Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 335

 

Ө.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч У.С,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч Ө.Бын гаргасан давж заалдах гомдлоор Ө.Бт холбогдох эрүүгийн 1806073922043 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Ө.Б, 1975 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............... тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 641 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /РД: ..................../,

Ө.Б нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их зайсан” эмнэлэгт тухайн эмнэлгийн эмч Н.Б-г “илүү өгсөн мөнгөнд гэдэсний эм бичиж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Ө.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Баас 128.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Бд олгох, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Ө.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Алтансүх бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “... Шүүх сэтгэц эмгэг судлалын 276 дугаартай дүгнэлтэд “Ө.Б нь тархины гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний зан төрхийн бусад органик эмгэг, шинж тэмдгийн уналт таталт, бухимдал сэтгэцийн эмгэгтэй байна. Ө.Б нь дээрх эмгэг нь тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн олдмол эмгэг болно. Дээрх эмгэг нь 1992 оноос тархины гэмтлийн шалтгаан өвчин эхэлсэн байх боломжтой байна. Уг эмгэг нь тархины гэмтлийн хожуу үе шатанд илэрдэг сэтгэцийн эмгэг болно. Ө.Б нь хэрэг хариуцах чадваргүй байна. Ө.Б нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай байна” гэх дүгнэлт гарсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно” гэж тус тус заасан.

Ө.Б нь өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хариуцах чадваргүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.

Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ө.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана” заасан. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичсэнийг дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Ө.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2018 оны 8 сарын 15-ны өдөр “Их Зайсан” эмнэлгийн эмч Эрдэнэчимэгээр хиймэл шүд хийлгэхээр очсон. Тус эмнэлгийн эмч Н.Б нь “доод арааны уян хиймэл шүдийг 60.000 төгрөгөөр хийнэ, 7-10 хоногийн дотор гаргачихна, хэрэв хүсвэл 30 хувийн нэмэлт төлбөр төлж 5 хоногийн дотор хийлгээрэй” гэсэн. Дараа нь “ажлын 7-10 хоног гэж хэлээ биз дээ, ажлын өдөр чинь 13-14 хоног шүү дээ” гээд инээгээд байсан. Н.Б нь намайг хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохыг мэдээд улсаас буцаагаад авчих юм чинь буян болчих гээд 70.000 төгрөг нэхсэн ба ээжээрээ тооцоо хийлгэж байгаа юм чинь яадаг юм гээд 10.000 төгрөг нэмж тушаасан. Мөн Н.Б нь намайг үзэж байхдаа “орой ирж 50.000 төгрөгөөр шинэ баримт бичүүлж, дээд шүдээ үнэгүй хийлгээрэй” гэсэн. Гэтэл халамжийн сангийн ажилтан нэг л удаа нөхөн төлбөр төлөхөөс дахин 50.000 төгрөгийн баримт авч ирвэл сан олгохгүй тул 120.000 төгрөгийн баримт л бичүүл гэсэн.

Шүд гарах сүүлийн өдөр Ө.Бтай уулзахад “өнөөдөр гараагүй байна, маргааш гарчихна, шүд бэлэн болсон тохиолдолд бид залгаж мэдэгдэнэ” гэсэн атлаа маргааш нь залгаагүй. Гэтэл шүүх хуралдаан дээр хохирогч нь “Ө.Быг бямба гаригт ирээрэй гэхэд ирээгүй” гэж худал хэлсэн. Даваа гаригт шүдээ авахаар очиход “шүд чинь гарчихсан, арай бэлэн болоогүй байна” гэхээр нь Эрдэнэчимэгийн өрөөнд орж “шүд яагаад удаад байгаа юм” гэхэд “би хатуу хиймэл шүдний эмч, уян шүд хийхгүй, нэг залуу хүүхэн шүдийг чинь хийж байгаа тул удаад байгаа, одоо алга байна” гэсэн. Энэ үед Н.Б орж ирсэн. Би түүнд “чи яагаад намайг мэдрэлийн согогтой гэдгээр далимдуулж хуураад байгаа юм” гэхэд дуугараагүй. Би гүйлгээд байгаагаа хэлээд 1, 2 ширхэг “Линекс” эм аваад өгчих гэхэд “... чам шиг донгио юмны гүйлгэх нь надад ямар хамаатай юм, хүлээж чадахгүй байгаа бол маргааш ирээч, шүд хийдэг өрөөнөөс гар, зайл ...” гэсэн. Би аргаа барахдаа шанаа руу нь цохисон. Хохирогч цохиулчихаад над руу мөн дайрсан ба хоолой боох хориотой мэх хийж амьсгаа алдуулснаар намайг бүр хүчтэй манаралд оруулсан. Миний бие хоолойн боолтоо тавиулж амьсгаа авахын тулд аргагүй хамгаалалт хийж түүний гарыг тавиулах гэж гар, толгой руу нь 4-5 удаа цохисон. Н.Б зүгээр ажлаа үргэлжлүүлэн хийсэн бол би бүр эргүүтэж манарсан байсныг гэрчүүд гэрчилнэ. Хохирогч шүүх хурал дээр “Ө.Б над руу 2 дахь удаагаа дайрч довтлохдоо 5-6 удаа цохисон” гэж худал мэдүүлсэн ч үүнийг нотлох баримт, бичлэг олдоогүй. Баянзүрх дүүргийн цагдаа дээр байцаалт өгөөд гарч ирэхэд хагас дутуу хийсэн шүдийг эмнэлгийн ажилтан надад өгсөн.

Дараа нь 2 долоо хоногийн турш 6 удаа энэ эмнэлэг дээр очиж шүдээ хуурайдуулж, янзлуулсан ч амнаас өмхий үнэр гараад байсан ба хятад хямд материалаар хийгдсэн тул одоо зүүхээ больсон. Би Э эмчээр шүдээ хийлгэх гэж 50 хоногийн турш хиймэл шүдгүй явсан тул өөр хүн хийж байгааг мэдээд хүчтэй цочролд орж, ухаан мэдрэлээ хянан удирдах чадваргүй болсон. Гэтэл анхан шатны шүүх хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн. Бодит байдал дээр би Н.Бас илүүтэй хохирсон болно.

Шүүгч шүүх хуралдааныг эхлүүлэхдээ шүүгдэгч, хохирогч нарт эрх, үүргийг тайлбарлаж өгөхдөө эрхээс илүүтэй, үүргийг түлхүү тайлбарласан.

Мөн шүүгч Э.Чингис нь шүүх хуралдаанд гол гэрч Э , кассын төлбөр хураагч хүүхнийг ирээгүй байхад улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нараас тэднийг оролцуулах талаар асуугаагүй хуралдааныг үргэлжлүүлсэн. Мөн шүүгдэгчид яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг цаг тухайд нь өгсөн эсэхийг шалган лавлаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг шүүгч шүүх хуралдааны явцад огт биелүүлээгүй. Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судлах үүргээ 100 хувь биелүүлээгүй. Ингэснээр шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүдийг харгалзаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтооход нөлөөлөх хэргийн чухал нотлох баримт болох видео бичлэгийг шүүх хуралдаанд үзүүлээгүй. Ингэснээр Н.Б нь хэрхэн шүүгдэгчийн хоолойг боон зуурчихаад тавихгүй байгаа хэсгийг огоорч, дан ганц яллагдагч нь хохирогч руу дайран довтолж хохироосон болгож худал дүгнэлт хийсэн. Гэтэл шүүгдэгч хоолойгоо боолгосноос болж бие нь хямарч ухаан нь самуурч юу болсныг ойлгохоо байсан.

Б нь надаас 128.000 төгрөг нэхэмжилсэн ч юуны зардал болохыг тайлбарлаагүй. Хэргийн материалд шүүх эмнэлэгт авахуулсан компьютер томографийн зурагны баримт хавсаргасан байсан. Хэвлэлийн технологи өндөр хөгжсөн өнөө цагт иймэрхүү хуурамч баримт хийх явдал байгаа.

Нотлох баримтыг шинжилсний дараа талууд, оролцогчдоос шүүхийн хэлэлцүүлэгт нэмж гаргах санал байгаа эсэхийг шүүгч асуугаагүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг дууссаны дараа шүүмжлэл сонсох ёстой ч энэ ажиллагаа мөн л явагдаагүй. Ингэснээр шүүмжлэлд яригдсан зүйлийн талаар хохирогчоос тайлбар авах боломж огт бүрдээгүй.

Мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх, цагаатгах талын баримтыг нотлох үүргийг хүлээсэн өмгөөлөгч, шүүгдэгчид энэ боломжийг олгоогүй. Тухайлбал шүүгч яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт ойлгогдож байгаа эсэхийг асууж, хэрэв шаардлагатай бол шүүгдэгчид яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн утгыг улсын яллагчаар тайлбарлуулах ёстой ч энэ үүргээ мөн л биелүүлээгүй. Шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед шүүх нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг илрүүлж, түүнийг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй ч яллагдагчаас бус хохирогчоос л зөвхөн мэдүүлэг авч энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх эсвэл хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ дээрхи албан хаагчдаас нэг нь ч биелүүлээгүй. Тодорхой нөхцөл байдлын улмаас хүчтэй цочрол үүсэж, агшин зуур явагддаг сэтгэцийн байдал нь Эрүүгийн хуульд заасан санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт  хэрэг үйлдэгдсэн байдаг бөгөөд ийм байдлаар үйлдэгдсэн бол хөнгөрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болдог. Эрүүгийн хуульд хохирогчид доромжлогдсон, түүний хууль бус бусад үйлдлээс өөрт нь хүнд хор уршиг учирсан, санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ өөрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломж алдсан бол сэтгэлийн онцлог цочролын үед гэмт хэрэг үйлдэгддэг. Хүндээр доромжлох гэдэгт хохирогч гэмт буруутай этгээдийн нэр төр, алдар хүндийг амаар буюу бичгээр ноцтой гутаасан, түүнчлэн угсаа гарал, үндэсний онцлог, бие эрхтний гажиг, зохисгүй байдал, өвчин эмгэгээр нь илтэд тохуурхан доромжилсон үйлдлийг хамруулна. Тэгвэл Н.Б нь намайг хүчтэй ёжлон доромжилсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гол нөхцөл байдлын нэг болох тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Ө.Б нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэхдээ хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж цочролд орж манарсан үедээ түүнийг цохисон.

Шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгөөр шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн аль ч үед нэмж мэдүүлэг өгч болдог. Гэтэл шүүгч энэ боломжийг огт олголгүй зөвхөн түүний өмгөөлөгчтэй харьцсан. Ингэснээр яллагдагчид гомдол хүсэлтээ гаргах, нотлох баримтыг дахин шалгуулах боломж олголгүй, зөвхөн хохирогч Баттулгын талд үйлчилсэн. Өмгөөлөгч Мандал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн үүргээс татгалзах эрхгүй гэдгээ умартан, миний үйлдсэн хэргийн тухай нэг ч юм асуулгүйгээр “хэргийг чинь уншчихсан, сайн ойлгосон, тодруулах зүйл алга, хурал дээр би юу хэлэхээ сайн мэднэ, тайвшир” гээд миний үгийг сонсохыг хүсээгүй. Шүүх хуралдаан дээр чин сэтгэлээсээ намайг өмгөөлөх сонирхолгүй оролцсон ба аль болох хурлыг хурдан дуусгахыг хүсч байсан. Мандал өмгөөлөгчөөс шүүгч юм асуухад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар “гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно гэсэн тул 1992 оноос хойш унаж эхэлсэн ч ноцтой юманд орооцолдоогүй Ө.Быг “Шар хад”-нд албадан эмчлүүлэхээс чөлөөлнө үү” гэхээс өөр юм яриагүй. Мандал өмгөөлөгч шүүх хурлын дэг, журам буруу явагдаж байгааг мэдсээр байж өөрийн эрх ашгаа бодон шүүмжлэл огт хэлээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэж заасан. Гэтэл шүүх хуралдааны үеэр талуудад хүсэлт гаргаж мэтгэлцэх боломжийг шүүгч огт олголгүй мэтгэлцэх зарчмыг бүрмөсөн хаасан ба үүнийг хурлын тэмдэглэлээс үзэж болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүх хуралдааны шүүмжлэл дууссаны дараа эцсийн үг хэлэхийг хуралдаан даргалагч шүүгдэгчид мэдэгдэх ба ийнхүү үг хэлж байхад шүүгдэгчид асуулт тавьж болохгүй” гэж заасан. Гэтэл шүүгч үүнийг зөрчин яллагдагчид эрүүгийн хэрэгтээ холбоотой юу ч ярьж болохгүй гэж дарамталж загнаж, шүүгдэгчийн үгийг цагаар хязгаарлаж, яриаг нь гүйцэт хэлүүлэлгүй зогсоож, шүүх хурлыг дуусгасан. Ингэснээр шүүгдэгчийн эцсийн үгэнд хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлын тухай сонсож талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлгийг сэргээж, шүүх хуралдааны шүүмжлэлийг дахин явуулж шүүгдэгчид эцсийн үг хэлэх боломж олгоогүй, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй. Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн.

Нэгэнт анхан шатны шүүх хуралдааны ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн олон заалтыг зөрчин, хохирогч Баттулгыг хамгаалж явагдсан тул шийдвэрийг нь эсэргүүцэж байна ...” гэв.

 

Шүүгдэгч Ө.Бын өмгөөлөгч У.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ө.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Ө.Б нь тархины гэмтлээс шалтгаалсан сэтгэцийн өвчтэй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт гарсан. Анхан шатны шүүхээс хэрэг хариуцах чадваргүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Ө.Б нь халамжийн мөнгөөр амьдардаг. “Хохирлын 128.000 төгрөгийг би төлж чадахгүй байна” гэх давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Ө.Б нь 1997 оноос хойш сэтгэцийн өвчтэй болсон ба тухайн үеэс хойш өөрт болон бусдад ямар нэгэн байдлаар ноцтой хохирол учруулж байгаагүй, биеэ зөв авч явж чаддаг. Тухайн үед эмнэлэгт хууртагдсан гэж маргалдаж, бухимдсанаасаа болж энэ хэрэгт холбогдсон. Заавал эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй тул прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ө.Бт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Ө.Бт холбогдох хэрэгт шүүгдэгчийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар, хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоох зорилгоор Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 358 дугаартай шүүгчийн захирамжаар шинжээч томилжээ.

Уг шүүгчийн захирамжийн дагуу Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 276 дугаартай “...Ө.Б нь тархины гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, шинж тэмдгийн уналт таталт, бухимдал сэтгэцийн эмгэгтэй байна... Ө.Б нь хэрэг хариуцах чадваргүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай байна, Дээрх эмгэг нь олдмол эмгэг бөгөөд 1992 оноос эхэлсэн байх боломжтой. Уг эмгэг нь гэмтлийн хожуу үе шатанд илэрдэг сэтгэцийн эмгэг болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 102-106/ гарсан байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзвэл Ө.Б нь хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэж, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг заавал тогтоох шаардлага үүссэн байна.  

Гэтэл анхан шатны шүүх дээрх асуудлуудыг шийдвэрлэлгүйгээр Ө.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, зайлшгүй шийдвэрлэх нөхцөл байдал шинээр бий болсон байхад түүнийг шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно” гэж тус тус заажээ.

Шүүх хуулийн дээрх зүйл, заалтын дагуу Ө.Бт албадан эмчилгээ хийлгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлээгүй байгааг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.  

Дээрх асуудлуудыг шийдвэрлэсний эцэст гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг Ө.Б, эсхүл түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон хүний хэн нь төлж барагдуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.   

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээс “... Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаахаар шийдвэрлэлээ. 

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ө.Бын гаргасан давж заалдах гомдлыг энэ удаад хэлэлцээгүй орхисныг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

    

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Ө.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                             Н.БАТСАЙХАН

 ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН