| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/0578/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/567 |
| Огноо | 2022-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/567
2022 05 05 2022/ШЦТ/567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Э.А нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Ат холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.04.28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Цээл суманд 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “И” ХХК-нд арматурчин ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Төв аймгийн Зуунмод сум 0 дугаар баг Баруун Зуунмод 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн туслах зам дагуу нийтийн байранд оршин суудаг гэх, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Боржигон овогт Эгийн А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Угсармал 2 дугаар байрны жижүүрийн өрөөнд хохирогч Д.Мтай “эхнэр доромжилсон” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн нүүр рүү нь цохиж унагаан өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Д.Мы “Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Угсармал 2 дугаар байрны подвал жижүүрийн Одноо эгчийн өрөөнд ажлын хувцсаа үлдээчихсэн байж байгаад 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед авах гээд орсон. Тэгэхэд Одноо эгчийнд ирээд байдаг зүс таних эрэгтэй, эмэгтэй ирчихсэн байсан ба юм ярьж сууж байгаад эрэгтэй нь “нэг юм аваад уучих уу, хоёулаа” гэхээр нь зөвшөөрөөд бид хоёр дэлгүүр ороод нэг шил архи аваад ир гээд надад картаа өгч явуулсан. Тэгээд тэр архиа ууцгаагаад сууж байхад эхнэр нь “миний картыг авч яваад архи авлаа” гээд уурлаад нүүр рүү алгадахаар нь би цааш нь түлхсэн чинь нөхөр нь өмөөрөөд нүүр рүү 2 удаа цохиж унагаагаад дээрээс хөлөөрөө 4 удаа өшиглөж, дэвсэх шиг болсон” гэх мэдүүлэг /х.х-5/,
- Гэрч П.Хгийн “Д.М ах гэнэт намайг “3 давхрын я...н” гээд намайг доромжлоход нь манай нөхөр намайг өмөөрсөн. Тэгэхэд Д.М ах манай нөхрийн эрхтнээс /төмсөг/ базаад авахаар нь Э.А цааш нь түлхээд нүүр рүү нь 2 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /х.х-9/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4298 дугаартай “Д.Мы биед баруун чихний дэлбэн, зүүн дээд, доод зовхи, дээд уруулын салст, баруун бугалга, зүүн мөрөнд цус хуралт, хамрын нуруу, баруун бугалга, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-11-12/,
- Яллагдагч Э.Аын “Тогтоолтой танидцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмтлийг бүгдийг нь учруулсан нь үнэн” гэх мэдүүлэг /х.х-26/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Э.Аын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.А нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Угсармал 2 дугаар байрны жижүүрийн өрөөнд хохирогч Д.Мтай “эхнэр доромжилсон” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн нүүр рүү нь цохиж унагаан өшиглөж зодон эрүүл мэндэд нь “баруун чихний дэлбэн, зүүн дээд, доод зовхи, дээд уруулын салст, баруун бугалга, зүүн мөрөнд цус хуралт, хамрын нуруу, баруун бугалга, зүүн мөрөнд зулгаралт” бүхий бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч Д.Мы мэдүүлэг /х.х-5/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4298 дугаартай дүгнэлт /х.х-11-12/, Э.Аын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Д.М нь Э.Аын дээрх хууль бус үйлдэлд уурлан урдаас нь харилцан зодолдсон байх бөгөөд түүний үйлдлийн улмаас Э.Аын биед дух, зүүн хацар, шанаа, эрүү, хүзүү, цээж, хэвлий, баруун бугалгад зулгаралт, цээж, хэвлий зүүн шуу, баруун алганд цус хуралт бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл учруулсан, тухайн гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болох нь шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.03.14-ний өдрийн 4194 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-16-17/ Хохирогч Д.Мы үйлдэлд Зөрчилийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй тул хянан шалгах ажиллагаа явуулахаар холбогдох материалыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт хүргүүлсэн болох нь прокурорын 202.04.25-ны өдрийн 1/1942 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Аыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.М нь “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж /х.х-68/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч Д.М нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Э.Ааас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Э.А нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүйн учир өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж Э.Ааас жич нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүгдэгч Э.А нь урьд 2 удаа шүүхээр шийтгүүлж байсан болох нь:
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012.11.26-ны өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.12-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-20/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-57-64/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Аын урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч Э.Аын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон Э.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Д.М нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Эгийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Эгийн Ат 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Ат шүүхээс оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.А нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Д.М нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Э.Ат мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ