Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/19

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Дулам,

Улсын яллагч: Г.Ундрах,

Шүүгдэгч Б.Занданбал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Занданбалд холбогдох ***дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, *** ХК-д бетончин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн ***сум, *** 0 дүгээр баг,  туслах аж ахуй 00 тоот хаягт оршин суух, Сартуул овогт Батмөнхийн Занданбал /РД:ИВ89081814/,

           Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.Занданбал нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Рашаант тосгон 1 дүгээр багийн нутаг "***" гэх газарт Ц.Мөнх-Эрдэнийг сарлаг хулгайлсан гэж хоолойг боож хоолой хүзүүний өмнө хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах боон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Занданбал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:   

1. Хохирогч ***ийн "Би Сэлэнгэ аймгийн ***сумын ***тосгон 1 дүгээр багийн нутаг *** гэх газарт эхнэр болон хүүхдийн хамтаар амьдардаг юм. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 10 цагийн орчимд морио усалж байтал ***, ***гэх хүмүүс цагаан саарал өнгийн жийп маркийн машинтай ирсэн. Машинаас ***гэх. хүн түрүүлж бууж ирсэн бөгөөд би сайн байна уу гэж хэлсэн, тэгтэл үгийн зөрүүгүй ***нь намайг чи сарлаг хулгай хийсэн биз дээ гээд заамдаад авсан, үүний дараагаар ***машинаас бууж ирээд миний зүүн талын мөр лүү нэг удаа цохиод заамдаж аваад миний өмсөж явсан малгайны хүзүүвчээр хоолойг минь боогоод чамайг энд алцан байхад хэн мэдэх юм бэ гэж хэлсэн. Тухайн үед ийм л зүйл болсон. Би ямар учраас уг хоёр хүнд зодуулах болсон шалтгаанаа ойлгохгүй байна. ***бид хоёр айл саахалт хүмүүс байгаа юм. Таньдаг шахуу л хүн байгаа юм. Ямар нэгэн найз нөхөд, ах дүүгийн холбоо хамаарал байхгүй. Тухайн өдөр ***нь намайгзодож цохисон зүйл байхгүй. Машинаас бууж ирээд надад нэг бичлэг үзүүлээд миний сарлагийг чи хулгай хийсэн гээд намайг шууд заамдаад авсан. Тухайн хүн нь ямар учиртай сарлаг яриад байгааг нь би ойлгоогүй. ***машинаас бууж ирээд миний мөр лүү нэг удаа гараараа цохисон. Үүний дараагаар намайг заамдаж аваад миний өмсөж явсан малгайны хүзүүвчээр намайг боож унагаагаад хүзүүвчээ улам чангалаад байсан. Ингээд миний амнаас хөөс гараад ухаан балартаад ирэхэд ***нь боож байснаа больсон. Тэгээд би дээшээ боссон чинь ***тамхи гаргаж ирээд тамхилсан. Тамхилж байхдаа надаас нөгөө сарлагаа асуугаад чи аваагүй бол сайн байна гэж хэлэхээр нь би аваагүй л гэж хэлсэн. Ингээд ***, ***хоёр машиндаа суугаад яваад өгсөн.

Хохирогчоор өгсөн мэдүүлэг"... Миний биеийн байдал ер нь тааруу байгаа толгой чих ойр ойрхон өвддөг бас юм муу сонсоод байгаа ямар нэгэн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй хүнээр толгойгоо гурав хоног бариулсан одоо цаашдаа дахиж бариулна. Эмч толгойгоо Томографт үзүүл гэж хэлсэн би үзүүлж амжаагүй байгаа. ***тухайн өдөр /2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр/ надтай муудалцаж намайг зодохдоо эхлээд боож унагаж байгаад өвдгөөрөө толгой дээр минь дараад байсан юм тэгээд амандаа "энэ мууг цохиод алаад хаячихсан ч яадаг юм" гээд байсан юм. Намайг ***аас өөр хүн цохиж зодоогүй...." гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 14-16, 53 дүгээр хуудас)

2. Гэрч Л.Цэдэнсодномын"... Батмөнхийн Занданбалыг танина.  Хамаатан садан холбоо байхгүй. Сэлэнгэ аймгийн Орхонтуул ширээгийн булаг гэх газарт нэг айл өвөлжиж байгаа юм. ***ийг танихгүй. Би он cap өдрийг нь одоо сайн санахгүй байна Сэлэнгэ аймгийн ***сумын *** гэх газар адуунд Б.Занданбалын хамтаар машинтай явж байхад өдөр 13 цагийн орчимд гол дээр ирэхэд танихгүй хүн морь услаад зогсож байсан Б.Занданбал энэ хүнтэй уулзъя гээд машинаас буусан намайг харж байхад Б.Занданбал тухайн хүнтэй юм яриад зогсож байсан тэгтэл тухайн хүнтэй Б.Занданбал барьцалдаад авсан байсан тэгсэн нөгөө залуу нь ***ыг хавираад унагаасан тэгэхээр нь би машинаас бууж очоод салгаад тэгээд Б.Занданбал бид хоёр машиндаа суугаад явсан юм. Миний харж байснаар Б.Занданбал тухайн хүнтэй барьцалдаж аваад заамдалдаж байсан тэгэхэд тухайн хүн нь Занданбалыг хавираад газарт унагаасан тэр хоёр дээр доороо орцгоосон би машинаас буугаад салгасан юм. Тухайн үед Б.Занданбал, *** нарын биед ил харагдах шарах гэмтэл учирсан зүйл байгаагүй..." гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 22 дугаар хуудас)

3. Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан №124 дугаартай дүгнэлт " ...1. Ц.Мөнх-Эрдэний биед хоолой хүзүүний өмнө хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Ц.Мөнх-Эрдэний биед илэрсэн хоолой хүзүүний өмнө хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно"... гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас)

4. Шинжээч эмч Д.Туяагийн "...Тухайн хэргийн хохирогч Ц.Мөнх-Эрдэний биеийг үзэхэд хоолой өвдөнө, хоолонд дургүй байгаа гэсэн зовуурийг хэлж байсан өөр ямар нэгэн зовуурийг хэлээгүй, үзлэгээрээ "Биеийн байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, байрлал идэвхтэй, үе мөчний хөдөлгөөн чөлөөтэй, хүүхэн хараа 2 талд ижил, дугариг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алманы чичирхийлсэн хөдөлгөөнгүй, дагзны булчингийн хөшингөгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн, шөрмөсний рефлекс хэвийн, тархины 12 хос мэдрэл голомтот өөрчлөлтгүй байсан. Хоолойгоо боолгуулсны улмаас толгой бага зэрэг өвдөж болно. Харин чих өвдөхтэй бол шууд хамаарал байхгүй. Тухайн чих ямар шалтгааны улмаас өвдсөнийг би сайн хэлж мэдэхгүй байна. Чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байж шалтгаан нь тогтоогдох байх ..." гэх мэдүүлэг. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дугаар хуудас)

5. Яллагдагч Б.Занданбал "...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би Сэлэнгэ аймгийн ***сумын нутаг *** гэх газарт ах Цэдэнсодномтой хамт сарлагаа хайж явж байгаад Ц.Мөнх-Эрдэнэтэй таараад тухайн үед Мөнх-Эрдэнэтэй муудалцаад түүнийг заамдан авч байгаад хоолойг нь боогоод хэсэг байж байгаад тавьчихсан юм тэгээл тэр өдөр салцгаасан юм. Надад сонсогож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Занданбал нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Б.Занданбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Занданбалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Занданбал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.

 

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Занданбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч хохирол төлбөрөө төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.  

Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ц.Мөнх-Эрдэнэ нь эмчилгээ хийлгэсэн болон бусад зардалд 200,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. /хх-73/

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.Сартуул овогт Батмөнхийн Занданбал /РД:ИВ89081814/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450/ дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчид оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө  гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА