Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/545

 

 

 

 

 

 

    2022         05            03                                 2022/ШЦТ/545

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр, 

Улсын яллагч Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Бд холбогдох 0000000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Холбогдсон хэргийн талаар :   

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан

дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “00000” ХХК-ны хашаанд иргэн Т.Этэй хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж, улмаар үснээс нь гараараа зулгааж зодсоны улмаас биед зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халзралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн дал, цээж, зүүн тохой, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :      

        

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “000000” ХХК-ны хашаанд иргэн Т.Эийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :   

            - зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 000-р цэргийн хашаанд ангийн хашаанд согтуу хүмүүс ирээд агсам тавиад хамаг юм эвдэлсэн...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

            - шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 16 дахь тал/,

- хохирогч Т.Эийн...2021 оны 07 сарын 02-ны өдөр манай охин Уянга, хүргэн Отгондорж нар хоорондоо гэр бүлийн маргаан хийсэн ба өмнө нь над руу Б над руу мэссэж бичсэн байсан болохоор Бг илүү дутуу зүйл хүмүүст хэлсэн байна гэж бодоод Бгийн гэрт очсон. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад Б гэнэт миний үснээс баруун гараараа хүчтэй зулгаагаад нөгөө гараараа миний нүүр амыг ураад самардаад, намайг хана мөргүүлээд байсан, Б том биетэй болохоор буцаагаад үснээс нь зулгаах гэсэн боловч дийлээгүй, тухайн үед нөхөр М салгасан...Би гэрээс нь гарах гэж байхдаа үүдэнд байсан гутлыг аваад цонх руу нь шидээд хагалчихсан. Тухайн үед манай нөхөр М, Э бид гурав байсан, өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-41-42, 45, дахь хуудас/,

- гэрч Н.Хын....Би тухайн үйл явдлыг хараагүй. Тэгээд ээжээс асуухад хоорондоо үсдэлцсэн гэж хэлсэн...Э эгч үүдэнд байсан гутлыг авч шидлээд байсан, мөн усны сав буюу канистраар манай гэрийн цонхыг хагалчихсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/, 

- шинжээчийн дүгнэлт...Т.Эийн биед зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халзралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн дал, цээж, зүүн тохой, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.../хавтаст хэргийн 53 дахь тал/,

- шүүгдэгч С.Бгийн...Би прокурорын яллагдагчаар татсан татсан тогтоолтой маргах зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Эийн үснээс татаж унагаасан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-88/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Иймд шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг :        

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч нь 1.000.000 төгрөг нэхэмжилж, үүнээс хагалсан цонхны төлбөрт 300.000 төгрөгийг суутгаж, шүүгдэгч нь 700.000 төгрөг төлж барагдуулсан /хх-45, 90-91 шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй, хувьдаа хөрөнгө орлоготой болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-ийн 29, 65-79, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР