Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 000/0000/0000/З |
Дугаар | 221/МА2014/0417 |
Огноо | 2014-10-29 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2014/0417
2014 оны 10 сарын 29 өдөр Дугаар 417 Улаанбаатар хот
Х.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Түвшинжаргал, нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Х.Б-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл- Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Б 2014 оны 03 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Цагаанхайрхан суманд зохион байгуулагдсан “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймэртэй тэмцэх тухай” арга зүйн сургаалтанд оролцохдоо архи хэрэглэсэн. Ажлын байрыг зөвшөөрөлгүй дур мэдэн орхиж явж, хуурамчаар цагийн бүртгэлийг үйлдсэн. 2014 оны 04 дүгээр сарын 21, 22- ны өдрүүдэд ажил тасалж мөн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр ажил үүргийг нь дуусгавар болгохоор шийдвэрлэсэн байтал түүнээс өмнө ажлын байрыг орхиж явсан. Энэ үндэслэлүүдээр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг удаа дараа хариуцлагагүй хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн. Өмнө нь 2 удаа сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Х.Б хөдөлмөрийн дотоод журам мөрдөх, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдөх, ажлын байрны тодорхойлолтын 3, 5 дугаар үндсэн зорилтуудыг хангалтгүй биелүүлсэн тул 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Н.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газарт архив бичиг хэргийн эрхлэгч хийж байгаад, 2012 оны 04 дүгээр сард төрийн албаны мэргэжлийн шалгалт өгч хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтний орон тоонд томилогдон ажиллаж байсан. 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн учраас 05 дугаар сарын 01-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2.4 дэх заалтын дагуу Төрийн албаны салбар зөвлөлийн саналыг үндэслэн Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний орон тоо гарч томилогдсон гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 24-р шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-ын Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2997201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээртэй шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Г 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн үед намайг дуудаад, Засаг даргын 60 дугаар албан тоотыг танилцуулж, чамайг ажлаас халлаа "архи уусан” гэж байна гэсэн. 2014 оны 04 дүгээр сарын 23-нд “хариу мэдэгд” гэсэн тэгэхэд нь би “архи уугаагүй” талаараа хэлэхэд, бидний хооронд үл ойлголцол бий болсон тул "нэгэнт халагдах юм бол би ажил хийхгүй” та тушаалаа гаргаад өгөөрэй гэж хэлээд гарсан. Тэрнээс хойш ажилдаа очоогүй бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалыг 2014 оны 04 дүгээр сарын 23-нд гаргасныг би 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гардаж авсан.
Нэгэнт халагдах нь тодорхой байхад ажил тасалсан, давтан зөрчил гаргасан, сахилгын шийтгэл хүлээлгэн ажлаас халсан гэж хариуцагч тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн үдээс өмнөх ажил тасалсан нь үнэн бөгөөд энэ зөрчилд тохирсон хариуцлага хүлээхэд харамсах зүйлгүй болно.
Шүүх уг тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй, мөн хууль ёсны дүгнэлт хийсэн боловч энэ заалт нь уг тушаалд байснаараа нэхэмжлэгчийг цаашид төрийн албанд ажиллах боломжгүй болгож, эрх ашгийг хохироосон, дүгнэлт хийгээгүй нь уг тушаалыг хэвээр үлдээх үндэслэл болсон гэж үзэж байна.
Аливаа захиргааны акт нь хуулийг зөв хэрэглэсэн байх ёстой гэтэл Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/06 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн хоёр өөр утга, агуулга бүхий заалтыг зэрэг баримталсан байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хангалттай үндэслэл байхад шүүх хэвээр үлдээсэн нь өөрөө хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн юм.
Энэ жишгээр бол захиргааны байгууллага, албан тушаалтан ойролцоо утга агуулга бүхий заалтуудыг бүгдийг нь баримтлан акт гаргасан байхад, шүүх аль нэг заалт нь зөв байвал уг актыг хэвээр үлдээх ёстой гэсэн ойлголтыг бий болгож байна.
Иймд хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Х.Б нь Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 6/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд хариуцагчийн нэрлэн заасан зөрчил тус бүрийг хянан үзэхэд:“Сургалтын үеэр архи уусан” гэх зөрчлийн тухайд:
2014 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд нэхэмжлэгч сургалтад хамрагдсан бөгөөд сургалтад оролцсон гэрчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд нэхэмжлэгчийг архи уугаагүй, сургалтад бүрэн хамрагдсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч дээр зөрчлийг гаргасан гэдэг нь тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
-байгууллагын дуран үрэгдүүлсэн” гэх зөрчлийн тухайд:Нэхэмжлэгч нь байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа албаны дуран үрэгдүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. Гэвч энэхүү зөрчлийг захиргааны байгууллага 2013 оны 10 дугаар сарын 17-нд илрүүлсэн байх боловч тухайн үед нь хуулийн хугацаанд сахилгын шийтгэл оногдуулж байгаагүй байна. Нэхэмжлэгч дурангийн үнийг нөхөн төлж, байгууллагыг хохиролгүй болгохоо хүлээн зөвшөөрсөн байна.
-“ажил тасалсан” гэх үндэслэлийн тухайд: Хариуцагчаас Х.Б-ыг “2014 оны 04 дүгээр сарын 14-ний үдээс өмнө ажилдаа ирээгүй” гэж тайлбарласан, нэхэмжлэгч энэхүү зөрчлийг гаргасан болохоо хүлээн зөвшөөрчээ.
Харин 04 дүгээр сарын 21-ний үдээс хойш ажилдаа ирээгүй шалтгааныг нэхэмжлэгчээс “үдээс хойш дарга дуудаж, Засаг даргын албан бичиг ирсэн, чамайг ажлаас хална” гэсэн тул би сэтгэл санааны хямралд орж явсан, 04 дүгээр сарын 22, 23-ны өдөр нэгэнт халах учир ажилдаа очоогүй, гэтэл энэ байдлыг зөрчилд тооцож, ажлаас халах үндэслэл болгосон нь шударга бус” хэмээн маргаж байх ба хариуцагчаас “04 дүгээр сарын 21-нд нэхэмжлэгчтэй уулзаагүй” гэж тайлбарлаж байх боловч үүнийг нотолсон баримт хариуцагчид байхгүй байна.
Энэ тохиолдолд захиргааны байгууллага нь нэхэмжлэгчтэй уулзаагүй тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч нь нэхэмжлэгчийн оронд өөрт хамаарал бүхий этгээдийг ажилд томилж, хувийн сонирхлоор хандсан зэргээс үзэхэд захиргааны байгууллагын шийдвэр шударга ёс, тэгш эрхийн зарчимд үндэслэсэн эсэх нь эргэлзээтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын Хоёрын 4, 5-д зааснаар захиргааны байгууллага нь төрийн албан хаагчид хариуцлага тооцохдоо түүний гаргасан зөрчлийг шалгаж тогтоох, баримтжуулах, нэхэмжлэгчид танилцуулах, гардуулах, гомдол гаргах эрхээр хангасан байх ёстой.
Нэхэмжлэгчид урьд нь 2 удаа сахилгын шийтгэл оногдуулсан байх боловч эдгээр нь ямар зөрчил гаргасан болох, түүнийг хэрхэн шалгасан, тогтоосон, хөөн хэлэлцэх хугацаанд байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Тухайлбал 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр а/06 дугаар тушаалаар цалин бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан, ингэхдээ “ажлын хариуцлага алдсан” хэмээн нэхэмжлэгчийг буруутгажээ. Нэхэмжлэгчээс “би ийм зөрчил гаргаагүй, би постод байж байсан” гэж маргаж байх ба хариуцагчаас энэхүү байдлыг шалгаж тогтоосон баримт байхгүй, зөрчлийг гаргасан он сар, өдөр тодорхойгүй зэргээр эргэлзээтэй байна.
Хариуцагчаас “энэ зөрчлийг гаргасан болох нь 2013 оны 04 дүгээр сарын 22- ны өдрийн Хурлын тэмдэглэл нотолно” гэх боловч энэхүү тэмдэглэлд[1] “пост эзэнгүй орхисон” гэж тэмдэглэгдсэн нь зөрчил гарсан болохыг нотлох баримт биш юм. Зүй нь энэ зөрчлийг мэдэх этгээдээс тайлбар авах, үйл явдлыг баримтжуулах, цаг хугацааг тодорхой болгох, нэхэмжлэгчийг тайлбар гаргах, дахин шалгалт явуулахыг шаардах эрх, гомдол гаргах эрхээр хангах ёстой байсан.
Мөн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 6/06 дугаар тушаалаар нэхэмжлэгчид цалин бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан ба үндэслэл нь “ажлын цагаар архи уусан” гэж буруутгажээ. Гэтэл нэхэмжлэгчээс “энэхүү зөрчлийг 2013 оны 09 дүгээр сарын 27-нд гаргасан, хариуцлага тооцох хугацаа өнгөрсний дараа хариуцлага тооцсон” гэж маргаж байх ба хариуцагчаас энэхүү байдлыг няцаасан нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Гэрч Ц.С-ын “09 дүгээр сарын 26-ны өдөр Х.Б-ыг хайгаад олоогүй, гэтэл сумын төвөөс зайдуу айлын гадаа согтуу байсан” гэх мэдүүлгээс[2] үзэхэд захиргааны байгууллага зөрчлийг илрүүлснээс хойш хуулийн хугацаанд хариуцлага тооцоогүй, мөн нэхэмжлэгчийг зөрчил хянан хэлэлцэх ажиллагаанд оролцуулаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй байна.
Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 4-д зааснаар хариуцагч нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоож, энэ тухай баримтыг хадгалах ёстой. Дээрх байдлаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан тушаалууд нь хууль, журмын дагуу гараагүй, эргэлзээтэй байх тул нэхэмжлэгчийг “удаа дараа зөрчил гаргасан” гэж дүгнэх боломжгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэл оногдуулах ёстой ба энэ тохиолдолд захиргааны байгууллага зөрчил гаргасан гэдгийг баримтаар нотлоогүй, зөрчлийг журмын дагуу шалгаагүй, сургалтын үеэр архи уугаагүй, үрэгдүүлсэн дуранг төлөхийг зөвшөөрсөн, нотлох баримтаар зөвхөн 14-ний үдээс өмнө ажилдаа ирээгүй болох нь тогтоогдсон, бусад зөрчлүүд тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчилд тохироогүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
Түүнчлэн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны дүгнэлт[3] гарсан байх боловч энэ нь маргаан бүхий тушаал гарсны дараа гарсан, цаг хугацааны хувьд тушаалын үндэслэл болоогүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин 2.997.201 төгрөгөөс холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг суутгаж, 2.434.733 төгрөгийг гаргуулахаар хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлтэй.
Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 6/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Б-ыг Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд эргүүлэн томилохыг даалгаж, хариуцагч Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.434.733 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: ШҮҮГЧИД: Д.БАТБААТАР |
Э.ЗОРИГТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ |