Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 102/2015/10603/И |
Дугаар | 2588 |
Огноо | 2017-03-30 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2588
2016 оны 3 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/02588 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
|
|
|
|
|
|
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн гудамж Тана мебелийн 1 давхарт байрлах, регистрийн дугаар 2550792, регистрийн дугаар 2644495, Шаргалжуут рашаан сувилал ХХКомпани, Аврага Тосон рашаан сувилал ХХКомпаниудын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, АПУ ХКомпанийн байрны 2 давхарт 202 тоотод байрлах, регистрийн дугаар 5610524, Дайверс ХХКомпанид холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 9 785 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэржмядаг, өмгөөлөгч С.Гарьд, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хишигсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шаргалжуут рашаан сувилал ХХКомпани болон Аварга тосон рашаан сувилал ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Д.Сэржмядаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Шаргалжуут рашаан сувилал ХХК, “Аварга Тосон рашаан сувилал“ ХХКомпани “Дайверс“ ХХКомпанитай 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр “Программ хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ", 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээг тус тус байгуулсан.Ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн хугацаанд хийж гүйцэтгэн, нэвтрүүлж, актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг.Гэрээний дагуу манай компани ажил гүйцэтгэгч талд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээний 20 хувийн төлбөр болох 9 785 000 төгрөгийг шилжүүлж өгсөн.Гэвч ажил гүйцэтгэгч тал гэрээнд заасны дагуу хугацаандаа, чанартай доголдолгүй ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй болно.Гэрээнд заасан хугацааны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн манай компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд захиалгын модулийг ашиглаж эхлүүлэхээр тохиролцсон боловч хугацаандаа ажлаа хийж гүйцэтгэж чадаагүй.Нэмэлт гэрээнд зааснаар 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс захиалгын модулийн багахан хэсгийг туршилтаар ашиглахад олон алдаа доголдолтой программ хангамж байсан.Үүнд:Санхүүгийн менежментийн программ хангамж нь Сангийн яамны албан ёсны зөвшөөрөлгүй, захиалгын модул нь манай байгууллагын ашиглаж ирсэн захиалгын программтай харьцуулахад сайжруулалт хийгдээгүй, ашиглалтын үйл ажиллагаа нь удааширч, илүү хүндэрсэн, хяналтын дэлгэц буруу хийгдсэн, одоогийхоос 6 дахин олон хуваагдсан, хяналтын тогголцоог бүрдүүлэх боломжгүй, эрхийн бичиг буруу болон давхар бичигдэх, хэвлэгдэхгүй байх, хэрэглэгчийн код давхцах, хэрэглэгч шинээр бүртгэхэд алдаа заах, сувилуулагч өрөөгөө солих боломжгүй, мөнгөн дүн 2 дахин давхардаж харагдах зэрэг алдаа, доголдол байнга давтагдаж, нэг үйлчлүүлэгчийг 3-5 цаг хүлээлгэж байсан нь манай байгууллагын нэр хүнд болон үйл ажиллагаанд ноцтой доголдолууд үүсгээд байсан.Дээрхи гарч буй алдаа, доголдолыг ажил гүйцэтгэгч Дайверс ХХКомпанийн ажилтан, гүйцэтгэх удирдлагад удаа дараа амаар болон бичгээр хэлж, ярьж тайлбарлаж байсан боловч арга хэмжээ аваагүй тул 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1-17 албан тоотоор Дайверс ХХКомпанид шилжүүлсэн 9 785 000 төгрөгөө буцаан шаардахад буцаан төлөх үндэслэлгүй гэсэн хариу ирүүлсэн.Иймд Дайверс ХХКомпанид 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 9 785 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Шаргалжуут рашаан сувилал ХХКомпани Дайверс компанитай 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний заалтыг удаа дараа зөрчиж байсны улмаас энэхүү төсөл хэрэгжээгүй.Хэрэглэгчийн шаардлагыг гаргаж өгөхгүй хугацаа алдсан, бизнес шаардлагаа буруу гаргаж өгсөн, гаргасан шаардлагаа байнга өөрчилж байсан, 2015 оны 3 сарын 3-наас 2015 оны 5 сарын 10-ны хооронд 70 хоногийн хугацаанд захиалагчийн төсөл хариуцсан ажилтныг 3 удаа сольсон.Шаргалжуут рашаан сувилал ХХКомпани “Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-д заасныг зөрчсөн.Захиалагч тал программ хангамжид тавигдах бизнес хэрэгцээ, шаардлагаа хугацаанд нь гаргаж өгөөгүй.Дайверс ХХКомпани гаргасан программын шаардлагыг баталгаажуулахыг хүссэн боловч баталж өгөөгүй. Шаргалжуут рашаан сувилал ХХКомпани Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.5-д заасныг зөрчсөн.Сүлжээ холбоогүй, IТ ажилтан томилоогүй, сервер аваагүй, Шаргалжуут рашаан сувиллыг интернеттэй холбоогүй байсан.Шаргалжуут рашаан сувилал ХХКомпани нь Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.7-д заасныг зөрчсөн.Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.8-д “Захиалагчийн зүгээс томилогдсон ажилтан нь программ хангамжийг боловсруулах, нэвтрүүлэхэд шаардлагатай мэдээллийг бэлтгэх, хангамжийг боловсруулах, оруулах ажлыг зохион байгуулах, хийж гүйцэтгэх“ гэсэн заалтыг зөрчсөн. Дайверс ХХКомпанийн ажилтанууд 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд дараах ажлыг гүйцэтгэсэн байна.Шаргалжуут ХХКомпанийн төслийн удирдагч Д.Нямаажав өөрийн ажилтнууд, Шаргалжуут рашаан сувилал“ ХХКомпанийн ажилтануудтай хамтран хэрэглэгчийн судалгаа хийсэн.Гэрээний хүрээнд Шаргалжуут рашаан сувилал ХХКомпанийн ажилтануудтай Улаанбаатар хотод байдаг төв оффис дээр 10 гаруй удаа уулзан хэлэлцүүлэг хийж 22 хуудас материал боловсруулсан.Д.Нямаажав 2015 оны 3 сарын 3-ны өдрөөс 7-ны өдрийн хооронд гэрээний дагуу зөвлөгөө гаргаж, Шаргалжуут рашаан сувилал ХХКомпанийн захиалгын хэсгийн хэрэгцээ, үйлчилгээний хэсгийн хэрэглэгчийн шаардлагыг гаргаж хэлэлцүүлэг хийсэн. Менежер Цолмонгийн хамт 2015 оны 3 сарын 7-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд программ хангамжийн төсөл нэвтрүүлэх төлөвлөгөө батлуулж, нэмэлт гэрээ байгуулж, авах шаардлагатай компьютер, тоног төхөөрөмжийг захиалагч талтай ярилцаж тохирсон үйлчилгээнийхэсгийн хэрэглэгчийн шаардлага хэлэлцүүлсэн. 2015 оны 3 сарын 11-нээс 14-ний хооронд Шаргалжуут рашаан сувилал явж амралтын үйл ажиллагаатай танилцан, захиалагч талын ажилтнуудтай худалдан авалт, зарлага хийх, бараа материалын орлого авах, олон нийтийн захиалга авах, засварын дуудлага хүлээн авах, гүйцэтгэх талаархи шаардлага, праграмм нэвтрүүлэх үйл ажиллагааг хэлэлцэх зэрэг ажил хийсэн.2015 оны 3 сарын 16-наас 24-ны хооронд менежер Цолмонгийн хамт бааз бэлдэх буюу захиалагч талын компьютерүүдэд програм суулгах, хэвлэх баримтуудын форматуудыг хэлэлцэх, баазын үндсэн бүртгэл хийх, шаардлагатай тоног төхөөрөмжийн тоог гаргах ажил хийсэн болно.Мөн дансны төлөвлөгөө бэлдэх, барааны үлдэгдэлтэй танилцах, дансны төлөвлөгөө оруулах, баримтын загвар гаргах, гүйлгээний төрөл гаргах, мөнгөн гүйлгээний төрөл оруулах, баримтын загвар гаргах, үндсэн хөрөнгийн тооллогын загвар гаргаж тохирох, захиалгын программтай танилцах, захиалгын гүйлгээний дансны бичилтийг гаргах, тайлан, баримтын загвар гаргах ажил хийсэн. Дайверс ХХКомпанийн ажилтнууд захиалгын модулийг хөгжүүлэх талаар хийсэн ажил гэвэл-2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд захиалгын модулийг хөгжүүлэх, тест хийх ажлыг Дайверс ХХКомпанийн програмист 2 хүн хийж гүйцэтгэсэн, 2015 оны 4 сарын 06-ны өдрөөс 5 сарын 10-ны өдрийн хооронд менежер Цолмонгийн захиалагч талын ажилтнуудад бааз шивэх сургалт, программ шинэчлэх, хэрэглэгч гэх, бааз шивүүлж дадлагажуулалт хийсэн.Шаргалжуут рашаан сувилал ХХКомпани Аварга Тосон ХХКомпанийн үйл ажиллагаанд шинээр Плутус программ нэвтрүүлж санхүүгийн модулийн системийн тохиргоог бүрэн хийсэн, хэрэглэгч ашигласан, санхүүгийн ерөнхий дэвтэр модулийн эхний үлдэгдлийг гүйцэд зоогоогүй, хэрэглэгч бүрэн бус ашигласан, авлага, өглөгийн модулийн эхний үлдэгдлийг гүйцэд зоогоогүй, хэрэглэгч ашигласан, мөнгөн хөрөнгийн модулийг 2015 оны 1 дүгээр сараас эхлэн шивэлт хийсэн, хэрэглэгч ашигласан, рашаан сувилалд тооллого хийж байсны улмаас үндсэн хөрөнгийн модулийн бааз бэлдэх ажил удааширсан, бааз дутуу, дотоод худалдан авалтын модулийг хэрэглэгч ашигласан, 2015 оны 1 дүгээр улирлын худалдан авалт хийж эхэлсэн.Хоолны үйлчилгээний модулд рашаан сувилалын баазыг оруулсан, бараа материалын модулийг рашаан сувилал бүрэн ашиглаж эхэлсэн, үйлчилгээний модулийн бүх бүртгэл тохиргоог хийж бааз оруулсан, хэрэглэгч ашигласан, захиалгын модулийн тохиргоог хийж рашаан сувилалын оруулсан, хэрэглэгч ашигласан.Төслийн хугацаанд Дайверс ХХКомпанийн 2 програмист ажиллан, 2 хүн нэвтрүүлэлт хийж, 70 хүн өдөр ажилласан, 9 модулийг ашиглалтанд оруулсан.Шаргалжуут рашаан сувилал ХХКомпанийн ажилтнууд Дайверс ХХКомпанийн суурилуулсан модуль программыг ашиглан 2015 оны 3 дугаар сараас Шаргалжуут рашаан сувилал, Аварга Тосон рашаан сувилалд Улаанбаатар хотоос амрах 700 гаруй амрагчийн бүртгэлийг хийж 380 000 000 орчим төгрөгийн үнийн дүн бүхий захиалга авсан.Шаргалжуут рашаан сувилал ХХКомпанийн санхүүгийн ажилтнууд Дайверс ХХКомпанийн суурилуулсан модулийг ашиглан 2015 оны компанийн гүйлгээ балансыг гаргасан байсан.Манай компани тухайн ажлын 30-40 хувийн төлбөр авалгүйгээр гүйцэтгэж урьдчилгаа төлбөрөө авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шаргалжуут рашаан сувилал ХХКомпани болон Аварга тосон рашаан сувилал ХХКомпаниуд нь хариуцагч Дайверс ХХКомпанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 9 785 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Шаргалжуут рашаан сувилал ХХКомпани болон Аварга Тосон рашаан сувилал ХХКомпаниуд Дайверс ХХКомпанитай 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.
Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч Дайверс ХХКомпани нэхэмжлэгч компаниудын захиалагын дагуу “Плутус” байгууллагын нөөцийн удирдлагын цогц праграмм хангамжийг нэвтрүүлэх, захиалагч компаниуд тохирсон хөлсийг гэрээнд заасны дагуу гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээж тохиролцсон байна.
Мөн талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх нэмэлт гэрээг байгуулсан байх бөгөөд энэ гэрээгээр 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн гэрээгээр тохиролцсон ажлын үе шат ба хугацааг нарийвчлан тодорхойлж дээрх гэрээний дагуу хийгдэх ажлыг 4 үе шаттайгаар хийгдэхээр тохирсон байна.
Тухайлбал 1 дүгээр үе шатанд “гэрээний 4.3.1-т заасан бэлтгэл ажил дууссаны дараа үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг гэснийг аль нэг компанид баазын бүртгэл хийж программд гүйлгээ хийж эхэлснээр төлбөрийг төлнө” гэж талууд тохиролцжээ.
Зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Дайверс ХХКомпани нь гүйцэтгэх ажлын 1 дүгээр үе шат болох гэрээний 4.3.1-т заасан бэлтгэл ажлыг хийж дуусгасан байх бөгөөд үүний дагуу ч нэхэмжлэгч байгууллага гэрээнд тохирсноор үүргийн гүйцэтгэлийн 9 785 000 төгрөгийг Дайверс ХХКомпанид төлсөн байна.
Гэтэл Дайверс ХХКомпанийн нэхэмжлэгч байгууллагад нэвтрүүлсэн захиалын модулын суурилуулсан программ нь алдаатай, доголдолтой, ашиглах боломжгүй байсны улмаас хуучин хэрэглэж байсан программыг буцаан ашиглаж байгаа гэж нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагууд нь Дайверс ХХКомпанийн суурилуулсан захиалгын модулын программыг устгасан эсэх, хэзээ устгасан, одоо ямар программ ашиглаж байгаа тухайгаа баримтаар нотлоогүй байна.
Нэхэмжлэгч байгууллагууд өмнө нь хэрэглэж байсан программаа буцаан хэрэглэсэн гэж тайлбарлаж байгаа, улмаар Шаргалжуут рашаан сувилал ХХКомпанийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн цахим захианы тухай гэх баримтаас үзэхэд нэхэмжлэгч байгуулага нь талуудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээнээс дээрх үндэслэлээр татгалзсан байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т “Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж заасан байдаг тул гүйцэтгэсэн ажлын төлбөрийн мөнгийг Дайверс ХХКомпани буцаан захиалагч байгууллагад өгөх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Дайверс ХХКомпаниас ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 9 785 000 /есөн сая олоон зуун наян таван мянган/ төгрөг буцаан гаргуулахыг хүссэн Шаргалжуут рашаан сувилал ХХКомпани болон Аварга Тосон рашаан сувилал ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 600 /нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун/ төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигчид шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН