мэдүүлэг,

            гэрч Ч.Отгонбаярын “…Алтанжигүүрийн 2 бага насны дүү нь Амгаа ахын утсыг Мөнхцэцэг эгч булааж аваад явчихлаа гэж хэлсэн. Мөнхцэцэгийн халаасанд гар утас байсныг харсан.” гэх мэдүүлэг,

            насан хүрээгүй гэрч А.Болор-Эрдэнийн “…Амгаа ахын утсаар тоглож байхад манай эгчийн найз Мөнхцэцэг эгч дүү бид хоёроос уг утсыг булааж авсан юм.” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч Я.М-ийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.24-ний ¹13246 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б овогт Я-ын М-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт М-н А-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.А-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцов. 

Шүүгдэгч М.А-ын торгох ялыг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Я.М-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тодорхой эрхэлсэн ажилгүй, бага насны хоёр хүүхэдтэй тул түүнд хөнгөн ял буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж шүүх үзсэн болно. Шүүгдэгч Я.М-т 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 5 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 40 (5 хоног х 8 цаг) цагийг түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.

Хохирогч нар гэмт хэргийн учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч тус бүрийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Я-ын М-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт М-н А-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.М-ийг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т оногдуулсан торгох ялыг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Я.М-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний цагдан хоригдсон 5 хоног буюу 40 (5 хоног 8 цаг) цагийг хасч, биечлэн эдлэх ялыг 200 цаг нийтэд тустай ажил хийлэх ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар солих,

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.

6.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ