Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/­­­­140

 

 

 

  

 

 

2021 оны 12 сарын 20 өдөр                  Дугаар 2021/ШЦТ/­­­­140                                 Ханбогд сум

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Эрдэнэсувд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Т.С,

Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн В овогт О-ийн Бод холбогдох ------- дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Манлай сум, ---дүгээр баг, ---- бригадад оршин суух, урьд ял шийтгэлгүй, В овогт О-ийн Б /РД:К/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 10 орчим километрийн зайд 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Цгийн хоолойг нь боож унагаагаад, толгой нүүр лүү 2-3 удаа өшиглөж эрх чөлөөнд халдан зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б нь мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч А.Ц-гийн: “... намайг 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед Цогтцэций сумын төвд байдаг гэртээ байж байхад Б над руу утсаар яриад “намайг мотоцикл олчихлоо хоёулаа хөдөө явж унага тамгалъя гэж хэлэхээр нь би хадам аав Ганбаатарын “ява” маркийн мотоциклийг нь гуйж авчхаад Быг гэрээс нь аваад хөдөө явсан. Тэгээд сумаас гараад зүүн хойшоо 5 км орчим явж байхад Б намайг түр зогсчих хүнтэй уулзчихаад явъя гэж хэлсэн. тэгээд бид хоёр түр зогсчхоод байж байхад Насаа гэдэг хүн ганцаараа “ява” маркийн мотоциклтой ирээд “Бүрнээ найзынхаа төрсөн өдрөөр нь уулзаж чадаагүй” гэж хэлээд 0.5 граммын  нэг шил архи, 2.5 литрийн савтай том пиво 4 ширхийг гаргаж ирээд тэр хоёр архийг хувааж уусан би архинаас нь уугаагүй харин савтай пивоноос нь уусан. Тэгэхэд Бүрнээ ах лаазтай 2 ширхэг пиво гаргаж ирсэн. Түүнийг бид гурав хувааж уучхаад хоёр тийшээ салаад бид хоёр хөдөө явсан. Тэгээд сумаас гараад 20 гаруй километр явж байхад мотоциклийн урд дугуй нь хагараад Б бид хоёр унасан. Тэгээд дугуйгаа нөхөж аваад явж байхад Б ах намайг энд зогсчих, бие засааты гэхээр би зогссон чинь миний араас гэнэт боож унагаагаад миний  толгой нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн тэгэхэд би дотор бачуураад ухаан алдах гээд байхаар би босоод цаашаа зугтаасан явж байх замдаа эхнэр Б руу утсаар яриад болсон зүйлийг хэлчхээд цаашаа явган явж байхад гар утасны цэнэг нь дуусаад унтарчихсан. Тэгээд шөнөжингөө сум руу алхаж яваад шөнийн 04 цагт гэртээ ирсэн. Тэгэхэд манай эхнэр цагдаад мэдэгдээд намайг хайж явсан гэж хэлсэн.     гэх мэдүүлэг /хх-н 11-12-р хуудаст/,

Гэрч Г.Б-ын: “Манай нөхөр Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны 11 цагийн үед хамаатны Б гэж ахтай цуг Манлай сум руу адуу тамгалахаар мотоциклтой явсан. Тэгээд өдөр 14 цагийн орчимд мотоциклийн дугуй хагарчихлаа мотоциклийн нэг юм аваад ир гэж над руу залгасан. Би сумын төв дээр нөгөө зүйлийг нь хайгаад машин сураад явж байтал Ц ахиж залгаад больчихлоо энүүгээр аргалаад болчихлоо одоо буцаад сум руу явж байна гэж 15 цагийн орчим залгаж хэлсэн. Үүнээс хойш ярилгүй байж байгаад 19 цагийн орчимд залгаад би Б ахад хөдөө хээр сумаас 10 орчим километрт зодуулчихлаа, миний бие өвдөөд байна хурдан ирээд аваарай нүд юм харахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би сумын төв дээрээс такси хөлслөөд хөдөө гарч хайгаад олохгүй болохоор нь Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст манай нөхөр алга болчихлоо гэж мэдэгдсэн. Тэгээд цагдаагийн хэлтсээс цагдаа нартай хамт хайж байгаад би гэртээ хариад гал түлээд байж байтал 04 цагийн орчим Ц зүүн шанаа нь хавдчихсан хамраас цус гарсан бололтой хавдартай, дээл нь цус болчихсон хүрээд ирсэн. Тухайн үед гэртээ алхаад хүрээд ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 25-26-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 625 дугаартай “1. А.Ц-гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи, хүзүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 33-34-р хуудаст/,

Яллагдагч О.Б-ын: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед байх Цогтцэций сумын төвд байдаг гэртээ байж байгаад Ц рүү хөдөө явах уу унаагаа олчих уу гэхэд Ц би мотоцикл олчихлоо хэзээ хөдөө явах бэ гэхээр нь би мотоциклоо олчихвол одоо ингэсгээд явъя гэж хэлсэн... тэгээд удаагүй Ц “ява” маркийн мотоцикл унаад манай гэрт ирээд тэгээд бид хоёр Цогтцэций сумаас гараад зүүн хойшоо шороон замаар 4-5 километр орчим явж байгаад би Цг түр зогсчих хүнтэй уулзааты гэж хэлсэн... Тэгээд бид хоёр түр зогсчхоод байж байхад сумаас манай найз Насантогтох ганцаараа “ява” маркийн мотоциклтой ирээд найзынхаа төрсөн өдрөөр уулзаж чадаагүй гэж хэлээд 0.5 граммын нэг шил архи, 2.5 литрийн савтай том пиво 1 ширхгийг гаргаж ирээд надад өгсөн тэр архийг Ц, Насантогтох хоёр хувааж уусан би том савтай пивыг нь уучхаад өмнө нь авсан байсан 2.5 литрийн савтай том 1 ширхэг пиво, 2 ширхэг лаазтай пивыг би ууж дуусчхаад цаашаа хөдөө явсан. Насантогтох буцаад Цогтцэций сум руу явсан... Би тэгээд Цг зогс гэхэд зогсохгүй байхаар нь араас хоолойг нь боосон тэгээд Цгийн нүүр лүү хоёр удаа өшиглөсөн чинь мотоциклоо орхиод цаашаа зугтаагаад явчихсан... би тэгээд мотоциклийн хажууд байж байхад манай эхнэр машинтай ирээд би тэгээд эхнэрийнхээ машинд сум руу явсан... архи ууснаас л болж ийм зүйл боллоо ... бид хоёр хоорондоо эвлэрсэн одоо ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх-н 43-44-р хуудаст/,

             Шүүгдэгч О.Б-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 48-54, 64-67-р хуудаст/,

О.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 45-р хуудаст/,

О.Б-ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 55-63-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 Шүүгдэгч О.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 10 орчим километрийн зайд 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Цгийн хоолойг нь боож унагаагаад, толгой нүүр лүү 2-3 удаа өшиглөж эрх чөлөөнд халдан зодож хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Б-ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Ц-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.Б нь хохирогч А.Ц-гийн хоолойг нь боож унагаагаад, толгой нүүр лүү 2-3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч А.Ц-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 625 дугаартай “1. А.Ц-гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи, хүзүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 33-34-р хуудаст/ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч А.Ц нь шүүгдэгч О.Б-оос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн тул О.Быг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Б нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 45-р хуудас/,

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч О.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В овогт О-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Ц нь нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.БАТМӨНХ