Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/0529/Э |
Дугаар | 2022/ШЦТ/518 |
Огноо | 2022-04-27 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Т.Мижиддорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/518
2022 04 27 2022/ШЦТ/518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Т.Ц нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Цад холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.04.05-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2001 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Мандал-Овоо 00-00 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**000000/ Монгол овогт Тийн Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 02 агийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 13-59 тоотод хамтран амьдрагч А.Ог зодож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч А.Огийн “2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 02 цагийн орчим өөрийн хүүхэд Цэнхүсэлийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 13-59 тоотод өөрийн гэртээ унтаж байхад манай нөхөр Т.Ц согтуу орж ирээд надаас чи надаас өмнө нь хэдэн хүнтэй үерхэж байсан юм, тэд нартайгаа хэдэн удаа унтаж хэвтэж байсан юм гэж хэрүүл хийгээд байхаар нь би өөдөөс нь чиний бодож байгаа шиг зүйл байхгүй гэхэд чи битгий худлаа яриад бай гэж уурлаад намайг үсдэж аваад унагаж толгой руу өшиглөөд дээрээс дэвсээд, миний толгойны үснээс зулгааж гэрийн хана мөргүүлээд дараа нь гараа атгаж байгаад нүүр рүү маш олон удаа цохисон хэдэн удаа цохисон болохыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /х.х-7-10/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2192 дугаартай “А.Огийн биед дагзны хуйханд язарсан шарх, дух, хоёр нүдний зовхи, хоёр хацар, баруун чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэг, зүүн гарын сарвуу, 2-р хуруунд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-16-17/
- Яллагдагч Т.Цын “...би А.Отай өнгөрсөн амьдралынг сөхөж хэрүүл хийхэд О “чи битгий хэрүүл хийгээд бай” гэж байх шиг байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа... Сүүлд би А.Отай уулзахад нүүр ам нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Би нилээн хэмжээний согстолттой болсон асуудлыг санахгүй байна. Би хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэх мэдүүлэг /хх72-73/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, Т.Цын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Ц, хохирогч А.О нар нь 1 жил 11 сар хамтран амьдарсан, дундаасаа 4 сартай нэг хүүтэй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /х.х-64/ баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд хамтран амьдарч байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж, мөн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг заасан “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Т.Ц нь өмнө нь тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 635 дугаар шийтгэх тогтоолоор хамтран амьдрагч А.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг болох нь шийтгэх тогтоолын хуулбар хувь /хх49-55/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /х.х-23-27/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /х.х-28-29/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Ц нь тухайн үйлдэлдээ дүгнэлт хийж засарч хүмүүжээгүй байх бөгөөд дахин хамтран амьдрагч А.Отай үл ялиг зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, А.Огийн хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, үсдэх, өшиглөх, дэвсэх зэргээр цохиж зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, шууд санаатай үйлдэл байна.
Шүүгдэгч Т.Цын санаатай үйлдлийн улмаас иргэн А.Огийн бие махбодид дагзны хуйханд язарсан шарх, дух, хоёр нүдний зовхи, хоёр хацар, баруун чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэг, зүүн гарын сарвуу, 2-р хуруунд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2192 дугаартай дүгнэлтээр /хх-16-17/ нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Т.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан гэсэн нь Т.Цад хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх үндэслэл болохгүйг тэмдэглэв.
Хохирогч А.Од шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “эм авсан 40000-50000 төгрөг болон гар утсаа нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд тус тус заасны дагуу хохирогч А.О нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Т.Цаас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Т.Ц нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж Т.Цаас жич нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүгдэгч Т.Ц нь тус шүүхийн 2019.11.21-ний өдрийн 1237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар, мөн тус шүүхийн 2021.06.10-ны өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан ба 2019 оны шийтгэх тогтоолоо оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 2020.01.15-ны өдөр биечлэн эдэлсэн, 2021 оны шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сая төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын хуулбар хувь /хх-42-58/ баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Цын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэг хэсэгт заасан санаатай гэмт хэрэгт 3 дахь удаагаа шийтгүүлж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Т.Цын хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, 720 цагийн хугацаагаар тухайн ялыг эдлүүлэх тухай улсын яллагчийн дүгнэлтийн дагуу ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Монгол овогт Т-ийн Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол овогт Т-ийн Цад 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Ц нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч А.О нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Т.Цад мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ