Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/­­­­123   

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 08 өдөр                Дугаар 2021/ШЦТ/­­­­123                                  Ханбогд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж, Ерөнхий шүүгч Д.Баттулга, шүүгч Г.Даваанаран нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,

Иргэдийн төлөөлөгч: Э.Г

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Э,

Шүүгдэгч: Ч.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Г /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Н,

Шинжээч эмч: Б.Б /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ч-ын А-д холбогдох эрүүгийн ------ дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Н" ХХК-д тээврийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, ээжийн хамт Хан-Уул дүүргийн --р хороо, --- байрны --- тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн Төмөр замын буудлын арын 5 дугаар байрны 17 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх С овогт Ч-ын А /РД:Ч/    

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/                 

Шүүгдэгч Ч.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг Эрдэнэс Таван толгой ХК-н уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 47 дахь километрт 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Д.Н-ыг Э.Ч-тэйхардаж маргалдан хэвлий хэсэгт нь хутгалж амь насыг нь хохироон хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ: “Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. 2021 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд жолооч Ныг хутгалж хүний амь насыг хохироосонд маш их харамсаж, гэмшиж байна. Талийгаачийн ар гэрийнхэнд болон энд байгаа бүх хүмүүст хандан чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Хохирогч Баттогтоход оршуулгын зардал төлбөрт 30,500,000 төгрөгийг манай ар гэрийнхэн төлж барагдуулсан бөгөөд дахин уучлалт гуйж байна.” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Э.Г бичгээр гаргасан дүгнэлтдээ: “Гэм буруутай гэдгээ зөвшөөрч гэмшиж ухаарч байна, энэ хүний хийсэн энэ үйлдэл нь хүний амь нас хохироосон тул гэм буруутай.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Б мэдүүлэхдээ: “... талийгаач Д.Нод учирсан гэмтэлд эмнэлгийн үзлэг хийж гүйцэтгэсэн. Шаардлагатай арга хэмжээг авч мэс засал хийж нарийн гэдсийг оёж шаардлагатай мэс заслыг хийсэн боловч тухайн хүний амь насыг аврах боломжгүй байсан. Ерөнхий хордлогоор нас барсан гэж байгаа боловч хэрвээ хэвлийн хөндийд нэвтэрсэн нарийн гэдэс чацархайг гэмтээсэн тухайн хүнд зэргийн гэмтэл талийгаачийн биед учраагүй байсан бол ямар нэгэн зүйл болохгүй. Ерөнхий хордлого нь шууд хэвлийд нэвтэрсэн шархтайгаа холбогдож байгаа. Ерөнхий хордлогоор нас барсан гэсэн байгаа. Энэ нь нарийн гэдсийг тасалсан хэвлийн хөндийд учирсан шарх гэмтэл нь хүндрэл болж учирсан байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээг яг одоо гэмтэл учирсны дараа ч юм уу тухайн цаг үед хийхэд ямар үр дүн гарахыг мэдэхгүй. Тухайн үед хийгдсэн гэсэн эмнэлгийн бичиг баримт байдаггүй. Эмнэл зүйн анагаах ухааны хувьд авч үзвэл аль болох эрт хийх тусам тухайн хүний амь насыг аврах боломжтой байсан байх магадлалтай. Талийгаачид учирсан гэмтлийн хувьд хэвлийн шарх гэдэг маань журмаараа хэвлийн нарийн гэдэс чацархайг гэмтээгээгүй байсан ч яг энэ заалтаар хүнд гэмтэл гэж гардаг. Ердийн хугацаанд хүнийг үхэлд хүргэх гэмтэл учраас хүнд гэмтэл гэж үзэж байгаа. Бүх хүний бие физиологи өөр. Цаг алдалгүй эмнэлгийн тусламж авсан байсан бол аврах боломжтой байсан эсэх талаар таамаглашгүй болохоор мэдэхгүй байна. Хэвлийн гэлтэнгийн төгнөл үрэвсэл гэдэг нь ерөнхий хордлогийг хэлдэг. Дотор эрхтний цус багадалт гэдэг нь шинжилгээ орох үед дотор эрхтнүүд дээр илэрсэн цус багадалтын шинжийг хэлж байгаа. Хордлого гэчхээд дараа нь элэг, бөөр гэсэн байгаа. Энэ бол ерөнхий хордлогын шинжүүд элэг, бөөр дээр илэрсэн. Архинаас болж элэг, бөөрний хордлого үүссэн гэж үзээгүй. Шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан талийгаачийн биед нарийн гэдэс нь тасраад хордлого үүссэн байгаа. Энэнээс болж элэг, бөөрөнд халдварласан. Мэс засал хийх ажиллагаанд би оролцоогүй. Талийгаачийг нас барсан хойно нь шинжилгээ хийсэн. Цогтцэций сумын эмнэлэгт задлан шинжилгээ хийхэд хэвлийн зүсэгдсэн шархыг үзэхэд харалдаа талд нь хэвлийн талд зөв хэсэгтээ 2 сантиметр орчим цоорсон үүнийг мэс заслын оёдлоор оёсон. Нарийн гэдсэнд мэс заслын оёдол хийгдээд шархыг цэвэрлэсэн. Чацархай дээр байгаа шарх 2 сантиметр урттай, нөгөө нь нарийн гэдэс нь бүхэлдээ тасарсан. Тасарсан хэсгийг буцааж мэс заслаар оёдол тавьж нөхсөн. Хэвлий хөндийн газар хамгийн ариун байх ёстой хэсэг. Хүний биеийн хэвлийн дотор эрхтэнд гадны бохир зүйл орсноос хордлого үүссэн. Тухайн үед хордлого тайлах арга хэмжээ авсан ч хордлогын шокноос болж тухайн хүний амь насыг аварч чадаагүй. Эмнэлгийн буруутай үйл ажиллагаа байсан гэж үзэхгүй байна. Энэ гэмтэл амь насанд аюултай хүнд гэмтэл. Нарийн гэдэс тасарсан тасраагүй үхэх боломжтой гэмтэл гэж үздэг. Хүнд гэмтэл нь өөрөө хүний амь насанд аюултай хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, дотор эрхтнийг гэмтээсэн, гэмтээгээгүй хүний амь насанд аюутай гэмтэл гэж үзэж байгаа. Хүний биед учирсан хүнд гэмтэл нь хүний амь насанд аюултай. Амьд явах хугацааг шинжлэх ухааны үүднээс нарийн тогтоох боломжгүй. Хүнд гэмтэл болгон дээр амь аврах авагдах боломжтой эсэх талаар тухайн үед эмнэлгийн тусламж ямар нөхцөлд явагдсан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тухайн хүний биеийн байдал, хувь хүний онцлог зэргийг харгалзан үзэх учир нарийвчлан тогтоох боломжгүй. Хордлого болон хугацаа алдсан байдал хамааралтай гэж үзэж байна. Яагаад гэвэл хордлого дор хаяж 12 цаг орчмын дараа цусаар дамжаад хүний биед хордлого үүсгэдэг гэж үздэг. Тэгэхээр тэр цагт нь багтаагаад мэс засал хийх боломжтой эмнэлэг рүү шилжүүлээд явуулсан бол илүү дүнтэй байх байсан гэж бодож байна. Эмнэлэгт яаралтай очих, оройтож очих нөхцөл байдал дээр тайлбар хэлье. Тухайн нөхцөл байдал процесст удаагүй учраас нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач учирсан шархны хүндрэлээр нас барсан. Хүнд гэмтлээр нас барах боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл хүнд гэмтэл нь өөрөө хүний амь насанд аюултай. Ердийн явцаараа хүний амь насанд хамааралтай гэмтлүүдийг хамааруулж үздэг. Тэгэхээр энэ гэмт хэрэг нь хүний амь насанд аюултай. Талийгаач энэ хүнд гэмтлийг аваад энэ хүнд гэмтлээсээ болж ерөнхий хордлогод орсон гэж үзэж байгаа. Гэмтлийн зэргийг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар гэмтлийн зэргийг тодорхойлсон. Архаг хууч өвчин гэхээр тэр хүнд угаасаа байсан өвчнүүдийг хэлж байгаа. Тэгвэл ерөнхий хордлого нь хутгалагдсан шархнаас болж үүссэн цочмог явцтай явагдсан. Ерөнхий хордлого нь хутгалагдсан шархны хүндрэлээр хүний биед гэдэсний агуулагдахуун, ходоодны хордлого болж явагдсан байна гэж үзэж байгаа.” гэв.

2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-28-р хуудаст/,

2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 29-32-р хуудаст/

Согтуурал шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 33-р хуудаст/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын: “... 11 цагийн үед залгахад өөрөө утсаа авахаар нь яасан бэ юу болов гэхэд ах нь ярья, гайгүй ээ гээд салгачихсан. ...хагалгааны дараа орой 23 цаг өнгөрсөн байхад Түвшиндэлгэрээр залгуулж мессенжерээр дүрс харж ярьсан. Тэгэхэд гайтай юм боллоо ахын дүү, одоо гайгүй байхаа гэж байсан тэгээд нээх удалгүй нас барчихлаа гэж Түвшиндэлгэр хэлсэн. 10 сая төгрөг нэхэмжилж байна, хэрэгт хавсаргаж өгөх боломжгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-48-р хуудаст/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.М-ын: “... би 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шөнө 03 цагийн орчимд Ханбогд сумын Цагаан хад гэх газар очиж амарчхаад маргааш нь ӨМҮ улсын дугаартай нордбенз маркийн нүүрс тээврийн машин хариуцаж аваад тээвэрт явахаар болж Цогтцэций сумын Таван толгой уурхайн 4-р ам гэх газар ирж оочирлож хоноод 02 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд нүүрсээ ачуулж уурхайгаас гарсан. Тэгээд ачаагаа буулгахаар Цагаан хад руу явж байтал манай найз Н /талийгаач/ залгаад “нүүрс тээврийн авто замын 47 дахь км-т хүрээд ир, цагаан хаданд очоод ачаагаа буулгаж чадахгүй юм чинь, энд машинаа янзалчхаад битүүлж, шинэлчхээд явъя” гэж хэлсэн. Би 17 цагийн орчимд 47 дахь километр дээр очиход Н /талийгаач/ нь машиныхаа эзэн болох Чтэй хамт гэрт нь баярын ширээ засаад байж байсан. Би тухайн үед бүрэнхий тасрахаас өмнө машиныхаа кабин доторх зүйлийг цэвэрлэхээр гадаа гараад машиндаа байж байтал 18 цагийн үед 2 машинтай шалаанзны танихгүй 2 жолооч ирээд Чгийн гэрт орцгоосон. Би гадаа машинаа цэвэрлэж дуусаагүй байтал Н гарч ирээд “орж битүүлцгээе, хоол хөрлөө” гэж хэлээд би 20 цагийн үед Чгийн гэрт нь орсон. Тэгэхэд Н /талийгаач/, Ч танихгүй хоёр жолооч байсан. Тэгээд бид нар хоорондоо танилцаад 1 шил Eden 0,7л, 1 шил Eden 1л, 1 шил Arkhi гэсэн бичиглэлтэй 0,75л архи нийт 3 шил архи хувааж ууцгаасан. Тэгэхэд танихгүй хоёр залуугийн өндөр нь өөрийгөө Пүрэвээ, намхан нь өөрийгөө А гэж танилцуулж байсан. Тухайн үед бид нар 23 цагийн орчимд архиа ууж дуусаад Н /талийгаач/ бид хоёр унтахаар Нийн машины кабинд орсон. Удалгүй араас Ч машинд орж ирээд кабины салон хэсгийг налаад зогссон. Тэгэхэд нь Н /талийгаач/ “гэртээ орж амраачээ” гэж хэлээд байж байтал Пүрэвээ жолооч талын хаалгыг онгойлгоод ороод ирсэн. Тухайн үед Н /талийгаач/ хойшоо орон дээр гараад суухад Пүрэвээ жолоочийн суудалд суусан. Тэгтэл нөгөө талын буюу зорчигч талын хаалганы гишгүүр дээр А гишгээд гэнэт л “Н /талийгаач/-ийг даам гарчихсан пизда вэ?” гэж хэлсэн. Тэгэхэд нь Н /талийгаач/ нь “юу гээд байгаа пизда вэ?” гэж хэлэхэд А “буугаад ир, үзчихье” гэж хэлсэн. Тухайн үед Н /талийгаач/ нь жолооч талын хаалгаар машинаас буугаад А рүү очиход “хойшоо хүрээд ир, үзчихье” гээд А, Нр /талийгаач/ нар машины чиргүүлийн хэсэг рүү хамт явсан. Тэгээд төд удалгүй А миний сууж байсан хаалганы талаар гартаа хутга барьчихсан, наадахыг чинь бас шаачихъя овоо пизда  нар вэ? Гэж хэлээд дайрахад нь би нөгөө талын хаалгаар нь гараад зугтаачхаад машинаас холдож газар сууж байгаад 3 цаг гарангын дараа машин дээр очиход А, П, Ч нар дотогшоо гэртээ орцгоочихсон байсан. Би машинд ороод жаахан сууж дулаацаж байгаад Чгийн гэрт нь ороход Н /талийгаач/ орон дээр хэвтчихсэн, гэдсээр нь цагаан бинт бололтой зүйлээр боочихсон байдалтай, А нь “Ч-г нөхрөө доромжилсон толгой дээр нь гарсан пизда”, Н /талийгаач/-ийг “даам гарсан пиздаануудыг нэг мөр алаад хаячихъя” гэж хэлээд босоод ирэхэд нь би айгаад гарч зугтаагаад Н /талийгаач/-ийн машинд суугаад байж байтал 1 цаг орчмын дараа Н /талийгаач/ машинд ороод ирсэн. Тэгэхээр нь би гайгүй юу? Гэхэд “А пизда хутгалчихсан гэхдээ зүгээр, зүгээр унтлаа” гээд орон дээрээ гараад хэвтчихсэн. Тэгэхээр нь би машинаа бариад Цогтцэций сум руу явах уу?, гэхэд яахын бэ? гэж хэлэхээр тухайн үед нь хэсэг зүүрмэглээд сэрэхэд гадаа гэгээ орчихсон, цагдаа, эмнэлгээс хүмүүс хүрё ирцгээсэн. Тэгээд Н /талийгаач/-ийг эмнэлэг рүү аваад явсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-53-р хуудаст/,

   Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Б-ийн: “...би Атэй 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Тавантолгой ХК-н уурхай дээр оочирт хамт байж байгаад нүүрс ачуулаад хамт урагшаа явсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн үед Цагаан хадан дээр байдаг нүүрсний талбай дээр нүүрсээ буулгачхаад Тавантолгой руу ар араасаа хөдөлсөн. Би 82-17 ӨМЭ улсын дугаартай Нордбенз маркийн машин жолоодож А өөрийнхөө цагаан өнгийн Нордбензийг жолоодож явж байсан. Тэгээд хойшоо уурхай руу явж байхад найз М гэдэг хүн залгаад найз нь ээжтэйгээ золгох гээд Өмнөговь аймгийн төв явлаа чи эртхэн манайд ирээд идээ засаад, манайд битүүлээрэй гэж хэлсэн. тэдний гэр нүүрс тээврийн авто замын 47 дахь км-т байдаг юм. Тэгээд би энэ талаар А рүү утсаар залгаад М ирж битүүл гэж байна. Хоёулаа тэднийд битүүлчхээд гэрийнх нь гадаа машиндаа засвар хийх үү гэхэд А тэгье гээд бид нар орой харанхуй болж байхад Мын гэрт очиход Мын эхнэр Ч, талийгаач Н, талийгаачийн найз М нар тэднийд идээгээ засчихсан байж байсан. Тэгээд бид нар бууз жигнэж идэж байхад Ч 2 шил 0.75 литрийн Эден гэдэг архи гаргаж ирснийг бид нар хувааж уусан. Чгийн гаргаж өгсөн архийг уугаад дуусахад талийгаач машинаасаа 1 шил 0.75 л-н Экс гэдэг архи гаргаж ирснийг бид нар хувааж уусан. Сүүлийн архи машинаас их хүйтэн орж ирснээ болох шиг болсон бид нар бүгд нэлээд согтож байсан. Тухайн үед ямар нэг маргаан болоогүй бид нар хорондоо юм яриад ирэх зун бөөнөөрөө Завхан явж зугаална гэх зэрэг зүйл ярьж байсан. Тэгээд архиа ууж дуусгаад гэрээс орж байхад би жаахан зайдуу явж бие засчхаад ирэхэд А гэрийн гадаа байж байсан. Тэр үед талийгаачийн машинд талийгаач болон М, Ч нар хамт байгаа нь кабины гэрэлд харагдсан. Тэгсэн чинь А энэ муу Насаа /талийгаачийг Насаа гэж дууддаг гэх/ Мыг эзгүйд авгайтай нь явалдаад байгаа юм шиг байна гэсэн утгатай юм яриад уурлаж байгаад машин руу нь очоод хаалгыг нь онгойлгоод талийгаачийг буулгаж ирээд машинаас нь жаахан зайтай дагуулж машинуудын голд очоод хоорондоо юм яриад байх шиг байсан. Тэр үед Ч машинаас буугаад гэр лүүгээ орсон чинь А араас нь орчихоор нь би араас нь гэр лүү нь орж очиход А чи муу жолоочтойгоо явалдлаа муу янхан гээд гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би хөөе юу болоод байгаа юм бэ гээд Агийн гараас хутгыг нь булааж аваад орны бүтээлгэн доогуур хийсэн. Тэр үед хальт харахад хутга нь цус болчихсон байсан. Тэгээд яагаад байгаа юм бэ юу болов оо гээд байж байхад гаднаас талийгаач орж ирээд А намайг хутгалчихлаа гэхээр нь цамцыг нь сөхөөд харахад талийгаачийн гэдэснээс цус гарчихсан байсан. Сайн харахад хэвлийн зүүн хэсэгт 2 см орчим шарх үүсэж их цус гарч байсан. Тэгээд бид нар сандралдаад талийгаачийг орон дээр хэвтүүлээд Ч шархан дээр нь юм тавиад байх шиг байсан. хэн эмнэлэг цагдаа дуудсаныг мэдэхгүй хэсэг хугацааны дараа эмнэлэг цагдаа хамт ирээд талийгаачийг аваад явсан. Талийгаач өөрөө алхаж ороод сандал дээр нь хэвтээд явсан. Цагдаа нар Аг аваад явсан. М бид 2 гэр болон машинуудыг нь хараад байж байхад дахин цагдаа нар ирээд бид 2-г аваад үзлэг шалгалт хийгээд надаар хутга байгаа газрыг заалгаж хутгыг нь аваад бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Шөнө Мын гэрийн гадаа байхад М луу хүн залгаад талийгаачийг нас барсан гэж хэлсэн байсан. Бүгд л нэлээд согтсон байсан. Жижиг мөнгөн аяганд архи хийж адилхан тойруулаад ууцгаасан. Би нэлээд согтсон байсан гэхдээ болсон зүйлийг санаж байгаа. Яг хэзээ хаанаас хутга авсныг мэдээгүй. Нэг мэдэхэд гэрт хутга барьчихсан Ч рүү давшлаад загнаад зогсож байсан. Тэгээд би Агийн гараас цустай хутгыг нь булааж авсан. Машинаас нь буулгаж ирээд 2 машины голд хутгалсан гэж бодож байна. Тэр 2 машины голд зогсож байхыг би харсан. Тухайн үед гадаа харанхуй байсан. Гэхдээ ямар нэг хэрэлдэж зодолдож байгаа чимээ сонсогдоогүй. Талийгаач Мын хувийн  шланз  машиныг жолооддог юм. Тэгсэн чинь А Мын эхнэр Чг Талийгаачийн машинд орчихоор нь энэ муу найзынхаа эхнэртэй явалддаг юм байна гээд уурлаад байсан. Тэрнээс л болсон байх. Өөрөөр тухайн үед ямар нэг муудаж маргалдах зүйл болоогүй хоорондоо эвтэй байсан. Чг талийгаачийн машинд орчихсон байхад А энэ муу 2 явалддаг юм байна гээд уурлаад байсан. Тухайн үед талийгаачийн машинд талийгаач, Ч, М нар юм яриад сууж байгаа нь кабиных нь гэрэлд харагдаж байсан. Яагаад тэр 2-г явалддаг гэж уурлаад байсныг би ойлгоогүй. Аг хутга барьсан байхыг хараад айгаад огт дуугарахгүй байсан. Дэргэд нь хэн ч байгаагүй. А талийгаачийг машинаас дуудаж буулгаад цаашаа явах үед Ч гэр лүүгээ орсон. М машин руугаа явчих шиг болсон. Яг хутгалах үед нь дэргэд нь хүн байгаагүй. Би Атэй 7 жил орчим нөхөрлөж хамт тээвэрт явж байгаа. Хүнтэй муудаж маргалдаж байхыг нь мэдэхгүй байна. Ааш зан сайтай зүгээр хүн гэж боддог. Талийгаачтай ямар нэг өш хонзон байхгүй л гэж бодож байна. энгийн харьцдаг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-56-р хуудаст/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ч-гийн: “... битүүний орой нүүрс тээврийн замын 47 дахь км-т байдаг манай гэрт талийгаач Н, М, А, Б бид нар манайд бууз жигнэж идчихээд манайд 3 шил 0,75 л-н архи хувааж ууцгаасан. Сүүлд талийгаач Н машинаасаа 1 шил 0,75 л-н Экс архи авчраад манай жижиг гэрт ууцгаасан. Би бас тэд нартай хамт уусан. Согтох нь согтсон байсан. ухаан санаа бол зүгээр байсан. тэгээд 00 цаг өнгөрч байхад машин машиндаа орж унтацгаалаа гээд манайхаас гарцгаасан. Би гэр орноо жаахан цэгцэлж аяга тавгаа угаачхаад баруун талынхаа орондоо орж хэвтсэн. Намайг жаахан унтаж байхад талийгаач гэрт орж ирээд л хойд орон дээр хүн ёолоод өнхрөөд байх шиг болохоор нь шартаад байгаа юм байх гэж бодоод хэвтэж байгаад бас унтсан байсан. Нэг сэрэхэд Н миний хажууд ирчихсэн цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэхээр нь би яасан бэ гэж байгаад унтчихсан байсан. тэгээд гэнэт юу гэчих вэ гэж бодоод сэрээд өндийгөөд харахад гэрийн хойд ор, шалан дээр нил цус болчихсон байсан. тэгээд би сандраад гэрээс гараад очиход талийгаач машиндаа орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би машинаас нь буулгаж шээлгэчхээд гэр лүүгээ оруулах гэхэд машин руугаа орно гээд байхаар нь машинд оруулчхаад харахад гэдсэн дээр нь хүйснийх нь баруун хэсэгт шарх үүсэж маш их цус гарч байсан. бас хэвлийн зүүн хэсэгт нь бага зэрэг шарх үүссэн түүнээс нь бага зэрэг цус гарч байсан. Тэгээд би даавуугаар гэдсийг нь боож өгчхөөд жорлон орж бие засчхаад эргээд ирэхэд түргэний машин ирж байсан. Тэгээд эмнэлэг ирээд талийгаачийг аваад явсан. Би араас нь эмнэлэг дээр ирээд талийгаачийн дүү Дэлгэртэй хамт талийгаачийг харж байгаад намайг яв яв гэхээр нь гэрлүүгээ  явсан. Тэгсэн чинь шөнө 01 цагийн үед талийгаачийг нас барсан байна гэж манай нөхөр хэлсэн тэгээд би ухаан алдсан байсан нэг мэдэхэд би эмнэлэг дээр ухаан орсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-61-р хуудаст/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Т-ийн: “шинийн 1-ний өглөө буюу 12-ны өглөө 08 цаг өнгөрч байхад талийгаач Д.Н  над руу залгаад  ах нь хүнд хутгалуулчихлаа, хэд хэдэн газар хутгалчихсан. Би үхэх гээд байна намайг ирж аваач гэж хэлсэн. Тэгээд би Цогтцэций сумын эмнэлэг рүү залгаад нүүрс тээврийн замын 47 дахь км-т хүн хутгалуулсан байна. Бие нь тааруу байх шиг байна гэж дуудлага өгсөн. Эмнэлгээс цагдаад дуудлага өгчихнө гэж хэлсэн. Тэгээд би эргээд талийгаачийн ---- дугаар луу залгахад Ч гэдэг эмэгтэй нь утсыг нь авчихаар нь би наана чинь юу болоод байгаа юм бэ Н ахтай яриулаадах гэхэд энд ямар нэг зүйл болоогүй, зүгээр байна, наадах чинь согтуурхаж байгаа юм гээд байсан. Наад хүн чинь ингэж хурдан унтахгүй зүгээр яриулаадах гээд уурласан чинь надтай талийгаачийг яриулахад ахыгаа хурдан ирж ав, ах нь хөдлөх тэнхэлгүй болж байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг рүү дахиад ярихад эмч нар 20-30 минут болж байна гэсэн. Тэгээд би дахиад талийгаачийн дугаар луу залгахад Ч нь авчхаад эмч ирээд аваад явсан гайгүй байх гэж хэлсэн. хутгалсан хүнийг нь цагдаа аваад явсан гэж хэлсэн. Тэгээд 10 цаг өнгөрч байхад талийгаач над руу залгаад ах нь эмнэлэг дээр ирчихсэн байна, ам зайлах ус аваад ир гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход талийгаач дуу нь нэлээд суларсан байсан. Тэгээд эмч нар яаралтай хагалгаа  хийнэ гээд аваад явсан. Хагалгаанаас гарч иртэл ньь би эмнэлэг дээр бараг 3 цаг болсон. Хагалгаанаас гарч ирсний дараа ороход норкоз нь бүрэн гараагүй байх шиг байсан. ам хатаад байна ус уумаар байна гээд байсан. Тэгээд бие нь сайжрахгүй байсаар байгаад 00 цаг 20 минутын үед нас барсан. Эмнэлгийн байгууллага нэлээд сайн ажилласан боловч амь насыг нь аварч чадаагүй. Талийгаач маань 2011 оны үеэс нүүрс тээврийн жолооч ажил хийж байсан. Сүүлд 2020 оны намар ирээд дахиж гэр лүүгээ яваагүй байсан. Хүнтэй гэрлэж байгаагүй үр хүүхэд байхгүй хүн байгаа юм. Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн дүүтэйгээ амьдарч байсан. Ноднин жил ээж нь нас барсан юм. эмнэлэг дээр ирээд бие нь нэг сэргээд арай гайгүй болж байхад нь би юу болов оо гээд асуухад бид нар айлд архи ууж шинэлчхээд машин машиндаа ороод унтах гэж байхад миний машинд орж ирээд олон юм яриад, буугаад ир гээд байхаар нь машинаасаа буугаад очиход хутгалчихсан гэж хэлсэн. Бие нь тааруу байсан болохоор сайн ярьж болохгүй байсан. Өөр зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63-р хуудаст/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М-ын: “... сүүлд талийгаач өөрөө утсаа авснаа дүү нь Аагийд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би юу болов оо бие нь яаж байна, манай эхнэр хаана байна, Б хаана байн гэхэд би машиндаа хэвтэж байна, миний бие гайгүй ээ танай эхнэр гэртээ унтаж байгаа, Б машиндаа байгаа байх аа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-р хуудаст/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Г-гийн: “... маргааш нь буюу шинийн 1-ний өглөө би гадаа гэгээ орчихсон байхад 7 цагт босоод цайгаа чаначхаад дээш өргөчхөөд байж байхад гаднаас нүүрс тээврийн жолооч хийдэг зүс таних Аагий гэдэг залуу бас нэг бүдүүн шар хүнтэй орж ирээд жижиг машинаараа сум яваад өгөөч гэхээр нь би яасан бэ гэхэд Аагий гэдэг залуу би хүн хутгалчихжээ яаралтай эмнэлэг явах хэрэг байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-р хуудаст/,

Өмнөговь аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний Төвийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаартай “1. Шинжлүүлэгч Ч.А нь сэтгэцийн хувьд эрүүл, 2. Шинжлүүлэгч Ч.А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, 3. Шинжлүүлэгч Ч.А нь хэрэг хариуцах чадвартай” шүүх сэтгэцийн дүгнэлт /1-р хх-ийн 75-77-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 22 дугаартай “1. Талийгаач Д.Н-ын биед хэвлийн голоор  хүйснээс дээш 3 см-т хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг зүсэж тасалсан шарх, хэвлийн зүүн талаар хэвлийн хөндийд нэвтэрч гялтан хальс чацархайг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн  шарх, дээд уруул, цээж зулгаралт, баруун гуя, баруун шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаач Д.Нын биед учирсан гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно. Талийгаач Д.Н-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Талийгаач Д.Н-ын цогцост үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач Д.Н нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шархны улмаас ерөнхий хордлогоор нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 80-83-р хуудаст/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №1212 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн CW5844550 гэсэн хуруу шилний дугаартай, хуруу шилтэй цус нь О (I) бүлгийн харьяалалтай байна. 2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 19 см урттай, шар эрээн өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь О (I) бүлгийн харьяалалтай байна. Магадлуулагч Д овогтой Н-ын гэх хуруу шилтэй цусны бүлэг нь хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 19 см урттай, шар эрээн өнгийн иштэй хутган дээр илэрсэн цусны бүлэгтэй бүлгийн харьяаллаараа ижил байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 98-101-р хуудаст/,

Яллагдагч Ч.А-гийн сэжигтнээр: “...би 2009 оноос хойш Өмнөговь аймагт нүүрс тээвэрт явж байгаа юм. Сая өнгөрсөн 02 дугаар сарын 10-ны өдөр нэг компанид жолооч ажилтай Бтэй хамт Тавантолгой ХК-н уурхайгаас нүүрс ачаад урагшаа Цагаанхад явж буулгачхаад 2 сарын 11-ний өдөр буюу битүүний өдөр хойшоо уурхай руу хөдөлсөн. Тэгээд замд явж байхад Б бид 2 ярилцаж байгаад нүүрс тээврийн 47 дугаар км-т байдаг М гэдэг айлд очиж тэний гадаа машиндаа засвар үйлчилгээ, гагнуур хийе гэж ярилцаж тохироод орой нар жаргаж байхад, арай харанхуй болоогүй байхад Мын гэрт очиход М Өмнөговь аймаг руу ээжтэйгээ шинэлэх гээд явчихсан. Тэднийд эхнэр Ч мөн тэдний нүүрсний машиныг жолооддог зүс таних Н гэдэг залуу, Н-ын найз М нар байж байсан. Тэгээд бид нар бууз жигнэж идэж байхад Ч 2 шил 0.75 литрийн Эден гэдэг архи гаргаж ирсэн. Бид нар тэр архийг нь ууж арай дуусаагүй байж байхад жолооч нь машинаасаа бас нэг том шилтэй архи авчирсан. Би өмнө нь архи уудаг байж байгаад сүүлийн 3 жил архи уугаагүй байсан юм. Тэгээд эхэндээ уухгүй гээд уухгүй байхад тэд нар сар шинэ болж байна уучхаад амарчихгүй юу гэхээр нь ганц нэг татчихъя гэж бодоод уусан. Бид нар бүгдээрээ жижиг мөнгөн юм шиг аягаар тойруулаад ууж байсан. архи ууж байхад ямар нэг хэрүүл маргаан болоогүй, тойрч суугаад ярьж байгаад шөнө болсон хойно гэрээс гараад талийгаачтай маргалдах шиг болсон. Бид нар гэрт нь архи ууж байхад Мын эхнэр нь жолоочтойгоо их дотно харьцаад байх шиг санагдаад байсан юм. Би тухайн үед нэлээд согтсон байсан нэг санахад талийгаачийг чи муу найзыгаа эзгүйд эхнэртэй нь явалддаг юм уу хаашаа юм гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд л чи хүн хутгалчихлаа шдээ гэхэд л ухаан ороод архи гарсан. Тэгээд би талийгаачийг хаана байна гээд машинд нь очиход талийгаач кабиндаа хойд орон дээрээ хэвтэж байсан. Харахад гэдсэн дээр нь гол хэсэгт мөн хажуу хэсэгт 2 газар хутгалчихсан байсан. Тэгээд би сандраад машин руугаа гүйгээд эмийн сан авчраад шархыг нь боосон. Тэр үед талийгаач шээс хүрээд байна гэхээр нь орон дээр нь шээлгэх гэж түмпэн тосоход шээж болохгүй байна гээд байсан. Тэр үед эмнэлэг цагдаа дуудъя гэхэд хэн нь мэдэхгүй байна нэг хүн дуудчихсан одоо ирж байгаа гээд байсан. Тэгээд удалгүй цагдаа эмнэлэг ирсэн. Яг хэн, хэзээ цагдаа дуудсаныг мэдэхгүй байна. Эмнэлэг ирээд талийгаачийг аваад явсан. Цагдаа нар намайг авч цагдаагийн хэлтэс дээр авчирч согтуурал шалгахад 1,85%-н согтолттой гарсан. Тэгээд намайг Өмнөговь аймгийн эрүүлжүүлэх байранд аваачиж эрүүлжүүлсэн. Би нэлээд согтсон байсан. Зарим зүйлийг санахгүй байгаа юм. Тэнд байсан хүмүүс нэлээд согтох шиг болсон. Би тэр нөхрийг найзынхаа эхнэртэй самуураад байна гэж бодоод миний дургүй хүрээд байсан. Надад тэр хүнтэй маргалдах ямар нэг шалтгаан байхгүй. Би согтуудаа хүн чанар гаргаад чи найзынхаа эхнэртэй явалдлаа гэж хэлсэн. Түүнээс болж маргалдсан байх. Миний зүүн шанаа хавдсан, хөндүүртэй байна.Мөн уруул шалбарсан байна. Тэгээд л намайг цохичихоор нь би хутгалсан байх. Түүнээс би зүгээр байгаа хүнийг хутгалахгүй байх гэж бодож байна. Сая мөрдөгч надад хутга харуулсан. Миний машинд явдаг хоол, хүнсэндээ хэрэглэдэг хутга мөн байна. Би өнөөдөр энд ирээд талийгаачийг нас барсан гэж мэдлээ. Үнэхээр харамсаж байна. Архи уусны л гай байх. Би сүүлийн 3 жил гаруй архи уухгүй байж байгаад тэр өдөр уучихсан. Ямар шалтгаанаар хүн хутгалснаа үнэхээр мэдэхгүй байна. Маш их гэмшиж, харамсаж байна. Нүүрс тээвэрт явж байгаад хааяа таардаг байсан, сайн танихгүй. Ч гэдэг эмэгтэйг ч сайн танихгүй хааяа гэрээр нь орж гардаг л байсан. Тэр 2 хүнийг явалддаг гэж мэдэхгүй яагаад тэгж муудах болсныг мэдэхгүй байна. Согтуугийн л гай байх. Ямар ч байсан хүн хутгалчихлаа гэж мэдчихээд нээх удалгүй цагдаа, эмнэлэг ирэх шиг болсон. Би тэр хооронд гялс эмнэлэг хүргэе л дээ гээд айлуудын хаалга нүдээд гүйгээд байх шиг байсан. Яг хэзээ хэдэн цагт гэж хэлж мэдэхгүй байна. Би маш их харамсаж гэмшиж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-128-р хуудаст/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.А-гийн яллагдагчаар өгсөн: “... бид нар гэрт архи уугаад сууж байхад Мын эхнэр нь жолоочтойгоо их дотно харьцаад байх шиг санагдаад  байсан юм. Би тухайн үед нэлээн согтсон байсан нэг санахад талийгаачийг чи муу найзынхаа эзгүйд эхнэртэй нь явалддаг юм уу хаашаа юм гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд  өглөөгүүр гэгээ орсны дараа чи хүн хутгалчихлаа шдээ гэж Бийг хэлэхэд ухаан ороод архи гарсан. Тэгээд би талийгаачийг хаана байна гээд машинд нь очиход талийгаач кабиндаа хойд орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би сандраад машин руугаа гүйгээд эмийн сан авчраад шархыг нь боосон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-135-р хуудаст/,

            Шүүгдэгч Ч.А-гийн хувийн байдалтай холбогдох баримтууд /1-р хх-н 142, 150, 160 -р хуудаст/,

Ч.А-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 146-р хуудаст/

Ч.А-гийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /1-р хх-н 152-158-р хуудас/,

Ч.А-гийн арван хурууны дардас /1-р хх-н 159-р хуудас/

Ч.А-гийн хувийн байдалтай холбогдох баримтууд /2-р хх-ийн 160-161, 163-176 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчлөн зүйлчилж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Ч.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг Эрдэнэс Таван толгой ХК-н уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 47 дахь километрт 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Д.Н-ыг Э.Ч-тэйхардаж маргалдан хэвлий хэсэгт нь хутгалж  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.А-г уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгч Э.Г дүгнэлт нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нотлох баримтуудад үндэслэсэн, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ч.А нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ч.А-гийн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн, хууль зүйн ухамсар дутмаг байдал, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, хяналт тавих арга хэмжээг хангалтгүй зохион байгуулсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Ч.А-г драгер алкотест багажаар шалгахад 1.85% согтолттой байсан болох нь согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогджээ. /1-р хх-ийн 33 дугаар хуудас/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт тайлбартаа: “... тухайн хэрэг учрал болох үед хохирогч Д.Н нь хутгалуулсныхаа дараа сум дундын эмнэлэгт мэс заслын хагалгаанд амжилттай ороод норкозноос сэргэсэн бөгөөд төрсөн дүүтэйгээ видео колл хийж би гайгүй ээ, уучлаарай гэж ярьж байсан нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс тодорхой харагддаг. Хэрэг учрал болсон газар дээр талийгаач Д.Н нь хэргийн газар дээр нас бараагүй, тухайн үед амьд байсан бөгөөд түүний амь насанд шууд хүрээгүй, хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан. Хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас ерөнхий хордлогоор нас барсан болох нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт тайлбартаа: “... энэ нөхцөл байдлаас болж хохирогч 12 цагийн дараа хагалгаанд орсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шинжээчийн 22 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч Б.Б эрүүгийн шүүх хуралдаанд орохдоо, энэ дүгнэлтийн 3 дахь хэсэгт хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Одоогийнхоор хүндээр хохироосон гэсэн дүгнэлт гарсан. Мөн дүгнэлтийн 4 дэх хэсэгт уг гэмтлийн улмаас ерөнхий хордлогоор нас барсан гэсэн дүгнэлтийн 2 болон 4 дэх хэсэг хоорондоо хамааралтай дүгнэлт гарсан. Үүнийг учирсан гэмтэл болон цаг хугацаа, нөхцөл байдал, гэмтлийн байдал шинж чанар амин эрхтэн эсэх гэх мэт нөхцөл байдлуудыг авч үзэхээр хохирогчид учирсан гэмтэл бол хүнд гэмтэл, хэвлийд нэвтэрсэн шарх мөн дотор эрхтэн буюу нарийн гэдэсний гэмтэл нь хэрвээ мэс заслын эмчилгээг цаг хугацаанд нь анагаах ухааны хувьд хийвэл амь насыг нь аврах боломжтой. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэлийг өөрчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэлт гаргаж байна.” гэв.

 Шүүгдэгч Ч.А нь амь хохирогч Д.Н-ыг Э.Ч-тэй хардаж маргалдан хэвлий нь хэсэгт хутгалсны улмаас хүнд гэмтэл авч нас барсан нь шүүгдэгч Ч.А-гийн хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ч.А өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаардана.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Талийгаач Д.Н-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, талийгаач Д.Н нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шархны улмаас ерөнхий хордлогоор нас баржээ.” гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд талийгаач Д.Н нь хүнд гэмтэл авч, хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шархны улмаас ерөнхий хордлогоор нас барсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна. 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “... түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч С овогт Ч-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас амь хохирогч Д.Н-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсны улмаас амь нас хохирсон болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн “1. Талийгаач Д.Н-ын биед хэвлийн голоор  хүйснээс дээш 3 см-т хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг зүсэж тасалсан шарх, хэвлийн зүүн талаар хэвлийн хөндийд нэвтэрч гялтан хальс чацархайг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн  шарх, дээд уруул, цээж зулгаралт, баруун гуя, баруун шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаач Д.Нын биед учирсан гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно. Талийгаач Д.Н-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Талийгаач Д.Н-ын цогцост үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач Д.Н нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шархны улмаас ерөнхий хордлогоор нас баржээ.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 80-83-р хуудас/

Шүүгдэгч Ч.А нь гэм хорын хохирол, хор уршгийн төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д 30,500,000 /гучин сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр тогтоогдсон байна. /2 дугаар хх-ийн 160-165 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлбөрт нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцоогүй болно.

Учир нь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал нь зайлшгүй зардалд хамаарахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгч авах хуулийн үндэслэлд хамаарахгүй тул өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 3,000,000 /гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Шүүгдэгч Ч.А-гээс хохирол, хор уршгийн төлбөрт 30,500,000 /гучин сая таван зуун мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бод төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.А сэтгэцийн хувьд эрүүл, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүүх сэтгэцийн 2021 оны 02 дугаар сарын 24-ий өдрийн 3 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. /1 дүгээр хх-ийн 75-77 дугаар хуудас/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан 30,500,000 /гучин сая таван зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ч.А урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1 дугаар хх-н 146 дугаар хуудас/

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн байдал, улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар тогтоох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Ч.А 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан, 2021 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Агийн сэжигтнээр 1 /нэг/ хоног баривчлагдсан, яллагдагчаар 267 хоног цагдан хоригдсон, нийт 268 хоногийг хорих ялын 268 хоногоор тооцож, түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын биднийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр гаргасныг хүлээн авч тэднийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг зохицуулжээ.

Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан гэмт хэргийг 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заажээ.

 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар эрээн өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.А-гээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь нийт 268 хоног цагдан хоригдсон хоногтой, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.А-г 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Ч.Ад 6 оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-гийн сэжигтнээр 1 /нэг/ хоног баривчлагдсан, яллагдагчаар 267 хоног цагдан хоригдсон нийт 268 хоногийг хорих ялын 268 хоногоор тооцож, түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Нийт гэм хорын хохирол, хор уршгийн төлбөрт 33,956,000 төгрөг нэхэмжилснээс өмгөөлөгчийн зардлын 3,000,000 /гурван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.А-гээс хохирол, хор уршгийн төлбөрт 30,500,000 /гучин сая таван зуун мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ч.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Ч.Агээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь нийт 268 хоног цагдан хоригдсон хоногтой, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар эрээн өнгийн иштэй хутга 1 /нэг/ ширхгийг устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.БАТМӨНХ

                    ШҮҮГЧИД                                             Д.БАТТУЛГА

                                                                                  Г.ДАВААНАРАН