Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2020/0506/З |
Дугаар | 128/ШШ2021/0043 |
Огноо | 2021-01-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2021/0043
2021 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 128/ШШ2021/0043 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК /РД:******/
Хаяг: *************
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хаяг: *************
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/**8 тоот захирамжийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Я.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : ...Манай С ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах ****** нэртэй шаврын орд газарт Ашигт малтмал газрын тосны газраас 2007 оны 01 сарын 29-нд 30 жилийн хугацаатай олгосон **** тоот Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Тус ордод түшиглэн Барилга хот байгуулалтын яамнаас олгосон аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн дагуу материал үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Бид үйл ажиллагаагаа байгаль орчин, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаатай холбогдох бүхий л хууль тогтоомж, дүрэм, журмыг баримтлан явуулдаг бөгөөд эдгээртэй холбоотой дараах баримт бичгүүдийг эрх бүхий байгууллагаар батлуулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байна. Үүнд:
1. Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр батлагдсан техник, эдийн засгийн үндэслэл, түүний тодотгол.
2. Жил бүрийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газраар батлуулж.
3. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг Нийслэлийн байгаль орчны газарт хүргүүлж дүгнүүлж
4. Жил бүрийн Ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн байгаль орчны газраар батлуулан, мөн газарт эцсийн байдлаар тайланг хүргүүлж ажиллаж байна.
Мөн жил бүрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудад хамрагддаг бөгөөд тухай бүрд өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэн хангалттай дүгнүүлж ажиллаж байна. Хамгийн сүүлд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хяналт шалгалт хийж 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02-05-198-/774 тоот Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, Ил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн холбогдох заалтыг биелүүлж ажиллаж байна гэж дүгнэгдсэн.
Гэтэл Нийслэлийн Байгаль орчны газраас 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн байгаль орчны газрын улсын байцаагчид манай компани болон зэрэгцээ тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниуд дээр хүрэлцэн ирж сонсох ажиллагаа хийх тухай гэсэн нэртэй бичгийг үзүүлсэн бөгөөд түүнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны Иргэдийн аюулгүй ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай 05 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлж ажилласан талаар болон иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж дуусгавар болгох гэж байгаад сонсох ажиллагаа хийж байна гэсэн байсан.
Тус бичигтэй холбогдуулан манай компани болон тухайн газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий компаниуд Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Байгаль орчны газарт хандан 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Манай байгууллагуудын үйл ажиллагаа иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхээ хэрэгжүүлэхэд хэрхэн саад болж байгаа талаар, тус үйл баримтыг хэзээ, хэн хэрхэн яаж тогтоосон талаарх мэдээлэл баримтыг гаргаж өгөх, манай байгууллагуудын эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг хуулийн ямар үндэслэлээр цуцлах эсхүл дуусгавар болгохоор төлөвлөж байгаа бөгөөд түүнийг хэрхэн тогтоосон талаар мэдээлэл, баримтыг гаргаж өгөх хүсэлтийг гаргасан.
Мөн манай компаниудын өмгөөлөгч Ө.Э 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Байгаль орчны газарт хандан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 15 дугаар зүйлийн 15.1.1 24 дүгээр зүйлийн 24.1, 2 дугаар зүйлийн 2.5.1-д заасан үүргээ тус тус биелүүлж, шийдвэр гаргах ажиллагаанд компаниудын төлөөлөл, өмгөөлөгчийг оролцуулан холбогдох баримтыг нягтлан шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр явуулах. Тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл үүсээгүйг анхаарч үзэх шаардлага өгсөн.
Гэвч дээрх хүсэлт, шаардлагад хариу өгөхгүй байсаар 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газраас утсаар дуудахад хүрэлцэн очиход манай болон зэрэгцээ тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 6 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 сарын 02-ны өдрийн А/**8 тоот захирамжийг гардуулсан.
Тус захирамжид Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8, 11 12-р хороодын нутаг дэвсгэрт шавар олборлож, тоосгоны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа тул" хэмээн дурдаад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг үндэслэж, манай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35 1.3-д Аймаг Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан бол мөн хуулийн 35.1-д зааснаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор зохицуулжээ.
Харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37 1.1-37.1.4-д тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг нэрлэн заажээ.
Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д Аймаг Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгааг дурдалгүй хууль зүйн болон бодит нөхцөл үндэслэлгүйгээр манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Манай компанийн үйл ажиллагаа хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа зүйл байхгүй. Бид байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хэрэгжүүлж, жил бүрийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг Нийслэлийн Байгаль орчны газраас хангалттай үнэлэгддэг бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирсэн шалгалтаар мөн тухай бүрд сайн үнэлгээ авсаар ирсэн.
Иймд Захиргааны ерөнхий хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/**8 тоот захирамжийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны мэдээллээр Найрамдал шаврын ордод түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөл бүхий талбайд 170 иргэний эзэмшил газрууд давхацдаг байна. 2014 онд Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг Найрамдал ордод олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01/970 дугаартай албан бичгээр тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг 2015 оноос эхлэн хааж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг-т дурдагдсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх болсныг мэдэгдсэн. Иргэдийн гаргасан гомдол мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газраас хамтарсан шалгалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ноос 28-ны хооронд гүйцэтгэсэн. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар С ХХК, Э ХХК -ийн тус бүр 1 тусгай зөвшөөрлийг цуцалсан ч Э ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2018 онд сэргээсэн.
Дүүрэг, Нийслэлийн Засаг даргад хандан дээр дурдсан нөхцөл байдал нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг доройтуулж байгаа талаар гомдол гарч, тухайн ордод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт олон удаа ирсэн.
Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас Нийслэлийн Засаг даргад дээрх аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт ирсэн. Уг хүсэлтийн дагуу Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүн, өмнөх үзлэг шалгалтуудаар илэрсэн зөрчил, дутагдал хэвээр байгаа нөхцөл байдлыг харгалзан зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох захирамж гарсан болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/**8 дугаар захирамжийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
С ХХК Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ****** нэртэй газарт Ашигт малтмалын кадастрын хэлтсийн даргын 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ********* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн[1] дагуу Барилгын материалын үйлдвэрлэл, Керамик тоосгоны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхэлдэг аж[2].
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/**8 дугаар захирамжаар[3] С ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ... Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8, 11, 12 дугаар хороодын нутаг дэвсгэрт ... үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа... гэсэн үндэслэлийг дурдаж хүчингүй болгожээ.
Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс ... Сонгуулийн үеэр Д.С Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороонд нэр дэвшиж байхдаа Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалаа ашиглан Нийслэлийн Засаг дарга руу албан бичиг явуулж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцалсан... гэж маргасан болно.
1.Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Аймаг, Нийслэлийн Засаг дарга газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, мөн 2 дахь хэсгийн 4-т энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох, харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно, 35.1.3 Аймаг, Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мээс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хүсэлт уламжлах тухай 01/94 тоот ...Сонгинохайрхан дүүргийн 6,7,8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд технологийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулдаггүйн улмаас... иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдар эрх ноцтой зөрчигдөж байна гэсэн агуулга бүхий албан бичгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Ст хүргүүлжээ.
Харин Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаас 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01/1338 дугаар Хүсэлт уламжлах тухай дээрх агуулга бүхий албан бичгийг эрх хэмжээнийхээ хүрээнд арга хэмжээ авч шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад уламжилжээ[4].
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх албан бичигт дурдсан асуудлаар ажиллагаа хийх чиглэлийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өгсөн тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/212 тоот удирдамжийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр С ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 02-05-369/771 дугаар дүгнэлтийг[5] гаргасан байна.
Гэтэл уг шалгалтаар ...тусгай зөвшөөрөл эзэмшигч С ХХК эрх зүйн баримт бичгийн бүрдүүлэлт хангаж, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэмд заасныг тус тус биелүүлсэн гэж дүгнэжээ.
Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн[6] Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ****** нэртэй газарт Тоосгоны шаврын ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийн 2019, 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг Нийслэлийн Байгаль орчны газраар хянуулсан.
Мөн 2019, 2020 онуудын ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн Байгаль орчны газрын даргад танилцуулж батлуулсан.
2019 онд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ****** нэртэй газарт Тоосгоны шаврын ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийн техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг хийлгэсэн.
2020 онд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол тайлан болон 2020-2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ерөнхий шинжээчээр батлуулсан байна.
Эдгээр нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ****** нэртэй газарт С ХХК-ий үйл ажиллагаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Газрын хэвлийн тухай хуульд заасан шаардлагын хүрээнд явагддаг болохыг нотолж байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...иргэд гомдол гаргасан...талаар дурдаад 18 иргэний нэр бүхий хүсэлтийг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн болно.
Гэтэл тус гомдолд ...тоосгоны үйлдвэрийн утаа, тоосонцор нь 5 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамаардаг 20-25 жил утаа тоосонцор хоёроор амьсгалж ирлээ... гэж дурджээ.
Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг Захиргааны шүүх хэрэгжүүлдэг болохын хувьд уг тайлбар, нотлох баримттай холбогдуулан ажиллагааг хийхэд нэр бүхий 18 хүний өргөдлийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу маргаан бүхий акт гарснаас хойш бичүүлсэн[7].
Энэхүү гомдолд бичигдсэн иргэдийн хэд нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэд болох С ХХК-ийн үйлдвэрлэлийн улмаас үүссэн утаа, тоосонцор зохих хэмжээнээс хэтэрсэн эсэх, иргэдийн биед бодит аюул бий болгож байгаа, тухайн орчны бохирдлыг үүсгэгч нь нэхэмжлэгч компани мөн эсэхийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, акт, байхгүй.
Энэ талаар гомдол гаргагч иргэдийн өргөдөлд хавсаргаж ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл С ХХК-ийн үйл ажиллагаанд хууль зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй, тус компанийн үйл ажиллагааны улмаас Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан гэх хөдөлбөргүй нотлох баримт олдоогүй болно.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий 2020 оны А/**8 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасан ...шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх... үүргээ хэрэгжүүлээгүй.
С ХХК-ийн үйл ажиллагааны улмаас иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хэрхэн хөндөгдөж, ямар бодит хохирол учирсан гэдгийг тодруулах бодит ажиллагаа хийгээгүй буюу маргаан бүхий актын үндэслэл болсон үйл баримт тогтоодохгүй байх тул уг актыг хууль бус гэж шүүх дүгнэлээ.
3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална гэжээ.
Гэтэл хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ********* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон; 37.1.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, 37.1.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан, 37.1.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон үндэслэл тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлгүй байна.
4. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/18 тоот Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох тухай захирамж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03-07/116 тоот Нийслэлийн Засаг даргын тамгын газар руу хүргүүлсэн ...суурьшлын бүсэд орсон... гэх агуулга бүхий албан тоотыг шүүхэд ирүүлсэн.
Гэвч маргаан бүхий акт буюу Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/**8 дугаар захирамжийн үндэслэлд дээрх баримтуудын талаар огт дурдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ талаар тайлбар гарган маргаж байгаагүй, холбогдох баримтыг ирүүлж байгаагүй тул шүүх энэ асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Учир нь энэ үйл баримтын талаар Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааг явуулан дахин шинэ акт гаргах эсэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал тул дүгнэлт өгөөгүй болно.
5.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 ... байгаль орчныг хамгаалах талаар..., 29.1.3/н Нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах, 29.1.3/л Цэцэрлэгт хүрээлэн, зүлэгжүүлсэн талбай байгуулах, мод, бут сөөг тарьж ургуулах ажлыг зохион байгуулах нийтлэг бүрэн эрхийг Нийслэл,... дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхээр байна.
Шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг хийх явцад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд амьдарч байгаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг тухайн хороо, дүүргийн Засаг дарга нар дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд бодит ажил хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг дурдах нь зүйтэй.
Иймд С ХХК-ийн үйл ажиллагааны улмаас иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал хөдөлбөргүйгээр тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/**8 дугаар захирамжийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/**8 дугаар захирамжийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР