Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга M.Оргилтунгалаг,                                         

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайчууд овогт Нямцэрэнгийн Шинэбаярт холбогдох эрүүгийн 201625021697 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 8-р гудамж 264 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ЧД 86100671/ Тайчууд овогт Нямцэрэнгийн Шинэбаяр нь:

- 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвстгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Идэр “ дээд сургуулийн өргөтгөлийн байрны 3 давхарт байрлах “ Буурал трейд “ ХХК-ний эзэмшлийн сантехникийн бараа материал хураасан өрөөнд буюу агуулах саванд нэвтрэн орж 835.000 төгрөгийн эд зүйлс хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Гантэвнэ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагт ажил тарсан. Тэгээд маргааш өглөө манай ажлын гагнуурчин Н.Шинэбаяр гэх хүн залгаад “ Манай хаалгыг хөшөөд онгойлгосон байна. Хаалтууд нь алга байна “ гэж хэлэхээр нь би Н.Шинэбаярт “ Наад эд зүйлсдээ битгий гар хүрээрэй “ гэж хэлээд өөрөө “ Идэр “ дээд сургууль дээр 2016 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 09.00 цагт очсон. Хаалгыг хөшиж онгойлгосон, хураалттай байсан хайрцагтай хаалтнуудаас 6 ширхэг хайрцгийг суллаад доторх эд зүйлийг аваад явсан байсан. Манай эд зүйл хадгалсан өрөөнд ороход барилгын гаднах үндсэн нэг хаалга, өрөө рүү орох нэг хаалга буюу нийт 2 хаалга байдаг. Барилгын гаднах хаалгыг “ Идэр “ дээд сургуулийн харуулууд хариуцдаг. Харин манай хаалганы түлхүүр надад, манай ажилтан Энхбаатар, гагнуурчин Н.Шинэбаяр нарт байдаг. Би 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажил тарахад түр ажиллуулж байсан Баяр-Эрдэнэ гэх хүнд өөрийн түлхүүрээ үлдээсэн байсныг Н.Шинэбаяр авсан байсан. Би Н.Шинэбаярыг тухайн хулгайд сэжиглэж байсан. Учир нь хулгай болсныг мэдээд үүдний манаач Дамбаас асуухад танай ажилчин Н.Шинэбаяраас өөр хүн ороогүй гэж хэлсэн. Тэгээд камерын бичлэгийг шүүхэд Н.Шинэбаяр буцаж ороод хар цүнхтэй юм аваад гарч байсан болохоор сэжиглэж байсан. Хэргийн газрын үзлэгээр ирсэн цагдаа нарыг хараад Н.Шинэбаяр надад өөрөө би тоглоомоор авсан юм гээд хэлсэн. Н.Шинэбаяр барилга руу орохдоо гар утсаа мартжээ гээд орсон байсан. Харин Н.Шинэбаяр ажил тараад удаагүй байхдаа над руу залгаад утсаараа ярьж байсан. Нийт 855.000 төгрөгний хохирол учирсан байсан. Гэхдээ би Н.Шинэбаяраас бүх зүйлээ бүрэн авсан гэжээ. / хх 27 /

Гэрч Б.Цолмонбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Идэр дээд сургууль дээр 11 цагийн үед ирээд тус сургуулийн өргөтгөлийн хашаанд 13 цагийн үед ороод хамт ажилладаг Дамба гэх хүний машиныг 21 цаг хүртэл зассан. Тэр өдөр Ч.Гантэвнэ гэх инженертэй сантехникийн бригад “ Идэр “ дээд сургуулийн өргөтгөлийн байранд ажиллаж байгаад Ч.Гантэвнэ, Н.Шинэбаяр туслах нэг банди тэр гурав 17 цаг өнгөрөөд гараад явсан. Би цагийг нь сайн санахгүй байна. Түүнээс хойш 10 минутын дараа Н.Шинэбаяр “ Идэр “ дээд сургуулийн өргөтгөлийн байр руу гар утсаа мартчихлаа гээд буцаад орсон. Ороод 30 гаран минутын дараа хар цүнхтэй юм бариад гарч ирсэн. Уг нь орохдоо тэр цүнхтэйгээ байсан. Ажил тарсны дараа Н.Шинэбаяраас өөр хүн ороогүй гэжээ. / хх 29 /

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 6, 9-10 /

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх 16 /

Эд зүйлийн үнэлгээ / хх 15 /,

Шүүгдэгч  Н.Шинэбаярыг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 38-39 /, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 40-42 /,

Шүүгдэгч Н.Шинэбаярыг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 56  / зэрэг болно.

Шүүгдэгч Н.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хувиараа гагнуурын ажил хийдэг юм. 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “ Идэр “ дээд сургуулийн өргөтгөлийн ажилд гагнуурчнаар ажиллаж байгаад мөнгөний хэрэг гарсан тул бараагаа хадгалдаг өрөөг өөрт байсан түлхүүрээр онгойлгон орж, сантехникийн хаалт 36ш, шилжүүлэг 25ш, коплектор 4ш хулгайлан өөрийнхөө ажлын хувцас хийдэг цүнхэндээ хийж гарсан. Ингээд цагдаа дуудахаар нь тоо ёсоор буцаан өгсөн. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.Шинэбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвстгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Идэр “ дээд сургуулийн өргөтгөлийн байрны 3 давхарт байрлах “ Буурал трейд “ ХХК-ний эзэмшлийн сантехникийн бараа материал хураасан өрөөнд нэвтрэн орж, сантехникийн хаалт 36 ш, шилжүүлэг 25 ш, коплектор 4 ш хулгайлан 835.000 төгрөгийн эд зүйлс хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 6 /, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 9-10 /, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх 16 /,  эд зүйлийн үнэлгээ / хх 15 /, …Манай ажлын гагнуурчин Н.Шинэбаяр гэх хүн залгаад манай хаалгыг хөшөөд онгойлгосон байна. Хаалтууд нь алга байна гэж хэлэхээр нь би очтол хаалгыг хөшиж онгойлгосон хураалттай байсан хайрцагтай хаалтнуудаас 6 ширхэг хайрцгийг суллаад доторх эд зүйлийг аваад явсан байсан. Н.Шинэбаяраас бүх  зүйлээ бүрэн авсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ч.Гантэвнийн мэдүүлэг / хх 27, 58 /,  …  2016 оны 06 дугаар сарын 04-ны өдөр өргөтгөлийн байранд ажиллаж байсан Ч.Гантэвнэ, Н.Шинэбаяр, туслах банди 17 цаг өнгөрөөд гараад явсан. Түүнээс хойш 10 минутын дараа Н.Шинэбаяр гар утсаа мартчихлаа гээд буцаад орсон. Ороод 30 гаран минутын дараа хар цүнхтэй юм бариад гарч ирсэн.  Ажил тарсны дараа Н.Шинэбаяраас өөр хүн ороогүй гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Цолмонбаатарын мэдүүлэг / хх 29 /, … эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 17 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Н.Шинэбаярыг бусдын агуулах саванд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохиролгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Нямцэрэнгийн Шинэбаярыг бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Шинэбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.Шинэбаяр нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Н.Шинэбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

5. Н.Шинэбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ