Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0462/з |
Дугаар | 134 |
Огноо | 2017-04-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 134
Н.Баатарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Н.Баатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, Б.Баярцэнгэл нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 926 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0094 дүгээр магадлалтай, Н.Баатарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцэнгэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 926 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн б/180 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.Баатарыг Уул уурхайн яаманд ажиллаж байсан ТЗ-8, Ашигт малтмалын газарт ажиллаж байсан ТЗ-9 ангиллын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилон ажилуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж,
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 15.172.770 /арван таван сая нэг зуун далан хоёр мянга долоон зуун дал/ төгрөгийг Н.Баатарт олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны даргад даалгаж,
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0094 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 926 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Баатарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Н.Баатарыг сэлгэн ажиллуулахаас урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн (ТЗ-8 ангиллын)-ий албан тушаалд эгүүлэн авахыг, мөн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6/180 дугаар тушаал гарснаас хойших Н.Баатарын ажилгүй байсан хугацааны ТЗ-8 ангиллын албан тушаалын цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтын “хариуцагч тус бүрээс 35100 /гучин таван мянга нэг зуу/ гэснийг “хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 70.200” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцэнгэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0094 дүгээр магадлалыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээж аваад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарын бичгийн даргад холбогдох хэсгийг эс зөвшөөрч шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, бүрэн шинжилж судлаагүй байх тул дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Н.Баатар нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарын бичгийн даргад холбогдуулж, яаманд ажиллаж байсан ТЗ-8 ангиллын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилон ажиллуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхийн магадлалд “... Ашигт малтмалын газрын бүтэц, орон тооноос хасагдсаны улмаас дээрх хуульд заасан “тодорхой чиглэлээр” сэлгэн ажиллуулах шаардлагагүй болсон бөгөөд Уул уурхай яамыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн авах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ... Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын Н.Баатарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд аваагүй нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасныг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож,...” гэсэн байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “хугацаа дуусмагц” түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах урьдчилсан нөхцөл байдаг. Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд анхлан хандсан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр сэлгэн ажиллуулах хугацаа дуусаагүй байсан болно.
Мөн Уул уурхайн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн хуралдааны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот шийдвэрээр Н.Баатарыг Ашигт малтмалын газарт түүний эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нь нөхөн олгохоор дүгнэлт гаргасан бөгөөд Ашигт малтмалын газар нь иргэн Н.Баатартай уулзалт зохион байгуулсан боловч ТЗ-9-өөр цалинжих шаардлага тавьж биелүүлэх боломжгүй байдал үүссэн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаж байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0094 дүгээр магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Уул уурхайн яам (тухайн үеийн нэрээр)-ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Баатарыг тус яамны “...Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, Ашигт малтмалын газрын мэдэлд шилжүүлэх”-ээр шийдвэрлэсэн, Ашигт малтмалын газар (хуучин нэрээр)-ын даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн б/48 дугаар тушаалаар мөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн тус агентлагийн Геологийн албаны дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “...төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болох”-оор заасныг дээрх тушаалуудад үндэслэснээс үзэхэд Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газрын удирдлагууд харилцан тохиролцож, төрийн жинхэнэ албан хаагч Н.Баатарыг “сэлгэн ажиллуулсан” гэж үзэх бөгөөд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор “... агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгж ... газар хэлтэс орлогч даргагүй ...байх чиглэл баримтлах”-аар заасны дагуу Уул уурхайн сайдын 2015 оны 35 дугаар тушаалаар Ашигт малтмалын газрын бүтэц, зохион байгуулалтын ерөнхий бүдүүвчийг баталсан, шинэ бүтцээр тус агентлагийн Геологийн алба нь дэд даргагүй байхаар батлагдсанаар нэхэмжлэгч Н.Баатарын Ашигт малтмалын газарт сэлгэн ажилласан “Геологийн албаны дэд дарга”-ын орон тоо хасагдсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “... төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна” гэж заасан, нэхэмжлэгч Н.Баатарын сэлгэн ажиллахаар очсон орон тоо нь байгууллагын шинэ, бүтэц, зохион байгуулалтаар хасагдсан тул “цаашид сэлгэн ажиллуулах шаардлагагүй болсон”, энэ тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг анх илгээсэн байгууллага түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй, энэ талаар давж заалдах шатны шүүх мөн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд анхлан хандсан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр сэлгэн ажиллуулах хугацаа дуусаагүй байсан” гэх боловч Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 110 дугаар тушаалаар Н.Баатарыг сэлгэн ажиллуулахаар Ашигт малтмалын газарт анх шилжүүлэхдээ “сэлгэн ажиллуулах хугацаа” заагаагүй, түүнчлэн, нэгэнт шилжүүлсэн байгууллагад сэлгэн ажиллуулах орон тоо хасагдсан тохиолдолд хугацаа дууссан эсэхээс үл хамааран илгээсэн байгууллага нь төрийн жинхэнэ албан хаагчийг “...урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах” үүрэгтэй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албан тухай хуулийн холбогдох заалтуудыг дээрх байдлаар зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (одоогийн нэрээр)-ны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцэнгэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0094 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА