| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0111/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/132 |
| Огноо | 2021-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/132
2021 оны 11 сарын 25 өдөр Дугаар 2021/ШЦТ/132 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Д.Г,
Шүүгдэгч: Д.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Дөлгөөн /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Д-ын Год холбогдох 2129001910126 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст --- дүгээр багт оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Д-ын Г /РД:К/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр баг, Их толгой гэх газар өөрийн гэртээ хүү Г.Гт агсам тавьж, улмаар түүний баруун гарын шуу хэсэгт хутгаар зүсэж баруун шуунд зүсэгдсэн шарх, эсгэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хохирогч Г.Гын: “... 2021 оны 07 дугаар сарын 20-ны орой 18 цагийн үед Цогтцэций сумын 1 дүгээр багийн нутаг болох Их толгой гэх газарт ... гэртээ очиход гэрт аав архи уучихсан согтуу бид нарыг хараагаад гэрт сууж байсан... би тэгээд гэрийн хаалган дээр байж байхад аав гэрээс гарч ирээд намайг харчхаад “чи томроод сэгсийгээд байна уу” гээд гэр түшүүлээд тавьсан төмөр лоомыг бариад над руу далайхаар нь би тэр лоомыг булааж аваад цааш ь газар луу шидсэн чинь намайг заамдаж аваад зодох гэхээр нь би өөдөөс нь гарыг нь барьж автал намайг яав руугаа чирээд яавныхаа хажууд очоод ганзаганд байсан хутга гаргаж ирээд над руу хутгаа чичлээд байсан. тэгж байгаад миний баруун гарын шууны дотор талд хутгаараа хэд хэдэн удаа зүсчихсэн. Тэгэхээр нь би гарыг нь тавиулаад цаашаа гүйсэн... Цогтцэций сумын цагдаа дээр ирээд болсон зүйлийг хэлээд сумын эмнэлэг дээр очиж 3 оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хх-н 6-7-р хуудаст/,
Гэрч Т.О-ийн: “... манай нөхөр Г мотоциклоо унаад гэртээ ирсэн. Би тэр үед бие засах гээд явж байхад манай хүү Ганбаатар малаа эргүүлчхээд ирсэн. Тэгэхэд гэрийн үүдэнд хүмүүсийн маргалдах дуу чимээ гараад байхаар нь би хартал аав хүү хоёр хоорондоо зууралдаж байгаад гэрийн урагшаа явж байхад Г нэг гартаа модон иштэй хутга барьчихсан гар нь сарвалзаад байхаар би хүүхэд аллаа шүү дээ, Ганбаатарыг зугтаагаач гэж хэлсэн чинь хүү гарыг нь тавиулаад цаашаа зугтаасан... баруун гарын шууны хавьд зүсэгдсэн түүнээс нь цус гарч байсан... тэгээд би хүүгээ аваад Цогтцэций сумын төвд дүү Д-ийн гэрт ирээд сумын цагдаа дээр ирж хүүгээ уулзуулаад дараа нь сумын эмнэлэг дээр очиж зүссэн газарт нь оёдол хийлгэсэн.” гэх мэдүүлэг /хх-н 16-17-р хуудаст/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаартай “1. Г.Гын биед баруун шууны зүсэгдсэн шарх, эсгэгдсэн шарх гэмтэл үүсжээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 27-28-р хуудаст/,
Яллагдагч Д.Г-ын: “... би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өглөө эрт ...адуундаа ганцаараа явсан... замд танихгүй машинтай таараад Тугийн цохио хад хаана байдаг юм бэ гээд надаас асуухаар би тэр газрыг тэр хүмүүст зааж өгсөн чинь тэр хүмүүс намайг дайлсан би тэгээд гаргаж өгсөн 4-5 ширхэг том савтай пивыг уучхаад тэгээд адуугаа туугаад гэртээ ирсэн... Төгсжаргал ах машинтай ирэхээр би зарах нэг адуугаа бууцан дээрээ авчирч өгөхөд надад нэг шил 0.5-гр-ын Ерөөл архийг гаргаж өгсөн... гэр лүүгээ явж байх замдаа зогсож Төгсжаргалын өгсөн архийг ууж дуусгачхаад гэртээ ирсэн... тэгэхэд би нэлээн их согтож байсан. тэгээд гэртээ ирчхээд хүү Ганбаатартай маргалдаж байснаа санаж байна тэгээд цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй тасарчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь сэрсэн чинь эхнэр хүүхэд хоёр гэрт байгаагүй. Тэгэхэд манай охин над руу утсаар хэлээд “та өчигдөр ахтай маргалдаж байгаад гар хавьд нь хутгаар зүссэн байна, яаж байгаа юм бэ” гэхээр би тухайн үед Ганбаатартай маргалдаж байснаа санаж байна, цаашаа юу болсон талаар үнэхээр мэдэхгүй байна гэж охиндоо хэлэхэд “та яах гэж архи уусан юм бэ” гэж надад хэлсэн. Тэгээд би санаа зовоод эхнэртэйгээ утсаар яриад юу болсон талаар асуухад “чи хүүгээ ломоор цохих гэсэн. Тэгээд хутгаар гарыг зүссэн. Тэгээд эмнэлэг дээр очиж үзүүлсэн цагдаа нар ирж хүүгээс мэдүүлэг авсан” гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 40-41-р хуудаст/,
Шүүгдэгч Д.Г-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 44, 49, 65-66, 79-83 -р хуудаст/,
Д.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 42-р хуудаст/,
Д.Г-ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 51-56-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-н 60-63-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Д.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр баг, Их толгой гэх газар өөрийн гэртээ хүү Г.Г-т агсам тавьж, улмаар түүний баруун гарын шуу хэсэгт хутгаар зүсэж баруун шуунд зүсэгдсэн шарх, эсгэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Г-ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Г нь хохирогч Г.Гын баруун гарын шуу хэсэгт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Г нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Г.Гын биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаартай шинжээчийн “1. Г.Г-ын биед баруун шууны зүсэгдсэн шарх, эсгэгдсэн шарх гэмтэл үүсжээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 27-28-р хуудас/ болон бусад баримтаар тогтоогдож байна.
Хохирогч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг дурдаж, тэрээр шүүгдэгч Д.Г-оос хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул Д.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Г-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Г ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Г-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ