Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Дулам,

Улсын яллагч: Г.Ундрах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,

Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **********овогт ********д холбогдох ***********дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “*************г” ХХК-д тракторчин, ам бүл 7, эхнэр, хадам ээж, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 0 дугаар баг 00 тоотод оршин суух хаягтай, урьд СХД-Н шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ****дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 06 сарын 13-ны өдрийн **дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ****н ургийн овогт Г******я /РД:ПК*****/,

           Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч ********* нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн төвөөс Цэцэг сум руу барилгын материал ачна гэж ***** хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 476,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Коля нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ковидын 14 хоногийн хорионоос гарахад эхнэрийн бие муудаад Эрдэнэт руу явуулсан. Жирэмсэн бие нь муудаад араас нь мөнгө төгрөг байхгүй болохоор блокоо зараад мөнгө болгочихъё гэж бодоод хийсэн. Фейсбүүкийн зар харж байгаад тэр хүнтэй яриад мөнгө авсан. “С****г” гэх газар тариалангийн компанид ажиллаж байхдаа намар компанийн нягтлангаар 10 дугаар сарын 11,12-ны өдөр 2 хуваалгаж хохирогчийн Давхарбаяр гэсэн данс руу мөнгө шилжүүлсэн...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:  

1.Хаан банкны ****, ****дугаарын данс, Төрийн банкны ****дугаарын депозит дансны хуулга, (хавтаст хэргийн 19-20 дугаар тал)

2. Хохирогч *****-н: "...Би нөхөр ****ын хамт Цэцэг сумын төвд хашаа барьж байгаа юм. Блок, гэрлийн утас, төмөр, цемент, банз хэрэгтэй байсан учраас Ховдоос барилгын материал ачаад ирэх унаа хайж байсан. Тэгээд 2021 оны дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн нэгдсэн фейсбүүк хаяг дээр би Лхагва Бямбацэцэг гэсэн фейсбүүк хаягаас Ховдоос ачаа ачих унаа байна уу? гэсэн зар тавиад тухай өдрийн 16 цагийн орчим ***гэсэн дугаараас эрэгтэй хун холбогдож Цэцэг сум руу ачаа ачуулах зар тавьсан уу? гэсэн. Тэгээд би байшингийн дээврийн төмөр авхуулмаар байна, хэд гэж байна гэхэд 110,000 төгрөг гэж байна гээд ****дугаарын данс руу шилжүүлээрэй гүйлгээний утга дээр ****гэж бичээрэй гэсэн. Удалгүй гэрлийн утас дээр ирлээ 200,000 төгрөг шилжүүл гэсэн, бас шилжүүлсэн дараа нь 5 см банз 4-н ширхэг авхуулахаар 64,000 төгрөг шилжүүлсэн дараа нь тээврийн зардал гэж 100,000 төгрөгийг нөхөр Давхарбаярын Төрийн банкны данснаас шилжүүлсэн хамгийн суулд шилжүүлсэн 100,000 төгрөгийн утга дээр 99119911 Давхарбаяраас Цэцэг сум гэж бичсэн. Дээрх дугаар руу залгаад одоо хэзээ гарах вэ? гэхэд маргааш өглөө гарна гээд маргааш өглөө тухайн дугаар руу залгахад орох ярианы эрх түр хаагдсан байна гэж байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 17),

3. Гэрч ****ийн: "...Манайх 2021 оны 09 дүгээр сарын дундуур манай том хүү **** Ковид-19 вирусийн халдвар аваад гэрийн хорионд орчихсон байсан. Тэгээд манай нөхөр Коля, *****, ****, ****бид нар хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд гэртэй байсан. Тэгж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тусгаарлалтаас гарсан. Би гэртэй тусгаарлалтад байх хугацаанд жирэмсэн байсан болохоор бие сулраад ухаан алдаж унаж байсан. Тэгээд тусгаарлалтаас гараад шууд сумынхаа эрүүл мэндийн төвд очиж үзүүлэхэд хүндрэлтэй байна гээд шууд Орхон аймгийн эрүүл мэндийн төв рүү авч явсан. Тэр үед манай нөхөр гэртээ хүүхдүүдээ хараад үлдсэн. Тэгээд намайг Орхон аймагт нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтэж байхад манай нөхөр над руу яриад фейсбүүк хаяг ухаж байгаад блок худалдаж авна гэсэн зар Ховд аймгийн нэг сумын зараас харлаа байгаа хэдэн блокоо зарчих уу? гэж асуусан. Тэгэхээр нь би өөрөө мэдээ гээд хэлээд өнгөрсөн. Манай нөхөр 2021 оны 05 дугаар сард Ховд аймагт аавынхаа биеийг харж байхдаа хуурай ах Баяраа гэдэг хүнтэй хамт блок цохисон гэж ярьж байсан. Би тэрийгээ зарах гэж байна гэж бодсон. Тэгээд маргааш нь миний *****дугаарын дансанд Энхтуул гэдэг хүнээс 443,000 төгрөг орсон. Тэрийг нь би аваад гаднаас эм тараа авч хэрэглэсэн юм аа. Би ойлгохдоо нөхрөө блокоо зарчихсан юм байна гэж ойлгосон..." гэх мэдүүлэг (хх-ийн 63),

4. Гэрч Б.Болортуяагийн: "..Б.Тунгалаг нь миний төрсөн дүү Г.Коля гэх хүн нь манай дүүгийн нөхөр байгаа юм аа. Манай хүргэн залуу хавар, намартаа хөлсөөр хүмүүст газар тариалангийн ажилд нь тусалдаг өвөлдөө бол суурин шахуу гэртэй байдаг юм аа. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багт манай ээж Наранцэцэг, эхнэр Б.Тунгалаг, хүүхдүүд нь болох К.Ууганзаяа, К.Тэмүүлэн, К.Тэнгис, К.Сондор болон ***** гэх манай дүүгийн хамт амьдардаг. *****дугаарын утсыг манай баз Г.Коля барьдаг байсан. Одоо ашиглахгүй байгаа, өөрөө хэлэхдээ хүүхэд нь сим картыг нь гэмтээсэн гэж байсан. Манай хүргэн ер нь суурин байсан. Эхнэрээ төрөх үед Орхон аймаг орсон байж магадгүй. Манай хүргэн Ховд аймагт төрсөн ах дүү нар нь Ховд аймагтаа байдаг. Манай дүү *****Улаанбаатар хотод танилцаад хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ирсэн. Одоо ирээд 7-8 жил болж байна. Манай хүргэн Г.Коля уг нь хүнтэй маргаад харилцаа дээрээ янз бүрийн асуудал үүсгээд байдаггүй хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хэвийн л залуу байгаа юм аа..." гэх мэдүүлэг, (хх-ийн 65)

5. Гэрч Б.Отгонбатын: "...Б.Тунгалаг нь манай эхнэр Б.Болортуяагийн төрсөн дүү Г.Коля бид 2 нэг айлын буюу ****гэх айлын базууд байгаа юм аа. Манай баз Г.Коля нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд хавар, намартаа хүмүүсийн газар тариаланд тус болоод хөлсөөр ажилладаг, өвөл бол гэр зуурдаа байдаг. Хааяа нэг суманд ажил гарвал хийдэг. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багт манай хадам *****, эхнэр Б.Тунгалаг, хүүхдүүд нь болох К.Ууганзаяа, К.Тэмүүлэн, К.Тэнгис, К.Сондор болон Б.Шинэбаяр гэх манай дүүгийн хамт амьдардаг юм. 88469579 дугаарын утсыг манай баз Г.Коля барьдаг байсан юм. Яг хэзээнээс барьж эхэлснийг хэлж мэдэхгүй байна. Сүүлд ямар ч байсан сим карт нь гэмтсэн гээд барихгүй байсан. Манай баз хүргэн Г.Коля нь Ховд аймагт таарсан манай эхнэрийн дүү Тунгаатай Улаанбаатар хотод байхдаа танилцаад 2013-2014 оны үед Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ирж суурин амьдрах болсон. Ааш зангийн хувьд хүнтэй эвтэй харьцдаг, хунд тусархуу, хуний үгээр байдаг эхнэр хүүхдүүддээ элдэв янзын ааш авир гаргаад байдаггүй томоотой залуу байгаа юм..." гэх мэдүүлэг, (хх-ийн 67)

6. Хаан банк дахь ***** *****дугаартай дансны 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хоорондох орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 29-31) зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Коля нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөр холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Г.Коля нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Г.Коляг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Коляг хохирогч Л.Бямбацэцэгийг хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 476,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Г.Коляг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.

 

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Колягийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Коляд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч хохирол төлбөрөө төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын  15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Тахианхан ургийн овогт Ганцогийн Коля /РД:ПК88021514/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Г.Коляд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын  15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаагаар хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай .

           

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА