Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0115

 

 

  

 

 

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0115

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Г.Мөнхтулга даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И нарыг оролцуулан иргэн М.М-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нэхэмжлэгч М.М-ыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд үргэлжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.М-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нэхэмжлэгч М.М-ыг Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд мөн оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үргэлжлүүлэн ажиллуулж шийдвэрлэсэн бөгөөд үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргах болсныг мэдээлж байна. Иймд нэхэмжлэгч талын гаргаж байгаа хүсэлтийн дагуу уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ма-аас тус шүүхэд хандан ...Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын ажил, албан тушаалыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай захиргааны акт гаргуулахыг даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нэхэмжлэгч М.М-ыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Ма-аас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх эрхийг олгосон байх бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч М.М-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Үүнтэй холбогдуулан шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн М.М-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан ...Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын ажил, албан тушаалыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай захиргааны акт гаргуулахыг даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА