Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч Г.Ундрах,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ***,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ***дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ээж, Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 0 дүгээр багт аав, ах, дүү нарын хамт оршин суух, Эмч ургийн овогт ******* *******,

                      Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт *******ийн гээгдүүлсэн ОРРО А-72 загварын гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

.

           Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэг: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ээжийнд очихдоо дэрсний наанаас утас олсон. Айсан байсан болохоор ээждээ хэлээгүй. Дараа нь ээждээ үнэнээ  хэлсэн. Утсыг нь өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн ***тоот хавтаст хэргээс

 

  1. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний "Капитал зууч" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч ***ын ирүүлсэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт *******ийн гээгдүүлсэн А-72 загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж авсан гэх хэрэгт зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх гар утсыг зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 09 дүгээр сарын байдлаар 750,000 (Долоон зуун тавин мянган) төгрөг байна. /хавсралт № 01/ Энэхүү үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар тушаалаар олгосон "Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн № 071200029 тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх эд зүйлийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар хийсэн болно..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-14 хуудас/
  2. 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 03/22 дугаартай магадалгаагаар яллагдагч ******* нь Оюуны хөнгөн хомсдол өвчтэй байна. Уг өвчин нь төрөлхийн байх магадлалтай сэтгэн бодож чадвар ялимгүй буурсан байх ба өөрийн хийсэн үйлдлээ бүрэн мэднэ.Түүнд эмнэлгийн чанартай албадлагын apra хэмжээ шаардлагагүй. Өнгөрсөн хэргийн талаар ухамсарлаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болно..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 хуудас/

3. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос ***, ***нарын хамтаар Сант суманд ирсэн юм. Замдаа ***жолоо барьж байсан тул ***бид 2 замдаа нэг шил Хараа архи хувааж уусан. ***Сант сум орж ирээд гэрийнхээ гадаа буугаад үлдэхээр нь ***машин бариад ***гэрт 7-8 цагийн орчимд очсон. Бид хоёрыг ороход *********эгч 2 байсан ба гэртээ цайгаа чанаад байж байсан. Тэгээд бид 2 орон дээр унтахад тэр хоёр ажилдаа явна гэж байсан Тухайн үедээ би гар утсаа толгойныхоо хажууд тавьчхаад унтсан гэж санаад байгаа юм. 14 цагийн үед босоод ирэхэд ***сэрчихсэн байсан ба чиний утас чинь холбогдохгүй байна гэж хэлхээр нь дэлгүүр орж гоймон худалдан авч идчихээд ******* гэр рүүгээ явсан ба би гэртээ хариад унтсан. Маргааш буюу 09 дүгээр сарын 29-ны өдөр ***нд очиж гар утсаа асуухад мэдэхгүй гэж хэлхээр нь *** ***эгч хоёр дээр очиход мөн мэдэхгүй гэж байсан. Тэгээд сүүлд ***эгчийн хүргэний гэрт ороход миний утсыг барьчихсан сууж байхаар нь энэ миний утас байна шүү дээ гэж хэлэхэд цаанаас нь нэг охин би наад утсыг чинь Дарханаас авсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь хүргэн ***охин ***нарыг дуудаад үзүүлэхэд таны утас мөн байна гэж хэлж байсан. Тэгэхэд тэр айлд байсан охин энэ таны утас бишээ би Дарханаас худалдаж авсан юм гэж хэлсэн ..." гэх мэдүүлэг, /хх-ийн 40-43 хуудас/

  1. Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос ***, ***нарын хамтаар Сант суманд ирсэн. Тухайн үед ***жолоо бариад *** бид 2 нэг шил архи хувааж уугаад ирсэн юм. Замдаа ***гэртээ бууж үлдсэн ба би ***н гадаа буугаад үүрээр гэрт нь орж унтсан юм. Тухайн үед *** машиндаа үлдсэн тэгээд 11 цагийн орчимд сэрэхэд *** миний хажуугаар унтаж байсан ба ***ын гэрт хүнгүй байсан. Сэрээд ***утас байхгүй байна гэхээр нь утас руу нь залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Мөн ***рүү залгаж гар утсыг нь асуухад машиных нь голын хайрцаг дээр байсан гэж хэлсэн тэгээд ***утсаа хайгаад ололгүйгээр гэр рүүгээ явсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45 хуудас/
  2. Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2021 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай гэрт *******гийн хамтаар согтуу орж ирээд танай нөхөр ***тай нэг шил 0.5 литрийн архи хувааж уугаад унтсан. Өглөө 07 цаг 30 минутын үед би гэрээсээ гарч яваад охин ***нд очиж хүүхдийг нь харсан юм Харин тэр өдөр Б-в 08 цаг өнгөрөөгөөд айлын ногоо хураахаар явсан ба манай гэрт *******, ******* 2 унтаад үлдсэн байсан. Тэгээд орой 18 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрт ямар нэгэн хүн байгаагүй *******, *** хоёрыг хэдэн цагт босоод явсныг мэдээгүй. *** манай гэрт байхдаа ямар нэгэн гар утас хэрэглээгүй болохоор ямар утастай байсныг нь мэдэхгүй байна. Манай охин надад гар утас олсон талаараа тухайн үедээ хэлээгүй юм. Харин *******г ирээд миний утас байна гэж хэлснээс хойш асуухад гэрийн гаднаас 09 дүгээр сард олсон юм гэж надад хэлсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуудас/

6.Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2021 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сант суманд эмээгийнхээс гараад гэртээ харих гээд явж байтал манай гэрийн гадна нойлын хажууд дэрсэн дотор нэг гар утас хэвтэж байхаар нь авчихсан юм. Тэгээд тэр утсыг олсон талаараа гэрийнхэндээ огт хэлэлгүйгээр өөрөө ашиглаж байсан юм.Тэгсэн манай анай Одгэрэл чи хаанаас энэ утсыг авсан юм бэ гээд асуухаар нь би Дарханаас худалдаад авчихсан юм гээд хэлчихсэн.Тэгээд би тэр утсанд өөрийн юнителийн ***гэсэн дугаараа хийгээд ашиглаж байсан юм. Би тухайн утсыг олоод нэлээн хэд хоног ашигласны дараа 2021 оны 10 дугаар cap гаргаад манай гэрт ******* гэх хүн ирээд байж байснаа утсаар хүргэн охин хоёроо дуудаад миний олсон утсыг хүргэн охин хоёртоо үзүүлээд энэ миний алга болгосон утас мөн л байна даа" гээд байхаар нь би тухайн утсыг анхнаасаа хүмүүст худалдаад авчихсан гээд хэлчихсэн байсан болохоор тухайн үед тэр ******* гэх хүнд би Дарханаас худалдаж авсан гээд хэлсэн юм. Тэгсэн ******* гэх хүн тэр өдөр манайхаас гарч яваад удалгүй маргааш нөгөөдөр нь цагдаад гомдол гаргачихсан байсан. Миний олсон утас нь "Самсунг А-72 загварын гар утас байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуудас / зэрэг нотлох баримтууд болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт *******ийн гээгдүүлсэн ОРРО А-72 загварын гар утсыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ээжийнд очихдоо дэрсний наанаас утас олсон. Айсан байсан болохоор ээждээ хэлээгүй. Дараа нь ээждээ үнэнээ  хэлсэн. Утсыг нь өгсөн...” гэх шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Оюуны хүндэвтэр хомсдол өвчний улмаас 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0441077 дугаартай актаар тогтоогдож байна. /хх-ийн 78/,

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******гийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Эмч ургийн овогт *******, *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаагаар хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА