Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/02353

 

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/02353

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-4, Экспресс цамхаг 9 давхарт байрлах “Практикал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, …дүгээр байрны …тоотод оршин суух, эрэгтэй, 1972 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, Сартуул овогт Ц.Аод холбогдох,

7,250,000 /долоон сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, Ж.С, хариуцагч Ц.А нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг, Жуков худалдааны төвийн урд замд “Ноён Капитал” ХХК-ийн эзэмшлийн Киа Лотз маркийн … УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.11-д “жолооч уулзвар, гарцаар гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ” гэсэн заалтыг зөрчсөнөөс Т.Бийн жолоодож явсан Тоёота Ланд Круйзер-200 маркийн 30-01 ДК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байна. Т.Бийн жолоодож явсан уг тээврийн хэрэгсэл нь “Австрали улсын ерөнхий консулын газар”-ын эзэмшлийнх бөгөөд манай компанид №1313001847 тоот гэрээгээр “Автотээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал”-д даатгуулсан байдаг. Бид даатгалын гэрээний дагуу учирсан хохирол болох 7,250,000 төгрөгийг шийдвэрлэн нөхөн төлбөр олгосон. Иймд Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу бид буруутай этгээд болох Ц.Аоос 7,250,000 төгрөгийн төлбөр нэхэмжилж байна. Хариуцагч зам тээврийн осол гаргаж, эсрэг урсгалд орсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь Техникийн шинжээчийн дүгнэлт. Ц.Аод захиргааны шийтгэл ногдуулах тухай шийтгэвэр, Тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ зэргээр тогтоогддог. Техникийн үнэлгээний тайлангаар 8,121,000 төгрөгийн дүн тогтоогдсон боловч бидний зүгээс үүнээс бага дүнгээр шаардаж байгаа гэв.

Хариуцагч Ц.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Жуков худалдааны төвийн урд талд Киа Лотз … дугаартай машинтай явж байгаад зүүн гар тал руу эргэх үйлдэл хийгээд эргэтэл 1 хар өнгийн Ланд-200 маш хурдтай урдаа байсан машиныг гүйцэт түрүүлээд эргэх үйлдэл хийхдээ намайг мөргөж, миний унаж явсан машиныг хүчтэй мөргөсөн. Би 20 км/ц хурдтай явсан. Тэр Ланд машин маш хурдтай явж байсан. Тэгээд авто дуудаад цагдаа ирээд, хэмжилт хийгээд явсан. Гэтэл дараа нь Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн газраас дуудаад материалтайгаа танилцтал 100% миний буруу болсон гэж байцаагч хэлсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яахаараа маш хурдтай явсан, уулзвар дээр давхар гүйцэж түрүүлсэн үйлдэл хийсэн хүний зөв, яагаад миний буруу байдгийг би хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Ослын дүгнэлтийг нь зөвшөөрөхгүй байгаа учир өөр хэлэх зүйлгүй. Би уулзварт орохдоо эсрэг урсгалд орсон нь үнэн гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК нь хариуцагч Ц.Аод холбогдуулан даатгалын нөхөн төлбөрийн 7,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Ц.А нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг, Жуков худалдааны төвийн урд замд Киа Лотз маркийн … улсын дугаартай автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.11 дэх хэсэгт “Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ...” гэснийг зөрчсөний улмаас иргэн Т.Бийн жолоодож явсан, Австрали улсын элчин сайдын яамны эзэмшлийн Тоёота Ланд Круйзер-200 маркийн 30-01 ДК улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол зөрчил үйлдэж, уг автомашинд 8,121,000 төгрөгийн хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, Зам тээврийн осол тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, Техникийн шинжилгээ хийлгэх тогтоол болон шинжээчийн дүгнэлт, Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийтгэвэр, Автомашинд үнэлгээ хийлгэх тогтоол болон “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх 9, 10-13, 16-17, 19-21/

            Дээрх зам тээврийн ослын улмаас хохирол учирсан Ланд Круйзер-200 маркийн 30-01 ДК улсын дугаартай автомашин нь нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК-ийн Австрали улсын элчин сайдын яамтай 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 1313001847 тоот гэрээгээр “Авто тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал”-д даатгуулсан байх бөгөөд, гэрээний дагуу Австрали улын элчин сайдын яаманд автомашинд учирсан хохиролд 7,250,000 төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. /хх 7, 8, 22/

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөхшаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага нь буруутай этгээд болох хариуцагч Ц.Аоос нөхөн төлбөрт олгогдсон 7,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид 151,750 төгрөг төлсөн байх боловч нэхэмжлэлийн шаардлагад төлвөл зохих тэмдэгтийн хураамж 130,950 төгрөг байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасны дагуу илүү төлөгдсөн 20,800 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Аоос 7,250,000 /долоон сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 20,800 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан “Практикал даатгал” ХХК-д буцаан олгож, хариуцагчаас 130,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                    А.САРАНТУЯА