Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/510

 

      2022          04          26                                     2022/ШЦТ/510

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.03.31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цээл суманд 1960.04.27-ны өдөр төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн командлагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Москва хорооллын 000-0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, сумын алдарт уяач цолтой, хөдөлмөрийн хүндэт медальт /РД:**0000000/ Хатирт бор овогт Ж-ийн Ч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 3405000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 00-0-0-р орцны 0 дугаар давхрын шатан дээр унтаж байсан А.Кгийн Айфоне 13 про /I Phone-13 рго/ загварын гар утас, хаан банкны ногоон өнгийн виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 3405000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага мэдээлэл /х.х-3/,

- 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-5/,

- 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-18-21/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 241 дугаартай “IPhoyne-13 pro-3400000 төгрөг” гэх тайлан /х.х-35-36/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Ц-310а дугаартай “виза карт-5000 төгрөг” гэх тайлан /х.х-40-41/,

- Хохирогч А.Кгийн “...03 цаг орчимд найз Ариунзулын гэрээс гарч такси бариад Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 000/0 байрны үүдэнд таксинаас бууж гэр рүүгээ орох гэтэл би гэрийн түлхүүрээ өөрийн эзэмшлийн автомашин дотор хүүхдийн 100-д орхисон байсан учир 03 цаг 40 минут орчимд өөрийн 8810.... дугаараас хүү Жоржийн 8608.... дугаар руу 7-8 удаа залгахад гар утсаа авахгүй байсан учир би гэрийн үүдний шатан дээр гар утсаа барьж сууж байгаад унтсан байсан. Би 06 цаг 20 минутад сэрэхэд миний гарт байсан айфоне-13 про загварын гар утас байхгүй байсан учир хаалга тогшиж ороод өөрийн Мобикомын 99... дугаараас өөрийн 8810.... дугаар руу 3 удаа залгахад миний гар утас дуудаж байсан боловч хүн авч хариу өгөөгүй. Тус өдөр 10 цаг 19 минутад залгахад настайвтар эрэгтэй хүн аваад “энэ гар утсыг 131/6 байрны 1 дүгээр давхрын шатны хажуу талаас олсон гэж хэлэхэд би өөрийн гар утсаа хаана байсныг мэдэж байгаа гэж хэлэхэд “энэ чинь одоо юу гэдэг гар утас вэ? гэж асуухад “би наад утсыг чинь камер шүүгээд олчхож чадна гэж хэлэхэд “тэгээ тэг” гэж хэлээд миний гар утсыг салгаад унтраасан байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн” гэх мэдүүлэг /х.х-25-26/,

- Яллагдагч *******ын “Би 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 05 цагийн үед тухайн айл руу орох гээд шатаар өгсөж явтал 3 давхрын шатан дээр согтуу эмэгтэй утас, нүдний шил эд зүйл нь ил унтаж байсан ба миний бие доод давхраас гарч ирээд дээгүүр нь даваад гараад явсан. Тухайн үед буцаж эргээд шаргал өнгийн айфоне-13 про маркийн гар утас хөлөн доор нь хэвтэж байхаар нь аваад тухайн байранд байдаг айл руугаа орсон. Тухайн үед тэр эмэгтэйг ямар нэгэн байдлаар сэрээх болон дуудсан үйлдэл хийгээгүй дээгүүр нь давах үед гар утас хэвтэж байгаа харагдахаар нь буцаж эргээд тухайн гар утсыг нь аваад гэр рүү орсон” гэх мэдүүлэг /х.х-54-56/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

          Дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас орцонд унтаж байгааг нь далимдуулан түүний гар утсыг, кейсэнд нь байсан банкны виза картын хамт хулгайлан авсан бөгөөд тухайн үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь нотлогдож байна. *******ын энэхүү үйлдэл нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдэгдсэн байх бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч А.К нь гар утас, виза картаа биет байдлаар буцаан авсан болох нь *******аас эд зүйл хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-8, 13/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлбөргүй болсон байна.

          Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүнгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-57/

          Шүүгдэгч ******* нь хохирогчид хулгайлсан эд зүйлсийг буцаан биет байдлаар хүлээлгэн өгч бусдад төлөх төлбөргүй болсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Дээрх нөхцөл байдлыг болон *******ын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж, бусдад төлөх төлбөргүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүх хуралдаанаас өмнө улсын яллагчтай тохиролцсон төрөл, хугацаагаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж, ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Хэрэгт хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг *******ад холбогдох эрүүгийн 2208000000410 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хатирт бор овогт Ж-ийн Чыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хатирт бор овогт Ж-ийн Чад 6 /зургаан/ сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******ад мэдэгдсүгэй.

7. Хэрэгт хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг *******ад холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ