Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01008

 

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01008

Улаанбаатар хот

Зохигчдын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

             Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 5 дугаар хороолол, … тоотод байрлах, …регистртэй, “Жиашидэ” ХХК-ийн,

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж ..дугаар байр …тоотод оршин суух, …регистртэй, Зурхайч овогт Б.Б холбогдох

 35,472,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

        ТОДОРХОЙЛОХ нь :

 Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б.Б үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих 89 тоот гэрээг байгуулж Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байр 17 тоот 67.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд гэрээний дагуу “Жиашидэ” ХХК-д нийт 80,472,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Б.Б нь 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орон сууцны урьдчилгээ төлбөр болох нийт үнийн дүнгийн 56 хувь буюу 45,000,000 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл төлбөр болох 35,472,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Иймд Б.Боо үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр болох 35,472,000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 35,472,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 7-417/220 тоот албан бичигт тусгасны дагуу 2017 оны 6 дугаар сард багтааж олгох орон сууцны зээлээр санхүүжүүлэх болсон тул уг хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү. Зээлийн санхүү олгогдмогц 35,472,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

 Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам, хариуцагч Б.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу харилцан тохиролцсон тул дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэгч компани нь 35,472,000 төгрөгийг Б.Б-с гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцаж 2017 оны 6 дугаар сард багтааж төлөх тухай хүсэлтийг харгалзан 35,472,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцлоо. Харицагч банкны санхүүжилт орсон, ороогүйгээс үл хамаарч тохиролцсоны дагуу 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор 35,472,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.  

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь хариуцагч Б.Б-тхолбогдуулан 35,472,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 35,472,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.”Жиашидэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б-тхолбогдох 35,472,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 35,472,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335,310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 167,655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА