Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Дулам,

Улсын яллагч: Г.Ундрах,

Хохирогч Х.Эрдэнэ-Очир / Цахим сүлжээгээр/,

Шүүгдэгч Б.Билгүүндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Билгүүндэлгэрт холбогдох ***дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Ивэн 1 дүгээр багийн 000 тоотод оршин суух хаягтай, Боржигон ургийн овогт Балдоржийн Билгүүндэлгэр /РД:МК97082811/ гэв.

           Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.Билгүүндэлгэр нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгон 1 дүгээр баг 03-02-10 тоотод иргэн Х.Эрдэнэ-Очирыг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, түүний нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, нүүр, цээжний баруун өмнө, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Билгүүндэлгэр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ “...Тухайн өдөр буюу 02 дугаар сарын 14-ны өдөр эхнэрийн найз Энхцацрал манай эхнэрийг аваад гарсан. Тэр хэд ангийнхантай уулзаад ууж идэцгээж байхдаа над руу ***залгаад байсан. ***тай Дарханд байхдаа нэг сургуульд сурдаг байсан. Чи хөдөө ирчхээд надтай уулзсангүй. Эхнэртэйгээ гараад ирсэнгүй гэхээр нь би яах юм бэ та хэд уулзчих би гэртээ байж байя гэсэн залгасаар байгаад сүүлд 12 цаг өнгөрч байхад манай хадмын гадаа ирээд намайг авах гээд ирсэн. Гарсан чинь манай гэр лүү очъё гээд машинд нь суугаад ***ын гэрт очсон. 01 цагийн үед очсон.  ***ын очиход гэртээ байсан 1 шил архийг гаргаж ирээд ***бид 2 уусан. Уугаад сууж байтал шөнө 2 цагийн үед ***ын дүү гээд 2 залуу орж ирсэн. ***би ангийнхантайгаа байна. Та 2 яв гээд нөгөө 2 гараад явсан. Удаагүй байж байтал 4 цагийн үед 2 дүү нь буцаад ороод ирсэн. 1 шил 0,75 граммын архи, ундаатай аваад ирсэн. ***ын ангийнх нь 2 охин явчихсан байсан. Би ***ын  2 дүүтэй нь дөрвүүлээ нэг шил архийг нь уусан. Архи уугаад дуусахад өглөөний 6 цаг орчим болж байсан. Би 2 хүүхэд хичээлтэй явъя айлд хономооргүй байна гэхэд манай хүн нэг мөсөн өглөө явъя гэсэн. Би тэрүүгээр унтахгүй босоод зогссон наагуур цаагуур яваад байсан. Нэг харсан ***байхгүй болохоор нь ***алга гээд эхнэрийгээ дуудаж байхад ***гаднаас орж ирсэн. Би босохдоо шкафынх нь толины оронд хавтан хийсэн байсан тэр дээр хий дараад цаашаагаа хавтанг нь цөмлөөд унагаасан байсан. ***орж ирээд гэр  орны юм эвдлээд хаячих юм унтаж амрахгүй шөнөжингөө хүн унтуулсангүй гээд над руу орилоод байсан. Тэр үед ***ын дүү ***орж ирээд ах яагаад байгаа юм унтаач гээд байхаар нь би унтмааргүй байна гээд бид 2 маргалдсан юм шиг байгаа юм. Тэгээд гаръя гээд ***гутлаа өмсөж байхад нь ахын дүү хямдхан пүүз өмсчхөөд ахыгаа зодох гэж байгаа юм уу яах гэж байгаа юм гэсэн. Гаръя гэхээр нь за тэгье гээд би гадаа гарсан. Намайг ***боогоод унагах шиг болсон. Тухайн үед би манараад юу болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн нүүр ам хавдсан цус гоожсон байсан. Босоод харсан ганцаараа байшингийн гадаа үлдсэн байсан. ***дүүтэйгээ орчихсон байсан. Тэгэхээр нь би ахын дүү намайг яаж байгаа юм бэ. Нүүр ам яаж байгаа юм бэ гэсэн ***наад чинь хэлсэн биз дээ энэ чамд гай болно ш дээ гэж хэлэхэд энэ гай болоод яадаг юм үхсэн нэг адуу өгөөд зайлуулна гэж хэлсэн. Би гомдолтой байна гэсэн чаддаг юм гомдлоо гарга гэсэн. Тэгэхээр нь би цагдаа руу утасдаж дуудлага өгөхөд цагдаа Орхонтуулаас ирсэн.  Дархан руу 02 дугаар сарын 15-ны өглөө нь болоход 9,10 цагийн үед Орхонтуулаас очиж хамраа үзүүлсэн. Хамрын яс хугаралтай байна очиж зураг авхуул гэсэн. Зураг авхуулах гэж явж байхад цаг орой болоод буцаад Орхонтуул яваад маргааш нь үзүүлэхээр болсон. Маргааш нь ***нааш цааш явах эмчилгээний зардал, унаагаар үйлчилнэ өглөө цуг явна гэж хэлж байсан. Маргаашаас нь би оройтчих гээд өглөө ярьсан  бид нар чадахгүй өөрсдөө яваад өөрсдөө зардлаа өгөөд эмчлүүл. Өгдөг газар өгсөн юм чинь бид нар наадахтай чинь зууралдахгүй гэсэн. Маргааш нь 02 дугаар сарын 16-ны өдөр Дарханд эмнэлэгт очиж чихээс хийлгэсэн. 2,3 удаа Дархан руу явахад ерөөсөө нэг ч яриагүй. Тэр хавиараа ***ийн нөхөр нь гэж нэг юм манай дүү цохисон биш гай боллоо гэж жижигхэн газар хүн болгон мэдэхээр ярьсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд:  

  1. Х.Эрдэнэ-Очирын цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас)
  2. Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдөр гаргасан №228 дугаартай "...ДҮГНЭЛТ: 1 ***ын биед хамар ясны хугарал, нүүр, цээжний баруун өмнө, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." шинжээч эмчийн дүгнэлт, (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас)
  3. 2022 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн Дархан-Уул аймгийн "***" эмнэлэгт үзүүлсэн тодорхойлолт болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-15 дугаар хуудас)
  4. Хохирогч Х.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний эхнэр *** нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын арван жлийн ангийхантайгаа уулзахаар гарсан тухайн орой манай эхнэрийн найз ***надруу хар багийн найз байж ирээд уулзаж чадахгүй байна уу гээд 5-6 удаа залгасан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед манай хадмын гадаа ирсэн байна гэхээр нь би гарсан. Намайг гархад манай эхнэрийн найз гээд 3 эмэгтэй байсан бөгөөд ***ын гэрт очсон. Тэгээд бид тав 1 шил архи аваад тэр архинаас манай эхнэр бас 2 найз нь уугаагүй. ***бид хоёр л уусан. Уугаад сууж байхад 02 цагийн үед ***дүү гээд танихгүй 2 залуу орж ирсэн. ***би ангийнхаа найзуутайгаа ууж байна гээд тэр хоёр залууг гарггасан тэгээд удаагүй 04 цагийн үед нөгөө хоёр танихгүй залуу буцаад ороод ирсэн. Тэгээд би унтаж чадахгүй тэр хавиар яваад байсан чинь ***унтаач хүн унтаж амраахгүй гээд орилоод байсан.Тэгээд нэг харсан чинь ***бйхгүй байхаар нь би эхнэрээ бос явъя гээд босохдоо шкафны тавиур дээр дараад босох гэтэл нөгөөдөх нь хугараад уначихсан. Тэгээд ***гаднаас орж ирээд гэр орны юм эвдлэж хэмхлээд гээд над руу дайраад байсан. Энэ үед ***ын дүү ***гэх залуу босч ирээд ах одоо яагаад байгаан юм бэ? Хүн унтуулж амраахгүй гэхээр нь би урдаас нь унтмааргүй байна гэж хэлтэл тэгвэл гаръя гэхээр нь би за тэгье гээд ингээд ***гэх залуу үүдэнд гутлаа өмсөж байхад нь би тэр залууг чи хямдхан гутал өмссөн байж яах гэж байгаан юм, ахыгаа зодох гэж байгаа юм уу, наад гуталнаас чинь чамд хэдийг бол хэдийг аваад өгье гээд хэлсэн юм. Тэгээд бид хоёр гэрээс хамт гарсан чинь намайг заамдаж аваад боосон энэ үед би ухаан балартсан, ухаан балартсан энэ үед ***гэх залуу хямдхан пүүз ямар байдгийг харах уу гээд намайг цохиод байсан. Яг юугаар цохиж байсныг мэдэхгүй байна. ***ийн найз ***г хүүрээ чи яаж байгаа юм. Наадахаа аллаа гэж хэлсэн.Би тухайн хүнд зодуулсны улмаас хамарны баруун талын хэсэг цөмөрч, яс хугарсан, баруун талын нүд хавдаж цус хурсан, уруулын баруун талд дотороо язарсан, цус хурсан, дух хацар хавдаж хөхөрсөн..." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас)

5. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 10 жилийн ангийн 3 охинтой хамт архи уусан юм. Шөнийн 01 цагийн үед найз ***нь манай нөхрийг очиж авсан. Яагаад гэвэл тухайн уулзсан 20 цагаас хойш намайг нөхрөө дуудаад ир гээд, тоодоггүй, уулздаггүй гээд байсан. Уулзаагүй удлаа гээд байн байн залгаад шөнө 01 цагийн үед бид нар очиж манай нөхрийг авсан. Ингээд бид тав ***ын гэрт очоод ***нэг шил 0.75 архи гаргаж ирсэн бөгөөд тухайн архинаас би болон манай ангийн хоёр эмэгтэй уугаагүй. Шөнийн 04 цагт ***ийн дүү нар гээд хоёр залуу шөнө 1 шил архи, ус ундаа авч орж ирсэн бөгөөд тухайн хоёр залуу, Цацаа, манай нөхөр бид дөрөв хувааж уусан. Ингээд ууж байхад цаг 05 өнгөрөөд 06 болох гэж байсан ба унтахаар болсон. Манай нөхөр над дээр ирээд ***байхгүй байна. Хоёулаа явъя айлд унтаж яах гээд байгаа нь жаахан уурламаар болсон. Тэгээд манай нөхөр босохдоо шкафанд гараараа тулахдаа толиныхоо хэсэгт фанер хийсэн байсан юм байна лээ тэр нь цаашаа болоод унаад өгсөн. Тэгээд ***ороод ирсэн. Тэгтэл манай нөхөр ***дээр очоод чи хаашаа яваад ирэв гээд сандал дээр суухдаа хөшиг дээр нь суусан чинь хөшиг тогтоогчийнх нь булан унаад ирсэн. Тэгсэн чинь ***манай нөхөр лүү уурлаад гэр орны юм эвдчихлээ, хүн унтуулж амраахгүй ууж идэж чадахгүй, би хаачаад ирдэг юм, ажил дээрээ очиж хуруугаа дарчхаад даргаасаа чөлөө аваад ирлээ гээд манай нөхөр лүү уурлаад, гэтэл дүү ***гэх залуу сэрээд босоод ах одоо яагаад байгаа юм бэ? Гэхэд Цацаа ингэлээ тэглээ гэсэн чинь ***гэх залуу босоод ах одоо яагаад байгаа юм бэ? Гээд хоорондоо жаахан түр тар болоод Билгүүнээ гутлаа өмсөж байхад нь манай нөхөр тэр залууг хямдхан гутал өмсчхөж ах нь хэдийг аваад өгөх үү гэсэн чинь та тэгээд яах гээд байгаа юм хоёулаа гарах уу? Гэхэд манай нөхөр тэгье гээд хамт гарахад ***цуг гарсан. Удалгүй Цацаа ***2 хоёр орж ирээд Цацаа дүү ***гэх залууг чи гай болоод яах гээд цохиод хаячдаг юм. Одоо наадах чинь гай болно гэх зэргээр дүүгээ загнаад байсан юм. Энэ үед манай нөхөр гаднаас орж ирэхэд нүүр нь аймар болчихсон байсан. Тэгээд намайг яаж байгаа юм гэсэн чинь хүүхэн шиг шалчигнасан гэр вэ? Яасан гомдол гаргах юм уу? Яасан ганц адуу авах уу? Одоо зайл гэхээр нь манай нөхөр би гомдлоо гаргана гэсэн чинь тэгээ тэг цагдаа дууд гарья гэчхээд ийм арчаагүй байсан юм уу гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр ***хоёрыг ***дагаад гарсан болохоор арай ч зодоогүй байх гэх гэж бодсон. ***тухайн үед хэлэхдээ би гараараа цохиогүй шүү, гутлаараа цохисон гараараа цохисон бол энэ байтугай болох байсан шүү гэж хэлээд байсан...." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас)

6. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 02 дугаар сарын 15-ний өдөр шөнийн 01 цагийн орчимд би өөрийн хуурай ах ***ийн хамт байж байхад ***ахын нагац ***эгч залгаад ганц юм олоод ирээч найз нөхөд ирсэн байна гэхээр нь бид хоёр 1 шил 0.75-ийн Болор нэртэй архи, 4 ширхэг жижиг ундаа аваад ***эгчийн гэрт очиход ***эгчээс гадна найзууд нь гээд 3 эмэгтэй 1 эрэгтэй хүн байсан. Тухайн айлд очоод удаагүй байхад 2 эмэгтэй гэр лүүгээ явцгаасан. Ингээд ***эгчийнд эхнэр нөхөр гэсэн ах эгч, ***бид тав үлдсэн. Ингээд бид тав 1 шил архиа хувааж ууцгаасан. Тэгээд байж байгаад унтахаар болсон. Тэр үед нөгөө танихгүй ах эхнэрээ хар ал минь ирж боов хөх зэргээр эхнэрээ хэл амаар доромжлоод байсан. Ингээд ***ах тухайн танихгүй залуутай хамт гараад орж ирэхэд тухайн танихгүй ахын нүүр /баруун тал/ нь хавдсан байсан. Тухайн танихгүй ах орж ирчхээд ***ахыг зодсон гээд байсан. Би яг зодсон үгүйг нь хараагүй болохоор хэлж мэдэхгүй байсан. Намайг өглөө сэрэхэд ***ахыг тухайн залуу нь чиний өмсөж явсан гутал 50.000 төгрөгийн гутал би чамд 10 ширхгийг аваад өгөх үү гээд доромжлоод байсан. Тухайн шөнө ***эгч тэр залууг унтуулах гэж их удсан юм шиг байна лээ. ***эгч тухайн ахтай өглөө хэрэлдэж байсан болохоор нь ***ах нагац эгчээ өмөөрсөн байх гэж бодож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй..." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас)

7.Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би ангийн андууд болох ***, ***, ***нарын хамтаар ойрд уулзалдаагүй уулзаж ***гэх хүний бааранд орж ганц хоёр шил, пиво уусан. Ингээд тухайн байрнаас 00 цагийн орчимд гарч найз ***ийн нөхөр болох ***ыг хадмынх нь гаднаас очиж аваад манай гэрт очсон юм. Тэгээд шөнө гэрт байсан "Экс" нэртэй 0.75гр архийг задалж ууцгаасан ба манай эмэгтэй 3 найз тухайн архинаас уугаагүй би голдуу ***ын хамт уусан. Ингээд ууж байтал 03-04 цагийн орчимд миний нагац дүү ***, түүний найз ***хоёр ирцгээсэн. Тухайн хүмүүс манайд ямар учраас ирсэн бэ гэвэл би дуудсан юм. Ангийнхантайгаа хамт сууж байна 1 шил архи аваад ирээч гэж хэлсэн. Ингээд энэ хоёр хүнийг орж ирэхэд манай ангийн ***, ***нар гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд бид 5 авч ирсэн 1 шил архи уугаад 05-06 цагийн орчимд амрах гэтэл *** нь өөрийн эхнэрээ элдэв янзаар хэлээд байсан ба ***ыг унт гэж зөндөө хэлж гэрэл унтраахаар байн байн асаачхаад байсан. Ингээд би өглөө 07 цаг 40 минутад өөрийн ажил дээрээ ирж цагаа бүртгүүлчихээд гэртээ очтол манай гэрийн гал тогооны хөшигний нэг тал уначихсан, шкаф толины оронд байсан фанерыг цааш нь цөм цохиод хаяцан , гал тогооны шургуулга аваад унгаацан дотор байсан хутга, заазуур, элдүүр зэрэг эд зүйлс газраар нэг унасан байхаар нь би ***ыг аятайхан дуг хийж чадахгүй, гэр оронд агсам тавьж, эд зүйлс эвдэж сүйтгэлээ гээд хэлээд байж байхад манай дүү ***сэрээд намайг өмөөр ч хэдэн үг хэлсэн чинь *** урдаас нь бас янз бүр болоод байсан. Тухайн үед ***гутлаа өмсөж байхад 5,000 төгрөгийн гахай өмсчхөөд ах нь наад гутлаас чинь бол хэдийг аваад өгье гэж хэлсэн. Ингээд тухайн хоёр хүн гэрээс гарахаар нь би дагаад гартал манай дүү ***өмсөж байсан гутлаараа барьж байгаад 2-3 цохисон. Тухайн үйл явдал болохоос өмнө ******ыг заамдаж байгаад пүүзээ тайлж байгаад 5,000 гутал ямар байхыг харах уу? Ийм байдаг юм гээд 2-3 цохисон. Өмнө нь таарамжгүй харьцаа байгаагүй байх нэг нэгнээ танихгүй. Өш хонзонгийн асуудал байхгүй. Манайд ирэхдээ эрүүл байсан. Өглөө 08 цагт болсон ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас)

8. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө би эгч ***ын гэрт хоносон юм. Тэр орой эгчийн найзууд ирчихсэн архи ууцгаагаад эгчийнд хоносон. Тэгээд өглөө намайг сэрсэн чинь эгчийн найз *** гэх залуу манай эгч ***тай хэрэлдээд байж байсан. Тэгэхээр нь би босоод тэр *** гэх ахад, ах болчихоочээ гэж хэлсэн чинь урдаас хэрүүл хийгээд байсан юм. Би тэгээд тоохгүй орхичхоод цаана очоод гутлаа өмсөөд зогсож байтал *** ах намайг чи муу 25.000 төгрөгийн хямд гутал өмсчихөөд юу гээд томроод байгаа юм ах нь наад гутлаас чинь арван ширхгийг аваад өгье гээд надад томрохоор нь би хоёулаа гарах уу гэсэн чинь *** ах гарья гээд бид 2 гадаа гараад барилцаж авсан. Би ***ын нүүр хэсэг рүү гутлаа гартаа барж байгаад 2-3 удаа цохисон юм. Тэгсэн дундуур манай эгч Энхцацрал орж ирээд бид хоёрыг салгасан. Би тэр үед эрүүл байсан болсон асуудлыг санаж байна...." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтууд болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Билгүүндэлгэр нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгон 1 дүгээр баг 03-02-10 тоотод иргэн Х.Эрдэнэ-Очирыг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, түүний нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, нүүр, цээжний баруун өмнө, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч Х.Эрдэнэ-Очирын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр үед***ын дүү Билгүүндэлгэр орж ирээд ах яагаад байгаа юм унтаач гээд байхаар нь би унтмааргүй байна гээд бид 2 маргалдсан юм шиг байгаа юм. Тэгээд гаръя гээд ***гутлаа өмсөж байхад нь ахын дүү хямдхан пүүз өмсчхөөд ахыгаа зодох гэж байгаа юм уу яах гэж байгаа юм гэсэн. Гаръя гэхээр нь за тэгье гээд би гадаа гарсан. Намайг ***боогоод унагах шиг болсон. Тухайн үед би манараад юу болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн нүүр ам хавдсан цус гоожсон байсан...” гэх мэдүүлэг,

-Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгсэн чинь ***манай нөхөр лүү уурлаад гэр орны юм эвдчихлээ, хүн унтуулж амраахгүй ууж идэж чадахгүй, би хаачаад ирдэг юм, ажил дээрээ очиж хуруугаа дарчхаад даргаасаа чөлөө аваад ирлээ гээд манай нөхөр лүү уурлаад, гэтэл дүү ***гэх залуу сэрээд босоод ах одоо яагаад байгаа юм бэ? Гэхэд ***ингэлээ тэглээ гэсэн чинь ***гэх залуу босоод ах одоо яагаад байгаа юм бэ? Гээд хоорондоо жаахан түр тар болоод ***гутлаа өмсөж байхад нь манай нөхөр тэр залууг хямдхан гутал өмсчхөж ах нь хэдийг аваад өгөх үү гэсэн чинь та тэгээд яах гээд байгаа юм хоёулаа гарах уу? Гэхэд манай нөхөр тэгье гээд хамт гарахад ***цуг гарсан. Удалгүй ******2 хоёр орж ирээд ***дүү ***гэх залууг чи гай болоод яах гээд цохиод хаячдаг юм. Одоо наадах чинь гай болно гэх зэргээр дүүгээ загнаад байсан юм. Энэ үед манай нөхөр гаднаас орж ирэхэд нүүр нь аймар болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

-гэрч Б.Дөлгөөнмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд Цацаа эгчийнд эхнэр нөхөр гэсэн ах эгч, Билгүүнээ бид тав үлдсэн. Ингээд бид тав 1 шил архиа хувааж ууцгаасан. Тэгээд байж байгаад унтахаар болсон. Тэр үед нөгөө танихгүй ах эхнэрээ хэл амаар доромжлоод байсан. Ингээд Билгүүнээ ах тухайн танихгүй залуутай хамт гараад орж ирэхэд тухайн танихгүй ахын нүүр /баруун тал/ нь хавдсан байсан. Тухайн танихгүй ах орж ирчхээд Билгүүнээ ахыг зодсон гээд байсан...” гэх мэдүүлэг,

- гэрч Г.Энхцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд бид 5 авч ирсэн 1 шил архи уугаад 05-06 цагийн орчимд амрах гэтэл *** нь өөрийн эхнэрээ элдэв янзаар хэлээд байсан ба ***ыг унт гэж зөндөө хэлж гэрэл унтраахаар байн байн асаачхаад байсан. Ингээд би өглөө 07 цаг 40 минутад өөрийн ажил дээрээ ирж цагаа бүртгүүлчихээд гэртээ очтол манай гэрийн гал тогооны хөшигний нэг тал уначихсан, шкаф толины оронд байсан фанерыг цааш нь цөм цохиод хаяцан , гал тогооны шургуулга аваад унгаацан дотор байсан хутга, заазуур, элдүүр зэрэг эд зүйлс газраар нэг унасан байхаар нь би ***ыг аятайхан дуг хийж чадахгүй, гэр оронд агсам тавьж, эд зүйлс эвдэж сүйтгэлээ гээд хэлээд байж байхад манай дүү ***сэрээд намайг өмөөр ч хэдэн үг хэлсэн чинь*** урдаас нь бас янз бүр болоод байсан. Тухайн үед ***гутлаа өмсөж байхад 5,000 төгрөгийн гахай өмсчхөөд ах нь наад гутлаас чинь бол хэдийг аваад өгье гэж хэлсэн. Ингээд тухайн хоёр хүн гэрээс гарахаар нь би дагаад гартал манай дүү ***өмсөж байсан гутлаараа барьж байгаад 2-3 цохисон...” гэх мэдүүлэг,

- Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдөр гаргасан №228 дугаартай "...ДҮГНЭЛТ: 1 ***ын биед хамар ясны хугарал, нүүр, цээжний баруун өмнө, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Б.Билгүүндэлгэрийн үйлдэл нь хууль зүйн хувьд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Билгүүндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Билгүүндэлгэр нь хохирогч Х.Эрдэнэ-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 536,175 төгрөг нэхэмжилсэн, шүүх хуралдааны шатанд ажилгүй байсан хугацааны цалин 1,200,000 төгрөг, нийт 1,736,176 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулахыг зөвшөөрч байх тул шүүгдэгчээс 1,736,176 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Билгүүндэлгэрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болох хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.

 

Хохирогч Х.Эрдэнэ-Очир нь бусдыг хэл амаар доромжлон хэрүүл маргаан өдүүлж нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгч Б.Билгүүндэлгэрт эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь  ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн бөгөөд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд Б.Билгүүндэлгэрийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн нэг хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1.Боржигон ургийн овогт Балдоржийн Билгүүндэлгэр /РД:МК97082811/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Билгүүндэлгэрт 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

            3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Билгүүндэлгэрээс 1,736,176 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Эрдэнэ-Очирт  олгосугай.

            4.Шүүдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаад, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Билгүүндэлгэрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө  гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА