| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0102/Э/203/2022/0002 |
| Дугаар | 2021/ШЦТ/130 |
| Огноо | 2021-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол
2021 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/130
2021 оны 11 сарын 15 өдөр Дугаар 2021/ШЦТ/130 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Д.Г,
Хохирогч: Б.И,
Шүүгдэгч: Д.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б
Гэрч: Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овогт Д-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ------ дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ---р хороо, --- байрны --- тоотод оршин суух хаягтай, С овогт Д-ийн Б /РД:И/.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 00 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт байрлах Гашуун сухайт хилийн боомтын ажилчдын байранд Б.И-той үл ялих зүйлээс болж маргалдан хэвлийн зүүн доод хэсэгт үзүүртэй зүйлээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Өмнө нь надаас хоёр удаа мэдүүлэг авсан байгаа. Гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг гэсэн хоёр мэдүүлэг дээр би болсон процессыг үнэн зөв, дэс дараатайгаар өгсөн байгаа. Миний бодитоор өгсөн мэдүүлэгт хохирогч, хохирогчийн гэрч, бусад гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд бол бодит үнэнээс зөрсөн гэж би үзэж байгаа. Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Зүгээр аргагүйн эрхэнд өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.И мэдүүлэхдээ: “2020 оны 02 сарын 06-ны шөнө 22 цагт Д.Б над руу залгасан байдаг. Ороод ир бид нар арван гурав хөзөр тоглож байна гээд яваад орсон. Хаш-Эрдэнэ бид хоёр хамт орсон. Болор, Баттөр, Нямбаяр, Ням-Очир эд нар тавуулаа тоглож байсан. Ороод хамт суугаад тоглосон. Ямар шалтгааны улмаас орсон бэ? гэхээр Д.Б хүний машинд юмаа орхисон байхаар нь би тэрийг нь оруулж өгсөн. Тэгээд арван гурав тоглож байгаад бид хоёр тэнд маргалдсан. Хүн амьтантай өөрөө эвгүй харьцаад байсан. Хүнийг жолооч гээд байхаар нь ямар муухай юм бэ?, адилхан гаалийн байцаагч байж нэгнийгээ жолооч гээд байхдаа яах вэ дээ. Жолооч байж байгаад гаалийн байцаагч байж болохгүй юу гээд гараад явсан. Тэгээд тэр өдөр маргалдчихаад гэр лүүгээ ороод сууж байсан. Тэгсэн чинь Ишээ ахын дүү ороод ир ээ хоёулаа учраа олъё гэхээр нь би яваад орсон. Хаалга тоосон чинь өөрөө онгойгоод чи муу ямар зэвүүн буцаан бэ гээд миний зүүн духанд цохисон. Тэгээд бид барилцаж аваад орон дээр өнхрөлдөж унаад над руу орилж, чарлаад байхаар нь би хоёр гарыг нь дээр нь бариад суусан. Тэгсэн чинь араас Нямбаяр, Хаш-Эрдэнэ хоёр орж ирээд тэгээд намайг дээр нь сууж байхаар нь боль боль гэхээр нь би гараад явсан. Тэгээд гэртээ ороод хаалгаа онгойлгоод байж байтал араас ороод ирсэн. Орж ирээд дахиад барьцалдаж аваад нэг унаад тэгээд ахаас салаад явсан. Тийм л юм болсон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б гаргасан дүгнэлтдээ: “Бидний өнөөдөр шүүн таслах ажиллагаандаа мөрдлөг болгож байгаа хуулийн нэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль байгаа. Хэрэг шийдвэрлэх тухай биш хянана гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг мөрдөгчийн алдаа байвал прокурор түүнийг хяна. Прокурорын алдаа байвал шүүх түүнийг хянаж засна. Хүний эрхийг хамгаалж байгаа талаас нь мөрдөгч болон прокурорын хийсэн үйл ажиллагааг хавтаст хэрэгт хийгээд үдээд шүүхэд шилжүүлэхээс өмнө танилцуулж байгаа материал хуульд нийцэж байна уу? үгүй юу? гэдгийг хүний эрхийн өмгөөлөгч хянан ажилласан. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг учрал дээр хуульчийн эрх зүйн боловсрол эзэмшсэн, хуульчийн тангараг өргөсөн, өмгөөлөгч, прокурор шүүгч нарыг хүний эрхийг зөрчөөд хүнд ял өгөхөөсөө өмнө энэ асуудлуудыг хянаж шийдвэрлээрэй гэж хуулийн нэр маань өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж нэрлэгдээд байгаа. Өмгөөлөгчийн зүгээс нөхцөл байдлыг эхлээд харах хэрэгтэй. 4 сарын 27-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэний дараа шүүгдэгч өмгөөлөгч хоёр хэргийг материалтай танилцсан. Та нар 2 сарын 10-ний өдөр хүнийг мөрдөхдөө өөр хүний эд зүйл харчхаад тэрийгээ эд мөрийн баримт гээд яваад байна. Үүнийгээ засаач ээ гэж хэлсэн. Тэгэхээр яллах дүгнэлт 4 сарын 27-ний өдөр компьютерт шилжсэн. 4 сарын 27-ний өдөр энэ яллах дүгнэлт бичигдээгүй. 6 сард бичигдсэн. Энэ хугацаанд та нар мөрдөн байцаагчийн алдаа гаргасан хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг хасах боломжийг чинь хангалттай олгосон шүү. Нэгэнт өөр прокурор дугаар авчхаад гарын үсэг зурагдаагүй байгаа зүйл дээр эрх хэмжээний ижил хяналтын прокурор боломжгүй байсан учраас би яг энэ хоёр зүйлийг л прокурор бичээгүй. Та нар хүний зүйлийг хурааж авчхаад эд мөрийн баримт гэсэн байна шүү. Цагдаа чинь ийм байна шүү гэсэн. Тэгэхээр хууль ёсоор бэхжүүлж авсан зүйл алга. Хууль ёс гэдэг маань өөрөө амьдрал дээр яг энгийн хүнд шударгаар авч, явуулж байгаа үйл баримтыг хэлнэ. Тэр байранд Нямбаяр гэх хүн оршин суугаад эхэлчихсэн бол тэр орон байрны халдашгүй эрхийг прокурорын зөвшөөрлөөр нэвтэрнэ. Өөрөөр хэлбэл Гашуун сухайт дээр байгаа байр бол орон байр тийшээ нэвтрэхэд хойшлуулшгүй ажиллагаа хийнэ. Очоод асуухад энд хэн байсан. Энэ байр юм байна. Б одоо хаана байгаа. Одоо хэн байгаа Нямбаяр гэх хүн амьдарч байгаа юм байна. Энд үзлэг хийх гэхээр энэ байрыг чинь цэвэрлээд өөр хүн орчихсон. Энэ байрны ерөнхий байдлыг харж үзлэгээ хийх ёстой. Ий маяагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа процессыг, нотлох баримт цуглуулах бэхжүүлэх ажиллагааг мөрдөгч зөрчсөн. Чи тухайн хэрэг дээр байгаагүй, прокурорын алдаан дээр орж ирчхээд үүнийг хамгаалах гээд байж болохгүй. Энэ шүүхийн шийдвэр дээр улсын яллагчаар хэн орж байгаа тэрийг бичнэ тэрнээс биш Амармөрөний тогтоол бичигдэхгүй. Шүүх хуралд та оролцож байгаа. Амармөрөн прокурор алдаа гаргасан байна би мөрдөн байцаалтад хэргээ татъя гэх ёстой. Шүүх зөвлөлдөх тасалгаанд орох хүртэл прокурорын байгууллагын хяналт тавьж чадаагүй хууль бусаар цуглуулсан хавтаст хэргийн үдэлтээс авхуулаад саналаа татаж аваад буцаагаад саналаа гаргах эрх танд нээлттэй байгаа. Тэгэхээр тэр эрхийг эдлээч гэхээр би залуу хууль гэж урдаас маргаж болохгүй. Маргааш бид нар шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахад хэрэгтээ танилцаад бид нар нэг нэгнээсээ суралцах ёстой. Та нартай мэтгэлцэж байгаа ч гэсэн үүнийхээ цаана Монгол Улсын хуулийг л чандлан сахиулах гэж байгаа. Өөр зорилго байхгүй. Энэ хэрэгт би анхнаас прокурорын байгууллагад хүсэлт тавиад байгаа. Гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал гэж юу вэ. Үгүйсгэх нөхцөл байдал гэдэг нь аргагүй хамгаалалтын шинж буюу Эрүүгийн хуулийн 4 дүгээр бүлгийн 1-т зааснаар өөрийн амь нас эрүүл мэндийг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. Энэ асуудлаар хохирогч хүртэл намайг шүүх хуралд орох гэсэн өмгөөлөгч оруулаагүй гэж ярьж байсан. Захиргааны хэргийн шүүх хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан Бийг ажлаас халсан тогтоолыг үзээд шүүх ганц дүгнэлт хийсэн. Гэртэй унтаж байгаа хүн. Хүний эрхийн асуудал ч биш биологийн амьд биетийн хувьд амарч байгаа хэлбэр. Унтаж байсан хүнийг Иш-Одтой зодолдсон байна гэж шалгаж байгаа нь буруу. Төрийн албан хаагч хүн гэртэй унтаж байсан. Гэртэй унтаж байсан хүнийг ёс зүй зөрчсөн гэж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж хууль бусаар хүчингүй болгоно. Тэгэхээр тухайн үйл явдал хаана болж байна. Энэ хүн гэртээ унтаж байгаагүй шүү. Тэгэхээр тухайн хүн орсон. Маргаан зодоон болсон. Шүүгдэгч, хохирогч хоёр зөрүүтэй байр суурыг илэрхийлж болно. Өөрөөр хэлбэл нэг нь прокурор эрхийг нь хамгаалаад нөгөө дэх нь өмгөөлөгч эрхийгээ хамгаалаад явчих юм. Эсрэг тэсрэг байр суурьтай этгээд зогсож байгаа. Тэгэхээр хөндлөнгийн гэрчүүд энэ нөхцөл байдлыг үгүйсгээд байна. Хэрэг учрал хаана болсон. Унтаж байхад болсон гэдэг маань цаг хугацааны шалгуурын маргаан гарч байна. Хохирогч утсаар яриад дарамтлаад байсан гэдэг мэдүүлгүүдийг хавтаст хэргийн 57-р хуудсанд Мобикомын лавлагаа байдаг. Энэ лавлагаа нь энийг арилгачих гэдэггүй. Хүний оюун ухаанаас үл хамаарах шалтгаанаар авагдсан нотлох баримт байгаа. Тэгэхээр хохирогч болон энэ цаг хугацаанд мэдүүлэг өгөөд байгаа. Энэ утсаар яриад бид хоёрыг дуудаад дарамтлаад байсан нотолгоонууд чинь үл хязгаарлагдах нотлох баримтаар нотолгооны ач холбогдлоо алдаж байгаа. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар аргагүй хамгаалалтаар тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Д.Г гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 сарын 06-ны өдрийн 00 цагийн орчимд Өмнөговь аймаг, Ханбогд сумын Хайрхан, тавдугаар баг, Цагаан хад гэх газарт байрлах Гашуун сухайт хилийн боомтын ажилчдын байранд Иш-Одтой үл ялих асуудлаас болж маргалдаж хэвлэлийн зүүн доод хэсэгт үзүүртэй зүйлээр зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай гэмт хэргийг үйлдсэн. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хувьд хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан хууль зөрчөөгүй нотлох баримтууд цугларсан гэж үзэж байна. Нямбаярын амьдарч байсан орон сууцанд үзлэг хийж, зураг авагдсан талаар нотлох баримт шинжлэн судлахад өмгөөлөгч хэлж байна. Тухайн хэрэг болсон орон байранд бол 2021 оны 02 сарын 10-ны өдөр хойшлуулшгүй тохиолдолд ажиллагаа явуулсан. Тухайн ажиллагаагаар хэрэг болсон гэх орон байранд олон үйлдэлт ком багаж гэдэг зүйл байсныг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг прокурорт хүчинтэйд тооцуулсан. Энэ ажиллагаа бол хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд хэрэг болсон гэх байрнаас илэрсэн эд зүйл учраас үүнийг хурааж авсан байгаа. 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад зөвхөн эд мөрийн баримтыг үндэслэж яллах гэж байгаа юм байна гэж ярьж байна. Даргын тушаалаар бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Тухайн хэргийг дуусгаад мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорт 2021 оны 04 сарын 13-ны өдөр ирүүлсэн. Тухайн саналыг үндэслэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Хавтаст хэргийн 108-р хуудсанд хэнээс мэдүүлэг авсан нь тодорхойгүй мэдүүлэг байна гэж байна. Тухайн мэдүүлгийн төгсгөл дээр Бат-орших гарын үсэг зурсан. Бат-Орших нь урьд нь 2021 оны 02 сарын 11-ний өдөр мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг авч байгаа учраас биеийн байцаалтыг өөр давсан хэвээр гэдэг тэмдэглэгээтэйгээр мэдүүлэг авснаа дурдмаар байна. Хавтаст хэргийн 117-р хуудсанд Лхагваагаас мэдүүлэг 02 сарын 11-ний өдөр авсан хэрнээ 19-ний өдөр эрх, үүрэг танилцуулсан байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэдэг зүйл ярьсан. Гэрч Л-с 02 сарын 11-ний өдөр болон 19-ний өдөр хоёр удаа мэдүүлэг авсан. Магадгүй наана цаанаа орж үдэгдсэн байх магадлалтай. Ер нь бол хоёр удаагийн давтамжтайгаар мэдүүлэг авсан байгааг дурдъя. Шийтгэврийн хуудсаар И-д 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. И-д Бийн эрүүл мэндэд халдсан. Тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хохирол учруулахгүйгээр халдах зөрчлийн шинжийг хангаж байгаа учраас Иш-Одын Д.Бийн гараас нь барьж нүүрэнд нь алгадаж байгаа үйлдэл нь энэ хуулийн заалтыг хангаж байна гэж үзэн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулсан. Прокурорын шатанд удаа дараа хүсэлт гомдлуудыг гаргасан. Энэ дээр хууль зүйн үндэслэлтэй хариу өгөөгүй шийдвэрлээгүй гэдэг агуулгаар ярьж байна. Шат шатны прокурорууд танд тухайн хүсэлтийг хангах боломжгүй байна. Тухайн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэдэг хариултыг өгсөн. Шийдвэрлэнэ гэдэг маань хүлээн авснаар шийдвэрлэх зүйл биш. Угаасаа хүлээн авах боломжгүй юм байна гэдэг нь нотлох баримтууд тогтоогдож байгаа учир хангахгүй гэдэг хариу өгсөн. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай. Хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Бийн үйлдсэн хэргийг хангалттай тогтоож чадсан. Агуулгын хувьд зөрүүгүй нотлох баримтууд авагдсан гэж үзэж байна. Хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж маань өөрөө эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Үйлдэл, хохирол маань шалтгаант холбоотойгоор илэрдэг. Хохирогч И-н биед учирсан хэвлийд шарх, баруун зүүн бугалгад цус хурах бүхий хөнгөн гэмтэл нь нь бол шүүгдэгч Б-ийн түүний хэвлэлийн тус газар үзүүртэй зүйлээр нэг удаа хатгасан үйлдлийн улмаас үүссэн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн хатгаж байгаа идэвхтэй үйлдлээс болж хохирогчийн биед хөнгөн хохирол буюу хэвлийн шарх гэмтэл үүссэн. Энэ нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл байх тул шүүгдэгч Б-ийг хохирогч И-ын биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд бусдад төлөх төлбөргүй байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Н мэдүүлэхдээ: “Ногоон ком багаж бол миний эд зүйл. ... Д.Б байцаагч байж байгаад нүүгээд бид нар гашуун сухайтад гурван сарын хугацаатай түр тушаалаар очсон байсан. Бид 30/10-аар ажилладаг. 10 хоног амарсан байсан эмэгтэйн байранд намайг байлгаж байсан. Тэр үед Д.Б байцаагч Оюутолгой руу явахаар болоод би тэр байранд нь орсон. Д.Б байцаагчийг явсных нь дараа 2, 3 хоногийн дараа орсон. Дарга нарт байрных нь эмэгтэй ирж байгаа юм байна. Би хаана орох вэ? гэсэн чинь Д.Бийн амьдарч байсан байранд ор гэсэн. М даргын зөвшөөрлөөр тэр байранд орсон. Тэгээд бүтэн сайн өдөр хоолондоо орчхоод явж байтал манай гэрээс цагдаа гараад явж байсан. Гэхдээ энгийн хувцастай явж байсан. Энэ байранд үзлэг хийх шаардлагатай байсан юм. Би яг ирж явж таараад намайг дагуулаад буцаад орсон. Энэ миний юм аа. Би 2007 онд Германд амьдарч байхдаа тэндээс худалдаж авсан гэсэн. Тэгээд энийг үзэх, шалгах шаардлагатай гээд авч явсан. Тэг тэг шалгах шаардлагатай бол яваад яв гэсэн. Би ороод хоёр гурав л хонож байсан байх. Би хөдөө явахдаа хэрэглэдэг багажийг миний шургуулгаас аваад тээгээд явсан. Миний өөрийн эдэлж хэрэглэдэг Германд байхдаа авч байсан тийм учиртай багаж. Үзлэг хийж шалгах шаардлагатай гээд аваад явсан. Цагдаагийнх нь нэр нь Санжаадорж гэж санагдаж байна. Тийм хүн аваад явсан гэв. ...Сантехникийн хүн бүх сэндвичийн түлхүүрийг өгөөд намайг байхгүйд ороод гарч явсан. ...Энэ байранд Б яваад тэгээд 02 сарын 10-ний цагаан сарын үед гэж санагдаж байна. ...Хавтаст хэрэгт авагдсан 15 кадр зургийг авах үед би байгаагүй. ...Надаас эд зүйл хураан авлаа гэсэн тэмдэглэл дээр гарын үсэг зуруулаагүй. ...Үзлэг хийсэн цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. 02 сарын 10-ны үед л байсан шинийн 2-ны байх тиймэрхүү өдөр байсан. ...Б-ийг явснаас хойш 2 хоногийн дараа байранд нь нүүж орсон. ...Нүүж орсны дараа 2 хоногийн дараа үзлэг хийх гээд хүмүүс ирсэн. ...Үзлэг хийчхээд гарч явахад нь би гаднаас ирж таарсан. Манайхаас юун хүмүүс гараад явж байгаа юи бол гээд. Манай сангийн ажилтан Б гээд тэр хүнд бүх байрны түлхүүр байдаг. Яагаад гэвэл мартаж санадаг. Тэр хүнийг даргад хэлүүлээд тэр хүнээр намайг байхгүйд манай гэрийг онгойлгоод орчхоод гарч явахад нь би хоолоо идчихээд ирж таарсан. Тэгээд би юу болж байгаа юм гэсэн чинь цагдаагаас явж байна үзлэг хийх шаардлагатай гэсэн. Тэгээд би дагаад буцаад орсон. Тэгээд оронгуут миний багажийг үзэх шаардлагатай юм байна, хэний эд зүйл вэ? гэхээр би миний эд зүйл гэж хариулсан. ...Хөдөө явахдаа авч явдаг ком багаж байгаа юм. ... бахь, нэхэм хасах атверкийн толгой, хошуу нь алга болсон. Тэгээд комоор нь хөдөө гадаа авч явахдаа машиндаа болон өөрийн биедээ авч явдаг. ...Энэ багажийг Бид өгч байсан зүйл байхгүй. ...Би бүсэндээ зүүж явдаг. Түр тушаалаар ирэхдээ хөдөө явж байгаа юм чинь гал тогоо янз бүрийн юм байхгүй. Энэ багаж мөн хутгатай. Тэгээд хөдөө явахдаа машиндаа голдуу авч явдаг. Сая бид нарыг нэгдсэн журмаар албаны автобусаар авч явсан болохоор биедээ авч яваад тэндээ шургуулгадаа хадгалаад байж байсан. ...Хүн амьтанд өгч байсан зүйл байхгүй. Хотоос авч ирээд тэндээ хадгалж байсан. Энэ хүн явсны дараа би орсон. Зурагт авагдсан халуун сав ширээнээс харахад манайд авсан зураг байна. ... Багажаа буцааж авъя гэв.
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Иоос авсан мэдүүлэг /1-р хх-н 65-68-р хуудаст/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Ц-с авсан мэдүүлэг /1-р хх-н 94-95-р хуудаст/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Х-с авсан мэдүүлэг /1-р хх-н 100, 150-151-р хуудаст/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Г-с авсан мэдүүлэг /1-р хх-н 126-р хуудаст/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Н-с авсан мэдүүлэг /1-р хх-н 143-р хуудаст/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Д-с авсан мэдүүлэг /1-р хх-н 143-р хуудаст/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1520 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 179-180-р хуудаст/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1524 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 175-176-р хуудаст/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.-ос авсан мэдүүлэг /1-р хх-н 105-р хуудаст/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Бийн авсан мэдүүлэг /1-р хх-н 143-р хуудаст/,
Шүүгдэгч Д.Бийн хувийн байдалтай холбогдох баримт /1-р хх-н 45-р хуудаст/,
Д.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2-р хх-н 3-р хуудаст/,
Д.Бийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-н 5-11-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2-т “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж заасны дагуу улсын яллагчаас шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолбол зохих байдлын хүрээнд бүрэн нотолж мэтгэлцээгүй гэж үзэв.
Улсын яллагчийн дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.И-ын өгсөн “... хоёр гарыг нь дээр нь барьсан тэгсэн чинь орилж чарлаад тэгээд мөргөх, хазах гээд байхаар нь нэг удаа нүүр лүү нь алгадсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “... гэрч Д.Б-ийн биеийн зүүн ташаан дээр хэсэгт 0,3x5см урттай ягаан өнгийн зулгаралт, зүүн өвдгөнд 2x1.5 см зулгаралттай зүүн гарын тохой хэсэгт 0.4x0.4 см урттай зулгаралттай хүзүүний түнкний хэсэгт улайсан байх бөгөөд биед өөр ил харагдах шарх сорвигүй шинэ гэмтэл шархгүй байв ...” гэжээ. /1-р хх-ийн 86-87 дугаар хуудас/
Д.Б-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 188-190 дугаар хуудас/,
“TOPEX” гэсэн бичигтэй, олон үйлдэлтэй металл багаж дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1162 дугаартай шинжээчийн “1. Шинжилгээнд ирүүлсэн “TOPEX” гэсэн бичигтэй, олон үйлдэлтэй мятал багажин дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 171-172 дугаар хуудас/
Хохирогч Б.И-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1524 дугаартай шинжээчийн “1. Б.И-н биед хэвлийд шарх, баруун зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 175-176 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ийн яллагдагчаар өгсөн “... И-д гэрт орж ирээд миний дээр суугаад өмсөж байсан цамцнаас заамдаж хоолой боож зүүн гараараа миний толгой руу цохисон. Тэгэхэд миний ухаан балартаад би гартаа таарсан ундаа онгойлгогчоор цохисон. Тэгэхэд би зүүн бөөр хэсэгт нь цохисон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Н-ын гэрчээр өгсөн “... би И тайвруулаад одоо боль юунаас болж маргалдсан юм бэ гэсэн чинь ална хядна гээд орилоод байсан. Тэгэхээр нь юунаас болсон юм бэ гээд И-ос асуусан чинь муу пяздааг ална гээд л байсан ... И-ийн дээр нь мордоод суучихсан толгой руу гараараа цохиод байсан тэгсэн Б нүүрээ хоёр гараараа хамгаалсан байдалтай байсан тэгэхээр нь Хэ, Н бид гурав салгаад ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Х-н гэрчээр өгсөн “... И-ын утас дуугарч Б хүрээд ир уулзъя гээд байсан чинь И гараад явахаар нь араас нь орсон чинь Б.И нар хоорондоо зууралдсан байдалтай орон дээр Б-ийн дээр нь И суусан 2 гарыг нь дарчихсан байж байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн сулдагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шижтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.”, мөн зүйлийн 3-д “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.” гэж тус тус заажээ.
Талуудын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогч Б.И нь согтуурсан үедээ шүүгдэгч Д.Б-ийн хоолойг боож байх үед Д.Б хажуу талын ширээнээс ундаа задлагч авч улмаар Б.И-ын бөөр нь тус газарт цохисон нь Д.Б-ийн хувьд аргагүй хамгаалалт хийх гарцаагүй нөхцөлийг бий болгосон байх бөгөөд тэрээр өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж хохирогч Б.И-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд өөрийн хуулиар хамгаалагдсан амь нас, эрүүл мэнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нийгэмд аюултай, хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг өөрийгөө хамгаалах явцдаа довтолж байгаа этгээд болох хохирогч Б.И-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Д.Б-ийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршгийг учруулсан боловч хууль бус халдлага, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн байх тул аргагүй хамгаалалт гэж үзнэ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сааралууд овогт Д-н Бид холбогдох эрүүгийн ----- дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б-ийг цагаатгах нь үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар цагаатгагдсан этгээд нь мөрдөгч эрх бүхий албан тушаалтан прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирлоо учирсан гэж үзвэл уг хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, нэхэмжлэл гаргах эрхтэй болох, Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, битүүмжилсэн зүйл байхгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Б.И нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ хэрэгт тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 5-д “Шүүхэд гаргасан талуудын хүсэлтээр эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлахад шинжээч, мэргэжилтэн, бусад гэрчийг оролцуулж болно.” гэж заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр эд мөрийн баримтыг шинжлэн судлахад гэрч Ц.Н-ыг шүүх хуралдаанд оролцуулсан болно. Гэрч Ц.Н нь эд мөрийн баримтаар хураагдсан цулгуй цагаан металл төмөр эвхэгддэг олон үйлдэлтэй ком багаж нэрлэгдэх нийт урт 22,5 см бариулын урт нь 16,5 см хутганы ажлын хэсгийн урт 6 см бөглөө онгойлгогч, мэт зүйлийн урт 2 см, хөрөө мэт зүйлийн урт 6 см, олон үйлдэлтэй ком багажийг миний эд зүйл гэж мэдүүлжээ.
Иймд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн цамц 1 /нэг/ ширхгийг хохирогч Б.И-д /РД:ШВ87040577/, цулгуй цагаан металл төмөр эвхэгддэг олон үйлдэлтэй ком багаж нэрлэгдэх нийт урт 22,5 см бариулын урт нь 16,5 см хутганы ажлын хэсгийн урт 6 см бөглөө онгойлгогч, мэт зүйлийн урт 2 см, хөрөө мэт зүйлийн урт 6 см, олон үйлдэлтэй ком багаж гэж нэрлэгдэх 1 ширхгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Н-т /РД:Ж/ буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Д-ийн Бид холбогдох эрүүгийн ----- дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б-ийг цагаатгасугай.
2. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар цагаатгагдсан этгээд нь мөрдөгч эрх бүхий албан тушаалтан прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирлоо учирсан гэж үзвэл уг хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, нэхэмжлэл гаргах эрхтэй болох, Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, битүүмжилсэн зүйл байхгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Б.И нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ хэрэгт тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн цамц 1 /нэг/ ширхгийг хохирогч Б.И-д /РД:Ш/, цулгуй цагаан металл төмөр эвхэгддэг олон үйлдэлтэй ком багаж нэрлэгдэх нийт урт 22,5 см бариулын урт нь 16,5 см хутганы ажлын хэсгийн урт 6 см бөглөө онгойлгогч, мэт зүйлийн урт 2 см, хөрөө мэт зүйлийн урт 6 см, олон үйлдэлтэй ком багаж гэж нэрлэгдэх 1 ширхгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Н-т /РД:Ж/ буцаан олгосугай.
5. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ