Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 361

 

2019           4             23                                             2019/ДШМ/361

 

 

Э.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б,

шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Ц.А,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Нд холбогдох эрүүгийн 1808037661195 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн  Э.Н, 1996 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын 35 дугаар сургуульд тогооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

Э.Н нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 04 тоотод оршин суух, 11 нас 10 сар 14 хоногтой Б.Этэй “Гомдомхой жаал” нэртэй facebook хаягнаас танилцан, 2018 оны 5 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд үл таних хүний цээж нүцгэн, садар самууныг сурталчилсан зураг цахимаар илгээж, Б.Эт үзүүлэн улмаар түүний нүцгэн зургийг цахимаар авч, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Нг хүүхдэд садар самууныг сурталчилсан зураг үзүүлсэн, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Нг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 180803766 тоот хэрэг гэсэн бичиглэлтэй 1 ширхэг CD, цагаан өнгийн PRINCO CD-R 700MB/80Min 2x-56X CD-Recordable гэсэн бичиглэлтэй 5016 гэж хар өнгийн балаар бичигдсэн CD 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Dell” брендийн, Optilex-390 загварын 53I792s, 111009205500 гэсэн сериал дугаартай хар өнгийн процессор 1 ширхэг, Samsung Galaxy брендийн GT-19300 загварын 3539 2015 2919 685 имей кодтой гар утас 1 ширхэгийг шүүгдэгч Э.Нд буцаан олгох, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тэмдэглэж, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний охин Б.Э нь Э.Нд холбогдох эрүүгийн хэргийн хохирогч юм. Эмчилгээний зардалд 290.518 төгрөг нэхэмжилж байна. Мөн сэтгэл санааны гүн дарамтанд байгаа тул сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү. Миний охин одоо ч Э.Нгаас айж, миний зургийг фэйсбүүкт тавьчих байх гэсэн бодолд автагдаж, мартаж чадахгүй, шөнө ч унтаж чадахгүй байна. Үүнээс гадна Э.Н нь Оюунчимэг багш болон А.А  гэх хүүхэдтэй ямар холбоотой болохыг шалгуулмаар байна. Охин маань цус их алдсан, зунжингаа эмнэлгээр явсан. Хохирлоо ч төлөөгүй байхад шүүхээс хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Ер нь 82 дугаар сургуулийн хүүхдүүд манай охиныг маш их дарамталдаг байсан. Охиныгоо ухаан алдаад унахад сургуулийн холбогдох хүмүүстэй уулзахад манай охины буруу гэж хэлдэг. Бид хоёр таксигаар өдөрт 4 удаа Эх нялхасын төвд очиж, тайвшруулах эмчилгээ, физик эмчилгээ хийлгэж байсан. 8.000.000 төгрөгийн тухайд манай эгч Нийслэлийн прокурорт ажилладаг бөгөөд “эгч нь арыг нь харж байя, тэгж нэхнэ шүү” гэж надад зааж өгсөн. Хохиролд 8.000.000 төгрөг нэхэмжилж байх тул хохирлыг барагдуулж өгнө үү. Маш их гомдолтой байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би цахим ертөнцөөр гэмт хэрэг үйлдсэн буруутай. Фэйсбүүк хаягийг одоо ажиллуулахгүй байгаа. Хохирогчийн найз нарыг танихгүй. Хохирлын талаар тайлбар байхгүй. Эмчилгээний зардлыг төлж барагдуулна. ...” гэв.  

 

Шүүгдэгч Э.Нгийн өмгөөлөгч Ц.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Э.Нгийн үйлдлийн улмаас хохирогчид зардал гараад байна уу, эсхүл ангийнх нь хүүхэд болох А.Анужингийн үйлдлийн улмаас хохирогч ухаан алдаад, эмчилгээ хийлгээд байна уу гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Эмчилгээ хийгдсэн талаар баримтууд хэрэгт авагдаагүй. Мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн ар гэрийн анхаарал дутуу байсан нь нөлөөлсөн гэж үзэж байна. ... Анхан шатны шүүх Э.Нгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж зэргийг харгалзан үзэж, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч давж заалдах гомдолдоо сэтгэл санааны хохиролд 8.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Хэрэгт авагдсан баримтаар 8.000.000 төгрөгийн зардал гарсан талаар нотлох баримт байхгүй. Мөн Эрүүгийн хуульд сэтгэл санааны хохирол болон эдийн бус хохирлыг үнэлэх талаар хуулийн зохицуулалт байхгүй тул уг мөнгийг гаргуулах боломжгүй юм. Харин 290.518 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй. Анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохирлыг баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй байна. ...” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Нд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Н нь 11 нас 10 сар 14 хоногтой Б.Этэй “Гомдомхой жаал” нэртэй facebook хаягнаас танилцан, 2018 оны 5 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд үл таних хүний цээж нүцгэн, садар самууныг сурталчилсан зураг цахимаар илгээж, Б.Эт үзүүлэн улмаар түүний нүцгэн зургийг цахимаар авч, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн болох нь:

хохирогч Б.Эийн “...Бид хоёр чатаар өөрийн зураг солилцож байгаад намайг “нүцгэн зургаа явуул” гэсэн. Би “явуулахгүй, яах гэж байгаа юм” гэхэд миний төрсөн ахын фэйсбүүк хаягийг, ээжийн бүтэн нэрийг мэднэ гэж явуулаад “Чамайг хүүхэдтэй үерхдэг гэж хэлнэ” гэж айлгасан. Намайг айлгаад нүцгэн зургаа явуул гэж хэлсэн. Тэгэхээр нь би айгаад зурагнуудаа явуулсан. ...” /хх 9/,

гэрч Б.О-йн “...Манай ангийн Анужин “таньтай уулзмаар байна” гэхээр нь цаг гаргаад уулзтал “Б.Э бид хоёр фэйсбүүкийн нууц үгээ солилцож тоглоход Энхцэцэг өөрийн фэйсбүүк хаягнаас танихгүй хүн рүү нүцгэн зургаа явуулсан байна” гэсэн. ... Би Б.Эийн ээж Батзаяаг дуудаж болсон явдлын талаар хэлсэн. ... Нүүр царай нь гараагүй цээж нүцгэн 3-4 зураг байсан. ...” /хх 13-14/,

Э.Нгийн яллагдагчаар өгсөн “... 2018 оны 3 дугаар сарын дундуур шиг санагдаж байна, “Erdene tsetse” нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй фэйсбүүк чатаар танилцсан. Би өөрийгөө 47 дугаар сургуульд сурдаг, Энхбаатар гэж танилцуулаад 2 сар орчим чатаар харилцсан. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би Б.Э гэх охиноос “мөөмнийхөө зургийг, нүцгэн зургаа явуулаач” гэж гуйж байгаад зургийг нь чатаар авсан. ... Б.Э миний царайг чатаар харъя гээд байхаар нь би фэйсбүүкээс нэг танихгүй хүүхдийн зургийг татаж аваад түүн рүү өөрийн зураг гэж тайлбарлаад явуулсан. ... Би эхэлж танихгүй залуугийн цээж нүцгэн зургийг явуулчихаад Б.Эийг “мөөмнийхөө зургийг явуулаач” гэж гуйсан. ...” /хх 140-142/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 5016 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн компьютерийн хатуу дискэнд садар самуун агууламжтай 711 ширхэг зурган файл, 21 ширхэг дүрс бичлэгийн файл, нийт 477МВ хэмжээтэй байна. Эдгээр файлын нэр болон үзүүлэлтүүдээс харахад www.facebook.com цахим хуудаснаас татаж авсан байж болохоор байна. Шинжилгээнд ирүүлсэн төхөөрөмжүүдээр www.facebook.com цахим хуудсанд “www.facebook.com/enkhjargal.lhagva.3” гэсэн холбоосоор “Гомдомхой жаал” гэсэн нэртэй хэрэглэгчээр нэвтэрсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн төхөөрөмжүүдэд тогтоолд хавсаргаж ирүүлсэн зургуудтай адил зурган файлууд байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 44-45/,

фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25-41/, хохирогч Б.Эийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх 145/, шүүгдэгч Э.Нгийн сэтгэцийг шалгаж гаргасан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 787 дугаартай дүгнэлт /хх 59-60/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх, Э.Нг хүүхдэд садар самууныг сурталчилсан зураг үзүүлсэн, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Нгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бгаас “...Э.Нд оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн. Хохиролд 8.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Э.Нгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал болон түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Э.Нг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

Анхан шатны шүүх хохирогчийн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 8.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

            Харин гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эийн эмчилгээний зарлалд 290.518 төгрөгийг зарцуулсан /хх 202-207/ болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэн, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бгийн гаргасан давж заалдах гомдлоос “... 290.518 төгрөг гаргуулж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, давж заалдах гомдлын бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “... шүүгдэгч нь энэ тогтоолоор бусад төлөх төлбөргүй, ...” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нгаас 290.518 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бд олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бгийн гаргасан давж заалдах гомдлын “... 290.518 төгрөг гаргуулж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, гомдлын бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР 

ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ           

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН