| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 500/2019/0035/Э |
| Дугаар | 360 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 360
2019 4 23 2019/ДШМ/360
Ж.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мижиддорж,
шүүгдэгч Ж.Аийн өмгөөлөгч Ц.Г,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 456 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Ж.Ат холбогдох эрүүгийн 1810029110122 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Ж.А, 1961 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД.................../;
Ж.А нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 2 дугаар байрны 94 тоотын гадна, хохирогч С.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Иргэн С.Содбурам, С.Х, Б.А нараас Цагдаагийн байгууллагад 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдөлд “Ө-ийн аав Ж.Ат зодуулсан, мөн Ан-гийн “Samsung J7” загварын гар утсыг Өсөхзаяагаас гаргуулж өгнө үү” гэсэн гомдол гаргажээ.
Иргэн Б.Ааас Цагдаагийн байгууллагад “Ж.Ат зодуулсан, түүний охин Өсөхзаяагаас “Samsung J7” загварын гар утас гаргуулах” тухай гомдол гаргаж, тэрээр мөрдөн байцаалтад 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “Би Ө-аас “J7 prime” загварын, 400.000 төгрөгийн үнэ бүхий гар утсаа, мөн нурууны зураг авахуулсан мөнгөө нэхэмжилнэ” гэж мэдүүлсээр байхад мөрдөн байцаалтад энэ талаар шалгах ажиллагаа огт хийгээгүй. Зөвхөн шүүгдэгч Ж.А хохирогч С.Хыг зодсон талаарх гомдлыг шалгаж, шүүгдэгч Ж.А, хохирогч С.Х нар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.5-д заасан нөхцөл байдлыг хангаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, иргэн Б.А-аас гаргасан гомдлыг нэг мөр шалгаж тодруулсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй ба уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ж.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Т.Мижиддорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.
Яллагдагч Ж.А нь хохирогч С.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хохирогч С.Х, яллагдагч Ж.А, гэрч Б.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцааж болно” гэж заажээ. Энэ хэрэгт Ж.А нь хохирогч С.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон, Ж.А нь гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, “хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан нөхцөл байдлыг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Мөн яллагдагч Ж.А нь хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг хохирогч С.Хд нөхөн төлсөн, төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалт хангагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлж дүгнэн шийдвэрлэх байтал иргэн С.С , С.Х, Б.А нараас Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлд дурдсан “...Б.А-гийн “Samsung J7” загварын гар утсыг Ө-аас гаргуулж өгнө үү...” гэх, гэрч Б.А-гийн “... би Ө-гаас “Samsung J7” загварын гар утсаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгийг шалгуулахаар буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 456 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Аийн өмгөөлөгч Ц.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.Ат холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Ж.Ат холбогдох хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 456 дугаартай шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хохирогч С.Х, түүний эцэг С.Содбурам болон Б.А нар нь 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст “С.Х нь Б.А-гийн хамт түүний гар утсыг А.Ө-аас нэхэх зорилгоор очиж, хаалгыг нь тогшиход А.Ө-гийн эцэг Ж.Ат зодуулсан” гэх байдлаар /хх 4/ өргөдөл гаргажээ.
Гэтэл Б.Анаржин нь гар утсыг шүүгдэгч Ж.А биш түүний охин А.Өсөхзаяа авсан гэж мэдүүлсэн байх тул А.Ө-аас хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх, эсхүл гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгуулах боломжтой. Харин Ж.Аийг холбогдуулан шалгах үндэслэл байхгүй байна.
Үүнээс гадна, хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Х нь Ж.Ат гомдолгүй талаарх хүсэлтийг гаргасан /хх 57/ байх ба “Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай” прокурорын тогтоол гаргасныг яллагдагч, хохирогч нар зөвшөөрч, гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг баримтлалгүйгээр анхан шатны шүүх Ж.Ат холбогдох хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.
Хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хууль зүйн дүгнэлт хийж, Ж.Аийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Иймд прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 456 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Ат холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 456 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Ат холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл Ж.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН