Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/371

 

 

 

 

 

 

 

    2022         03          24                                    2022/ШЦТ/371

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Ж.Сувданчимэг,       

Шүүгдэгч Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М д холбогдох 220 800 0000 222 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Б.М  нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Зүүн Баянцагааны 000 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Б тэй маргалдаж, улмаар түүний толгой тус газарт заазуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.М  нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 000 дугаар хороо, Зүүн Баянцагааны 000 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний толгой тус газарт  заазуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :                

-...гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 000 дугаар хороо, Зүүнбаян цагааны 000 тоотод Цэвээндоржийн Б нь толгой тус газраа заазуураар зүсүүлж Гэмтэл согог үндэсний төвд хүргэгдсэн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан.” тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-9 дэх тал/,

- хохирогч Ц.Бийн...2022.01.10-нд найз Б бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 000 дугаар хороо, Зүүнбаян цагааны 000 тоотод 1 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи хувааж ууж байтал гаднаас манай хамтран амьдрагч Б.М  нь найз Агийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд бид дөрөв архи хувааж уусан чинь А том өрөөнд унтаад өгсөн ба би Мтай маргалдсан. Юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна...М уурандаа эхлээд өөрийнхөө баруун гуя хэсэгт 1 удаа, гэдэс рүүгээ хутгаар хатгахаар нь би гүйгээд очсон чинь М гал тогооны шургуулгаас шаргал өнгийн иштэй заазуур аваад миний толгой руу 2 удаа цохисон чинь цус гарсан...103 ирээд намайг гэмтлийн эмнэлэг авч яваад миний толгойны баруун талд 11 оёдол тавиад эмчилгээ бичүүлээд гаргасан.../1 дэх хавтаст хэргийн 19, 21 дэх тал/...Намайг очиход шургуулганаас заазуур аваад миний толгой хэсэг рүү цохисон. Яагаад гуя хэсгээ зүссэн талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг хавтаст хэргийн 23 дахь тал/,

- гэрч Б.А-н...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай найз М ирээд...бид хоёр Н гэх нэртэй пабад орж хүний 3 шил пиво уусан. Тэгээд Мын гэрт нь ирээд бид архи ууж байтал гаднаас Б орж ирээд бид нар цугтаа архи ууцгаасан. Удалгүй Б, М хоёр фэйсбүүк чатаас болж маргалдаж байгаад салаад Б том өрөөндөө ороод унтаад өгсөн...Би согтчихсон байсан нэг мэдсэн чинь М гартаа хутга барьчихсан гуянаас цус гарчихсан ганцаараа зогсож байсан ба би сандраад яаж байгаа юм бэ гэсэн чинь Б цаад өрөөнөөс гарч ирээд...өөрийгөө хутгалж гар хөлөө зүсэж байх юм гээд хутгыг нь авах гэтэл бөөн хэрүүл болоод байж байтал Бийн толгойноос цус гарчихсан тэр үед М уйлаад байсан...Б-ийн баруун нүдэнд учирсан гэмтэл нь М-тай ноцолдож байгаад цохиулсан байх гэх...мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт...Ц.Б ийн биед баруун чамархайн хуйханд зүсэгдсэн шарх, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сариниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна  /хавтаст хэргийн 38 дахь тал/,

- шинжээч эмч Ц.Б-ын...Ц.Бийн биед баруун чамархайн хуйханд зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох үед үүсгэгдэнэ, мөн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

- шүүгдэгч Б.М ын...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай хамтран амьдрагч Бийн багын найз болох Б ирээд тэр хоёр архи уусан. Би тухайн үед архи уугаагүй...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн найз Атай хороололд уулзаад 2 шил пиво уугаад дараа нь Атай хамт гэртээ ирсэн. Намайг ирэхэд Б, Б нар согтуу байсан үргэлжлүүлээд бид нар цуг архи хувааж ууж байгаад би Бтэй маргалдах шиг болсон...Би архи уучихаараа юмаа санадаггүй, Бийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг хавтаст хэргийн 67 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-67/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан.  

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Тус хэрэгт үйлдэгдэх шалтгаан нь шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн улмаар тэдний хооронд үүссэн зүй бус, таарамжгүй харилцаатай холбоотой байх тул шүүгдэгчийн үйлдсэн “гэмт хэрэг”-т хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжгүй гэж үзсэнийг үгүйсгэх боломжгүй.           

Иймд шүүгдэгч Б.М  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

  1. Хохирол, хор уршиг :        

Гэмт хэргийн улмаас хохирогч нэхэмжлэхгүй зүйлгүй /хх-21, 23/, шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн тухай мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/   байх тул шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт 

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  “000000” ХХК-д засалчин ажилтай гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-67, 71-87, 78-86, 90, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.  

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэг, шаргал өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг тус тус уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулах нь зүйтэй.  

Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.М ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.              

5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутга, шаргал өнгийн иштэй 1 ширхэг заазуур, ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэг заазуурыг тус тус уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай. 

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий  төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР