Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2014/0418

 

2014 оны 10 сарын 29 өдөр                    Дугаар 418                                          Улаанбаатар хот

 “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагч Увс аймгийн Засаг даргын гаргасан давж заалдах гомдлоор “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг дарга болон тус аймгийн Аудитын газар, мэргэшсэн төсөвчин Х.А нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тендерийн ажил гүйцэтгэсний үлдэгдэл төлбөр болох 26.208.118 төгрөгийг шилжүүлж өгөхийг Увс аймгийн Засаг даргад даалгах, Аудитын акт болон Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин Х.А-ийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Увс аймгийн Улаангом суманд Аялал жуучлалын жишиг гудамж байгуулах ажлын гүйцэтгэлийн төсөв”-ийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ““Ж” ХХК гэрээ болон зураг төсөвт тусгасан ажлаа туйлын хангалтгүй биелүүлсэн, аймгийн Засаг даргын зүгээс өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, зарим ажлыг дутуу, чанаргүй хийж гүйцэтгэсэн учраас санхүүжилтийг бүрэн олгоогүй. Мөн дээрх ажлын гүйцэтгэлд дүгнэлт гаргуулахаар Аудитын газарт хандсан тул дүгнэлт гарах хүртэл үлдэгдэл санхүүжилтийг олгох боломжгүй байна.

...Санхүүжилтийг бүрэн олгохоос өмнө ажлын гүйцэтгэлд нь дүгнэлт гаргуулах бүрэн эрхийнхээ хүрээнд Аудитын газраар Нийцлийн аудитыг Аудитын тухай хуулийн хүрээнд хийсэн тул аудитын дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Увс аймгийн аудитын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д “Ерөнхий аудитор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаднын шинжээч, мэргэжилтнийг аудитын үйл ажиллагаанд татан оролцуулж, үйлчилгээ, зөвлөгөө авч болно” гэж заасны дагуу тухайн ажлын бодит гүйцэтгэлийг гаргах зорилгоор Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн Монгол Улсын мэргэшсэн төсөвчин Х.А-ийг тухайн аудитад татан оролцуулсан. “Ж” ХХК нь аялал жуулчлалын жишиг гудамж тохижуулах ажлын гүйцэтгэлдээ дээрх хийгдсэн тоглоомуудыг 9.6 сая төгрөгөөр гүйцэтгэснээр хуурамч гүйцэтгэл гаргасан. Энэ нь Улаангом сумын Тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагчаар ажиллаж байсан Э.А-ийн тайлбар, уг төслөөр тоглоомын талбай төсөл хэрэгжүүлж хүлээн авсан комиссын акт, тухайн үед баримтжуулан авсан фото зургаар тус тус нотлогдож байна. Иймд дээрх ажлын гүйцэтгэлийг бодит гүйцэтгэлийн төсөв гаргахдаа хасаж тооцсон.

Түүнчлэн “Ж” ХХК-ийн аялал жуулчлалын жишиг гудамж тохижуулах ажлын 189.8 сая төгрөгийн гүйцэтгэлд усны зардалд 3.2 сая төгрөгийг зарцуулснаар, харин аудитын тайлангийн төсөлд 5.0 сая төгрөгийг зарцуулсан гэх тайлбар өгчээ. Тухайн ажилд гарсан усны зардлыг “Ч” ХХК-аас тодруулахад 903.0 мянган төгрөгийн усны үнийг төлөх тооцоо гарсан байна. Иймд ”Ж” ХХК-ийн аялал жуулчлалын жишиг гудамж тохижуулах 189.8 сая төгрөгийн ажлын зарим гүйцэтгэл хуурамч байх тул мэргэшсэн төсөвчин Х.А-ээр ажлын гүйцэтгэлийг хянуулж, газар дээр нь хэмжилт хийлгүүлж бодит төсвийг гаргуулсан. Түүний гаргасан тооцоог харгалзан үзсэн бөгөөд энэ нь зөрүү дүнг төсөвт татах үндэслэл болсон юм. “Ж” ХХК нь тухайн ажлыг хүлээн авах комиссын ажил хүлээлцэх актыг хуурамчаар үйлдсэн байна гэсэн тайлбарыг ажил хүлээлцэх комиссын дарга Б.Г бичгээр ирүүлсэн” гэжээ.

Хариуцагч мэргэшсэн төсөвчин Х.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Увс аймгийн Засаг даргын 2013 оны 1/1665 дугаар албан бичгийн дагуу 2012 оны Улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн Улаангом суманд “аялал жуулчлалын жишиг гудамж байгуулах” ажлын санхүүжилт, гүйцэтгэл, ажлын үр дүнд, нийслэлийн аудит хийх багийн захиалгаар буюу аудитын шинжээчээр ажиллаж гүйцэтгэлийн төсвийг хийж гаргасан. Тухайн гүйцэтгэлийг гаргахдаа ажлын тоо хэмжээг бодит хийсэн ажил дээрээс авч тухайн үед мөрдөж байсан барилгын норм, дүрмийг баримтлан хууль дагуу гарсан” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: “Барилгын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 6 дугаар зүйлийн 6.1.2 ,16.1.2, Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2.5, 15.1.5, 15.1.12, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36, 14.1.17, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 зүйлийн 16.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин Х.А-ийн 2013 оны 11 дүгээр сард боловсруулсан 154.376.637 /нэг зуун тавин дөрвөн сая гурван зуун далан зургаан мянга зургаан зуун гучин долоон/ төгрөгийн өртөгтэй Увс аймгийн Улаангом суманд Аялал жуулчлалын жишиг гудамж байгуулах ажлын гүйцэтгэлийн төсвийг хүчингүй болгож, Аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Тендерийн ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл санхүүжилтийг орон нутгийн орлогод төвлөрүүлэх” тухай актын төлбөрийн дүнг 12.451.125 /189859247-177408118/ (арван хоёр сая дөрвөн зуун тавин нэгэн мянга нэг зуун хорин таван) төгрөг болгон багасгаж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн үлдэгдлээс 17.524.541 (арван долоон сая таван зуун хорин дөрвөн мянга таван зуун дөчин нэгэн) төгрөгийг нэхэмжлэгч “Ж” ХХК-д шилжүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагуудын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Г нар давж заалдах гомдолдоо:"... Улаангом сумын Засаг дарга О.Г Увс аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл санхүүжилт болох 38.659.247 төгрөгийг шилжүүлж өгөх тухай хүсэлт хүргүүлсэн боловч Увс аймгийн Засаг дарга Д.Ц нь зураг төсөвт заагдаагүй ажил гүйцэтгэхгүй бол мөнгийг шилжүүлж өгөхгүй гэсэн шаардлага тавихад нь энэ шаардлагаа албан ёсоор бичгээр өгөөч гэж удаа дараа хүссэн боловч өгөөгүй тул шүүхэд хандаж, цагдаагийн газар “Ж” ХХК-ийн бүх бичиг баримтад шалгалт хийлгэсэн боловч зөрчил илрээгүй.

Манай компани энэ сонгон шалгаруулалтад анх оролцохдоо зураг, төсвөө хийлгэж оролцсон бөгөөд энэ үедээ тухайн үнийг нь төлсөн. Баримт нь компанийн санхүүгийн баримтад байгаа бөгөөд шүүх хуралдаан дээр шаардаж байгаа нь үндэслэлгүй. Энэ зарлагын баримт нэг бүрийг үндэслэх байсан бол шатахуун, тээвэр, ус, бусад материалыг баримтыг нэг бүрчлэн шүүх хуралдаанаас өмнө авч болох байсан.

Явган хүний зам зураг дээр 1 м өргөнтэй байхаар тусгагдсан байсныг 1.5 м болгож өргөтгөхөд Улаангом сумын Засаг даргатай амаар тохиролцож ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ талаараа албан ёсоор бичиг баримт үйлдэж баталгаажуулаагүй нь гүйцэтгэгч болон захиалагчийн хэн хэнийх нь буруу байсан. Ингэж замыг өргөтгөснөөр уг замыг барихад шаардагдах зардал 50 хувиар өссөн.Аудитын актын хувьд аль хэсэгт нь буруу тооцоологдсон байсан нь тогтоогдох боломжгүй, мөн уг актын үндэслэл болсон гүйцэтгэлийн төсвийг хүчингүй болгосон үед мөн адил хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.

Мөн шүүхийн зардлыг хуваарилахдаа буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь 3 хариуцагч байгаа бөгөөд 2 хариуцагчид холбогдох шаардлагыг бүрэн, 1 хариуцагчид холбогдохыг хэсэгчлэн хангасан байхад зардлыг 3 хариуцагч болон нэхэмжлэгчид хувь тэнцүүлэн гаргуулах ёстой байсан.

Иймээс Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 21 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өнгө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн давж заалдах гомдолдоо: “Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.11-д заасан ажлыг хийх этгээд нь тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий хуулийн этгээд, компани үйл ажиллагаагаа явуулахаар заасан. Гэтэл “Ж” ХХК нь ажил үүрэг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй, эрхгүй тул барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй тул энэхүү мөнгийг авах эрхгүй.

Иймд “Ж” ХХК-д нормчлохын сангийн шимтгэл болох 275644 төгрөгийг олгох боломжгүй. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу “Ж” ХХК нь 15313536 төгрөгийг төлөх байтал төлөөгүй, борлуулалтын орлогоо дутуу тайлагнасан зөрчлүүд байх тул захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн шийдвэрийн хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

“Ж” ХХК-иас Увс аймгийн Засаг даргад холбогдуулан Тендерийн ажил гүйцэтгэсний үлдэгдэл хөлс 38,6 сая төгрөгийг олгох тухай шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Увс аймгийн аудитын газарт холбогдуулан “Хуурамч ажлын гүйцэтгэлийн санхүүжилт төсөвт төвлөрүүлэх тухай” 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/142-УВААГ-2013/16-НА дугаар акт, Увс аймгийн Ерөнхий аудиторын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаар тушаалаар батлагдсан “Нийцлийн аудитын тайлан" зэргийг, Мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин Х.А-т холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Увс аймгийн Улаангом суманд Аялал жуулчлалын жишиг гудамж байгуулах ажлын гүйцэтгэлийн төсөв”-ийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлснээс шүүх хуралдаан дээр Увс аймгийн Ерөнхий аудиторын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаар тушаалаар батлагдсан “Нийцлийн аудитын тайлан”-г хүчингүй болгуулахаас бусад шаардлагаа дэмжиж шүүхээр хянан шийдвэрлүүлжээ.

Нэг. Увс аймгийн аудитын газар аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу улсын төсвийн хөрөнгөөр Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хийгдсэн “Аялал жуулчлалын жишиг гудамж байгуулах” ажлын гүйцэтгэлд нийцлийн аудит хийж, акт тогтоохдоо мэргэшсэн төсөвчин Х.А-ийн гүйцэтгэлийн төсвийг үндэслэжээ.

Мэргэшсэн төсөвчин Х.А төсөвтөө “Ж” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн “Аялал жуулчлалын жишиг гудамж байгуулах” ажлын бодит гүйцэтгэлийг 154,376,636 төгрөгөөр тооцон гаргасан нь бодит байдалд нийцэхгүй хэмээн нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаарджээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд мэргэшсэн төсөвчин Х.А-ийн ажлын гүйцэтгэлд хийсэн дээрх төсөв мөн хуулийн 3.1.4-д заасан захиргааны актын шинж буюу захирамжилсан байх шинжийг агуулахгүй байна. Тодруулбал, гүйцэтгэгдсэн ажлын төсвийг тооцоолон гаргасан Х.А-ийн үйл ажиллагааг нийтийн эрх зүйн хүрээнд захирамжлах, зохион байгуулах бүрэн эрхийг бие даан хэрэгжүүлсэн, түүнчлэн нийтийн эрх зүйн холбогдолтой асуудлаар бусдыг захирамжилсан шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй.

Тиймээс тухайн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 -д заасны дагуу хүлээн авахаас татгалзахаар байна. Анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэлт хийж, төсвийг захиргааны акт гэж үзэн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэжээ.

Хоёр. Увс аймгийн аудитын газрын “Хуурамч ажлын гүйцэтгэлийн санхүүжилт төсөвт төвлөрүүлэх тухай” 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/142-УВААГ- 2013/16-НА дугаар актаар Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн үлдэгдэл 35,4 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхийг аймгийн Засаг дарга, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалтнуудад хариуцуулжээ.

Акт гаргах болсон үндэслэлээ нийцлийн аудитаар “Ж” ХХК-ийн гүйцэтгэсэн “Аялал жуулчлалын жишиг гудамж байгуулах” бодит гүйцэтгэлийг 35,4 сая төгрөгөөр илүү тайлагнаж хуурамч баримт бүрдүүлсэн болох нь тендерийн баримт бичиг болон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзжээ.

Монгол Улсын Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийнэ...” гэж өөрчлөн найруулснаас гадна “Нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага үйл ажиллагаандаа хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин биелүүлж байгаа байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж гаргана” гэсэн 5.4 дэх хэсгийг нэмж, эдгээр нэмэлт өөрчлөлтийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тухайн хуулийн 7 дугаар зүйлд заажээ.

Гэтэл Увс аймгийн аудитын газар хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байхад аймгийн засаг даргын хүсэлтээр “Аялал жуулчлалын жишиг гудамж байгуулах хөрөнгө оруулалтын ажил”-ын гүйцэтгэлд нийцлийн аудит хийсэн, улмаар түүнийгээ үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/142-УВААГ-2013/16-НА дугаар актыг үйлдсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн үед Төрийн аудитын тухай хуульд тусгагдаагүй байсан нийцлийн аудитын тайланд үндэслэсэн акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан эрх зүйн үндэслэлгүй байгаагүй илт хууль бус захиргааны актад хамаарна.

Үүнээс гадна Увс аймгийн аудитын газрын акт төсвийн хөрөнгийг захирагч нарт хандан гарсан хэдий ч аудитын үйл ажиллагаа нь тэдгээрийн буюу Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д /Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө/ тусгагдсан байгууллага болон төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааны гүйцэтгэлд бус төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн компанийн буюу хуульд заагдаагүй этгээдийн үйл ажиллагаанд хийгдсэн нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн Увс аймгийн аудитын газрын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдахаар байхад анхан шатны шүүх үндэслэл муутай дүгнэлт хийж, маргаан бүхий актын дүнд өөрчлөлт оруулжээ.

Гурав. Увс аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/105 дугаар захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 45 дугаар зүйлийн 45.3, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12.2 дахь заалт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 7/01 дүгээр тогтоолыг үндэслэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж хэрэгжилтийг зохион байгуулах эрхийг холбогдох сумын Засаг дарга нарт шилжүүлсний дотор Улаангом сумын Засаг даргад 190,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Аялал жуулчлалын жишиг гудамж байгуулах төслийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, зохион байгуулах эрхийг шилжүүлсэн.

Үүний дагуу сумын Засаг даргаас зохион байгуулсан тендер шалгаруулалтад “Ж” ХХК шалгарч холбогдох ажлыг гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлыг Захиалагч талыг төлөөлж Улаангом сумын тендерийн комисс 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ажил хүлээлцсэн актаар хүлээн авсан, улмаар тус сумын Засаг даргаас Аймгийн санхүү төрийн хэлтэст 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гүйцэтгэлийн 20 хувь болох 38,6 сая төгрөгийг олгуулахаар хандсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Захиалагчийн эрхээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шилжүүлснээр Улаангом сумын Засаг дарга тендер шалгаруулалтыг зохион байгуулж, гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулсан, мөн захиалагчийг төлөөлж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан байхад Увс аймгийн Засаг дарга гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг олгохоос татгалзаж байгаа нь тухайн хуульд нийцэхгүй байна.

Харин “Ж” ХХК ажлыг гүйцэтгэхдээ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа бол аймгийн Засаг дарга нь захиалагчийн хувьд тухайн ажлыг хүлээн авахгүй, улмаар ажлын чанар байдлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулах түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1- д “Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ... -тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна” гэж заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой харилцааг иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

Гэтэл тийнхүү зохих журмаар маргаагүй атлаа ажлын гүйцэтгэлийг хүлээн авсныхаа дараа /эрхээ шилжүүлсэн этгээд нь хүлээн авсан/ үлдэгдэл ажлын хөлсийг төлөхгүй гэж маргаж, гүйцэтгэсэн ажлын төсөвт төрийн аудитын байгууллагаар аудит хийлгэсэн нь буруу байна.

Тиймээс Төсвийн тухай хуульд заасны дагуу батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах эрх бүхий этгээдийн хувьд аймгийн Засаг дарга нь “Ж” ХХК-д гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсийг олгох шийдвэрийг гаргах үүрэгтэй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Гэхдээ шүүх ийнхүү хангахдаа нэхэмжлэгчээс шаардсан хэмжээнд буюу 26,208,118 төгрөгийг “Ж” ХХК-д олгох шийдвэр гаргахыг Увс аймгийн засаг даргад даалгахаар байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, харин хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв. Мөн анхан шатны шүүх шүүхийн зардал, тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа алдаа гаргасныг залруулсныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг

“1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар мэргэшсэн төсөвчин Х.А-ийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Увс аймгийн Улаангом суманд Аялал жуулчлалын жишиг гудамж байгуулах ажлын гүйцэтгэлийн төсөв”-ийг хүчингүй болгуулах тухай “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай”,

  1. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан Увс аймгийн аудитын газрын “Хуурамч ажлын гүйцэтгэлийн санхүүжилт төсөвт төвлөрүүлэх тухай” 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/142-УВААГ-2013/16-НА дугаар актыг хүчингүй болгосугай”,
  2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-д заасныг баримтлан “Ж” ХХК-д гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 26208118 /хорин зургаан сая хоёр зуун найман мянга нэг зуун арван найм/ төгрөгийг олгох тухай шийдвэрийг гаргаж, тухайн компанид олгохыг хариуцагч Увс аймгийн Засаг даргад даалгасугай”

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                         ШҮҮГЧИД:                       Э.ЗОРИГТБААТАР

                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                    Д.БАТБААТАР